Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХАЙЛААСТЫН ОСЛЫН МӨРӨӨР: Талийгаачийн араас эгчийг нь алдчих гээд “Амь наана, там цаана“ явна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
12 минут 21 секунд

Үртэй хүн болгон эмзэглэмээр, хашгирмаар хариуцлагагүй нийгэм. "Их сургуулиа төгсөөд ээж, аавынхаа ачийг хариулна. Хэдүүлээ сайхан амьдарна" гэж ярьж байсан есдүгээр ангийн 16-хан настай охин хорвоогоос одчихлоо. Уг нь тэр амьд байсан бол энэ хавар хонхны баяраа үеийн нөхөдтэйгөө тэмдэглэх байлаа.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 17-нд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд Хайлаастын өрхийн эмнэлгийн урд 18:40 цагийн орчимд Prius, Verna хоёр автомашин мөргөлдсөний улмаас замаар гарч явсан 16 настай охин осолд өртөж нас барж, 6 хүүхэд нэг том хүн гэмтсэн осол гарсан. Талийгаач эхээс гурвуулаа, айлын бага охин байжээ. Дээрээ нэг ах, нэг эгчтэй. Гэвч төрсөн эгч болох 26 настай эмэгтэй, түүний 9 настай хүү, төрсөн ахынхаа 12 настай хүүхэдтэй хамт осолд өртөөд долоо хонож байна. Өөрөөр хэлбэл, нэг айлын дөрвөн хүн уг осолд өртөж, 16 настай охин газар дээрээ нас баржээ.

Талийгаачийн төрсөн эгч ухаан оролгүй 7 хонож байна

Талийгаачийн төрсөн эгч болох 26 настай эмэгтэй эмнэлгийн орон дээр үхэл, амьдралын зааг дээр амь тариагаар өдөр хоногийг аргацааж байна. Ухаан оролгүй 7 хоносон бөгөөд дотуур хоёр литр цус алджээ. ГССҮТ-ийн зүгээс ар гэрийнхэнд нь сэтгэл санааны бэлтгэлтэй байхыг анхааруулсан байна. Уг эмэгтэйн 9 настай хүү уржигдар хагалгаанд орсон юм. Ахынх нь 12 настай хүүхдийн хоёр дунд чөмөгний яс хугарсан бөгөөд өчигдөр 14.00 цагт хоёр дахь хагалгаандаа оржээ.

Хурдтай ирсэн машин хормын төдийд л гарцаар гарч явсан тэднийг замын хажуугийн айлын хашаатай хавсарчээ

Хэрэг гардаг өдөр 26 настай эмэгтэй өөрийн хүүхэд, дүү нараа дагуулан тоглоомын талбай руу яваад гэртээ харих замд осолд өртжээ. Тоглохоор гарсан тэд гэртээ эргэж ирсэнгүй. Аав, ээж нь дахиж хэзээ ч охиноо эрхлүүлэхгүй. Энгэртээ тэврэхгүй. Хэрэв тэр хоёр жолооч анхаарал болгоомжтой явсан бол өнөөдөр тэр охин ээж, аавдаа эрхэлж, үе тэнгийнхэнтэйгээ хамт тоглоод гүйж байх байлаа.

Гэвч хурдтай ирсэн машин хормын төдийд л гарцаар гарч явсан тэднийг замын хажуугийн айлын хашаатай хавсарсан байна. Хашааны хаалга, бетон хашаа нь ослын улмаас талийгаачтай хамт цааш цөмөрч унажээ.

Осол гарсан хашааны буланд нурж унасан бетон, машины дугуйны мөр өнөөдөр ч арилаагүй байна. Хашааны эзэд өөрсдийнхөө боломжоор ослын газрыг шороо асгаж, тэгшилж янзалсан гэдгээ хэлэв.

