Чингэлтэй дүүргийн иргэд өнөөдрөөс эхлэн төрийн 478 төрлийн үйлчилгээг хорооныхоо байрнаас хурдан, шуурхай авч, цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломжтой боллоо.
Тодруулж хэлбэл, нийслэлийн 9 дүүргээс Чингэлтэй дүүрэг бүх хороондоо Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нэвтрүүлсэн хамгийн анхны дүүрэг болов.
Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал, "Чингэлтэй дүүргийн бүх хороо буюу нийт 24 хороонд төрийн “ХУРДАН “үйлчилгээ нэвтэрлээ. Энэ бол төр иргэндээ очиж үйлчилж байгаа зөв шийдэл. Түгжрэл, төвлөрөл, хүнд суртал, зардал чирэгдэл буурах, хаанаас ч ойрхон, хурдан шуурхай төрийн үйлчилгээ авах бодит шийдэл. Чингэлтэй дүүрэг нь нийт 24 хороотой бөгөөд 37,736 өрх, 136,280 гаруй иргэн оршин суудаг, хүн амынхаа тоогоор нийслэлийн хэмжээнд 6-р байр ордог.
Жишээ нь: Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд оршин суудаг иргэн өмнө нь Төв шуудангийн “ХУРДАН” цэг, Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээнээс төрийн үйлчилгээг авахын тулд ойролцоогоор 8 км замыг туулж 2-3 цагийг зарцуулдаг байсан бол өнөөдрөөс эхлэн өөрт хамгийн ойр баырлах хорооныхоо байрнаас харьяалал харгалзахгүй төрийн үйлчилгээ, лавлагаа, мэдээлэл тодорхойлолт авдаг болж цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломж бүрдлээ.
Цаашид Сүхбаатар, Сонгинохайрхан болон нийслэлийн бусад дүүргүүдэд нэвтрүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулна. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 4, 5 дугаар сард багтаан хүн амын төвлөрөл ихтэй зах, худалдаа үйлчилгээний төвүүдэд хувийн хэвшлийн киоск машиныг улсын хэмжээнд байршуулна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар “Хурдан” цэгээр нийслэлийн хэмжээнд 139 мянган үйлчилгээ, орон нутгийн хэмжээнд 306 мянган үйлчилгээ, хилийн чанад дахь 29 улсын 44 цэгээр дамжуулан 4500 үйлчилгээ, Монгол Шуудан ХК, Монголын цахилгаан холбоо ХК-аар дамжуулан 19 мянган үйлчилгээ, нийт 470 мянган үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлээд байгаа юм.
“ХУРДАН” цэгээс иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, жолоодох эрхийн оноо, шинжилгээний хариу авах, зээлийн мэдээллийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг төрийн 43 байгууллагын үйлчилгээнүүдийг авах боломжтой аж.