Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

YOJ LOL: СУИС-ийг жүжигчнээр төгссөн хүн бүрийн зүрхэнд амьд зритель мэдрэх хүсэл бий. Тиймээс хүүхдийн жүжиг тавьж байна

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
16 минут 55 секунд

Контент бүтээгчид бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой. Тэдэн дунд нийгмийн болж бүтэхгүй асуудлыг хөндөж, хөрсөн дээр буудаггүй шийдвэрүүдийг ёжилж, егөөдсөн байдлаар олон нийтэд хүргэдэг залуус бол "Yoj Lol"-ынхон. Иймд Ubn.mn сайт энэ удаагийн UbnStory булангийнхаа энэ удаагийн зочноор залуу жүжигчид болох Э.Мөнхжаргал, Ч.Санждорж нарыг урин оролцуулж, уран бүтээлийн олз омог хийгээд бусад сонирхолтой сэдвүүдээр ярилцлаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаар яригаа эхэлье. Хүүхдийн жүжиг тавих гэж байгаа гэсэн?

-Э.Мөнхжаргал: Энэ сарын 20-ны өдөр "Ub palace"-д хоёр удаа "Саанжий, Мөөнжий Шидэт чулууны эрэлд" нэртэй хүүхдийн жүжгийг толилуулах гэж байна. Одоогоор жүжгийнхээ бэлтгэл болон маркетингийн ажилд анхаарч байна.

-Өмнөх хэд хэдэн контент дээр Саанжий, Мөөнжий гэдэг дүр гардаг шүү дээ. Хүүхдийн жүжиг тавих зорилгоор энэ дүрүүдийг гаргаж ирсэн юм уу?

-Ч.Санжаадорж: Үгүй ээ. Саанжий, Мөөнжий гэдэг дүрүүд маань бүтэлгүй ах дүү хоёр байдаг шүү дээ. Харин хүүхдийн жүжигт маань энэ хоёр дүр гол дүрийн баатар болох бөгөөд сонирхолтой адал явдалтай учирч, гэр бүлээ аварч байгаагаар өрнөнө.

Э.Мөнхжаргал: Хүүхдүүдийн чихэнд Саанжий, Мөөнжий гэдэг нэр хоногшчихсон юм билээ. Гадуур явж байхад Саанжий, Мөөнжий гээд дуудаад байдаг юм. Тиймээс "Шидэт чулууны эрэлд" гэдэг хүүхдийн жүжигт Саанжий, Мөөнжий гэдэг нэрийг залгачихсан юм.

-Жүжигчин Мишээл жүжгийн постер зурагт харагдахгүй байна лээ. Энэхүү жүжигт тоглох эсэхийг хүүхдүүд мэдэхийг хүсэж байгаа байх?

-Э.Мөнхжаргал: Мишээлийн маань бие муу байгаа учраас энэ удаагийн жүжигт оролцоогүй. Гэхдээ жүжиг дууссаны дараа хүүхдүүдтэй уулзана.

-Уран бүтээлчид хүүхдийн жүжгийн ихэвчлэн зургаадугаар сарын 1-ний өдрийг угтан тавьдаг шүү дээ. Гэтэл яагаад дөрөвдүгээр сард энэхүү жүжгээ хүүхдүүдэд хүргэж байгаа юм бол?

-Э.Мөнхжаргал: Эх үрсийн баяраар хүүхдийн жүжиг тавих нь өрсөлдөгч ихтэй. Чив чимээгүй байж байгаад л 10 жүжиг гэнэт гараад ирдэг. Тиймээс тэр олон уран бүтээлчидтэй өрсөлдсөний оронд завтай чөлөөтэй үедээ бас хүүхдүүдийг хаврын улиралд сонирхолтой жүжиг үзээд, баяр хөөр мэдрээсэй гэж хүссэн учраас энэ дөрөвдүгээр сард жүжгээ тавьж байгаа.

-Yoj Lol-ынхон хүүхдийн жүжиг тавьж байгаа нь их сонирхол татаж байна. Яагаад хүүхдийн жүжиг тавих болов?

