Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Номингэрэл: УИХ-аар хэлэлцэж буй асуудлаас өөр зүйл ярьж “попордог” хүмүүст улс төрийн хариуцлага тооцох ёстой болохоос үг хэлэх эрхийг хязгаарлах ёсгүй

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
17 минут 10 секунд

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж буй билээ. Уг асуудалтай холбогдуулан Судлаач Х.Номингэрэлтэй ярилцлаа.

-Улс төрийн нэг хүчин хэт олонх болсноор парламентын дотоод хяналтын зарчмууд алдагдсан-

-Дээр дурдсанчлан Дэгийн тухай хуулийг өөрчлөх хуулийн төслийг УИХ-ын түвшинд хэлэлцэж байна. УИХ-ын гишүүдээс гадна судлаачийн байр суурийг сонирхохоор таныг урилаа. Уг хуулийн төслийг та хэрхэн харж байна?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор дагаад, УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн шүү дээ. Тэгэхээр үйл ажиллагаанд нөлөө үзүүлэх учраас УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох нь ойлгомжтой байсан л даа. Шинэчилсэн найруулгын түвшинд нэлээн олон асуудлаар гүнзгий өөрчлөлт орох гэж байх шиг байна. Саяхан энэ асуудлаар судлаачид цугларч ярилцсан. Ер нь манай парламентад тулгамдаж буй асуудал нь олонх цөөнхийн тэнцвэрийн асуудал байгаа.

Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр сонгуульд улс төрийн нэг хүчин хэт олонх болсноор парламентад байдаг дотоод хяналтын зарчмууд алдагдаж, түүнийг дагаад УИХ Засгийн газраа хянах чадвар нь алдагдаж байгаа юм. УИХ-ын үндсэн гурван чиг үүрэг байгаа шүү дээ. Аль ч Үндсэн хуульд ардчилал байдаг. Тэр нь өөрийг нь сонгосон хүмүүсийн дуу хоолой, төлөөлөл болох юм. Энэ бол үг хэлэх эрхээр нь илэрхийлэгдэж байгаа зүйл.

Хоёрдугаарт, УИХ-д хууль санаачлах эрх бий. Мөн Засгийн газарт хяналт тавих эрх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, бодит эрх мэдэл буюу мөнгө зарцуулах эрх мэдэл юм. Энэ эрх мэдэл нь Засгийн газарт байдаг учраас УИХ үүнийг хянах ёстой. УИХ хяналт тавихдаа институцаар дамжуулж хянадаг. Цөөнхдөө хяналтын чиг үүргийг илүү бий болгох замаар эсвэл Засгийн газрын бүтцэд хамаардаггүй ХЭҮК, СЕХ болон Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо гэх мэт бүтэц нь сүүлийн найман жилд бидний хүсэж буй парламентын олон ургалж загварыг хүссэн мөртлөө сонгууль нь үүнд нийцэхгүйгээс болж, төлөөлөх чадвар нь алдагдаж, хэт олонхын парламенттай найман жил болчихлоо шүү дээ.

Үүнээс гадна шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд засах нэг асуудал бол УИХ-ын даргын асуудал. Одоо байгаа хууль тогтоомжийн хүрээнд УИХ-ын дарга нь нэг гишүүн биш гадна талд нь буюу дээр нь гарчхаад байна.

Тухайлбал, УИХ-аас томилдог албан тушаалын зургаадугаарт өөрөө бие дааж саналаа оруулж буй юм. ҮХЦ-д УИХ-аас томилдог гурван гишүүнийг “Байнгын хорооны санал дүгнэлтэд үндэслэн...” гээд өөрөө оруулах гэх мэт.

Түүнчлэн ҮАБЗ-д УИХ-ыг төлөөлж ордог нэг албан тушаалтан мөн. Гэхдээ УИХ-ыг төлөөлөхдөө хувь хүний байр суурийг илэрхийлээд байгаа эсэх нь ойлгомжгүй байдаг. Мөн сүүлийн хэдэн жилд бид ҮАБЗ гээд үндсэн эрх мэдлээсээ гадна бүгдийнх нь дээр байдаг институцтай болчихоод байгаа. Тус зөвлөлийн гишүүд буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг төрийн өндөрлөгүүд гээд үнэмшээд байдаг. Гэтэл Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт нь өөр байхгүй юу.

