“NTV” телевизийн ”Лхагвын тойм” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж оролцлоо.
-УИХ-ын намрын чуулган долоо хоног сунгаж хуралдаад өндөрлөсөн. УИХ-ын дэд даргын хувьд хүлээлтэд хэр хүрэв?
-Би анх намрын чуулганаас өмнө шинэ парламент бүрдэнгүүт хамтарсан Засгийн газар байгуулахын эсрэг хэвлэлийн хурал хийж байсан. Үүний дараа ээлжит бус чуулган хуралдаад 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцсэн. Үүнд багтсан 14 мега төсөл, 300 гаруй дэд төслүүдийг хэрэгжүүлэхээр оруулж ирсэн. Энэ хүрээнд 2025 оны төсвийг хэлэлцсэн.
Төсөв хэлэлцэх үеэр жалганы хөрөнгө оруулалтаар төсөв зарцуулахгүйгээр том дэд бүтцийн ажлууд, мөнгө олдог зүйлүүд рүү 2025 оны төсвийг тавьсан. Тэгэхээр хамтарсан Засгийн газар олон зүйл дээр нэгэндээ дэгээ тавихгүйгээр олон төслүүдийг хөдөлгөх юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн учраас хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоолын төслүүд дээр идэвхтэй ажиллаж байгаа.
Тийм учраас өнгөрсөн намрын чуулган төсөв нэлээн ярьсан, сүүлийн хоёр сард Монгол Улсад хэрэгтэй том асуудлуудыг шийдэвэрлэсэн чуулган боллоо. Ер нь өмнөх хавар, намрын чуулганыг харж байхад урсгалаараа өнгөрдөг, гишүүдийн өргөн барьсан хуулиудыг хэлэлцээд өнгөрдөг, Засгийн газрын оруулж ирсэн асуудлыг хэлэлцэх ёстой юм шиг ажилладаг байсан бол энэ удаагийн чуулган маш үр дүнтэй, бүтээлч, Монголын ирээдүйд хэрэгтэй олон шийдвэрийг гаргасан чуулган боллоо гэж дүгнэж байгаа.
-Манайх хамтарсан Засгийн газарт орсон ч гэсэн СӨРӨГ ХҮЧИН хэвээрээ-
-Гурав дахь удаагаа сонгогдсон гишүүний хувьд 126 гишүүнтэй шинэ парламент таны бодож байсан шиг ажиллаж чадаж байна уу?
-Найрал дуун дээр бүх хөгжим дуугарч байж өнгөтэй бүтээл гардаг шиг маш олон өнгө энэ парламентад орж ирсэн. Мөн хэнээс ч үл хамаарах жагсаалтаар болон “Намайг тэндэхийн ард түмэн сонгосон” гэх жалганы үзэл гаргахгүйгээр асуудлаа зоригтой ярьж, зөв талаас нь хардаг олон залуучуудтай болсон. Энэ бол манай парламентын гол давуу тал гэж үзэж байгаа.
Шинэ залуу гишүүд илүү хурдан туршлагажих хандлагатай байгаа. Манайх хамтарсан Засгийн газарт орсон ч гэсэн СӨРӨГ ХҮЧИН хэвээрээ. Нийгмийн янз янзын үзэл санааг гаргаж ирж дуугардаг. Гэтэл Ардын намын залуучууд чинь үүнээс хоцрохгүйн тулд асуудлыг харж, олон өнцгөөр ярьдаг. Өөрийн нам, өрөөлийн нам гэхгүйгээр ханддаг парламенттай болсон.
-Та сая сөрөг хүчин гээд хэлчихлээ. Та ч одоо сөрөг хүчин ч биш л дээ?
-Хамтарсан Засагт орсон ч гэсэн манайхаас найман сайд л орсон. Тэр найман сайд өөрсдийнхөө ажлыг л хийж байгаа. Бусдаараа манай АН-ын гишүүд бүх шатанд орж ажиллаад байгаа зүйл байхгүй.
-Та анх хамтарсан Засгийг яагаад дэмжээгүй байсан юм бэ. Ер нь хамтарсан Засаг байгуулагдахад ямар байр суурьтай байв?
-Монголын ард түмэн ус, тосоор нь ялгаад өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл Ардын намыг эрхээ барь, АН-ыг 42 суудалтай сөрөг хүчнээ хийж өнгөрсөн хугацаан дахь хулгай, авлигыг шаардаж гаргаж ир гэсэн сонголтыг хийсэн. Тийм учраас бид ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж, сөрөг хүчнээ хийх ёстой гэсэн шаардлагыг л тавьсан байгаа. Гэхдээ манай намын гишүүдийн олонх нь хамтарсан Засагт орохыг дэмжээд, мөрийн хөтөлбөр нь батлагдаж төсөв нь тавигдсан. Тиймээс би юмнаас хоцорч болохгүй шүү дээ.
