Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Орон гэрээ алдсан иргэд шатсан байрныхаа ипотекийн зээлийг төлж байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
10 минут 25 секунд

Хагарсан цонх, хананд тогтоосон зурагтны ором. Энд айл амьдарч байсныг илтгэх ганц зүйл энэ байлаа. Шатаж харласан тааз, үнс нурам болсон гэрийнхээ эргэн тойрныг Д.Нарангарав санаа алдан харж зогсов. Тэр бол 207 дугаар байрны хохирогчдын нэг. Найман давхрын 34 тоотод амьдарч байсан түүний гурван өрөө сууц бүхэлдээ шатаж, хамар цоргисон угаарын үнэр “хар өдөр”-ийг санагдуулах аж.

Долоон жилийн өмнө хадаг зүүж орсон өргөө гэр нь өнөөдөр балгас болсныг харахад хэнд ч гомдолтой. Дээр нь "Гал дээр тос" гэгчээр хөлс, хүч хөрөнгөө зарж авсан байрыг нь буулгаж, суурин дээр нь шинэ орон сууц барих эрх баригчдын гэнэтийн шийдвэр "ШОК"-нд оруулжээ. Учир нь байрныхаа түлхүүрийг хүлээж, хэчнээн жил айл, айлаар хэсэж түрээс төлөхөө мэдэхгүй учраас тэр.

2024.01.23-24-нд шилжих шөнийн 01:10 цаг болж байв. Гэнэтхэн хүчтэй чимээ гарч, унтлагын өрөөний залгуурын хэсгээс утаа гарч эхэлжээ. Цонхны цаана дүрэлзэж буй улаан галыг харсан даруйдаа нөхөр, хүүхдүүдийнхээ хамт хөл нүцгэн шахуу хөхөө өвлийн хүйтэнд гарч амжсан нь зол болжээ.

Энэ тухай Д.Нарангарав “Тухайн үед маш хурдан байрнаас гарах хэрэгтэй гэж бодсон. Ухаан санаа балартаад хүнд байсан. Ганцхан манай байр бүтэн шатсан. Магадгүй тэр өдөр унтаж байсан бол өнөөдөр байрандаа засвар хийлгэх тухай яриад зогсохгүй, аль хэдийнэ амиа алдсан байх байсан биз” гэлээ.

207 дугаар байрны 34 тоот 2024.05.09-ний өдөр

Тэрбээр 2017 онд энэхүү орон сууцаа 100 хувь бэлэн мөнгөөр худалдан авч байжээ. Хэдийгээр ипотекийн зээлгүй ч даатгалгүй тул ийн хохирч үлдээд байгаа нь энэ. Түүний хувьд байрыг нь дахин засварлаж амьдрах боломжтой гэдэгт итгэж буй. Энэ тухай ярихдаа "Байрандаа хүчитгэл хийлгэж дахин амьдарч болно.

Хэрэв нураавал дахиж шинэ байр баригдах уу гэдэг нь эргэлзээтэй. Аль эсвэл 10 жил хүлээх үү гэдгийг хэлж мэдэхгүй. Хэчнээн жил түрээсийн орон сууцанд амьдрах билээ.

Ирэх есдүгээр сард түрээсийн орон сууцны төлбөрийн гэрээ дуусна. Тэр үед яах билээ. Төр ажлаа хурдан явуулж, бидний хохирлыг барагдуулмаар байна. Улс нь буруутай этгээдийг олох байх” гэсэн юм.

Д.Нарангаравынх 207 дугаар байрны галд бүхэлдээ шатсан ганц айл нь гэнэ. Харин зарим айлын ердөө хөшиг нь шатаж, цонх нь хагарсан, цахилгаан хэрэгсэл нь эвдэрснээс өөр ноцтой дүр зураг харагдсангүй.

