Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Бумдарь: Намууд нэр дэвшүүлэх журмаа ил болгож, жагсаалт буюу “нууц цэцэрлэг”-т нэр цэвэр хүмүүсээ оруулах хуультай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 3 секунд

Ирэх сард бид ес дэх удаагийн парламентын гишүүдээ сонгоно. Одоогийн парламентын гишүүд дахин сонгогдох зорилгоор гудамжнаас улс төрөө хийж оноо цуглуулах марафонд гараад эхэлчихсэн. Харин нөгөө талд намын жагсаалтаар сонгогдох 48 гишүүний асуудал ч анхаарах сэдэв болов. Товчхондоо намын “нуувчинд ямар хүмүүс орох бол” гэсэн хардлага, шүүмжлэл улс төр төдийгүй нийгмийн хүрээнд ихээхэн анхаарал татаж буй. Тиймээс уг агуулгатай холбогдуулан улс төр судлаач Д.Бумдарьтай ярилцлаа.

-Сүүлийн үед бүсчилсэн тойргууд идэвхжиж, улс төрчдийн сонгогчдодоо таалагдах ажил нэлээд явах боллоо. Гэтэл нөгөө талд намын жагсаалтаар нэр дэвшигчдийн асуудал дарагдах болов. Товчхондоо авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ял шийтгэгдсэн хүмүүс намын нуувч руу шургалах нь гэсэн шүүмжлэл бий. Жагсаалтын босгыг яаж хуульчилсан байдаг бэ?

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавигдах шаардлага гэж бий. Тухайлбал, өр төлбөртэй, тэр нь шүүхээр тогтоочихсон бол сонгуульд нэр дэвших эрхгүй. Түүнээс гадна авлига албан тушаалын гэмт хэргээр шийтгэгдсэн болон аливаа хуулийн этгээдийн хувьцааны 51 хувийг эзэмшдэг бол нэр дэвшүүлэхгүй гэх мэт олон заалтуудтай.

Эдгээрээс онцлоход авлига, албан тушаалын гэмт хэргээр шүүхээс ямар нэгэн ял шийтгэл тогтоогдож байсан бол хуулиараа нэр дэвших боломжгүй болж байгаа юм. Харин улс төрийн намууд дүрэмдээ авлига, албан тушаалын гэмт хэрэгт “”холбогдсон” бол намаас нэр дэвшүүлэхгүй гэсэн нарийн заалтыг оруулсан байдаг. Үг тайлбарлахаар авч үзвэл магадгүй холбогдсон гэдэг нь эрхийг нь түдгэлзүүлнэ гэсэн ойлголт биш гэж үзэхийг үгүйсгэхгүй.

Гэхдээ нийгмийн сэтгэл зүй сүүлийн жилүүдэд улс төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын гэмт хэргийн асуудалд маш их эмзэглэж, хүчтэй шүүмжлэх болсон. Ийм үед улс төрийн намууд муу нэртэй хүмүүсээ жагсаалт руугаа оруулах нь сонгуулийн санал авах процесст илүү хортой учраас нэр цэвэр хүмүүсээ оруулах стратегийг барих байх.

“НАМЫН ЖАГСААЛТАД НИЙГМИЙН БҮЛГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОХ Ч ТЭР ХҮМҮҮС НЬ “УЛСТӨРЧ” БАЙХ ЁСТОЙ”

-Жагсаалтаас нэр дэвших хүмүүс хэн байх вэ гэдэг асуудал яригдахтай зэрэгцээд хэддүгээрт бичигдэх дараалал нь хүртэл чухал байгаа талаар улс төрийн хүрээнд яригдах болсон. Жендерийн 30 хувийн квот ч энд мөн яригдах ёстой байх?

-Хамгийн эхэнд улс төрийн намуудын нэр дэвшүүлэх журам хэрхэн хийгдсэн нь ил байх ёстой атал нууц болчихсон. Ер нь нэр дэвшүүлэх журам гэдэг нь сонгуульд хэнийгээ сойх гэж байгаа вэ гэдгийг гаргаж ирдэг том баримт бичиг шүү дээ. Үүнд бид хамгийн түрүүнд ач холбогдол өгөх ёстой.

Өнгөрсөн онд баталсан Улс төрийн намын тухай хуульд сонгуульд нэр дэвших үйл ажиллагааг зохион байгуулах хороотой байж болно гэж заасан. Гэвч улс төрийн намууд уг заалтыг төдийлөн хангахгүй байх шиг байна. Гол нь өрсөлдөж байгаа гэдэг утгаараа чансааны хувьд жагсаалтын хэдэд жагсах вэ гэдэг асуудал яригддаг. Гэтэл өнөөдөр сонгуульд өрсөлдөх бүх намууд “нууц цэцэрлэг” -тээ хүмүүсээ ч, журмаа ч хав дарчихсан байна.

Нөгөө талаасаа нам дотроо нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон Улсын туршлагаас харвал үндэсний хэмжээнд бодлогоо барьж ажиллах, намыг дараагийн ЗГ байдаг гэж ойлгож болно. Хамгийн хүчтэй хэсэг нь ордог гэсэн үг. Харин манайд анхнаасаа нийгмийн бүлгийн төлөөлөл гэдэг зүйлийг “хэн ч байсан болно” гэдэг утгаар их ярьж байгаа ч угтаа “улстөрч” байх ёстой.

Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хуульд мэдээж сонгуулийн хуулиа дагаад жендерийн харьцаа 30 хувь байна. Намын аппаратад буюу удирдах түвшинд 40 хувь байна гэж оруулсан байдаг. Хэрэв, дээрх 30 хувийн харьцаагаа хангаж чадаагүй тохиолдолд тухайн улс төрийн нам сонгуульд оролцох эрхгүй болно.

Түүнчлэн жагсаалтаар нэр дэвшигчдийг 1х1 гэх харьцаагаар жагсаах ёстой. Үүгээр 22-24 эмэгтэй квот орж ирэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

-УИХ-д суудалтай намууд жагсаалтаар нэр дэвшүүлэх хүмүүстээ ямар шалгуур, шаардлагыг тавих ёстой гэж харж байгаа вэ?

-АН-ын хувьд дэд дарга С.Баярцогт жагсаалтаар нэр дэвшүүлэх хүмүүсээ нас хүйсийн ангиллаар тус бүр 30 хувиар хувьчилж оруулна гэдгээ мэдэгдэж байсан. МАН-ын хувьд нийгмийн бүлгийн төлөөллийг төлөөлөх хүмүүсээ жагсаалтынхаа эхэнд оруулахаа мэдэгдээд буй. Харин авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг жагсаалтад оруулахгүй байхаар дүрэмдээ хатуу тусгасан байдаг.

Үүнээс гадна улс төрийн намын хувьд сонгуульд оролцох санхүүгийн том нөөц, хуримтлалтай байх ёстой. Хуульд хязгаарласан зүйлийг дурдаагүй ч нэг нэр дэвшигч хамгийн ихдээ 1.4 тэрбум төгрөгөөс хамгийн багадаа 700 сая төгрөг тойрогт зарцуулж болно.

Тойрогт зарцуулах намын мөнгөн хандивын данс 5 сарын 03-наас, нэр дэвшигчийнх 6-р сарын 02-ноос нээгдэнэ. Ингээд данс нээгдэж эхэлсэн хугацаанаас эхлээд зарцуулалт хийгдэнэ. Сонгуулийн явц дундуур түүнийгээ тогтмол тайлагнах ёстой. Эцэст нь наймдугаар сард Үндэсний Аудитын газар санхүүгийн тайланд хяналт тавьж ажиллана.

“ХҮСЭМЖИТ УЛСТӨРЧДИЙГ ЖАГСААЛТААР НЭР ДЭВШҮҮЛЭХ НЬ НАМДАА ХОРТОЙ”

-Уг нь жагсаалтаар нэр дэвших хүмүүсийн хувьд илүү улс орны шинжтэй асуудалд бодлого гаргаад, хууль санаачилж батлах хэмжээнд ажиллах ёстой гэж харж байгаа. Гэвч намын халхавчинд улс төрийн мэдлэггүй, туршлагагүй хүмүүс ороод ирвэл хэр хортой вэ?

-Олон улсад байдаг нэг кейс бол хүсэмжит улстөрчид гэж нэрлэдэг тохиолдол бий. Тухайн төрлийн улстөрчдийг судалгаагаар тодорхойлдог. Тэгэхээр улс төрийн намууд сонгогчдын судалгааг үндэслэж, тойрог руу ямар хүнээ, жагсаалт руу ямар хүнээ оруулбал илүү сайн санал авч чадах вэ гэдгээ анхаарах ёстой. Гэхдээ зарим тохиолдолд улс төр, нийгэмд танигдаагүй атлаа дараагийн удаа улс төрийн намаа залгамжилж явах кандитатуудыг оруулахыг үгүйсгэхгүй.

-Жагсаалтаар сонгогдсон гишүүдийг тойргоос сонгогдсон гишүүд ялгаварлах, магадгүй намын “бонус” гэж харах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй гэж та өмнө нь хэлж байсан. Тэгвэл нам дотроо аль хэсэг нь илүү чухалд тооцогдох вэ?

-2012 онд болсон сонгуулийн бодит практикаас харвал тойргоос сонгогдсон гишүүд жагсаалтаар сонгогдсон гишүүдээ “тооноор орж ирсэн” гэж гадуурхах тохиолдол тухайн үед парламент дотор үүсэж байсан. Харин одоо харьцангуй улс төрийн намууд төлөвших, жагсаалтын агуулгыг ойлгох шинж рүүгээ яваад эхэлж.

Хоёрдугаарт, намын эв нэгдэл ямар байхаас шууд хамаарна. Улс төр учраас ямар нэгэн байдлаар өөнтөглөх асуудал байхыг үгүйсгэхгүй. Мэдээж тойрог дээр бүсийн төсвийн асуудал яригдахад магадгүй жагсаалтын гишүүдээ лоббидох, тэдэнтэй саналаа илүү багцлах хэлбэр рүү орох гэж оролдож магадгүй юм.

Парламентын дэг хэрхэн бичигдсэнээс намуудын бүлгийн зохион байгуулалт, түүн дотор жагсаалт, тойргоос сонгогдсон гишүүдийн хууль санаачлах, батлах процесс нь өөрөө ойлгомжтой болох юм.

Ярилцсанд баярлалаа

УУР: “Хоол идэж байхад дуугүй байгаач, гарч хэрэлд“ гэсний төлөө хөлөнд нь хутгалжээ
УУР: “Хоол идэж байхад дуугүй байгаач, гарч хэрэлд“ гэсний төлөө хөлөнд нь хутгалжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.