Яг үнэндээ, УИХ, Засгийн газар, шүүх гурав шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт, УИХ-ын дарга нь томилгоон дээр илүү их эрх мэдэлтэй байна. Үүнийг засах шаардлагатай. Тэгж байж бид бодитоор парламентын ардчиллаа хамгаална. Хоёрдугаарт, дарга дээр төвлөрч буй нэг зүйл бол УИХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалтыг хариуцаад байна. Түүний дэргэд Даргын дэргэдэх зөвлөл буюу намын бүлгүүд болон байнгын хороодын дарга нар оролцоод, УИХ-аар хэлэлцэх асуудлуудыг баталдаг. Үүнд зарим цөөнхийн бүлгийн гишүүдээс гаргадаг гомдол юу вэ гэхээр миний өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэхгүйгээр хоёр бүрэн эрх дамжчихлаа гэх мэтээр байдаг.

Тэгвэл энэ тэнцвэрийг хангах зорилгоор олон улсын туршлага ямар байдаг вэ гэхээр их хурлын зохион байгуулалтыг хариуцдаг тусдаа хороо байдаг юм. Энэ нь даргаас хамаарахгүйгээр олонх цөөнхийн төлөөллүүдээс сонгогдож байж, их хурлын үйл ажиллагаагаа зохицуулдаг.

-Дэгийн тухай хуулийн өөрчлөлтөд багтаж буй нэг заалт нь 12-оос багагүй гишүүнтэй нам, эвсэл нь бүлэг байгуулах. Энэ заалт хэр зөв алхам бэ?

-Энэ заалтыг судлаачийн хувьд дэмжихгүй. Одоогийн буюу наймаас дээш гишүүнтэй гэдгээр байх ёстой. Олон улсын туршлагаар ч гэсэн тухайн парламентын хэдэн хувь бэ гээд авч үзэхээр, найм байхад Монгол Улс дундаж нь хэвээрээ л байна. Гишүүдийн тоог нэмж, 126 болгосон ч найм байхад олон улсын дундажтайгаа ойрхон гэсэн үг.

Харин 12 болговол дунджаасаа даваад, илүү өндөр шалгуур руу орох гээд байгаа юм. Тиймээс бүлэг байгуулах гишүүдийн доод хязгаарыг нэмэх хэрэггүй. Мөн хяналтын сонсгол зохион байгуулах түр хорооны гишүүдийн тоог ч хэвээр нь үлдээвэл парламентын гишүүдийн дуу хоолойг хязгаарлахгүй байх боломжийг нээнэ гэсэн үг.

-Хувь гишүүнээр ажиллах, бүлэг болж ажиллах нь маш их ялгаатай-

-Хэрвээ өнгөрсөн найман жилийн түүх давтагдаад, дахиад сөрөг хүчин АН бага суудал авбал бүлэггүй болох ч эрсдэл үүсэхээр харагдаж байна. Сөрөг хүчний гишүүд 126-аас ч олон гишүүнтэй ХБНГУ-ын хуулийг батлах гээд байна гэх байр суурийг илэрхийлж байсан?

-Одоогийн сонгуулийн тухай хуулиар 48 суудлыг намын жагсаалтаар авна. Энэ үүднээс АН-ын авах суудал одоогийнхоос буурахгүй байх л даа. Мөн нөгөө талаараа өөр олон улс төрийн хүчин орж ирнэ. Тэдгээрийн хувьд нэлээн эмзэг асуудал юм шиг харагдсан.

Хүн ам ихтэй улсуудад парламент нь манайхаас том буюу 500-600 гаруй гишүүний тоо яригдаж байна. Манай улсын хувьд нэлээн “давжаа” байсныг нь харин ч бага зэрэг томруулж буй нь энэ шүү дээ. Сонгуулийн тогтолцооны хувьд таны өгсөн санал суудал хуваарилахдаа системээр дамждаг. Жишээлбэл, 2020 оны сонгуулийн тухайд хүнд өгсөн саналыг намд өгсөн санал гэж үзвэл одоогийн АН-ын суудлын тоо хэт цөөхөн байхгүй юу. Сонгогчдын 35 хувийн саналыг авсан хэрнээ 62, 11 гэсэн харьцаатай. Тэгэхээр энэ сонгуулийн тогтолцоо нь төлөөлөх чадварыг хадгалж чадахгүй нь тодорхой болсон учраас намын жагсаалтыг оруулж ирсэн.