Би найман жилийн турш сөрөг хүчин буюу шүүмжилдэг байр суурин дээр байсан. Хамтарсан Засагт орсон учраас АН-аас явуулж буй бодлого шийдвэрийг тодорхой хэмжээнд хэрэгжүүлэх ёстой гэсэн үүднээс дэмжээд явж байгаа.
-Юмнаас хоцрохгүй гэдэг нь юу гэсэн үг билээ?
-Өнгөрсөн найман жил дандаа нэгэндээ дэгээ тавьж ирсэн. Тийм учраас маш олон том төслүүд хөдөлдөггүй, төмөр зам гацдаг, мухар болгох ажиллагаа явагддаг. Хамтарсан Засагт энэ мэт асуудлууд шийдэгдээд найман сайд нь бусад гишүүддээ нөлөөлөөд томоохон төслүүд урагшлах юм байна аа гэсэн итгэл үнэмшил төрсөн.
-Юмнаас хоцрохгүй гэхээр нь Дэд дарга болчихъё гээд очсон юм байх гэж бодлоо?
-Дэд дарга бол хэн нэгнээс гуйдаг албан тушаалтан биш. Энэ бол цэвэр нам дотроо шийддэг, хэн нэгэн Л.Оюун-Эрдэнэгүйгээр, хэн нэгэн хүмүүсгүйгээр 42 гишүүн дотроо хэн дэд дарга хийж чадах вэ гэсэн сонголт дээр л гарч ирсэн томилгоо. Хамтарсан Засгийн газрын үр дүн огт биш. Ардын намын оролцоотой зүйл ч биш.
-Асуудлыг баримттай, тоо факттай ярьдаг хүмүүсээс Ардын намынхан зугтдаг-
-Өнгөрсөн найман жилд төр данхайлаа, авлига хулгай дэлгэрлээ гэх асуудлыг ярьж ирсэн. Хамтарсан ЗГ байгуулагдсанаас хойш Хяналтын хариуцсан менежер гээд бүх ТӨК-иуд дээр томилоод эхэлсэн. Танай намаас ч бий. Хамтарлаа гээд сонгуульд ажилласан хүмүүсээ албан тушаалд томилж болох юм уу?
-Их л өрөөсгөл хандаж байна даа. Хэтэрхий Ардын нам талдаа асуугаад байна уу, үгүй юу. Найман сайд тодорхой үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсээ солиод, манай намын гишүүдийг ажилд томилсон. Тэр бол нээх олон биш.
Таны яриад байгаа менежер гэх албан тушаалд одоогийн байдлаар тавхан хүн л тавьсан. Үүнээс илүү нэмж чадахгүй дээ. Хойноос нь баахан хөөцөлдөж байгаад Ардын нам хаяна. Энд нь ерөөсөө хууртаж болохгүй. Мэдээж ТӨК-иуд дээр тэр чигээрээ хулгай гардаг. Зөвхөн нүүрсний хулгай гэхэд 44 их наяд. Үүнийг Т.Доржханд тодорхойлж чадахгүй байна лээ. Би бол тээврээс нь хулгай гарсан гэдгийг тодорхойлоод, баталгаатай хэлээд өгье гэхээр намайг Б.Энхбаяр сонсгол дээр дуудаагүй. Асуудлыг баримттай, тоо факттай ярьдаг хүмүүсээс Ардын намынхан зугтдаг л даа.
Өнөөдөр ТӨК-иуд дээр хулгай хийж буй хүмүүсийг хязгаарлая гэхээр дургүйцээд байгаа.
-Тээвэртэй холбоотой хулгайн асуудлыг ярья гэхэд таныг дуудаагүй гэж байна. Тэр хэр урт яриа болох байсан бэ, энд товчхон яриад өгвөл яасан юм бэ?
-Цагаанхаднаас Ганцмод боомт хүртэл 29 км байдаг. 29 км-т гурван сая төгрөгөөр тээвэр хийдэг байсныг эд нар 120 сая төгрөгөөр хоёр жилийн турш зөөсөн байхгүй юу даа. Өдөрт 500 машин гээд тооцоход бараг 44 их наяд болчхож байгаа. Өнөөдөр төмөр зам дээр алдагдсан боломж ярихгүй гэж байна. Нэг тонн нүүрсийг нэг сая төгрөгөөр тээвэрлэж байсан байна. Өөрөөр хэлбэл 20 сая тонн нүүрсийг төмөр замаар гаргасан бол 20 их наяд төгрөг болох байсан. Ганцхан машинист яваад, ковидын ямар ч хязгаарлалтгүйгээр тээвэрлээд хүрээд ирнэ. Тийм учраас алдагдсан боломж байхгүй, бидний гавьяа гэх мэтээр ярьж байгаа нь буруу.