ХОХИРСОН ИРГЭД ӨНӨӨДӨР Ч "ИПОТЕКИЙН ЗЭЭЛ"-ЭЭ ТӨЛЖ БАЙНА

Нөгөөтэйгүүр, орон гэрээ алдсан иргэдийн дийлэнх нь ипотекийн зээлтэй. Тэд өнөөдөр ч шатсан байрныхаа зээлийг сар бүр төлж байгааг оршин суугчид хэлсэн. Сард дунджаар 700.000 төгрөг ипотекийн зээлд төлдөг байна.

Хэдийгээр өнөө, маргаашдаа төрөөс 207 дугаар байрны 60 гаруй өрхийн 218 иргэний орон сууцны түрээсийн төлбөрийг хариуцаж байгаа ч ирэх есдүгээр сард гэрээний хугацаа дуусахад хохирлыг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй. Үүнд оршин суугчид бухимдаж буй. Тэдний зүгээс зээлийн төлбөрийг хөнгөлүүлэх хүсэлтийг холбогдох газруудад хүргүүлсэн ч Засгийн газар, Монголбанкинд одоогоор шийдвэр гараагүй болохыг ярьж байлаа. Учир нь дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах шийдвэр эцэслэн гараагүйтэй холбоотой гэдгийг оршин суугчид хэлсэн.

БАЛГАС БОЛООГҮЙ Ч ТООСОНД ДАРАГДСАН БАЙРНЫ ЭЗЭД ГОМДОЛТОЙ БАЙНА

Тоосонд дарагдсан буйдан, ширээн дээр хөглөрсөн эд зүйлс, хүүхдийн ор, сэмэрсэн хөшиг. Эзэд нь байхгүй энэ гэрт жавар хургаж, эд зүйлс нь тухайн үеийнхээрээ тэр чигтээ орхигджээ. Галд шатсан ноцтой зүйл харагдсангүй. Харин тагтны цонх л хагарчээ. Гэвч амьдрахыг хориглосон тул эзэд нь гудамжинд гарч түрээсийн орон сууцанд хэзээ хөөгдөхөө ч мэдэхгүй амьдарч байгаад айлын эзэгтэй гомдолтой байна. Түүнийг н.Туяа /нэрийг өөрчлөв/ гэдэг. Мөн л Д.Нарангаравтай санал нэг байв.

Түүний хувьд шинэ орон сууцны түлхүүр гардахаа хүлээхээс илүү байрандаа засвар хийлгээд амьдрах сонирхолтой. Гэвч хэзээ мөдгүй байрыг нь буулгах вий гэдэгт санаа нь зовох болжээ.

Тэрбээр “Гэр орноо тоосонд дарагдсан байхыг харахад сэтгэл өвдөж, хямарч байна. Уг нь манайх галд ноцтой өртөөгүй, засвар хийлгээд амьдарч болно. Тагтны цонх хагарч, хөшиг шатсан бололтой сэмэрч наалдсан байна билээ. Үүнээс өөр эвдрэл, хохирол байхгүй. Гэтэл мөнгөөрөө авсан тавилга эд зүйлс маань тоосонд дарагдсан байдалтай л хаягдаж байна шүү дээ. Амьдрахыг хориглосон” гэлээ. Тэр ийн ярилцах хоорондоо хуруу зузаан тоос тогтсоныг нь буйдангаа арчихдаа харуулж байлаа.

207 дугаар байрны оршин суугч н.Туяагийн хүүхдийн өрөө 2024.05.09
н.Туяагийн зөвхөн тагтны цонх дэлбэрэлтэд өртөж хагарчээ 2024.05.09

"БҮТЭН БАЙРТАЙГАА Л ҮЛДЭХ ЮМ САН"

Оршин суугчдын дундаас “Манай байрыг нураавал дэндүү хайран даа” гэж нэг нь санаа алдав. Түүнийг Л.Бямбадорж гэдэг. Тэрбээр галын хоморгод өртсөн гэр рүүгээ орох замдаа ийн ярьж байлаа.

