Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа 2024 оны УИХ-ын сонгууль болох гэж байна. Үүнийг угтан өнгөрсөн дөрвөн жилд ард түмний төлөөлөл болж, УИХ-д суусан эрхмүүд тойргуудаараа явж сонгогчдодоо хийсэн ажлаа тайлагнаад тун завгүй давхиж байгаа сурагтай. Арга ч үгүй юм. Энэ дөрвөн жилд тэдний хэн нь юу хийсэн бэ гэдэгт ард түмэн үнэлгээ тавих үе. Тэгвэл УИХ-ын гишүүд өөрийн хүлээсэн үүрэгт хэр үнэнч хандав гэдэгт хариулт эрье.
Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням хууль санаачлах үндсэн үүрэгтээ хэр хандсан бэ
2020 оны сонгуулийн үр дүнгээр УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойргоос сонгогдсон гурван төлөөллийн нэг бол УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням. УИХ-д анх удаа сонгогдон сууж буй түүний хувьд залуу гишүүдийн эгнээнд багтана. Тэрбээр тойргийнхоо 22 мянга 347 иргэний саналыг авч, хоёрдугаарт эрэмбэлэгдэн гарч ирж байв.
-Байнгын хороод дахь ОРОЛЦОО-
Өргөн барьсан хуулийн төслийн алдаа, оноо боловсруулалт тал дээр нарийвчлан ажиллаж УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болгодог гэдгээрээ УИХ-ын Байнгын хороод чухал бүтэц. Анх удаа УИХ-д сонгогдон ажиллаж буй хэдий ч 2021-2022 онд Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажилласан байдаг. Дараагаар нь Үйлдвэржилтийн бодлого, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн зэрэг байнгын хороодод гишүүнээр ажиллаж байна.
-Хууль санаачлах үүргээ хэр биелүүлэв-
УИХ-ын гишүүд ард иргэдийнхээ нийтлэг эрх ашиг, шударга ёсны зарчмыг төлөөх дуу хоолой болох учиртай. Түүнээс гадна хууль санаачлах, батлуулах, хэрэгжилтийг хангуулах үндсэн үүргийг хүлээнэ. Тэгвэл эл үүргийнхээ хүрээнд тэрбээр нийт 18 хууль боловсруулж, батлуулсанаас гадна боловсрол, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын нэн чухал 27 хуулийн төслийн Ажлын хэсэгт орж ажиллажээ.
Тэгвэл түүний боловсруулж өргөн мэдүүлсэн ХУУЛИЙН ТӨСЛҮҮДЭЭС сонирхъё
-Гааль, НӨАТ, ШҮҮХ, УИХ-ын хяналт шалгалт...-
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын боловсруулж өргөн мэдүүлсэн ТОГТООЛЫН ТӨСЛИЙН мэдээллээс дурдвал:
УИХ-ын босго давдаггүй, байнгын хороод дээр гацаж ирсэн хуулийн төслийн ажлуудыг урагшлуулахад УИХ-ын гишүүдийн оролцоо их. Ач холбогдлын хувьд ч чухал хэдий ч томоохон хуулиуд дунд гээгдэж орхидог гэх асуудалд салбарынхан нь болоод сайд дарга нар нь шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс гишүүдийн хувьд хуулийн төслүүдийн агуулга, зангилаанд анхаарлаа хандуулж байх нь чухал. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 12 хуулийн төслүүдийг БСШУС-ын Байнгын хорооны даргын хувиар дэмжин батлуулж байв. Ингэснээр 25 жил хүлээгдэж байсан Соёлын салбарын эрх зүйн орчны шинэчлэл хийгдсэн.
-УИХ-аар батлуулсан онцлох ХУУЛИЙН ТӨСЛҮҮД-
УИХ-аар батлуулсан онцлох хуулийн төслүүд гэдэгт хэд хэдэн хуулийг нэрлэж болно. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн баталсан. Уг хууль нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг тогтоож өгсөн. Уг хуулийн үзэл баримтлал нь одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх замаар тэгш, шударга хүртээхэд чиглэсэн.
Түүнчлэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 5 хуулийн төслүүдийг батлуулжээ. Эл хууль батлагдсанаар Монголчууд дэлхийн хэмжээний киног эх орондоо бүтээх, хөрөнгө оруулалт татах, кино үйлдвэрлэлийн бизнес эрхлэх эрхзүйн орчин, нөхцөл боломж бүрдсэн.
-Ардын хүүхдүүд англи хэл сурч болохгүй юм уу...-
"Ардын хүүхдүүд англи хэл сурч болохгүй юм уу" хэмээн УИХ-ын чуулганы индэр дээрээс хатуу байр сууриа илэрхийлсээр, Боловсролын багц хуулийн төслөө батлуулсаныг олон нийт мэдэх байх. Тодруулбал, үндсэн гадаад хэлийг англи хэл болгохоор Боловсролын хуульд тусгасан явдал олон нийтийн дунд ихээхэн хэлэлцүүлэг өрнүүлж, УИХ-ын гишүүдийг талцуулах шахуу үйл явцыг өрнүүлэн байж батлагдсан. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон Техникийн боловсролын тухай хуулиудыг ахлан батлуулснаар Монголын орчин цагийн боловсролын тогтолцоонд Англи хэлийг бүх нийтээр албан ёсоор үзэх, цахим боловсролыг хуульчлан зохицуулах, багшлах боловсон хүчний нийгмийн баталгааг эрс сайжруулах зэрэг олон чухал зохицуулалт орсон. Ингэснээр боловсролын системийг бүхлээр нь уялдуулан зохицуулах шинэчлэлийн эрх зүйн цогц орчин бүрдсэн талаар судлаачид хэлж буй.
-Малчдын үүрэг, хариуцлагыг ХУУЛЬ болгов-
Хамгийн сүүлд УИХ-аар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг баталсан. Малчид хоорондоо хоршиж ажиллаж нөхцлийг бүрдүүлж өгсөн хэмээн онцолж буй эл хуулийн хүрээнд малчид хөдөлмөрөөрөө нэгдэн дундын хоршоо байгуулснаар зээлийн батлан даалтын сангаар дамжуулан 36 сарын хугацаатай 50 хүртэлх сая төгрөгийн зээл авч, нэмүү өртөг шингэсэн, ангилан боловсруулсан бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх эрхзүйн таатай орчин бүрдсэн. Мөн уг хуулиар малчдын сүргийн бүтцээ зөв зохион байгуулдаг, малынхаа сэг зэмийг устгадаг, бэлчээрээ хамгаалдаг байх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үүнтэй уялдсан хөнгөлөлттэй зээл, тусламжид хамруулж, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр малчдыг хариуцлагажуулах зохицуулалтуудыг тусгажээ.