Гэтэл гурван сая төгрөгөөр тээвэрлэж байсан машин 120 сая төгрөгөөр тээвэрлэлээ. Машиныхаа банканд сальярк дүүргээд, тэр нь дуусаагүй байхад дахиж хийгээд гурван рейс хийхэд, 360 сая төгрөгөөр авсан машиныхаа мөнгийг олж байна лээ.
Үүний хажуугаар манай эрх баригч буюу УИХ, ЗГ-ын гишүүд гээд томчууд бүгдээрээ нийлж байгаад хулгай хийсэн.
-Олон нийтийг бухимдуулж байгаад л шүүх дээр очоод уддаг эсвэл зарим нь нүүрсний бус өөр албан тушаалын хэрэг болчхож байна. Шийдэгддэггүй авлига, хулгайн асуудлын араас явж шийдэх талд нь дуугарахгүй юм уу?
-Шүүх бол дандаа шинэ эзэндээ үйлчилдэг. Тэрний илрэл нь өнөөдрийн МАН-ын гишүүд 40 сая төгрөгөөр торгуулах, нийтийн албанд томилогдохгүй байхаар шийтгүүлээд гарч байна. Харин АН-ын гишүүд хамгийн чангаар яллагддаг. Тэгэхээр шүүх засаглал бол хэнээс ч хараат бусаар асуудлыг шийдвэрлэх боломжийг олгохын төлөө явах ёстой.
Харин шүүгчид яавал албан тушаалдаа үлдэх үү гээд шинэ эзнийхээ төлөө үйлчилдэг увайгүй хүмүүс байгаад байна.
-Шүүхдээ итгэхгүй нөхцөл байдал үүсчихсэн. Ядаж улс төрийн хувьд хулгайд холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй байж болдоггүй юм уу?
-Манай намаас хэнийг дэвшүүлсэн юм?
-Нүүрсний хулгайд холбогдсон хүмүүс гишүүн болоод ороод ирсэн явж байна шүү дээ?
-Ямар хулгай хийсэн юм бол?
-Нүүрсний хулгайд холбогдоод төмөр замын асуудал гээд явж байсан Х.Баттулга гэж хүн танайд байна. Буцаагаад ухрааж үзвэл нүүрсний хулгай, жижиг Тавантолгой гээд явж байсан хүнийг чөлөөлөхгүй байх шаардлагатай гэдэг зүйлийг танай намынхан илэрхийлээд явж байсан. Улс төрийн шийдвэр гаргахгүй юм уу?
-Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй хүмүүсийн асуудлыг ярьж байна. Ер нь тэр хүмүүсийн асуудлыг бүгдийг нь шүүх шийдэх бүрэн боломжтой. Тэр Х.Баттулга гэдэг хүн дахиад дэвшиж байгаа нь сонин санагдаж байсан л даа.
Гэхдээ шүүхээр шийдэгдсэн янз бүрийн асуудал байхгүй шүү дээ.
-Хуулийн төсөлтэй холбоотой асуудал руу оръё. Нарансэвстэй боомттой холбоотой хуулийн төсөл өргөн барьж байсан. Энэ төсөл юу болов?
-Тогтоолын төсөл л дөө. Заавал тогтоолын төсөл гаргахгүйгээр Засгийн газар өөрөө шийдээд явах боломжтой. Нарансэвстэй бол түр хаагдсан боомт. Тийм учраас Засгийн газар өөрөө шийдэх боломжтой гэсэн үг. Гэхдээ Засгийн газар асуудлаас жийрхдэг учраас УИХ-ын тогтоолын төслийг гаргаад өгч байгаа юм. Ганьсү бол цэвэр Хятад муж учраас тэндээс хилийн зурвас давуулан их говийн дархан цаазат газрыг дайрахгүйгээр хилийн зурвасаар зам тавих тухай асуудал бий. Манай талын зам нь ан амьтад гай учруулаад, Хятадын талын тавих зам нь гай болохгүй гэхээр гайхаад байгаа юм л даа.
