Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Долгион: “Зөгийн үүр-1” хөтөлбөрөөр гадаадад төгссөн залуучууд эх орондоо ирсэн ч төрдөө молигдуулчихлаа гээд эргэж ирэхээргүй явсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
16 минут 1 секунд

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын /НҮТББ/ Дэд тэргүүн А.Долгионтой ярилцлаа.

----------------------------

-"Зөгийн үүр" хөтөлбөр 2012 онд анх хэрэгжсэн. Ингэхдээ тухайн үеийн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Ирцгээ та нар минь, улс бодлогоор дэмжинэ шүү. Эх орондоо хийж бүтээ. Бид хөгжиж байна" хэмээн уриалж байв. Уг хөтөлбөрийн үр дүн, хэрэгжилтээс ярилцлагаа эхэлье.

-Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл НҮТББ нь 2014 онд байгуулагдсан учраас "Зөгийн үүр-1" хөтөлбөрт оролцож чадаагүй. Ямартай ч 2012 онд Засгийн газраас санаачлаад "Зөгийн үүр-1" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Зөгий балаа цуглуулаад үүрэндээ заавал буцаж ирдэгтэй адилтган хөтөлбөрт уг нэрийг өгсөн гэдэг. Тухайн үед гадагшаа явсан зөгийнүүдээ буцаад эх оронд нь балтай нь хамт авчрах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг хүн бүр ярьж байлаа. Зөгийн үүр-1" хөтөлбөрийн хүрээнд нарийн мэргэжил эзэмшсэн инженер залуучууд эх орондоо амьдрахаар ирсэн үү гэвэл ирсэн. Эх орондоо ирэх залуусын давлагаа өндөр байсан. Гэхдээ бодит үр дүн нь хөрсөн дээрээ буугаагүй.

-Яагаад. Тухайн үеийн эрх баригчид “Өндөр боловсролтой нэг хүн 10-30 дахин үржих тэр бодлогын эхлэл нь “Зөгийн үүр” хөтөлбөр байх ёстой гэж үзэж "томорч" байсан даа?

-Засгийн газар хөрсийг нь бэлдэж чадаагүй байхад залуучууд чемоданаа бариад эх орондоо хүрээд ирсэн. Тэд Засгийн газраас ямар нэгэн чиглэл өгөх болов уу гээд хүлээсэн. Гэтэл тэгээгүй. Ажилд зуучлаагүй хаячихсан. Бүх зүйл тодорхойгүй байсан. Эх орондоо ирчихсэн, одоо яах вэ гэдэг эргэлзээ дунд байсаар гадагшаа буцсан хүмүүсийн жишээ миний эргэн тойронд олон бий. Тэд төрдөө молигдуулчихлаа гээд хэзээ ч эргэж ирэхээргүй явсан. Гадаадад олон жил амьдарсан залуусын хувьд эх орондоо амьдрахаар ирнэ гэдэг маш том шийдвэр шүү дээ. Сонгуулийн дараа эрх баригч нам өөрчлөгдөж уг хөтөлбөр зогссон. Товчхондоо “Зөгийн үүр-1" хөтөлбөр бүтэлгүйтсэн.

-Ингэхэд танай байгууллага холбогдох газруудаас “Зөгийн үүр” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг лавлаж асууж үзэв үү?

-Мэдээж асуусан. Гэтэл мэдэх байгууллага байдаггүй. Үүнээс харахад манай төрийн бодлогын залгамж чанар гэх зүйл алга. Эрх баригчид солигдохоороо нөгөө намынхаа хийж хэрэгжүүлсэн ажлын голыг нь тасалчихдаг. Сөрөг хүчин байтугай нам дотор албан тушаалтан солигдоход л будилаан үүсдэг талтай. Тухайн үед сэтгэл хөдлөлөөрөө асуудалд хандаад дараа нь ярьсан юмаа тэмдэглэж баталгаажуулж чаддаггүй.

Яамд хоорондын уялдаа холбоо маш муу. Үүнээс болж “Зөгийн үүр-1" хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, дүгнэлттэй танилцаж чадахгүй байна.

Тэрний үед хийсэн юм байна лээ, би мэдэхгүй, энэ асуудлыг дахиж ярилцана л гэдэг. Бүхэл бүтэн Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөр байтал хэрэгжилт, үр дүн нь алга. Уг нь холбогдох байгууллагуудад “Үр дүнгээ тодорхойлж байж дараагийн түвшинд ажилламаар байна” гэдгээ илэрхийлсэн.

-Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгсний дагуу Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг сайдаар ахлуулсан "Зөгийн үүр-2” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэх үндэсний хороо өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд байгуулагдсан. Уг үндэсний хороонд танай байгууллага байгаа юу ?

-Байгаа. Үндэсний хороо нь хилийн чанадаас эх орондоо эргэн суурьших иргэдэд чиглэсэн Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээний бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудлаар санал гаргах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэгтэй. Үндэсний хороонд 15 холбогдох яамд тамгын газруудын төлөөлөл бий.

-Өмнөх хөтөлбөрөөр уул уурхайн инженер, геологич инженер, химич инженер, геофизикч, геохимич, металлургийн инженер зэрэг нарийн мэргэжлийн хүмүүсийг эх орондоо дуудсан. Тэгвэл “Зөгийн үүр-2" хөтөлбөрийн хүрээнд хэчнээн залуусыг эх орондоо авчрах, уг хөтөлбөрт хэдэн төгрөг зарцуулах вэ ?

-"Зөгийн үүр-1" хөтөлбөрт нарийн мэргэжлийн хүмүүсийг илүүтэй анхаарч байсан бол энэ удаагийн хөтөлбөр нарийн мэргэжил дээр нэмэх нь ерөнхий мэргэжлүүд буюу бизнес, үйлчилгээний салбарууд орж байгаа. “Зөгийн үүр-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэгтэй Үндэсний хороо хуралдаж амжаагүй байна. Тиймээс танд тоон мэдээлэл өгч чадахгүй нь. Уг нь Үндэсний хороо энэ долоо хоногт хуралдана гэж дуулдсан. Одоогоор таг чиг л байна. Хуралдаанаар асуудлууд илүү нарийн яригдах байх. Ямартай ч өмнөх алдаагаа давтахгүй гэдэгт бүгд санал нэгдсэн.

-Гэхдээ “Зөгийн үүр-2" хөтөлбөр хэрэгжиж амжилгүй замхрах вий гэх болгоомжлол нийгэмд байгаа...

-Уг хөтөлбөр заавал хэрэгжих ёстой. Яагаад хэрэгжих ёстой вэ гэдгийг би хэдэн тоо баримт, судалгаагаар тайлбарлаж өгье.

-За.

-Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр Монгол Улсын 180 гаруй иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна. Үүн дээр визгүй, харласан 40 мянган иргэнийг нэмэхээр нийт 220 мянган иргэн гэсэн үг. БНСУ, АНУ, Япон, Казакстан, Чех, Австрали, ХБНГУ-д монгол иргэд хамгийн ихээр ажиллаж, амьдардаг. Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1865 хүнээс судалгаа авчээ. 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан ажил хийхээр ирцгээсэн бөгөөд 70 гаруй хувь нь диплом, магистр, докторын зэрэгтэй. Ихэнх нь тэндээ хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна.

Хамгийн чухал нь Монгол руу буцах бодолгүй гэсэн иргэдийн 10 хүн тутмын 8 нь 23-50 насны буюу хөдөлмөрийн насныхан, 65 орчим хувь нь дипломын дээд болон түүнээс дээш боловсролтой. Тэд диплом, магистр, докторын зэрэгтэй мөртлөө гадаадад хар ажил хийх, цаашлаад Монголоос татгалзах сонголтыг хийж байна.

Товчхондоо улс төр, эдийн засгийн хямрал удаан үргэлжилсээр байвал хамгийн сор болсон залуус нь ийн гадагш оддог юм байна. Тиймээс гадагш чиглэсэн урсгалыг зогсоохгүй бол Монгол Улс ажиллах хүчний дутагдалд орчихсон. Аль ч салбарт ажиллах хүчин олдохгүй байна. Байгаа нь чанаргүй. Гүйцэтгэл маш муу. Чадварлаг ажиллах хүчин нь гадаадад амьдарч, тэндээ шингэж байна. Дата аналист Роберт Риц Монгол улсад тулгамдаж буй асуудлууд иргэдийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж буйг “Brain Drain Index"-д тулгуурлан тайлбарласан байдаг. Тус индексээр ядуу буурай орны иргэд амьдрахад таатай улс орныг сонгож, цагаачилсан тоо баримтыг хэмждэг.

