Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөлд ХБНГУ-ын Бундестагийн дэгийн хуулийг бүхэлд нь хуулсан л юм билээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 7 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар зайлшгүй батлагдах ёстой гол хуулиудын нэг нь УИХ-ын дэгийн тухай хууль юм. Тэгвэл бид дэгийн хуульд орж буй өөрчлөлт, онцлог заалтуудтай холбоотойгоор УИХ-ын гишүүн УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс байр суурийг нь тодрууллаа.

-УИХ-ын хаврын чуулганаар батлах ёстой хамгийн чухал хуулийн нэг нь дэгийн тухай хууль. Тэгэхээр 126 гишүүнтэй шинэ парламент чуулганы хуралдаанд бүлгийн зохион байгуулалтад орж, олонх болсон намын гишүүд илүү үг хэлдэг байх дэг рүү шилжинэ гэж буй. Үүнийг та юу гэж дүгнэж байгаа вэ?

-Бид хуулийн төслүүдийн хүрээнд парламентын олон гишүүдтэй улс орнуудын жишгийг харьцуулж харсан. Манай парламентад яригдаж буй энэ хуулийн төсөл нь ХБНГУ-ын Бундестагийн дэг юм билээ. Тус Бундестаг өөрөө 736 гишүүнтэй. Харин манайх 76 гишүүнээ дөнгөж 126 болгож нэмэгдүүлэх гэж байгаа. Харьцангуй жижиг парламент гэсэн үг. Тэгэхээр 736 гишүүнд зориулсан парламентын дэгийг 126 гишүүнд мөрдүүлж, үг хэлэх эрхийг нь хязгаарлах гэж буй нь дэндүү ахадсан хуулийн зохицуулалт гэж харж байна.

УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл ХБНГУ-ын Бундестагийн дэгийн хуулийг бүхэлд нь хуулсан л юм билээ. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоон харьцаанаас харсан ч арай л боломжгүй зохицуулалт гэж харж байна.

-Хуулийн төсөлд УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг салгаж, зохицуулахаар тусгаад буй. Энэ агуулгад та ямар байр суурьтай байна вэ?

-Бид өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал гэдэг тусдаа ойлголтыг нэг тогоонд авч явж ирсэн. Үүнийг тодорхой хэмжээнд салгах хэрэгтэй. Үндсэндээ УИХ-ын гишүүний бүрэн эрх түдгэлзсэн ч халдашгүй байдал нь тусдаа байх ёстой. Нөгөө талаас хуулийн ямар ч хариуцлага хүлээсэн ард түмнийг төлөөлөх мандат нь хэвээр байх нь чухал учраас төлөөллийн эрхийг нь тасалдуулахгүй байх нь зөв. Иймд энэ асуудлаар тодорхой шийдэлд хүрэх нь зүйтэй гэж үзэж байна.

-Зарим улс төрчид Гүйцэтгэх засаглал, Хууль тогтоох дээд байгууллагаасаа давсан эрх мэдэлтэй байна гэж зарим улстөрчид шүүмжилдэг. Ялангуяа Засгийн газрын эрх мэдлийн хүрээг УИХ-ын дэгт зангидах шаардлагатай талаар хуулийн төсөл санаачлагчид хэлж байна. Тухайлбал, хуульд нэг сайд нэг л байнгын хороонд ажиллахаар тусгасан байна. Үүнийг та юу гэж харж байна?

- Яг энэ асуудалд хоёр талын зөрчилтэй зүйлс байгаа. Нэгт, Монголын парламент өөрөө хариуцлага хүлээдэг механизм байхгүй. Орчин үеийн засаглалаар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг заагаад өгчихсөн. Гэтэл хууль тогтоох байгууллагад хэн яаж хариуцлага тогтоолгох нь тодорхойгүй. УИХ тарах дээрээ тулвал өөрөө л тарна. Тэгэхээр энэ бол Монголын парламентад ёсны нэг сул тал гэж харж болохоор. УИХ, ЗГ хоёрын харилцан хяналт, тэнцэл нь хаана байна гэхээр Засгийн газар нь парламентынхаа дээр гарах тохиолдлууд өнгөрсөн хугацаанд гарлаа.

Тиймээс байнгын хорооны гишүүдийн 2/3-ын саналаар сайдад хариуцлага тооцох саналыг Ерөнхий сайдад гаргадаг байх агуулгыг зарчмын хувьд зөв гэж бодож байна.

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авах үнээ ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй
Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авах үнээ ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.