Хоёрдугаарт, их говийн дархан цаазат газар учраас Талын мэлтэс уурхайг ашиглах ямар ч боломжгүй. Би тогтоолын төсөл дээрээ “Их говийн дархан цаазат газар уул уурхайн ашиглалт явуулахгүй, явуулахыг хориглоно” гэсэн заалтыг оруулсан. Одоо баруун бүсийн 400 мянган хүн бүх бараа бүтээгдэхүүнээ Эрээний боомтоор аваад өндөр үнэтэй хэрэглэж байна. Нарансэвстэй боомт нээгдсэн тохиолдолд илүү хурдан шуурхай байна гэсэн зорилгын үндсэн дээр мөн Говь-Алтайн хоёр гишүүний хүсэлтээр тогтоолын төслийг өргөн барьсан.
-Одоо тэнд нөхцөл байдал нь ямар байгаа вэ?
-Нарансэвстэйг нээхийг эсэргүүцэж буй иргэд “D-Parliament” дээр хүсэлт гаргаад, 30 мянган иргэний гарын үсэг цугларсан учраас УИХ-ын даргын захирамжийн дагуу Ажлын хэсэг байгуулагдаж энэ асуудлыг шийдэхээр болсон.
-Таны өргөн мэдүүлсэн өөр нэг хууль бол НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгож бууруулах хуулийн төсөл. Энэ хуулийн төслийг санаачилсан тооцоо, үндэслэл нь юу юм бэ?
-Би 2019 онд энэ хуулийн төслийг өргөн бариад 2021 онд хэлэлцэх эсэхийг нь УИХ дэмжээгүй. 2021 онд дахин өргөн барьсан. 2024 онд шинэ парламент байгуулагдангуут хуулийн төслүүд эзэндээ буцдаг болсон. Тийм учраас дахин өргөн барьж байгаа юм.
Монголд нийт 180 мянган ААН байна. Тэдгээрийн 80 мянга нь НӨАТ төлөгч. Мөн 250 мянга орчим хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байгаагийн 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байдаг.
НӨАТ-ын асуудалд ороод буй ААН-үүдийн хувьд нэг чухал зүйл нь Замын-Үүдээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд нэг бүрчлэн мэдүүлэг хийгдэхгүйгээр Монголын нутаг дэвсгэрээр орж ирж, тэндээсээ хөдөө орон нутаг руу дандаа НӨАТ-гүй явж байна. Хоёрдугаарт, бид мал аж ахуйн орон. Малчид НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй учраас түүхий эд, мах, сүү бүгдээрээ үйлдвэрүүд рүү очихдоо НӨАТ нь хүмүүсийн бизнест хүндрэл учруулж байгаа. Тэгэхээр ихэнх бараа бүтээгдэхүүнүүд НӨАТ-гүй байна.
Худалдаа үйлчилгээний үе шат бүрд авдаг НӨАТ чинь иргэдийн халаасыг хоосолдог. Жишээлбэл, цэвэр ус 1150 төгрөгөөр Улаанбаатар хотын дэлгүүрүүдэд очиж байхад, Ховдын Эрдэнэбүрэнд 1600 төгрөгөөр очоод байна. Гэтэл Ховдод амьдарч буй хөгшин, энд байгаа хөгшин хоёрын тэтгэвэр адилхан 550 мянган төгрөг.
Эрдэнбүрэнд байгаа 15 дэлгүүрийн тав нь анх НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхлэхэд идэвхтэй баримт олгож байсан бол үлдсэн 10 дэлгүүр нь НӨАТ-гүй бараа авчирсаар байгаад хүн орж ирэхээ болингуут нөгөө таван дэлгүүр НӨАТ төлөгч биш болж байна.
Тэгэхээр алслагдмал бүсэд амьдарч буй болон бага орлоготой иргэдэд хүндрэл үүсгээд байгаа.
-2025 оны НӨАТ-ын орлогыг төсөвт тооцчихсон байгаа. Энэ хууль хэрэгжээд эхэлбэл төсвийн орлого тасарна. Үүнийг яаж шийдэх юм бэ?
-Аливаа хууль нэгдүгээр сарын 1-нээр хэрэгжиж эхэлдэг. Ерөнхий сайд татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамттай холбоотой асуудалд шинэчлэл хийнэ гэж мэдэгдсэн. Тэгэхээр энэ хууль тодорхой хэмжээгээр явах ёстой. Батлагдвал нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ гэж харж байгаа. Тийм учраас энэ жилийн төсөвт ямар нэг байдлаар дарамт болохгүй.