-Ч.Санжаадорж: СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн хүн бүрийн зүрхэнд амьд зритель мэдрэх юм сан гэсэн хүсэл бий. Бид хоёр ч гэсэн өмнө нь огт төлөвлөөгүй байхдаа хүүхдийн жүжиг тавих юм сан, хүүхдүүдийн халуун дулаан уур амьсгалыг мэдрэх юм сан, тайзан дээр гарах гэж ярьдаг байсан. Тиймээс хүүхдийн жүжиг тавьж байгаа. Ер нь хүүхдүүдийн зритель бол хамгийн их эрч хүч өгдөг.

-Та бүхний үнэнч фенүүд бол хүүхдүүд байдаг. Хүүхдүүдтэй таарахад ямар байдаг бол?

-Ч.Санжаадорж: Хүүхдүүд маш хөөрхөн. Тэдний эмоцийг үгээр хэлэхийн аргагүй. Сая л гэхэд бид хоёр жүжгийнхээ маркетингийг хийгээд 10 жилийн сургуулиудаар явтал бид хоёрыг хараад хүүхдүүд гайхаад. Бараг үсээ зулгаах нь холгүй л Саанжий, Мөөнжий хоёр байна гээд алгаа ташаад байсан. Үнэхээр хөөрхөн. Тэр мэдрэмжийг мэдрэх маш сайхан байсан. Яг л од болчихсон юм шиг мэдрэмж төрсөн.

Э.Мөнхжаргал: Хүүхдүүд өөрийнхөө бодож байгаа зүйлийг шууд илэрхийлчихдэг шүү дээ. Хэнээс ч аж ичихгүйгээр өөрийнхөөрөө байж чаддаг. Яг тухайн үед мэдэрч байгаа мэдрэмжээ илэрхийлдэг юм шиг санагддаг. Хамгийн сайхан мэдрэмж.

-"Yoj Lol" хэдэн хүний бүрэлдэхүүнтэй юм бэ?

-Э.Мөнхжаргал: Манайх таван хүний бүрэлдэхүүнтэй. Дөрөв нь жүжигчин. Харин захирал маань арын бүх ажлыг хариуцдаг.

-Контент бүтээгээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Нийгэмд тогтсон, бидний анхаарахаа больсон буруу тогтолцоог эсэргүүцэж байгаа бичлэгүүдийг их нийтэлдэг шүү дээ. Тэгэхээр контент бүрээрээ ямар нэг мессеж өгөх гээд байх шиг?

-Э.Мөнхжаргал: Бид СУИС-ийг төгссөн шүү дээ. Оюутан байхад бидэнд "Урлаг бол сайн сайхныг дагуулна. Хүн бай" гэдэг үгийг багш нар маань байнга хэлдэг байсан. Бид хэдхэн минутад инээд бэлгэлээд өнгөрөх бус түүгээрээ ямар нэг болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг бусдад ойлгуулахыг, ухааруулахыг, анхааралд нь хүргэхийг зорьдог. Жишээлбэл, Зарим нэг хүмүүс бусдын эрх ашгийг зөрчөөд байдаг шүү дээ. Гудамжинд тамхи татаад алхах, орцондоо хог хаях, зам дээр, хороолол дунд хэт их сигналдах зэрэг энгийн юм шиг хэрнэ буруу үйлдэл бүрийг ёжилсон байдлаар шүүмжилдэг. Дээр нь инээд хүрмээр хууль, дүрэм байдаг шүү дээ. Хөрсөн дээрээ буудаггүй, амьдралтай уялддаггүй, тэр болгоныг шүүмжлэхийг оролддог.

Ч.Санжаадорж: Мөн дээр нь зарим нэг бүдүүлэг хүмүүсийг "Та нар ингэж харагддаг шүү" гэдгийг өөрсдөд нь харуулахыг хүсдэг.

