Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.04.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсов.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлого, хэтийн төлөвийн талаар мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх” болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс нь хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.89 сая тонноор, үүнээс эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн салбарын хувьд 2030 оны түвшинд 8.34 сая тонноор бууруулах зорилтыг тавьсан.
Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг зохистой хэмжээнд дэмжин хөгжүүлэх дунд, урт хугацааны бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
·БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 90 МВт-ын “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлж байна.
·Азийн хөгжлийн банктай хамтран 80 МВт-ын хүчин чадалтай 200 МВт.ц-ын багтаамжтай цэнэг хураагуурын системийг сүлжээнд залган 2023-2024 оны өвлийн оргил ачаалалд чухал хувь нэмэр оруулсан.
· Дэлхийн банкны санхүүжилтээр Ховд аймгийн Мянгад суманд 10 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж 2022 онд ашиглалтад оруулсан.
· Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Завхан аймгийн Алдархаан суманд 5 МВт-ын нарны цахилгаан станц болон 3.6 МВт-ын батарей хуримтлуурын системийг 2022 онд, Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд 10 МВт-ын нарны цахилгаан станцыг 2023 онд, Алтай суманд 300 кВт-ын нарны цахилгаан станц болон хуримтлуурын системийг 2022 онд тус тус ашиглалтад оруулсан. Хөвсгөл аймгийн Мөрөнд 10 МВт-ын нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2024 оны 5 сард багтаан ашиглалтад оруулна.
Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Стратеги, уур амьсгалын сангийн 1.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Ховд аймаг, Завхан аймаг, Баянхонгор аймаг, Увс аймаг, Говь-Алтай аймагт нийт 5 байршилд нийт 10,000 м2 талбайд 0.5 МВт-ын нийлбэр хүчин чадал бүхий хөрсний дулааны насосын системийг суурилуулсан.
Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд соёрхон баталсан. Тус хуулиар хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах зорилгоор нар, салхи, усны эх үүсвэрүүдийн тарифыг ам.доллароор тогтоон хуульчилсан. Мөн тухайн үед сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн өртөг өндөр байсан.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдсанаар Эрчим хүчний зохицуулах хорооноос 2008-2018 онуудад 39 хуулийн этгээдэд нийт 1352.4 МВт чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгосон байна гэлээ.
Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд нийт 297 МВт-ын нар, салхи, усан цахилгаан станцууд ашиглалтад орсон. Үүнээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 90 МВт-ын нийлбэр чадалтай 6 нарны цахилгаан станц, 155 МВт-ын нийлбэр чадалтай 3 салхины цахилгаан станц ашиглалтад орж, нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллаж байгаа аж.
Монгол Улсын эрчим хүчний систем нь дотооддоо горим тохируулгын түргэн ачаалал авах эх үүсвэргүйн улмаас ОХУ-тай холбогдсон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч импортоор авч, горимын тохируулга хийдэг байна.
Нарны цахилгаан станц нь эрчим хүчний нэгдсэн сүлжээний өвлийн их ачаалалд оролцдоггүй, салхин станцын хувьд 2013-2022 онуудад 0.2-10.хувиар системийн оргил ачаалалд оролцсон байна.
Хувийн хэвшлийн нар салхины эх үүсвэрүүд 2023 оны байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний суурилагдсан хүчин чадлын 18 хувийг эзэлж байгаа боловч 2023 оны тайлан тэнцлээр нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 8.8 хувийг үйлдвэрлэж, салбарын цахилгаан эрчим хүчний борлуулалтын орлогын 22.3 хувийг авсан байна.
Эдгээр нарны цахилгаан станцуудаас төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 500-600 төгрөгөөр, салхин станцуудаас 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 328-330 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа нь дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станцуудын цахилгаан үйлдвэрлэлийн дундаж тариф 113 төгрөгөөс 3-5 дахин өндөр байгаа аж.
Дэлхий нийтэд техник, технологи хөгжих хирээр нар, салхины эх үүсвэрийн үндсэн тоноглолуудын үнэ, өртөг буурч, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалт буюу аукционы зарчмаар хэрэгжүүлж буй аж.