Ирэх жилийн хувьд түрүүн хэлсэн 180 мянга орчим ААН-ийн 50 орчим хувь нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх боломж бүрдэнэ. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй 250 мянга гаруй иргэдийн 100 мянга нь татвар төлөгчөөр нэмэгдэх боломж бий болно. Тийм учраас татварын бааз суурийг нэмэгдүүлэх замаар бизнес зөв болж эхэлнэ.
-Инфляц 10 хувь хүрэх гэж байна. Хавраас ам.долларын ханш өсөж магадгүй энэ үед импортын асуудлыг оруулж ирж инфляцыг өдөөж байгаа нь иргэдэд сайн юм шиг хэрнээ асуудал үүсгэж байгаа юм биш үү. Энэ тал дээр яаж тооцсон бэ?
-НӨАТ-ыг багасгахаар жилд ойролцоогоор тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг хүн 20 сая төгрөгийн худалдан авалт хийдэг хүний хооронд илүү баян хүмүүст боломж олгох гээд байна гэж яриад байна л даа.
Ер нь дэлхийн улс орнууд НӨАТ-аараа илүү орлоготой хүмүүсийг НӨАТ-аар шийддэг. Тийм учраас барууны орнуудын ХХОАТ 40 хувь байдаг.
Монгол Улсын төсөвт 2024 онд 7.3 их наяд төгрөгийн НӨАТ-ын орлого төвлөрсний 2.5 их наяд нь л иргэдийн төлсөн татвар. Ирэх жил 8.2 их наядын НӨАТ-ын орлого бүрдүүлнэ гэж тооцсоны 3 их наяд орчим нь л иргэдээс орж ирсэн НӨАТ байна.
-С.Эрдэнэ муу нэртэй ч гэсэн НДС-ийн чөлөөт үлдэгдлийг дандаа банканд байршуулж арвижуулдаг байсан-
-ААН-үүдийн хувьд НДШ том дарамт болдог. Танай нам энэ асуудалд ямар бодлогын шинэчлэл барьж байна?
-Нийгмийн даатгалын сан тодорхой хэмжээгээр багасаж байгаа. Үүнд “Чиний өргөн барьсан тэтгэврийг 5 жилийн дунджаар тогтоож буй хууль нөлөөлж байна” гэж ярьцгаадаг. Энэ бол буруу. Яагаад гэвэл тэр хүмүүс шударгаар төлсөн шимтгэлээ чанартайгаар эргүүлж авах ёстой.
Өнөөдрийн төр засаг ханшийг нь унагасаар байгаад хамгийн ханшгүй мөнгийг нь өгч байна шүү дээ. Тиймээс мөнгөний ханшийг унагахгүй тогтвортой байлгах ёстой. Тиймээс би Ардын намынханд “Та нар хулгайгаа больчих. Өнгөрсөн хугацаанд та нар 100 их наядын хулгай хийгээд, бүгдийг нь гудсан доороо аваачиж хийсэн учраас эдийн засаг чинь тэлэхгүй байгаа юм аа” гэж хэлдэг.
С.Эрдэнэ муу нэртэй ч гэсэн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг дандаа банканд байршуулж арвижуулдаг байсан. Гэтэл 2016 оноос хойш аймхай Ардын намынхан чинь Төрийн сандаа байршуулаад ерөөсөө арвижуулаагүй. Жилд 40-50 тэрбумаар арвижих боломжтой.
-Өмнө нь малчдын НДШ-ийн 50 хувийг төр даах хууль батлагдаад, хэрэгжиж эхэлсэн нь төсөвт дарамт болоод ирж байна. Энэ мэт олон нийтэд таалагдах гэсэн хууль батлуулж, төсөвт дарамт болж байна. Ялангуяа, танай АН-аас либераль бодлого бариад хүмүүс өөрсдөө хөдөлмөр эрхлээд төрийн нүүр царайг харахгүй явах санаачилга боловсруулаад явах ёстой юм биш үү?
-Малчдаа тодорхой хэмжээнд дэмжихгүй бол тэр Байтагийн говьд амьдарч буй хүмүүс чинь бүгдээрээ наашаа хүрээд ирнэ. Тиймээс малчдаа дэмжиж, туурга тусгаар улсынхаа тусгаар тогтнолын асуудлыг ярина. Ийм учраас Засгийн газрын оруулж ирсэн бодлогыг дэмжсэн.
Хоёрдугаарт, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох тал дээр хэлэхэд, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ганц хоёр дэлгүүр л алдаг оног НӨАТ-ын баримт өгч байна. НӨАТ-ын баримт байхгүй бол шивэлт байхгүй. Шивэлт байхгүй болохоор буцаан авалт байхгүй. Улаанбаатарт бид бүгдээрээ баримт авч, сугалаанд оролцдог. Тэгэхээр амьдралаа мэддэг хүмүүс шал өөр хууль өргөн барьдаг юм аа гэдгийг л хэлье.