-Та хоёр СУИС-ийн нэг анги гэсэн шүү дээ. Тэгэхээр бие биеийнхээ тухай сайн мэддэг байх. Магадгүй одоо ч хүртэл сэтгэлд тань тод үлдсэн дурсамж байгаа бол бидэнтэй хуваалцаач?

-Э.Мөнхжаргал: Санжаагийн тухай нэг дурсамж огт мартагддаггүй юм. Санжаа хичээлдээ ирэхдээ заавал нэг ундаатай ирдэг байсан. Ихэвчлэн тэр ундаа нь мулти Гэтэл өглөө 07:40 цагаас хичээл орж эхэллээ гэхэд өдөр 12:00, 13:00 цагийн үед ундаа нь дуусах ёстой шүү дээ. За дуусдаггүй юм аа гэхэд багасна. Гэтэл ундаа нь дуусахгүй бүтнээрээ байгаад л байдаг. Би тэрийг нь дандаа анзаарна. Бүр заримдаа "Энэ одоо ундаагаа тийм ариг гамтай уудаг юм болов уу, эсхүл уух гэж биш харуулах гэж авч ирдэг юм болов уу" гээд л боддог байсан юм.

Тэгээд нэг өдөр миний ам цангаад Санжаагаас ундаанаасаа уулгахыг гуйсан чинь "Үгүй" гэж хэлчихээд зугтчихсан. Тэгээд арай хийж нэг юм балгасан чинь зүгээр ус байдаг юм байна. Яагаад ус байгаа юм бол гэсэн чинь Санжаа мултиа ууж байгаад ёроолд нь хүрэхээр ус нэмээд л байдаг байж. Тэгээд хэн ч харсан бүтэн ундаатай юм шиг харагддаг. Тэр нь хэзээ ч мартагддаггүй юм.

Ч.Санжаадорж: Мулти гэхдээ өтгөн санагдаад байдаг юм. Шингэлчихээр амны цангаа тайлдаг юм шиг санагддаг.

Э.Мөнхжаргал: Би болохоор мултийг шингэн гэж бодоод байдаг юм. Санжаад л өтгөн санагддаг юм шиг байна лээ. Бас тэгж боддог хүмүүс байж болох л юм.

-Та хоёр их сайн найзууд байх нь?

Ч.Санжаадорж: Мөнхжаргал бид хоёр СУИС-д байхдаа тийм ч сайн найзууд байгаагүй. Харин яагаад сайн найзууд болсон бэ гэхээр,

Дөрөвдүгээр курстээ манай ангийнхан "Single Lady's-4" киноны арын албан ажиллаж, кино яаж бүтдэг юм байна гэдгийг мэдэхээр дадлагад гарч байсан юм. Манай ангийнхан бүгдээрээ орон нутгийн хүүхдүүд. Монгол ахуйгаа сайн мэднэ, морь сайн унана. Гэтэл бид хоёр морь яаж унахыг ч мэдэхгүй хотын хоёр хүүхэд.

Массын зураг авалт болохоор манай ангийнхан бүгдээрээ морин дээр суучихсан, баатар болоод явж байхад бид хоёр 10, 20 километр хамаагүй алхаад явж байдаг байсан юм. Тэгээд л тэр үед бид хоёр бие биедээ хань болоод сайн найзууд болсон.

Э.Мөнхжаргал: Зураг авалтын үеэр намайг тэнд очоод алх гэвэл Санжаа тэнд байж л байдаг. Хамт алхах гээд л хүлээж байна. Юу ч чадахгүй, хаана ч явсан адлагдаад л.

Ч.Санжаадорж: Бүр заримдаа бид хоёр уулын энгэр дээр гарчихсан алхаад л бараг болзоод байсан ч юм шиг.

Э.Мөнхжаргал: Манай ангийнхан өглөөд ядраад унтаж байхад бид хоёр уулан дээр гарчихсан юм яриад л сууж байдаг байсан. Бараг СУИС-ийн 4 жилээс илүү нэгхэн сарын дотор тийм дотно болчихсон доо. Бас нэг инээдтэй ч гэх үү үгүй ч гэх үү нэг дурсамж яръя.