Охины бие дээр унасан бетоныг арайчүү холдуулахад зүрх нь цохилж байсан

Хашааны эзэн "Талийгаачийн биеийг нааш нь татаад тэгшхэн газар байрлуулж байгаад хиймэл амьсгаа хийсэн бол өнөөдөр амьд байх байсан болов уу гэж их бодож харамссан. Талийгаачийн аав сүүлд ирээд хашааны урд сүү өргөж харагдсан. Уйлаад л байна лээ. Хөөрхий минь" гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн ослын талаар ярихдаа "Хашааны гадаа маш хүчтэй чимээ гарсан. Гараад хартал хашааны буланд байдаг хогийн поошиг, нойлын хажууд хүүхдүүд тоосго, блоконд дарагдчихсан хэвтэж байсан. Энд тэндгүй л гэмтэж бэртсэн хүүхдүүд. Нурсан хананы блок, тоосго шороон дор бараг 3-4 хүүхэд байсан. Манай хашааны хаалгыг Prius-11 машин мөргөсөн. Машиных нь аюулгүйн дэр нь гарчихсан, урдах шил нь хагараад тэр чигтээ байхгүй болчихсон байсан. Талийгаачийн бие дээр хашааны том блокууд унасан. Их хүнд харагдсан. Холдуулахад туслах хүн байгаагүй. Уг нь их олон хүн байсан санагдаж байна. Даанч хөдөлж өгөөгүй.

Талийгаачийн бие дээр нь унасан бетоныг дүүтэйгээ хамт арайчүү холдуулахад зүрх нь цохилж байсан. Түргэн тусламж 15-20 минутын дараа ирсэн.

Амьдралдаа анх удаа нүдээрээ ийм айхтар осол харлаа. Одоо ч би шокоосоо гараагүй байна. Манай хашаа замынхаа зүүн талд байрлалтай. Хашааны хажуу дахь зам дээшээ өгсөх урсгалтай. Яаж эсрэг урсгалаас ирж мөргөдөг байна аа" гэв. Түүний ярианд дэлгүүрийн худалдагч эмэгтэй "Гурван хүүхдээ эмнэлэгт эргэнэ. Нэг хүүхдээ оршуулна гэдэг хэцүү еээ" гээд хошуу нэмэрлэв.

Ангийн багш: Талийгаач итгэл даахуйц миний "Баруун гар" байсан

Талийгаач 9-12 насны хоёр дүүтэйгээ хамт 49 дүгээр сургуульд суралцдаг байжээ. Охины сургууль дээр очиход хоёр жижүүр багш үүдэнд нь сууж байв. Захирал, сургалтын менежертэй уулзах гэж яваагаа учирлахад “Өрөөндөө алга. Уулзуулах боломжгүй” гэсээр хөөж, туув. Ямартай ч охины ангийн багш "Талийгаачийг хүний үгэнд сайн ордог, итгэл даахуйц миний "баруун гар" байсан. Яагаад ийм зүйл болчихов доо. Бодлоос огт гарахгүй юм. Энэ талаар ярихаар надад их хэцүү байна" гээд цааш ярих хүсэлгүй байгаагаа хэлсэн юм.

Талийгаачийн араас эгчийг нь алдчих гээд "Амь наана, там цаана" явна

Бид талийгаачийн гэрийн үүдэнд очиход хашааны үүдэнд хоёр авто машин байв. Хүмүүс орж, гарч хөдөлгөөн ихтэйн дээр гэрт орох зүрх хүрсэнгүй хэсэг гадаа зогсов. Улмаар гэрт ороход гурван хүн буяны ажлын бэлтгэлийг хангаж байв. Гэрийн хойморьт нүдэнд дулаахан шар охины жаазтай зурагны өмнө зул асаж, маанийн дуу сонсогдоно.

Тэдэнд учир байдлаа хэлтэл талийгаачийн хамаатны эгч болох 40 гаруй насны эмэгтэй "Сандал татаад нааш суу. Талийгаачийн аав, ээж нь алга. Байсан ч чамд юм ярих тэнхэл байхгүй болов уу. Шоконд ороод юм ярьж чадахгүй байгаа. Ухаан санаа нь самгардсан" гэдгийг ярианы эхэнд онцлов. Бид хэсэг чимээгүй суулаа. Нам гүм байдлыг эвдэж нөгөөх эмэгтэй "Болсон явдалд үнэндээ л итгэж чадахгүй юм. Амьд яваа насандаа ийм хэцүү зүйлтэй анх удаа учирлаа. Нэг дор дотны хүнээ алдаж эмнэлгээр явах шиг хэцүү зүйл алга. Талийгаач их дэврүүн, хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байсансан. Талийгаачийн араас эгчийг нь алдчих гээд амь наана, там цаана явна" гэж хэлээд нүдэнд нь нулимс цийлэгнэв.