Харин хөрөнгө хурааж авахын эсрэг байгаа. Дэлхийн улс орнууд хүний хөрөнгийг хурааж авснаараа авлигаас ангид болсон зүйл байхгүй. ОУВС, Дэлхийн банк гээд том том банкууд чинь манай гаргаж буй экспортын хэмжээг бүгдийг нь мэдэж байгаа. Буцаад орж буй мөнгө нь хаана яаж орж байгааг ч тооцоолж байдаг. Орж буй мөнгөнөөс гадна үлдэж байгаа нь их байна. Энэ нь хулгай, луйврын аргаар олж авсан гэдгийг тооцож дүгнэлт хийж байгаа шүү дээ.
-Хууль бус хөрөнгө хураах хуулийг ДЭМЖИХГҮЙ-
-Хөрөнгө хураах хуулийг та дэмжихгүй гэдгээ хэллээ. Ийм УИХ, ЗГ хоёрыг хагаралдуулсан хуулийн үндсэн ойлголтоос зөрсөн, ардчилсан улсад байхгүй зүйл яваад байх нь хэр зөв юм бэ. Энэ хуулийг дэмжээгүй нь бүгд авлигач болох нь?
-Одоо ер нь өргөн барьж буй хууль дээр хэтэрхий пропаганда явуулдаг, үүгээрээ аль хэдийнэ хүмүүсийг яллачихаад ороод ирдэг болж байгаа. Баялгийн сангийн гэх нэртэй стратегийн бүх ордуудыг хурааж авна гэдэг хууль аль хэдийнэ батлагдаад ороод ирсэн. Одоо стратегийн ордуудтай айсан нөхөд чинь бүгдээрээ Ардын намд санхүүжилт өгч байгаа. Тэгэхээр хөрөнгө хураах хууль дээр манай гишүүд санал өгч дэмжих байх. Гэхдээ хуулийнхан нэг л өдөр тэр хүн дээр “Чиний мөнгө чинь яах вэ, нуусан хөрөнгө чинь энэ байна” гээд яваад очно шүү дээ.
Би бол яах вэ, надад тийм их хөрөнгө байх биш.
-Аравдугаар сараас хойш төсөв ярьсаар байгаад л дууслаа. Ер нь ямархуу төсөв орж ирээд, юу болоод дуусчхав. Та юу гэж дүгнэж байна?
-Төсвийн нэг сайн тал нь жалганы хөрөнгө оруулалт тавиагүй. 30 гаруй том дэд төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө тавигдсан нь сайн. Муу нь гэвэл, Засгийн газар алтан цээжтэй, мөнгөн бөгстэй биш. Төсвийн тухай хуулиар хамгийн доод талын зардал орлогыг нэмэхгүйгээр УИХ шийдэх зүйлтэй оруулж ирдэг. Өмнөх жилүүдэд яадаг байсан бэ гэхээр тодорхой дүнгүүд тавиад, тэндээсээ сайд нарын хэрэггүй зардлаас хасаж, хөрөнгө оруулалт болгож тавьдаг байсан. Энэ жил ч ингэж оруулж ирсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүт шинэ гишүүдэд сайд нар нь нөлөөлөөд төсвийг тэр чигээр нь оруулчихдаг. Сүүлд зарим сайд нарыг сонсоход “Одоо яана аа, замбараагүй төсвийг зарцуулбал би шоронд орохоор болчихоод байна” гэдэг зүйл яригдсан.
Нуулгүй ярья. Гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орон нутагтаа тавиулах асуудал орж ирснийг шууд явуулчихаар сайд нар чинь хэцүү байдалд орж байхгүй юу даа. Тэгэнгүүт олон жил төсөв баталж байсан Г.Занданшатар дарга Ерөнхийлөгчийн Тамгын газарт сууж байна шүү дээ. Энэ зардлууд нь илүү байна гээд буцаахад үг дуугүй хүлээгээд авчхаж байгаа юм. Тэгээд 2.4 их наядын төсвийг хассан. Энэ нь угаасаа хасах ёстой гэж оруулж ирсэн төсөв. Хасуулах гэж орж ирсэн төсвийг нь хасаагүйгээс л асуудал үүссэн.
