Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Эрчим  хүчний үүсвэрийг нэмэгдүүлэх ажил Ч.Хүрэлбаатар сайдаас болж гацаад байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 41 секунд

Эрчим хүч, дулааны асуудал Монгол Улсад гамшгийн хэмжээнд хүрсэн гэхэд болно. Үүнийг бүгд мэддэг ч тоохгүй, анзаарахгүй явсаар өдийг хүрлээ. Харин саяхан болсон "Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”-ийг онцолж, энэ салбарт тулгамдаад байгаа асуудлыг ярьсан нь олзуурхууштай байв. Нийслэлийн удирдлагууд эрчим хүчний асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэнд салбарынхан нь ч талархаж “Нэг ч гэсэн улстөрч энэ салбарт санаа нь зовж, ажил хийхээр зүтгэж байгаа нь сайхан байна” гэж байсан юм. Тэгвэл бид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатартай эрчим хүчний асуудлаар ярилцлаа.

-Улаанбаатарт тулгамдаад байгаа асуудлын тэргүүн эгнээд эрчим хүчний дутагдал зүй ёсоор орно. Өнгөрсөн жилээс эхлэн нийслэлийнхэн цахилгааны хязгаарлалтад орж, энэ салбар ямар хүнд байгааг бага ч болов мэдэрсэн байх. Ер нь нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Юуны түрүүнд танай сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын төвийн эрчим хүчний систем маш хүнд байдалтай байгаа. Манай нийт хэрэглээ 1636 МВт хүрсэн. Гэтэл суурилагдсан хүчин чадал маань дэндүү чамлалтай байгааг ихэнх нь гадарлаж байгаа байх. Эрчим хүчний салбарт сүүлийн 20 гаруй жил маш олон томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжих алтан боломж байсан ч хийрхэл, улстөржилтөөс болж алдсан байдаг. 2013, 2014 он хүртэл дэлхийн зах зээл дээр нүүрсний цахилгаан станцуудад хөрөнгө босгох боломж байсан. Тэр цагаас хойш бол олон улс ногоон, эко эрчим хүч, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулах болоод байна. Үүнд чиглэсэн НҮБ, Парисын Уур амьсгалын хэлэлцээр зэрэг уриалга, баримт бичгүүд ч бий. Ингээд нүүрсний цахилгаан станцад гаднын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл үндсэндээ хумигдсан гэж болно. Бид Дулааны V цахилгаан станц барих боломжоо гэхэд 20 жилийн өмнө алдсан. Багануурын цахилгаан станцыг манай энэ Засгийн газарт байгаа хүмүүс гацаасан шүү дээ. Ерөнхийлөгч байсан хүмүүс ч гацаахад нь оролцож байлаа. Үр дүнд нь өнгөрсөн өвлийг бараг 200 МВт-ын дутагдалтай өнгөрүүллээ. Ирэх жил 400 МВт-ын дутагдалтай өвөлжих тооцоолол гарсан байна.

-Тэгвэл эрчим хүчний маш гүн хомсдол үүсэх нь ээ?

-Шударгаар хэлэхэд тийм. Нийслэлчүүд хоногийн талд шахам эрчим хүчээ хязгаарлуулах хүртэл гамшгийн хэмжээний нөхцөл үүсэхэд бэлэн байна гэсэн үг. Харамсалтай нь үүнийг тоож байгаа ч хүн алга. Бүгд улстөржөөд, сонгууль гэж хийрхээд яваад байх юм. Улстөрчид хөдөө орон нутаг руу очоод татвар төлөгчдийн мөнгөөр зуд турханд нэрвэгдсэн айл амьтанд тусламж дэмжлэг үзүүлээд яваад байна. Энэ нь нэг талдаа зөв л байх. Гэхдээ нөгөө талдаа улс орны хэмжээний хамгийн чухал асуудал орхигдчихоод байна. Энэ бол эрчим хүчний аюулгүй, найдвартай хэрэглээ. Үүнд санаа зовж байгаа хүн бараг байхгүй байна.