Тухайлбал Монгол орны байгаль цаг уур, газарзүйн байршлын хувьд ойролцоо Узбекистан Улсад 100 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэгчийг өрсөлдөөний үндсэн дээр сонгон шалгаруулж нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг 2.67 цент болгосон. Мөн Камбож Улсад 100 МВт, Казакстан Улсад 20 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан станцуудын төсөл хэрэгжүүлэгчийг өрсөлдөөний үндсэн дээр сонгон шалгаруулж нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг 3 цент болгосон туршлагууд байна гэлээ.
Мөн тэрбээр, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлэхээр хуульчилсан.
Хуульд нэмэлт, өөрчлөлт орохын өмнө сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн барилга байгууламж шинээр барих тусгай зөвшөөрөл авсан, одоо хүчин төгөлдөр байгаа 202 МВт-ын нийлбэр хүчин чадалтай 2 салхин цахилгаан станц, 110 МВт-ын нийлбэр хүчин чадалтай 4 нарны цахилгаан станц, нийт 312 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих аж ахуйн нэгжүүд байна. Мөн тусгай зөвшөөрлөө сэргээлгэхээр шүүхэд хандсан нийт 330 МВт-ын нийлбэр чадал бүхий 9-н аж ахуйн нэгж байна. Эдгээр эх үүсвэрүүд нь ашиглалтад орсноор өнөөгийн эрчим хүчний салбар дотоодын горим тохируулгын эх үүсвэрийн дутагдлаас шалтгаалж цахилгаан эрчим хүчний хэлбэлзлийг тохируулж чадахгүй. Эдгээр төслүүдийн батлагдсан тариф 8.5-16 цент байгаа нь салбарын хувьд санхүүгийн дарамт бий болгоно.
Эдгээр нар, салхины эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл эзэмшигчдын хувьд тарифыг нарны станцын хувьд 10 цент, салхин станцын хувьд 8.5 цент болгон бууруулж, энэ тарифт батарей хуримтлуурын системийг нарны станцын суурилагдсан чадлын 20 хувьтай тэнцэх, салхин станцын хувьд суурилагдсан чадлын 40 хувьтай тэнцэх хэмжээний суурилагдсан хүчин чадлыг 4 цагаас багагүй хугацаанд гаргах боломжтой хуримтлуурыг нэмж суурилуулж станцын тогтвортой цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагыг зөвшөөрсөн тохиолдолд дэмжих боломжтой.
Учир нь эдгээр төслүүд хэрэгжсэнээр дэлхийн хөгжлийн чиг хандлагын дагуу өрсөлдөөнт сонгон шалгаруулт зохион байгуулж бага үнээр хэрэгжих сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн зах зээлийн болон техникийн орон зайг хааж байгаа тул ийм шаардлага тавьж байна.
Үүний зэрэгцээ Дэлхийн банк болон Олон Улсын санхүүгийн корпорацитай хамтран салхин станцын төслийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлэх бүрэн боломж бидэнд байна.
Цаашид Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийг горим ажиллагааны хувьд тогтвортой, өөрийгөө зохицуулах чадвар бүхий систем болгон бүрдүүлэх нь салбарын тулгамдсан асуудал болж байна. Горим тохируулгын эх үүсвэртэй байх нь өдөр шөнийн хэрэглээний горимыг зохицуулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх төдийгүй дэлхийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Олон улсад горим тохируулгын эх үүсвэр нь хийн болон усан цахилгаан станцууд байгаа ба манай улсад энэ чиглэлээр бага, дунд чадлын усан цахилгаан станц, усан цэнэгт цахилгаан станцтай болох, тохируулгын үүрэг бүхий хийн цахилгаан станц, эрчим хүчний хуримтлуурын системийг шинээр барих зайлшгүй шаардлага үүсээд байна.
Иймээс бид горим тохируулгын буюу техникийн боломжийг бүрдүүлэх зорилгоор Дэлхий банктай хамтран эрчим хүчний системд 200 МВт-ын хүчин чадалтай, 800 МВт.ц багтаамжтай батарей хуримтлуурын системийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, хамтран ажиллаж байна.
Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллах ус хуримтлуурт 100 МВт-ын усан цахилгаан станц”, дотоодын урсац бүхий “30 МВт-ын Байдрагийн усан цахилгаан станц” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж Азийн хөгжлийн банк болон Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн мэдээллийг өгсөн.