Нэг өглөө уулан дээр гарчихсан хотод очоод тийм ажил хийнэ гээд л яриад сууж байсан чинь Санжаа гэв гэнэт чимээгүй босоод алхчихлаа. Тэгээд би гайхаад "Чи хаашаа явж байгаа юм бэ" гээд асуусан чинь бараг 40, 50 метр алхаж байснаа "Наана чинь могой" гэж хэлдэг юм байна.

Ч.Санжаадорж: Үнэхээр дэгстүүлж ярилаа. Би дөрөв, тав л алхсан байх.

Э.Мөнхжаргал: Чимээгүй алхахын оронд "Найз аа босоорой. Наана чинь могой байна" гээд хэлж болно шүү дээ.

-Үнэхээр могой байсан юм уу?

-Э.Мөнхжаргал: Үхсэн могой байсан. Гэхдээ л хамгийн муухай нь "Би л хатгуулахгүй бол боллоо" гэсэн шиг л алхсан даа.

Ч.Санжаадорж: Тухайн үед хараад л шууд бие арзайгаад юу ч дуугарч чадахгүй дөрөв, тав алхчихсан юм. 40, 50 метр биш шүү.

-Yoj lol-ын хоёр эмэгтэй гишүүнтэйгээ ч гэсэн нэг анги уу?

-Ч.Санжаадорж: Бид хоёроос эгч. Мишээл маань Их засаг их сургуулийн жүжигчний ангийг төгссөн. Оюука маань КУДС-ийг төгссөн.

-Ажлын байр нь үргэлж инээд хөөртэй, хөгжилтэй байдаг байх?

-Э.Мөнхжаргал: Байнга хөгжилтэй байдаггүй л дээ. Ихэвчлэн контентуудынхаа сэдэв, санааг ярилцаад л өнгөрдөг. Бас дээр нь сүүлийн үед сэдэв санаа дуусаад ч байх шиг.

-Хүмүүсийн хамгийн дуртай контентуудын нэг бол "Мөнхцэцэгийн Day in my life" шүү дээ. Үргэлжлэл нь гарах уу?

-Э.Мөнхжаргал: Үргэлжлүүлэхгүй байхаар шийдсэн. Яагаад вэ гэвэл хүмүүсээс "эмэгтэй" гэдэг нэр зүүгээд эхэлсэн. Ерөнхийдөө харахаар хошин урлагийн төдийгүй бусад уран бүтээлчид ч тэр эмэгтэй хүний дүр бүтээхээр олон нийтээс шүүмжлэл хүлээгээд тун удахгүй больчихдог юм шиг байна лээ. Би ч бас яг тэдэнтэй адилхан.

Хүмүүс эхэндээ маш их муулдаг байсан. Сүүлдээ тэр сэтгэгдлүүдэд нь дасаад эхэлсэн л дээ. Тэгээд л сөрөг сэтгэгдлүүдэд дасаад эхэлсэн чинь надад эвгүй санагдаад, дахиж эмэгтэй дүр бүтээхгүй гэж шийдсэн.

Ч.Санжаадорж: Мөнхцэцэгийн цувралууд манай хамгийн их хандалттай бичлэгүүдэд багтдаг.

Э.Мөнхжаргал: Бид хамгийн анх 100 мянган лайк давсан бичлэгтэй болъё гэж бодож байсан. Гэтэл энэ цувралын хоёр бичлэг нь 100 мянган лайк авсан.

-Одоо та бүхэн зорилгоо хэрхэн тодорхойлж байна?

-Э.Мөнхжаргал: "Саанжий, Мөөнжий Шидэт чулууны эрэлд" жүжиг маань бидний хамгийн анхны том ажил. Ub palace бол Монголын хамгийн олон хүний буюу 3000 суудалтай томоохон танхим шүү дээ. Бид тэр зааланд хоёр удаа жүжгээ тавина гэхээр 6000 хүн цуглуулна гэсэн үг. Энэ бол маш том ажил. Гэхдээ 100 хувь дүүрэхгүй юм аа гэхэд 50 хувийн гүйцэтгэлтэй ард нь гаръя гэж бодож байна. Харин ирээдүйн зорилго бол кино бүтээх.