-УИХ өөрсдийнхөө баталсан төсөв дээр нь Ерөнхийлөгч хориг тавихад “Ерөнхийлөгчдөө баярлалаа” гээд алга ташиж хүлээж аваад, өөрсдөө хүнд байдалд орсон. Улмаар он гартал төсвөө баталж амжихгүй нөхцөлд хүрсэн. Яагаад УИХ хоригийг хүлээж авав?
-Тодорхой дэгийн зохицуулалт хийгээд хоригийг хүлээж авсан. Засгийн газар өөрсдөө хасуулах гээд оруулж ирсэн төсвийг нь хасаагүй учраас алга ташиж хүлээж авч байгаа юм. Тэгээд төсөв дахиад орж ирэхдээ ямар нэг нэмэлтгүй байсан.
УИХ-ын залуу гишүүд, нийгмийн шаардлагын үндсэнд алдагдалгүй төсөв баталлаа. Алдагдалгүй төсөв баталсан нь Монголын түүхэнд анх удаа. Тийм учраас цаашид жишиг болж явна.
-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах процесс дээр улс төр байсан уу?
-Өөрөөр хэлбэл УИХ-аас сайд нарын багц дээр тавьсан үр ашиггүй зардлууд хасагдах байсныг даваад явчихсан учраас л хориг тавьсан гэж бодож байна. Би улс төрийг нь сайн мэдэхгүй.
-Олон жил гацсан ураны төсөл хөдөллөө. Оюутолгойн алдааг ураны төсөл дээр залруулж, сайжруулсан гэрээний нөхцлийг УИХ тогтоолоороо баталж чадсан уу?
-Яагаад би Ажлын хэсгийг нь ахалсан бэ гэдгээ ярья. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын 2023 оны арваннэгдүгээр сард хийсэн уулзалтаар энэ төслийг явуулъя гэх улс төрийн шийдвэр гарсан. Үүний дагуу тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Ажлын хэсгийг нь ахалж байсан. Дээрээс нь Ерөнхий сайд 14 мега төслийнхөө нэгээр зарлаж явуулахаар улс төрийн шийдвэр гаргасан байдаг.
Өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд, энэ батлагдсан санхүүгийн моделийг амжилтад хүргэсэн хүн чинь одоогийн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар. Тэр ажлын хэсгийг нь ахалж байсан. Ураны төслийг хуучин хуулиар явуулъя гэхээр бид баларна. 34 хувиар явуулъя гэхээр зардлаа нэмээд, ашгаа хэзээ авах нь тодорхойгүй байсан. Тиймээс газрын баялаг ард түмний мэдэлд очно гэдэг заалтын дагуу би Ажлын хэсгийг ахалсан.
Энэ хүрээнд цөмийн энергийн хуулийг батлуулсан. Энэ хуулиараа хувьцаан АМНАТ, тусгай АМНАТ, өсөн нэмэгдэх АМНАТ, давуу эрхийн хувьцааны асуудлыг шийдүүлсэн. Мөн тогтоолын дагуу хувьцаагаа шар нунтгаар орлуулах асуудлыг шийдүүлсэн.
Ашигт малтмалын хууль, Баялгийн сангийн тухай хуулиар орж ирж буй баялгийг яаж хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Эдгээр хуулиудыг бий болгохгүй бол 34 хувиар явах юм бол Оюутолгойн араас л орно гэсэн үг.
-Ажлын хэсгийг ахалж байхад дотоод улс төрөөс эсвэл хоёр талаас ямар нэг байдлаар нөлөөлөх гэсэн оролдлого байв уу?
-Хөрөнгө оруулалтын, хувьцаа ашиглалтын, орд ашиглалтын гэсэн гурван гэрээ байсны хувьцаа ашиглалтын гэрээтэй холбоотой асуудлыг л би ахалж ажилласан. Нөлөө байгаагүй гэж үзэж байгаа. Цөмийн энергийн хуулийн хэлэлцэх эсэхийг 97 хувиар дэмжсэн. Ийм өндөр дэмжлэгтэй байхад нөлөөллийн асуудал орж ирээгүй. Би ч тийм зүйл мэдрээгүй. Яагаад гэвэл Ажлын хэсгийг гишүүдтэйгээ ч уулзаад явахад эсрэг байр суурьтай хүн таараагүй. Ц.Даваасүрэн гишүүн ч эсэргүүцээгүй. Гэхдээ тусгай АМНАТ-ыг дөрвөн хувиар нэмэгдүүлэх саналыг оруулж ирсэн.
-Ажлыг хэсгийг ахалснаас улбаалаад 5-10 жилийн дараа Б.Пүрэвдорж, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Ц.Туваан зэрэг хүмүүс дээр С.Баярцогт, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нарынх шиг замнал ирэх вий гэж бодож үзсэн үү?
