Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түгжрэлийг явган зорчигчид руу чихсэн төрийн байгууллага ИЧИГ, ИЧИГ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 28 секунд

Нийслэлчүүд өвөлдөө утаа, зундаа үер гэсэн хоёр зовлонтой. Дээрээс нь нэмээд түгжрэлийг дурдахгүй бол алдас болох биз. Ямартай ч өчигдөр өглөө орсон борооны улмаас нийслэлчүүд зам дээр "тэг зогсолт" хийв.

Нэг байршилдаа 1-2 цаг нам гацав. Зарим нь ингэж амьдруулж байгаа төр засгийг түгжрэлтэй хамт хараалаа. Иргэдийн нэг хэсэг нь унаанаасаа буугаад алхсан бол нөгөө хэсэг нь суудал дээрээ унтацгаана.

Автобус байрнаасаа хөдөлгөөнгүй байж байгаад алхам алхмаар жаахан урагшилна, тэгээд л хөдөлгөөнгүй зогсчихно. Ойрхон ажилтай хүмүүс бол буугаад л алхчихна. Хол ажил, гэртэй хүмүүс нь автобус түгжрэлээс гарчих болов уу гэсэн "горьдлого"-оор хүлээж тэвчээрээ шалгана. Ямартаа ч ингэж түгжирсээр ажлаасаа хоцорсон хүмүүс хэдэн мянгаараа байгаа биз.

"Даарин дээр давс" гэгчээр Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс "Бороо орох үед явган зорчигчид зам хөндлөн гарахдаа уддаг мөн жолоочид түр зогсолт хийж хүн буулгаж суулгахдаа ус тогтоогүй газар хайдаг учраас түгжирдэг" гэх мэдэгдэл оруулсан нь иргэдийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэв бололтой.

Угтаа бол Монголын төр түгжрэлийг иргэд болон бороо руу чихэж шалтаг тоочиж суухаар хөрсөн дээр буусан бодит ажлыг хийсэн бол... 1.5 сая хол давсан хүнтэй метрополис хот 1990 оноос өмнө хийгдсэн борооны ус зайлуулах шугам сүлжээтэй гэдэг нь бас л халаглам.

Өнгөрсөн зуны үерт 11.956 өрхийн 34.473 хүн, 230 машин өртжээ

Нийслэлд өнгөрсөн 2023 оны наймдугаар сард олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн 5, 21, 27 дугаар хороо буюу Дарь-Эх, Монел орчимд болсон үерийн гамшигт нийт 120 хороо, 11.956 өрхийн 34.473 хүн, 542 барилга, байгууламж, 584 гэр, байшин, 146 ААН байгууллага, 230 тээврийн хэрэгсэл өртжээ.

Түүнчлэн 21 байршлын гудамж, зам талбай усанд автан, 74.023 хэрэглэгч цахилгаангүй болж, дөрвөн хүн амиа алдсан.

Ус зайлуулах шугам сүлжээний дийлэнх нь 30-аас дээш жилийн насжилттай

ХЭҮК-оос 2023 онд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр, нийслэлд үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад сөргөөр нөлөөлж байгаа хэд, хэдэн шалтгаан, хүчин зүйл байна гэж үзжээ. Үүнд:

Нэгдүгээрт, Улаанбаатар хотын хэмжээнд үерээс хамгаалах далан суваг, инженерийн байгууламж, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний дийлэнх нь 30-аас дээш жилийн насжилттай болж хуучирсан.

Хоёрдугаарт, Нийт шугамын 60 орчим хувьд нь лаг, хагшаас хуримтлагддаг. Хагшаас гэдэг нь усны урсгалаар гол мөрөн, нуур, цөөрөмд хөвмөл, умбуур, тунамал байдлаар оршдог, уулын чулуулаг болон хөрсний элэгдэл зэргээс үүссэн хатуу талстууд аж.

Гуравдугаарт, Газрын хүрэлцээ хангалтгүйгээс хотод шинээр шилжин ирэгсэд голын сав газар, гуу жалга, сайр, уулын бэл, үерийн далан, ус зайлуулах хоолойг хааж төвхнөдөг.

Дөрөвдүгээрт, Аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа уулын бэл, үерийн ус зайлуулах хэсэгт асгаж булдаг.

Тавдугаарт, Зөвшөөрөлгүйгээр эрсдэлтэй газарт буусан зарим айл өрхөд газрын зөвшөөрөл олгодог, эсхүл олгоно гэж итгэл төрүүлдэг байдлыг дурдаж болно. Дээр дурдсан нөхцөл байдлыг нэн даруй шийдвэрлэх, ус зайлуулах шугам сүлжээг засварлах, шинээр үерийн барилга, байгууламж барих ажилд хөрөнгө оруулалт хийх, угсралтын ажлыг яаралтай эхлүүлэх, холбогдох эрх зүйн орчин, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай.

СУРВАЛЖИЛГА: Орон гэрээ алдсан иргэд шатсан байрныхаа ипотекийн зээлийг төлж байна
СУРВАЛЖИЛГА: Орон гэрээ алдсан иргэд шатсан байрныхаа ипотекийн зээлийг төлж байна
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.