Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Зариг.мн” сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.
Улмаар шүүх саналыг хүлээн авч хянан хэлэлцээд яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, яллагдагчийн хувийн байдал болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор яллагдагч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаанд сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн юм.
Тэгвэл уг асуудлаар өнөөдөр түүний өмгөөлөгч О.Батсүх мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарласныг эсэргүүцэж, Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан" гэв.