-Санхүүгийн хөрөнгө оруулалтын гэрээнд би эргэлзэхгүй байгаа. Яагаад гэвэл 51 хувиа давуулна. 50 ам.долларт хүрвэл үйлдвэр зогсчихно. Хэрвээ 80-аас 75 ам.доллар руу унаад эхэлбэл тодорхой төлбөрөөр орлуулж манай 51 хувийг өгөх заалттай. Мөн авлигын тухай нэлээн хэдэн заалтыг оруулж өгсөн. Хэрвээ авлигын асуудал үүсвэл гэрээний нөхцлөөс татгалзах үндэслэл болно гэж заасан байгаа.
Жишээлбэл, “Орано” групп манай нэг албан тушаалтанд авлига өгвөл шууд гэрээнээс татгалзана. Хоёрдугаарт, надад ямар итгэл үнэмшил төрсөн бэ гэхээр би Францад гурван жилийн өмнө очсон. Өөрөөр хэлбэл тэнд шар нунтгийг баяжуулж түлш болгож байдаг. Тэнд хүмүүс ямар ч асуудалгүй амьдарч байсан. Цаашлаад атомын цахилгаан станц дээр нь очсон. Голын эрэг дээр ямар асуудалгүй амьдарцгааж байна.
Мөн Казахстанд очсон. Шар нунтгаа олборлодог. Тэнд нь морь мал хэвийн бэлчээд явж байдаг юм билээ. Тэндэхийн хүмүүсээс нь “Ураны эсрэг тэмцдэг хүмүүстэйгээ яаж тэмцдэг юм бэ” гэхэд “Юу вэ, тийм хүмүүс байдаггүй юм уу” гээд гайхаж байсан. Харин ураны талаар мэдлэг, мэдээлэлгүй хүмүүсийг жилдээ үйлдвэртэй танилцуулж мэдээлэл олгодог гэж байсан.
-Л.Гантөмөр дарга “Хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг шиг л явж байгаа-
-Намтай холбоотой асуулт асууя. УИХ, орон нутгийн сонгуульд танай нам хангалтгүй оролцсон. Намын үйл ажиллагаагаа юу гэж харж байна?
-Манай нам яг нам шиг ажиллаж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл Ардын намтай хэтэрхий их нийлдэг. Тэд нартай янз бүрийн тохироо хийдэг уламжлал байсаар л байна гэж хардаг. Намын тухай хууль 2025 оны 12-р сарын 31-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэр үед намын дотоод дүрэм гээд бүх зүйлийг өөрчлөх ёстой. Мөн намын шинэ удирдлагын асуудал ч яригдана.
Би нэг л зүйлийг хүсэж байгаа. Ардын намтай тохирдоггүй, намынхаа төлөө явдаг хүн л манай намыг удирдаасай гэж хүсэж байна. Л.Гантөмөр дарга бол хамтарсан Засагт ороод, Тэргүүн Шадар сайд болсон учраас “Хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг шиг л явж байгаа. Нам доторх хувь хүнтэй холбоотой зарим томилгоог чадахынхаа хэрээр хийж байгаа.
Харин хамтарсан Засгийг харж байхад, хамаг хүнд хүчрийг манай хэд хийгээд байгаа юм шиг анзаарагддаг. 20 минутын хот л гэнэ. Бүх шүүмжлэлийг нуруундаа аваад манай Р.Эрдэнэбүрэн явж байна. Хот байгуулалт, гэр хороолол, барилгажилтын асуудал дээр Ж.Батсуурь сайд зүтгэж байна. Ц.Туваан сайд уул уурхай, төмөр замтай холбоотой асуудлууд дээр ажиллаж байна. С.Одонтуяа сайд ч гэсэн байгаль орчинтой холбоотой асуудалд зүтгээд явж байна.
Ингээд харахаар хамаг л галтай ажлыг нь манай АН хийж, түүгээрээ бизнес эрхэлж буй хүмүүст Ардчилсан нам арай л өөр юм даа гэх бодлыг төрүүлж чадаж байгаа. Хэдийгээр хүнд нөхцөлд байгаа ч гэсэн улс орныхоо төлөө ажиллаж чаддаг юм байна гэдгийг харуулж чадаж байна.
Ардын нам бол ажил хийдэггүй нам. Ардын намынхан алдаа гарвал Ардчилсан нам руу түлхчихээд ашиг гарвал өөрсдөө хийсэн гэж зарлах гэж байгаа нам.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!