Осол гаргасан жолооч эмэгтэй хамаатан садантайгаа хамт гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт ээлжлэн сахиж байгаа гэх. Охины ээж бие муутай унаж татдаг учраас группт байдаг. Эмээр л өдөр хоногийг аргацаадаг бол аав нь хувиараа төмрөөр яндан, зуух хийдэг. Ерөнхийдөө амьдралын боломж тааруу учраас өмгөөлөгч авч чадахгүй байгаа гэдгийг хамаатнууд нь бидэнд хэлсэн юм. Талийгаачийг Лхагва гарагт хөдөөлүүлэх аж.

Хайлаастад осол гаргасан жолооч нар эмэгтэй бөгөөд эрүүл байсан гэв

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг дөрөвдүгээр сарын 18-нд мэдээлэл өгөхдөө "Хоёр жолооч хоёул согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан. Хааз, тоормос андуурч гишгэсэн эсэхийг мөрдөн шалгах явцад тодруулна. Гэхдээ тээврийн хэрэгслийн жолооч эрэгтэй, эмэгтэй байх энд хамаагүй. Тэдгээр автомашинууд Хайлааст орчимд хойноосоо урагш уруудах чиглэлд явж байсан. Хурд хэтрүүлсэн эсэх, хэний буруу вэ гэдгийг тодруулахаар ажиллаж байна" гэсэн юм.

2016-2022 оны хооронд авто ослын улмаас 371 хүүхэд нас баржээ

Тахилтад өнгөрсөн 2023 оны есдүгээр сарын 21-нд явган хүний гарцаар гарж явсан 12 настай охин машинд дайруулан нас барсан харамсалтай хэрэг гарсан. Охины тархи нь бяцарч их хэмжээний цус алдсаны улмаас газар дээрээ амиа алдсан байдаг. Эцэг, эхийн нулимс гүйцэд хатаагүй байхад дахин яг тэр байршилд 12 хоногийн дараа буюу аравдугаар сарын 2-нд таван настай хүү хоёр том хүний хамт машинд мөргүүлсэн. Ослын улмаас хүүгийн тархинд цус хурсан бол ээжийнх нь бугалганы яс хугарч хагалгаанд орсон.

Тоо баримт дурдвал, 2016-2022 оны хооронд авто ослын улмаас 371 хүүхэд, 2023 онд 43 хүүхэд амиа алджээ.

Тээврийн цагдаагийн албанаас 2022 онд зам тээврийн осолд холбогдсон 18590 жолоочийг судалгаанд хамруулахад осолд холбогдсон жолоочдын 6882 нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ аваад 0-4 жил болсон байжээ. Жилд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг 30 гаруй мянга бүртгэгддэг бол жолоодох эрхгүй мөртлөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн хэрэг 2500-3000 орчим бүртгэгддэг аж.

Эрүүгийн хуулийг чангатгасан ч жолооч нарын хариуцлага дээшилсэнгүй

Тээврийн прокурорын газраас 2024 оны эхний гуравдугаар сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар машин барьсан, эсвэл мансуурсан үедээ машин барьсан 116 хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Үүнээс 43 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасны дагуу дээрх иргэдийн жолооны эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, 2.7-оос 4 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял оногдуулж тус, тус шийдвэрлэжээ.

Ногоон гэрэл, цагаан шугамаар гарч яваа явган зорчигчийг дайрчих шахан өнгөрдөг жолооч нарыг мөнгөөр торгохоос гадна санаатай хүн амины хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулиас салгаж 2023 оны нэгдүгээр сарын 21-ээс Эрүүгийн хуулиар ялладаг болсон.

Гэвч 2024 оны гуравдугаар сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн 149 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс харахад Эрүүгийн хууль чангарсан ч жолоочдын хариуцлага дээшилсэнгүй.

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ
О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.