Тус индекс 2019 онд 3.80 хувьтай байсан бол 2023 онд 4.20 болж нэмэгдсэн байна. 2016 онд 3 хувьтай байсан юм байна лээ.

Залуус Улаанбаатар хотын түгжрэл, утаа, цалин хөлс, хүүхдэд зориулсан орчин муу учраас гадагш цагаачилж байна. Гадаадад шилжих хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр сөрөг үр дагаврууд үүсдэг учраас үндэсний түвшний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Хөгжлийг хөдөлгөх гол хүч нь хүн. Хөгжлийг хэзээ ч мөнгө, технологи шийдэхгүй

-Харин гадагшаа явсан зөгийнүүдээ буцаад эх орондоо балтай нь хамт авчрахын тулд яг юу хийх юм. Залуусыг эх оронд нь татах бодлогын шинэ хувилбар нь юу байх вэ ?

-Ер нь эх орныхоо хөгжил, өрсөлдөх чадварт хэн илүү санаа зовдог гээч. Эх орондоо байгаа хүмүүсээс илүү гадаадад буй иргэд. Орчин нь ч тэднийг тийм болгодог байх. Хөгжлийг хөдөлгөх гол хүч нь хүн. Хөгжлийг хэзээ ч мөнгө, технологи шийдэхгүй. Хүнээ тогтоож барихын тулд төрийн цогц бодлого чухал. Энэ удаа дан ганц төр засаг гэлтгүй иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо маш чухал. Эх орондоо ирэх үү, яахуу гэж эргэлзсэн залуусын шийдвэрт нөлөөлөхийн тулд төр засгаас өмнөх шигээ ирээчээ гээд дуудвал хэн ч ирэхгүй. Манай зөвлөлөөс гурван улирал дараалан “Гэртээ харих зам” нэртэй подкаст нэвтрүүлэг хийсэн. Монголдоо буцаж ирээд бизнес эрхэлж байгаа 120 гаруй залуусын яриаг подкастаар хүргэсэн. Уг яриаг сонсоод Монголдоо амьдрахаар эргэж ирсэн олон залуус бий.

Энэ бол үр дүн. Үүнээс бид гадаадад ажиллаж байгаад эх орондоо ирээд амжилттай ажиллаж байгаа залуус нэгдэх ёстой юм байна гэдгийг ойлгосон.

Бие, биеийнхээ бизнесийг таньж мэдээд ямар асуудал тулгарч байсан, хэрхэн даван туулсан зэрэг бодит жишээгээр гадаадад байгаа залуусыг дуудна. Тэдэнд Монголд ирээд нэг баг болж хамтарч ажиллах боломжтой гэдгийг харуулна. 2024 оны сонгуулийн дараа клуб байгуулаад Монголоос явах гэж байгаа хүүхэд, залуустай уулзалт, яриа хийгээд толгойнд нь эх орон руугаа эргэж нэг хараарай гэсэн “чип” суулгаад явуулъя. Тэднийг тухайн оронд нь сурч амьдрах явцад нь тэндэх монголчуудын оюутны холбоотой хамтарч ажиллана. Эргээд эх орондоо ирэхдээ энэ клубээр дамжаад бидэн дээр хүрээд ирнэ. Ингэхээр явснаас нь хойш ирэх хүртэл нь хамт байна гэсэн үг. Буцаж ирэхэд нь том зорилгын дор бид нэгдэнэ.

Анхнаас нь эх орноо хөгжүүлэх ёстой гэдэг том амбицыг залууст суулгах ёстой. Тэгж чадвал тэр хүний харах өнцөг нь өөр болно.

Монголдоо ирээ бүгдээрээ эх орноо хөгжүүлье. Энэ нь яваандаа томроод ирэхээр хилийн чанадад байгаа эрдэмтэн, докторуудыг цуглуулж бодлогын судалгааны хүрээлэн байгуулж, УИХ-д хэлэлцэх гэж байгаа асуудлууд дээр тэдний саналыг клубын зүгээс УИХ-д өргөн барина. Энэ бол гол цэг нь.

