Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Баялгийн сангийн тухай хуулийн төсөлд асуудал олон байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 0 секунд

УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж буй. Уг хуулийг дагалдуулан Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хувьцааны 20-иос дээр хувийг аль нэг этгээд дангаар болон хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх тухай нэмэлт, өөрчлөлт оруулахаа Ерөнхий сайд мэдэгдсэн.

УИХ стратегийн ордын ангилалд 16 ордыг хамруулсан байдаг. Үүний 7 нь төрийн мэдэлд байдаг бол үлдсэн 9 нь хувийн хэвшилд байгаагаас 2-т нь үндэсний компани төсөл хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр хувийн хэвшлүүдийн хөрөнгө оруулсан стратегийн ордын 50 хүртэлх хувийг төр үнэгүй буцаан авах заалт бүхий хуулийг яаралтай горимоор хэлэлцэж байна.

ХУВЬЦААНЫ 20 ХУВИЙН КВОТ ЗӨВ АРГА БИШ

Эдийн засагч Б.Дэлгэрсайхан “Баялгийн сангийн тухай хуулийн үндсэн үзэл санаатай санал нэг байна. Монгол Улс нэгдсэн баялгийн сантай болж, нэгдмэл сантай болсноор уул уурхайгаас орж буй баялгийг төвлөрүүлэх, баялгаас хамааралтай улс орнуудын жишгийг дагах нь зүйтэй. Гэхдээ асуудал олон байна. Нэгдүгээрт, Баялгийн сангуудад төвлөрүүлэх орлогын эх сурвалж тодорхой биш. Өмнөх шигээ л байна. Хоёрдугаарт, Баялгийн сангуудын мөнгийг тодорхой зориулалтаар нь зарцуулахаас гадна удирдлага засаглалын асуудал маш тодорхойгүй. Төрийн байгууллагууд сангийн удирдлагуудыг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Өнөөдрийг хүртэл ирсэн алдаагаа бид давтах гэж байна. Ирээдүйн өв сан хаана байгаа юм. Төсөвтөө үрсэн. Иймээс баялгийн сангуудыг мэргэжилтнүүд удирддаг, өгөөж хүртдэг, зөв хөрөнгө оруулалт нь эргээд нийгэм эдийн засагт үр ашигтай байх эсэх нь эргэлзээтэй. Хэдийгээр Үндэсний баялгийн сангийн тухай хуульд сангуудыг арвижуулж өгөөж хүртэх тухай үзэл санааг тусгасан ч хяналтын тогтолцоо байхгүй. Өмнөх шиг яамд удирддаг, төрийн аудитын газар хянадаг тогтолцоо байна.

Нөгөөтэйгүүр, гадаадын хөрөнгө оруулалт татахын тухайд нэг хөрөнгө оруулагчид 20 хувь нь таатай заалт биш.

Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчид 50-иас доош хувийн хөрөнгө оруулалтаар орж ирэх эсэх нь тодорхойгүй. Учир нь Монголд хэрэгжиж буй өнөөдрийн төслүүдийг харвал төрийн оролцоо өндөр, хувийн хэвшлийн оролцоо бага. Ийм тохиолдолд монголчуудад итгэж хөрөнгө оруулах нь бага байх болов уу.

Ер нь Банкны хуульд ашигласан жишиг тийм ч сайн биш. Монгол шиг жижиг эдийн засагтай, хэмжээ нь жижиг, барууны өндөр хөгжилтэй орнуудын хувьд 20 хувиас дээш эзэмшигч нь ховор. Хэрэв 20-иос дээш хувийг аль нэг этгээд гэж заавал багадаа 5-аас доошгүй субьект голлох нөлөөтэй оролцох магадлалтай. Өнөөдрийх шиг уул уурхайн салбарын засаглал сайнгүй байгаа үед өгөөжтэй боломжтой заалт гэж харахгүй байна" гэлээ.