Эрчим хүчний сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. УИХ-ын гишүүд, хотын захын хорооллуудад дахин төлөвлөлт хийж, барилгын төслүүд хэрэгжүүлэх гэхээр эрчим хүчний эх үүсвэр дутагддаг. “Амгалан” ДЦС-ын хүчин чадлыг 116 МВт-аар нэмэгдүүлэх төслийн явц ямар шатанд яваа талаар тодруулсан. Мөн өмнө нь баригдсан нар, салхины төслүүдийн төлбөр төлөгдөөгүй байгаа гэсэн тийм яриа байна. Өөрөөр хэлбэл улс гэрээ зураад тарифыг нь төлнө гэсэн боловч одоог хүртэл тодорхой хэмжээний өр төлбөртэй байгаа юм байна. Энэ талаар тодорхой тоон мэдээлэл өгөөч хэмээн асуусан.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Амгалан ДЦС-ыг энэ дөрөвдүгээр сарын 18-ны өдөр ашиглалтад авахаар бэлтгэж байна. Эрчим хүчний системд одоогийн байдлаар нарны зургаа, салхин гурван цахилгаан станц ажиллаж байгаа. Нэг худалдан авагчтай загвар эрчим хүчний салбарт үйлчилдэг. Энэ нэг худалдан авагчийн загварын гол онцлог нь төвлөрч орж ирсэн мөнгийг үйлдвэрлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт 100 орлогын данснаас өдөрт нь хуваарилж явдаг системтэй. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг нийлүүлсэн тэр хэмжээгээр нь өдөр өдөрт нь төлбөрийг нь төлөөд явж байгаа. Хуримтлагдсан өр авлага байхгүй гэсэн мэдээлэл өгсөн.
Дараа нь асуулга тавьсан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үг хэлсэн. Тэрбээр, Бид эрчим хүчнийхээ асуудлыг шийдэж байж хөгжил ярина. Манай эрчим хүчний систем аль эрт дампуурчихсан шүү дээ. Улсаас татаж чангааж л авч явж байгаа. Дэлхийн чиг хандлага сэргээгдэх эрчим болох нар, салхи, УЦС руу явж байна. Манайх шиг алслагдсан газар нутагтай, хүн ам цөөтэй газар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нар, салхины станцаас батарейд хуримтлуулах байдлаар эрчим хүчний асуудлыг шийдэх нь зөв гарц гэж бодож байна. Өнөөдөр ард иргэдээс сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф гэж 23.7 төгрөг авч байгаа. Тухайн үед өндөр үнэтэй хийсэн хариуцлагагүй гэрээнээс болоод ард иргэд ийм ачаа үүрч явна. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих эрх зүйн орчныг сайжруулж шийдэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.
Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 49 дүгээр захирамжаар Мэргэжлиин нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгииг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг онцолсон.
Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 22 санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй гурван саналыг санал тус бүрээр хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-д хамаарах чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн нэгдсэн холбоог энэ хуулиар зохицуулахаар өөрчилж, мөн энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Төрийн бус байгууллагын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүрпэлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд зааснаар зохицуулах асуудлыг хуулийн төсөлд нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн төсөлд мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулах, түүнд тавигдах шаардлага, үйл ажиллагаз, зохион байгуулалт, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг тодорхойлж, мэргэжлийн нэгдсэн холбоо нь тухайн салбарын мэргэжлийн холбоодын олонхоос бүрдэх. тухайн салбарын зах зээл дэх үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын тавиас дээш хувийг эзэлдэг байх. хэрэв мэргэжлийн холбоо нь тухайн сапбарын олонхын төлөелөл бүхий гишүүнчлэлтэй бол энэ хуульд нийцүүлэн мэргэжлийн нэгдсэн холбооны чиг үүргийг хэрэгжүүлэх зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.
Мэргэжлийн нэгдсэн холбоо үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт хүргүүлэх, баримт бичгийг нягтлан шалгах, уг холбоог бүртгэх, бүртгэхээс татгалзах нөхцөл, шаардлагыг хуулийн тесөлд шинээр нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 1ухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиин төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Б.Баттөмөр гишүүн танилцуулгадаа дурдаж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор ирэх пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар тогтон нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.