Энэ тухай "Орон сууц түрээслэн амьдарч байгаа ч өөрийн гэрийг яаж гүйцэх билээ. Цаашид юу болохыг, хаана амьдрахаа ч мэдэхгүй байна. Уг нь хоёр сарын дотор л манай байрыг засварлах боломжтой юм билээ. Манай байр галд өртөөгүй, нураахад дэндүү хайран юм даа" гэлээ.

Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ "Байр ашиглалтад ороход нь нүүж орсон цөөн айлын нэг нь манайх. Тухайн үед зээлгүй шууд бэлэн мөнгөөр худалдан авч байсан болохоор даатгал байхгүй. Иймээс нураавал хаана хэнд хандах нь тодорхойгүй, үүсэх асуудал өчнөөн байна" гэж байв.

Л.Бямбадоржийнх 2017 оны есдүгээр сард 57.17 мкв бүхий орон сууцаа 116 сая төгрөгөөр худалдан авч байжээ. Тэрбээр эхнэр гурван хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдардаг ч өнөөдөр шатсан байрныхаа ойролцоо байр түрээслэн амьдарч байна.

Хоёр өрөө орон сууц нь галд өртсөн ором байхгүй ч угаарийн үнэр л галын хоморгонд энэ айл өртсөнийг илтгэж байлаа. Гурван айлаар ороход, давхар бүрт өөр өөр дүр зураг угтана. Зарим давхарт шатсан хөшиг, орны гудас, хөнжил овоолсон байхад, зарим давхарт өрөөсөн гутал, бээлий, бүтэн талх, хүүхдийн эвдэрсэн тогтлоом хөглөрнө. Байрны орц, шат бүхэлдээ үртэс болсон нь халтиргаанаас сэргийлсэн нь энэ байж. Газ дэлбэрсний улмаас шатсан 207 дугаар байранд өнөөдөр хүн амьдардаггүй, хаалттай ч оршин суугчид нь өчигдөр мэдээлэл хийх үеэрээ ийнхүү өөрсдийн амьдарч байсан байрыг харуулсан нь энэ юм.

"Галын дөл өөдөө" гэдэг ч гэрийн эзэд нь гудамжинд айлын байр түрээслэн хэзээ хөөгдөхөө мэдэхгүй амьдарч байгаа нь лав "өөдтэй" биш болох нь тэдний ярианаас анзаарагдаж байлаа.

Өнөөдөр тэднийг хамгийн их бухимдуулж буй асуудал нь УОК-ын мэдэгдэл болжээ. Учир нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 207 дугаар байрны 86 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, 10 айл шатсан зэрэг худал мэдэгдэл цацсан гэж тэд шүүмжилж буй.

2024.04.18 ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН: 207 дугаар байрыг нурааж шинээр барина

Шадар сайд С.Амарсайхан "Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг цаашид ашиглах боломжгүй. Нурааж шинээр барина. Энэ асуудлыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, хохирлыг барагдуулах, байрыг нураах, шинээр барих тэр хугацаанд хохирсон иргэдийн түрээсийн байрны төлбөрийг үргэлжлүүлэн төлөх, хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх асуудлыг нийслэлийн удирдлагуудад шилжүүлсэн" гэсэн юм.

Энэ мэдэгдэл оршин суугчдыг "ШОК"-нд оруулсан байна. Иймээс оршин суугчид өөрсдийн өмчөө нураалгахыг эсэргүүцэж буй. Тэдний зүгээс галд өртсөн барилгыг засварлаж амьдрах боломжтой гэх байр суурьтай байлаа. Ямартай ч эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийг орон сууцны түрээсийн төлбөрөөр аргалаад өнгөрөх үү, аль эсвэл орон сууцыг нь нураах эсэхийг харах л үлдлээ.

Анна Каренина буюу О.Хонгорзул: Хүүхэд байхдаа өөрийгөө тайзан дээр байна гэж мөрөөддөг байсан бол өнөөдөр биелжээ
Анна Каренина буюу О.Хонгорзул: Хүүхэд байхдаа өөрийгөө тайзан дээр байна гэж мөрөөддөг байсан бол өнөөдөр биелжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.