Намын жагсаалт орж ирэхээр сөрөг хүчний дуу хоолой нэмэгдэх нь тодорхой болж байна шүү дээ. Ялангуяа, гуравдагч намууд ч төлөөлөлтэй болох боломж бүрдэж байна. Гэсэн хэдий ч хувь гишүүнээр ажиллах, бүлэг болж ажиллах нь маш их ялгаатай. Тухайлбал,

Бүлэгт төсөв хуваарилж, Ажлын албатай байх боломжтой. Үүгээр дамжуулж тухайн бүлэг завсарлага авах ч гэдэг юм уу хувь гишүүнд байдаггүй эрх мэдэл бүлэгт байдаг учраас бүлэгтэй байх нь маш чухал асуудал. Тийм учраас бүлэг байгуулах эрхийг хязгаарлавал буцаад ард иргэдийн төлөөллийн дуу хоолой болж буй цөөнхийн гишүүд үр дүнтэй ажиллах боломжоор хангахгүй болно гэсэн үг юм.

-Сөрөг үр дагавартай гэсэн үг байх нь ээ?

-Тийм. Хэдийгээр гишүүд цөөхүүлээ байсан ч гэсэн өөрсдийн идэвх санаачлагаар дамжуулаад, чуулган болон байнгын хорооны хуралдаанд оролцож эсвэл сонсгол, хяналтын ажлуудад өөрийн санаачлагаар ажиллах ёстой болохоос үүнийг хуулиар хязгаарлах хэрэггүй. Тэгэхээр заавал хязгаарлалт тогтоохгүйгээр харин ч чөлөөтэй байгаа боломж дотроо сайн ажиллаж буйгаа харуулах боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой байгаа юм аа.

-Парламентын цөөнх, хэвлэл мэдээлэл, иргэд нийлж байж эрх баригчдыг хянадаг-

-Дараагийн асуудал бол гишүүдийн үг хэлж, асуулт асуух хугацааг багасгах буюу юу дуртайгаа ярих боломжийг багасгах явдал. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Зарим гишүүд байнгын хорооны хуралдаа оролцохгүй явж байснаа УИХ-ын чуулганд камер харангуутаа янз бүрийн зүйл ярьдаг. Гэсэн ч бид нэгэнт сонгосон гишүүнийг “Дөрвөн жил миний дуу хоолой болоорой” гээд явуулсан шүү дээ. Тийм учраас тухайн мандатыг зөрчиж болохгүй. Хэлэлцэж буй сэдэвтэй хамаагүй асуудал ярьж “попроод” байгаа бол улс төрийн хариуцлага тооцох ёстой болохоос үг хэлэх эрхийг хязгаарлах ёсгүй. Өөрөөр хэлбэл, улс төрийн соёлоор шийдвэрлэх асуудал. Нөгөө талаараа, үүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ил тод мэдээлж, сонгогчид нь хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Ялангуяа, Монголын ардчилалд тулгамдаж буй асуудал нь хяналт тэмцэл юм.

Парламентын цөөнх, хэвлэл мэдээлэл, иргэд нийлж байж эрх баригчдыг хянадаг. Гэтэл төрийн ихэнх мэдээлэл нууц болсон. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тавьчихсан. Худал мэдээлэл, зөрчлийн хууль гээд бид бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ.

Фэйсбүүкт пост бичхэд л цагдаа “Наадхаа ав” гээд л ярьдаг болсон. Энэ бол маш аюултай шинэ үзэгдэл. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд болж буй үйл явцуудыг ч харахад, нэг мэдээг зэрэг үзүүлэх хүсэлтэй төр байна гэдэг нь аюултай байгаа юм. Тийм учраас аль болох цөөнхийн эрх мэдлийг нэмэх ёстой гэж үзэж байна.

-Монгол Улсад мэтгэлцээний парламент хэр зохимжтой вэ. Дэгийн тухай хуулийн өөрчлөлтөөр дээрх асуудал хөндөгдөж байна л даа?

-Жишээлбэл, Английн парламент хоёр талаас буюу өөд өөдөөсөө харж байгаад, нэг талаас Ерөнхий сайд нөгөө талаас сөрөг хүчний төлөөлөл босож байр сууриа илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, шоу шинжтэй парламент. Манайх тийм болгоно гэж ярьж байгаа боловч зарчмын хувьд хангалтгүй харагдаад байгаа. Хэрвээ хангалттай гэж үзвэл Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаанд сууж, гишүүн тус бүрийн асуултад хариулах ёстой. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад, Ерөнхий сайд үг хэлчихээд л гараад явчихдаг.

-Гишүүний халдашгүй байдлаар дамжуулж, өөрийгөө хамгаалдаг үзэгдэл дэлхий даяар үүссэн-

-Хуулийн өөрчлөлтөд тусгасан анхаарал татаж буй заалтуудын нэг бол гишүүдийн халдашгүй байдал, бүрэн эрх хоёрыг тусад нь байлгах асуудал. Хэн нэгэн гишүүн нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон тохиолдолд дээрх хоёр хүчин зүйлээс болж, хуулийн байгууллага шалгахад хүндрэл учирдаг шүү дээ?

