Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн стандартын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Стандартын шаардлага хангахгүй засвар хийх шаардлагатай тоглоомын талбайд аль болох шаардлага тавьж ажиллана” гэж онцлохдоо иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриаллаа.
Мөн эцэг эхчүүд тухайн тоглоомын талбайн эзэмшигч нарт шаардлага тавьж хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарах ёстой гэдгийг энэ үеэр дурдлаа.
Энэ тухай хэлсэн үгэндээ "Хүүхдийн тоглоомын талбай хүүхдүүдэд хамгийн ойр хөгжиж тоглох газар байдаг. Гэтэл хүүхдийн тоглоомын талбай улаанбаатар хотын хэмжээнд эзэнгүйдсэн дүр зурагтай харагдаж байна. Иймээс бид хотоо эзэнтэй, хариуцах хүнтэй болгосон цагт үр хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангуулж чадна. Хүүхдийн тоглоомын арчлалт аюулгүй байдлыг тухайн газрын эзэмшигч хариуцна" гэлээ.
Түүний мэдээлснээр хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцах аж. Энэ тухай 2019 онд батлагдсан Монгол Улсын Үндэсний стандартад тодорхой тусгасан ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэрэгждэггүй байна.
Судалгаагаар, Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдаг. Үүний дийлэнх нь буюу 840 нь СӨХ хариуцдаг аж. Гэвч эдгээр тоглоомын талбайгаас 465 нь стандартын шаардлага хангахгүй засвар хийх шаардлагатай гэх дүгнэлт гарчээ.
Дүүргээр нь авч үзвэл, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатарт бүртгэлтэй тоглоомын талбайнуудын мөн дийлэнх нь засвар хийх шаардлагатай болжээ.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн хэмжээнд 145 тоглоомын талбай хангалттай буюу аюулгүй орчинг бүрдүүлсэн бол 315 нь хангалтгүй. Тэр дундаа гэр хороолол, Яармаг орчимд тоглоомын талбай байхгүй.
Тэгвэл төвийн бүс Сүхбаатар дүүрэгт 183 тоглоомын талбай бүртгэлтэй. Үүний дийлэнх нь буюу 134 нь засварлах шаардлагатай бол 49 нь л шаардлага хангажээ. Гэтэл дээр дурдсанчлан гэр хороололд тоглоомын талбай байхгүй болохыг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг яриандаа дурдсан юм. Тэрбээр “Хүүхдийн тоглоомын талбай гэр хороололд байхгүй. Хэрэв байгаа тохиолдолд хангалтгүй байна” гэсэн юм.