Ч.Санжаадорж: Хамгийн чанартай зохиолтой, хамгийн сайн кино бүтээхийг хүсэж байгаа.

-Саяхан нийгэм даяар уран бүтээлчдийн тэр дундаа СУИС-ийн үе тэнгийн дарамт шахалтын талаарх асуудлыг хөндөж, зарим нь шүгэл үлээж нийгмийг ч бас багагүй талцуулаад амжсан. Та хоёрын хувьд үүнд ямар байр суурьтай байна. Хариулахгүй байсан ч болно?

-Ч.Санжаадорж: СУИС-д бие биеэ хүндэлдэг ёс байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь нэгнээ хүчирхийлэх, дарамтлах аргаар илрэх ёсгүй. Би оюутан байхдаа сургууль дээрээ ирчхээд буцаад харимааргүй санагддаг байсан. Тийм л гоё энергитэй, тийм л гоё сургууль. Жишээлбэл би гуниглаад сууж байлаа гэж бодъё. Тэгтэл манай дээд курсийнхэн ирээд инээж хөхөрч байгаад л сэтгэл сэргээчихдэг байсан. Тэгэхээр хамгийн чухал нь зөв хүндлэл л байх ёстой.

Э.Мөнхжаргал: СУИС бол хамгийн гоё сургууль. Яагаад вэ гэхээр, Хүүхдүүд гэрээсээ гараад сургууль дээрээ очдог шүү дээ. Гэтэл бид нар гэрээсээ гараад гэртээ очиж байгаа юм шиг тийм мэдрэмжийг авдаг байсан. Учир нь сургууль руу орох төдийд л дандаа таньдаг хүүхдүүд. Бие биеийнхээ нэрийг, ангийг нь хүртэл мэддэг. Тийм учраас байнга хоорондоо мэндтэй, устай байдаг л даа.

Магадгүй хэн нэг нь жаахан гуниглачихсан сууж байвал очоод юу болсныг нь асуудаг, анхаарал тавьдаг. Хамгийн гол нь мэдэхгүй, чадахгүй зүйл гарч ирвэл дандаа ах эгч нараасаа асууна. Бүгд л хариулаад, заагаад өгдөг. Хэн ч үгүй гэдэггүй. Тийм гоё сургууль. Мөн дээр нь хэдхэн хүний ухамсрын асуудлаас болоод сургууль тэр чигтээ хохирч байгаад үнэхээр их харамсалтай байна.

-Ярилцлагаа энд хүрээд өндөрлөе. Үзэгч, уншигчдадаа зориулаад үг хэлэхгүй юу?

-Ч.Санжаадорж: "Саанжий Мөөнжий Шидэт чулууны эрэлд" хүүхдийн жүжиг маань дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 12:00, 15:00 цагуудаас ердөө хоёрхон удаа Ub palace-д тоглогдох тул хүүхэд багачууд та бүхнийг хүрэлцэн ирж үзээсэй гэж хүсэж байна.

Э.Мөнхжаргал: Yoj Lol-ын ах эгч нар нь жүжиг үзсэн хүүхдүүдээс 10 хүүхэд сонгоод тэр хүүхдүүдтэйгээ нэг өдрийг маш хөгжилтэй өнгөрөөнө. Бас тэрхүү өдрийн дурсамжаа влог хэлбэрээр Youtube хуудсандаа байршуулах учир хүүхдүүдийгээ ирээсэй гэж хүсье.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Эрдэнэсүх: Ирц нь хүрэхгүй хурал хийж балиартдагаа больё
Б.Эрдэнэсүх: Ирц нь хүрэхгүй хурал хийж балиартдагаа больё
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.