-Судалгаанаас харахад гадаадад ажиллаж амьдардаг иргэд эргээд эх орондоо ирэхэд нь төр болон хувийн байгууллагуудад ажилд зуучлах, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, амьдрах орчин, нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулах, бизнес эрхлэх зэрэг боломжуудыг нэмэгдүүлэхийг хүсдэг юм байна лээ. Өнгөрсөн хугацаанд орон сууцны зээлд хамруулна гэж улиг болтлоо ярьсан. Монголд ипотекийн зээлд бүтэн жилийн дугаар үүссэн байхад гадаадаас ирсэн иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны зээл олгох нь “лөөлэй” болох биз.

-“Инвескор ББСБ” ХК нь гадаадад байгаа иргэд Монголоос байр авахад нь зөвлөгөө өгөх мөн Монголд ирсэн иргэдийн орон сууцны зээлийг нь шийдэж өгнө. Нийгмийн даатгал төлдөг эсэх нь хамаарахгүйгээр. Түүнээс биш ипотекийн зээлд хамрагдана гэвэл хэцүү. Цаашид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтраад гадаадад нийгмийн даатгал төлдөг иргэдийн дансыг Монголын системтэй холбохоор ярьж байна. Хэрэв тэгж чадвал тухайн хүний төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг төгрөгт шилжүүлэхээр өндөр дүн гарах учраас ипотекийн зээл ч мөн гарах боломжтой. Тухайн хүний цалингаа авч байгаа банкаар нь дамжуулаад Монгол дахь ипотекийн зээл авч байгаа банктай холбогдоно гэсэн үг. Автоматаар сар бүр данснаас нь мөнгийг нь татна. Энэ холбоосыг хийхээр ярилцаж байна.

-Тэгвэл бизнесийн орчны хувьд ?

-Бага хүүтэй зээл олгож, бизнесийн орчинд хөнгөлөлт үзүүлэх, мөн татварын бодлого дээр эхний 2-3 жилд бизнес нь хөл дээрээ бостол улсаас дэмжих шаардлагатай. Нөгөө талдаа гадаадын хөрөнгө оруулалтыг дагуулж ирээд Монголд компани байгуулвал визний асуудлыг шийдвэрлэх ёстой.Бизнес хийх гэхээр Монгол Улсын татвар өндөр, хууль нь ойлгомжгүй, алдаатай. Жишээлбэл, иргэн Дорж Монголд ирээд гадаадын хрөнгө оруулалттай компани байгууллаа гэхэд гадаадын хөрөнгө оруулагчийг заавал Монголд ирүүлж нотариатаар оруулахыг шаарддаг. Тавьж байгаа нөхцөл шаардлагууд нь өндөр.

Хөрөнгө оруулагч гадаад хүн нь тухайн улсад байгаа Монголын элчин сайдын яаман дээр очоод итгэмжлэл бичиж явулдаг. Тэр итгэмжлэл нь Монголд ирэхээр орчуулаад Гадаад харилцааны яамнаас аваад Улсын бүргэлийн газарт аваачиж өгдөг. Энэ бол маш төвөгтэй. Хөрөнгө оруулагчийн хувьд дарамт болдог. Иймэрхүү зүйлсийг энгийн болгочих хэрэгртэй. Тэртээ тэргүй тэр хүн Монголд компани байгуулахаар хөрөнгө оруулалтын 100 мянган ам.долларыг шилжүүлсэн байгаа. Тухайн хүний мэдээлэл нь байхад бүртгэж болмоор санагдах юм.

-Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл НҮТББ-аас энэ жилд багтаж хэрэгжүүлэх ажлуудаасаа дурдвал?

–Хилийн чанадад буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэдэг гарсных нь дараа биш харин хил давахаас нь өмнө бодит мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр холбогдох байгууллагууд шат шатандаа анхаарч ажиллаж байна. Мөн гадаадаас Монголд ирээд бизнес эрхэлж байгаа залуусын нарийн судалгааг холбогдох байгууллагуудтай хамтарч хийнэ.

-Ярилцсанд баярлалаа.

VISUAL TOIM: Г.Занданшатар даргатай “ХЭЦҮҮ АНГИ”-ийн ирцийн нэгдсэн мэдээлэл
VISUAL TOIM: Г.Занданшатар даргатай “ХЭЦҮҮ АНГИ”-ийн ирцийн нэгдсэн мэдээлэл
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.