ХУВЬЦААНЫ 20 ХУВЬ ОЛОН НИЙТИЙНХ БОЛОХГҮЙ

СЭЗИС-ийн Эдийн засаг санхүү хариуцсан проректор, эдийн засагч, доктор С.Бямбахорлоо “Баялгийн сангийн тухай хуулийг дэмжиж байгаа ч зарцуулалт нь маш тодорхой байх ёстой. Баялгийн сангийн мөнгө сонгуулийн сурталчилгаанд үрэгдэх ёсгүй.

Баялгийн сангийн тухай хуулийг сонгуулиар далимдуулан батлах нь зөв.

Хамгийн гол нь Баялгийн сангийн зарцуулалт тодорхой, урт хугацаанд ирээдүйд чиглэсэн, шинжлэх ухаан боловсролд хөрөнгө оруулах байдлаар тусгах нь зөв. Харин Баялгийн сангийн тухай хууль батлагдвал хувьцаа 20 хувь байх эсэх нь асуудалгүй. Арилжааны банкуудын хувьцааг 20 хувиар тогтоосон ч олон нийтийнх болоогүй л байна" гэлээ.

ХУВЬЦААНЫ 20 ХУВИЙН КВОТ 1072 ШИГ БОЛОХ ЭРСДЭЛ БИЙ

Эдийн засагч Б.Лакшми “Баялгийн сангийн орлогыг уул уурхай, ашигт малтмалын орлогоос төвлөрүүлнэ.

Уул уурхайн гол төслүүдийг хувийн томоохон аж ахуйн нэгжүүд хөдөлгөж байна. Гэтэл хувьцааг 20 хувь гэж квот тогтоох нь их бага тоо. Шийдвэр гаргахад хэт олон хувьцаа эзэмшигчтэй болох нь дотоод асуудлууд гарч эцсийн шийдвэрүүд удаашрах, гарахгүй байх хүнд нөхцөл үүснэ.

Хоёрт, улсын нээлттэй хувьцаат компани гэж байгаа ч эргээд төрийн оролцоо их болно. Дахиад л 1072 хувьцаа шиг ил тод зүйл байхгүй болно. Энэ жил хоёр ч удаа 1072 хувьцааны ноогдол ашиг тараалаа. Тэгэхээр хоёр сард 2022 оных, дөрвөн сард 2023 оны ногдол ашиг тараасан гэж байгаа юм. Уг нь 2022 оны ноогдол ашгийг өнгөрсөн жил тараах ёстой байсан. Тэгэхээр ил тод байдал гэх зүйл байхгүй, тайлангаа мэдээлээгүй, “Эрдэнэс тавантолгой” ХХК ашигтай ажилласан эсэх нь ямар ч мэдээлэлгүй хаалттай. Иймэрхүү нөхцөл рүү орох эрсдэлтэй байна. Сонгуулийн жил дахиад л 1072 хувьцааг угтаад л тараалаа шүү дээ. Мөн улс төрөөс хараат бус байх хамгийн чухал зүйл нь тайлан. Зарцуулалт тодорхой байх ёстой. Монгол Улсын Баялгийн санг бүрдүүлэх түүхий эдийн үнэ нь тогтворгүй учраас эргэж хэрэглэх эрсдэл нь өндөр байна. Иймээс удирдах зөвлөлийг зөв бүрдүүлэх хэрэгтэй. Төрийн өмчит компаниудын удирдах зөвлөл ихэнхдээ албан тушаалаар явдаг. Тэгэхээр албан тушаалаар давхардсан тоогоор орж ирдэг. Дээр нь үндсэн ажлаа хийнэ. Албан тушаалын давхардлыг хориглох, хараат бус гишүүний тоог нэмэх хэрэгтэй. Хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг тодорхой тоо нэмэх. Эмэгтэйчүүдийн тоог нэмэх хэрэгтэй. Хамгийн багадаа 40 хувь байх ёстой” гэлээ.

“Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг үйлчилгээний гавьяат ажилтан боллоо
“Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг үйлчилгээний гавьяат ажилтан боллоо
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.