Ч.Батчулуун: Онцгой байдлын алба бол өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэх хамгийн хүнд алба

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
6 минут 42 секунд

Түүнийг Ч.Батчулуун гэдэг. Онцгой байдлын албанд амьдралынхаа 20 гаруй жилийг зориулж, 2010 онд тэтгэвэртээ гарсан Бэлтгэл Хурандаа. Хүүхэд ахуй цагаасаа цэрэг, армийн хүн болохоор зориг шулуудсан тэрбээр ОБЕГ-ын үндэс суурь болох Иргэний хамгаалалтын байгууллагаас эхлэн ажиллаж, өнөөг хүртэл албаараа, алба хаагчдаараа бахархаж яваа нэгэн. Иймд UBN.mn сайт "Түүний тухай" булангийнхаа энэ удаагийн зочноор Бэлтгэл Хурандаа Ч.Батчулууныг урин оролцууллаа.

Энэ жил Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ой тохиож буй. Тэртээ 2003 онд "Гамшгаас хамгаалах тухай хууль" батлагдаж, 2004 онд Хууль зүйн яамны харьяа, Батлан хамгаалах яамны харьяа, Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа 3 байгууллага нэгдэж, нэгэн тугийн дор үүрэг гүйцэтгэхээр болж, өнөөдрийн Онцгой байдлын байгууллага үүссэн гэдэг. Энэ цаг мөчөөс эхлэн Ч.Батчулуун хурандаа гурван байгууллагыг нэгтгэх их ажилд гар бие оролцсон юм.

Ч.Батчулуун гуай Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрж, Эрдэнэмандал сумын 10 жилийн дунд сургуульд сурч, 1972 онд цэргийн албанд татагдаж, Монголын ардын арми, Зэвсэгт хүчинтэй ажил амьдралаа холбожээ. Ийнхүү 1992 он хүртэл Зэвсэгт хүчинд алба хааж, түүний дараа Иргэний хамгаалалтын газар руу шилжин томилогдсон гэнэ. Энэ байгууллага нь өнөөгийн Онцгой байдлын албаны үндэс суурь бөгөөд тэрбээр энэ хугацаанд Монголчуудын, Монгол хүн бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах их үйлсэд гар бие оролцсон байна. Ийнхүү 2010 онд гавьяаныхаа амралтад гарч, онцгой байдлын алба хаагчдын үлгэр жишээ авдаг эрхэм хүмүүсийн нэг болжээ. Өөрөөр хэлбэл Бэлтгэл Хурандаа Ч.Батчулуун гуай амьдралынхаа 40 гаруй жилийг цэрэг, армийн албанд зориулсан юм.

Түүний хувьд тэтгэвэртээ гарсан ч Онцгой байдлын байгууллагатай салшгүй холбоотой байгаа аж. Учир юун гэвэл Онцгой байдлын байгууллагын Ахмадын хорооны удирдах зөвлөл, Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албанд ахмад ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, эрүүл мэнд болон чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч, оролцоог нь нэмэгдүүлэхээр ажиллаж буй гэнэ. Тэрбээр,

"Гамшиг гэдэг хэлж ирэхгүй. Олон ч гамшиг, осолтой нүүр тулж явлаа. Ослын голомтод аврах ажиллагаа гардан зохион байгуулж байгаа аврагчдаа хараад өрөвдөх, хайрлах, өмнөөс нь халаглах явдал бишгүй тохиолдож байлаа. Гал түймрийн осол, хүн малын гоц халдвараас болж амь насаа алдаж, тахир дутуу болсон олон алба хаагчдаа ч өрөвдөж, энэрдэг юм. Тэр ч бүү хэл Сэлэнгэ аймагт гарсан түймрийн үеэр 15 аврагч маань амь насаа алдсан гашуун зовлонтой нүүр тулж байсан гээд тоочоод баршгүй хэцүү бэрхийг нүдээр үзсэн.

Онцгой байдлын алба хаагчид, аврагчид гэдэг цаг наргүй ажиллана. Амь эрсэдсэн ч ажил. Аврагчид гэдэг ид хийж бүтээх, хайрлаж дурлах, үр хүүхэдтэй болох насандаа яваа залуус шүү дээ. Энэ сайхан насандаа амь насаа алдана гэдэг бол дэндүү харамсалтай. Гэхдээ өргөсөн тангараг гэж бий учир зүтгэхээс өөр аргагүй, хамгийн хүнд алба.

Аврагч хүн гэдэг бол нэгдүгээрт бие бялдрын хөгжил сайтай, хоёрдугаарт сэтгэл зүйн бэлтгэл сайтай байх ёстой. Би өөрийн туршлагаас харахад, аврагчид маань энэ ажилдаа үнэн сэтгэлээсээ дуртай, хайртай нь харагддаг. "Ийм хэцүү, эрсдэлтэй ажилд дурлаж, өөрийгөө эрсдэлд оруулж яах нь вэ" гэж хүмүүс гайхдаг л юм. Гэхдээ ажилдаа хайртай хүн бол андашгүй дээ" гэв. Мөн үргэлжлүүлэн,

Онцгой байдлын аврагч нар бол "Нохойд барьдаг мод" биш шүү дээ

"Онцгой байдлын алба бүрэн төгс бэхжээгүй байхад алба хаагчид маань гартаа барих техникгүй, хувцас хангамж муутай, багаж хэрэгсэл цөөтэй байлаа. Түүнийг бодвол өнөө үед техник хангамж харьцангуй сайжирч байна. Харамсалтай нь иргэдийн ухамсар өнөөг хэр нь сайжрахгүй юм. Иргэн хүн эрхээ эдэлдэг бол үүргээ ч бас ухамсарладаг байх ёстой. Жишээлбэл, Иргэд голын голдирол дагуу, үерийн аманд зөвшөөрөлгүй буучхаад үерт автахаараа Онцгой байдлыг дууддаг. Бүр зарим нь манай жорлон усанд автчихлаа гээд л дууддаг. Тэр үед нь би "Онцгой байдлын алба хаагчид жорлон ухдаг хүмүүс биш" гэж хэлээд багагүй шүүмжлүүлж л байлаа.

Иргэд өөрийнхөө үүргийг ухамсарлахаас урьтаад эрхээ эдлэх л хүсэлтэй. Тэгээд л Онцгой байдлын аврагч нарыг болохгүй муу бүхний араас очдог, "Нохойд барьдаг мод" гэдэг шиг хандаж болохгүй шүү дээ. Тиймээс иргэн бүр өөрсдийн гэсэн ухамсартай байж бас хүүхдийг багаас нь аюул ослын үед өөрийгөө хамгаалах арга техникт сургах зайлшгүй шаардлага бий. Үүнийг боловсролын хөтөлбөрт тусгаад, багаас нь суурь боловсрол эзэмшүүлэх ёстой гэж боддог" хэмээн өөрийнхөө үзэл бодлыг ч илэрхийлээд амжив.

Мөн тэрбээр энэ жил тохиож буй 20 жилийн ойн баярыг нийт алба хаагчид хийгээд мөр зэрэгцэн ажиллаж явсан үе үеийн ахмадууддаа хандан баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

ХАЙЛААСТЫН ОСЛЫН МӨРӨӨР: Талийгаачийн араас эгчийг нь алдчих гээд “Амь наана, там цаана“ явна
ХАЙЛААСТЫН ОСЛЫН МӨРӨӨР: Талийгаачийн араас эгчийг нь алдчих гээд “Амь наана, там цаана“ явна
 
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!