-Гишүүдийн бүрэн эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг. ҮХНӨ нь 2010 оноос хойш яригдаж, дөрвөн парламент дамжиж Ажлын хэсэг байгуулсан сэдэв шүү дээ. 2015, 2016 оны тухайд гадаадын болон Монголын судлаач нар хамтарч судалгаа хийж байхад, халдашгүй байдлын асуудал хөндөгдөж байсан юм. Ер нь гишүүний халдашгүй байдлаар дамжуулж, өөрийгөө хамгаалдаг үзэгдэл дэлхий даяар үүсээд буй юм. Тэгэхээр энэ асуудлыг заавал хэлэлцэж, хууль хүчний байгууллагад саад болохгүй байх асуудлаар зөвлөмж гарч байсан юм. Тэр ч утгаараа энэ зүг рүү явж болно.

Нөгөөтэйгүүр, хэрвээ цөөнх чадваргүй, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын эрхийг хязгаарласан тохиолдолд цөөнхийн гишүүдээ эрсдэлд оруулах байдалд оруулах боломж байгаа юм. Тэр талаас нь ихэвчлэн цөөнхийн талын байр сууринаас болгоомжтой хандахыг хүсдэг. Яагаад гэвэл таалагдахгүй байгаа гишүүнээ намнах хэрэгсэл болгоод ашиглах вий гэх мэт олон талаас нь бодох асуудал байна. Тиймээс нэлээн нарийн зохицуулалт оруулж өгөх шаардлагатай байгаа юм.

Саяхан сонирхолтой жишээ гарлаа шүү дээ. Хууль зүйн сайд шүүхэд дуудагдсан. Уг нь иргэний маргаан буюу очоод тайлбар өгөх асуудал байлаа. Энэ зэргийн асуудлыг заавал хуулиар зохицуулахгүйгээр гишүүд өөрсдөө зохицуулах улс төрийн соёл юм.

Гэвч нөгөө талаасаа халдашгүй байдлынхаа ард нуугдаад буй тохиолдолд заавал хуулиар зохицуулах шаардлага ч үүсэж байх талтай.

-Дэгийн тухай хуулийн өөрчлөлтийг ҮХНӨ хэрэгжиж эхэлсний дараагаар л хэлэлцэх ёстой байсан-

-Уг нь энэхүү Дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч гишүүд томсгосон тойргоор явж, хуралдааны ирц хүрэхгүйн улмаас хэлэлцэх асуудал хойшилсоор байна. Нэг ёсондоо энэ мэтээр төрийн ажил гацчихаад байна шүү дээ?

-Харин тийм ээ, яг үнэн. Гишүүдийн уулзах хүмүүсийн тоо ихсэж, тойрог томссон учраас үндсэн үүрэг буюу хууль батлалцах ажил нь хоёр дахь асуудал болчихоод байна. Ер нь ҮХНӨ ороод багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл сонгууль ойртсон энэ үед Дэгийн тухай хуулийн асуудлыг оруулж ирж буй нь УИХ-ын үйл ажиллагаа нэлээн алдаатай явж буй нь харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Дэгийн тухай хуулийн өөрчлөлтийг ҮХНӨ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсний дараагаар л хэлэлцэх ёстой байсан гэж харж байна. Хэрвээ одоо өөрчлөлт оруулж амжихгүй байсан ч шинэ парламент үүнийг батлахад болохгүй зүйл алга.

Тойрог томссоны тухайд, хэтэрхий том тойрогтой болсон нь сонгууль амаргүй гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, гишүүд сонгогдсон тойргоосоо гадна шинэ тойргуудаар тайлангаа танилцуулж буй. Сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлээгүй байхад тайлан тавьж буй нэрээр сурталчилгаа хийж байна уу, үгүй юу гэх мэт олон асуудал үүсэж байна. Магадгүй томсгосон тойрог нь гишүүдийг энэ жилжингээ ажил хийлгээгүй байж болох юм. Дөрвөн жил ажиллах ёстой хүмүүсийн зургаан сарыг сонгуульд чиглэсэн үйл ажиллагаа болгочихлоо гэж дүгнэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Н.Энхболд: МҮОНРТ-ийн удирдлага санхүүжилтээсээ давсан зарлага гаргаж хууль зөрчиж болохгүй
Н.Энхболд: МҮОНРТ-ийн удирдлага санхүүжилтээсээ давсан зарлага гаргаж хууль зөрчиж болохгүй
 
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг ДЭМЖЛЭЭ
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.