-Одоо тэгвэл ирэх өвөлд бэлдэж ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна?

-Мэдээж, бид эрчим хүчний асуудлыг шийдэх чиглэлээр идэвхтэй ажиллана. Зүгээр суух цаг биш шүү дээ. Эхнээс нь яриад явья. Эдийн засаг, хөгжлийн сайдад “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг дэмжээд өгөөч ээ” гээд бичиг өгсөн. Одоо болтол хариу байдаггүй. Уг нь эрчим хүчний асуудал бол яалт ч үгүй Эдийн засаг, хөгжлийн сайдын асуудал шүү дээ. Хотын дарга эрчим хүчний асуудал хүндэрчихлээ гэж ярихаас илүүтэй Эдийн засаг, хөгжлийн яам улсын хөгжлийн дунд болон урт хугацааны төлөвлөгөөнд эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар төлөвлөж байх ёстой биз дээ. Гэтэл ийм хийсэн юм ямар ч юм алга. Үүнийх нь хойноос хотын дарга нь гүйж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг дэмжээд өгчихвөл Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээр Төр, хувийн хэвшлийн түншлэл хиймээр байна. Гуйгаад барахгүй, чадахгүй л явж байна даа. “Үзэл баримтлал баталж өгөөч ээ” гээд хоёр долоо хоног өнгөрлөө. Утсаа ч авахаа байсан. Одоо бол би энэ асуудлыг хэвлэлд нээлттэй яриад явья гэж бодож байгаа. Ингэж байж чихэнд нь нэг юм хүрэх юм шиг байна.

-Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулчихвал асуудал шийдэгдэх үү?

-Бас ч тийм биш ээ. Хэрэв бид энэ жил Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулаад, Батарейн 80-100 МВт-ын хүчин чадалтай станц шинээр барьчихвал ирэх жил цахилгааны хязгаарлалт харьцангуй багатай байх юм билээ. Эрчим хүчний салбарынхантай хамтарч энэ тал дээр тооцоо, судалгаа хийсэн. Мэдээж, цаана нь бас эрчим хүч дутагдсан хэвээр байхаар байгаа. Өнөөдөр 400 МВт-аар нэмэгдүүлэх шаардлагатай хэрэгцээ байна гэж би түрүүнд хэлсэн шүү дээ. Ер нь эрчим хүчний хэрэглээ, хэрэгцээ нь эдийн засгийн өсөлттэй ч шууд холбогддог. Өнгөрсөн өвлийн 11, 12 дугаар сард эрчим хүчний хэрэглээ 13 хувиар огцом өссөн. Энэ жил дахиад 12, 13 хувиар өсөх төлөвтэй байгаа. Дээр дурдсан хоёр төслийг хэрэгжүүлбэл 200 МВт-ын дутагдлаа нөхнө. Гэвч цаана нь дахиад 200 МВт-ын онгорхой дутагдал гараад байна аа даа. Хэрвээ энэ хэрэгцээтэй эрчим хүчний асуудлыг шийдэж чадахгүй бол нийслэлийнхэн цахилгааны хязгаарлалтад орно гэсэн үг. Ер нь сонгууль дөхөөд заяа нь хаясан юм л болж байна. Сонгуулиас болж бүх ажил гацаж байна. Эрчим хүчний салбар бол “Гүйх нохойд гүйхгүй нохойнууд саад болдог” зовлонд нэрвэгдээд удаж байгаа юм байна. Юм хийсэн хүн болгоныг хохироодог болж. Уг нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид “Ийшээ л нэг хөрөнгө оруулчих юмсан” гээд шунал нь хөдөлж байх ёстой салбар шүү дээ. Гэтэл нөгөө л сонгогчдод таалагдах хүсэл нь хэтэрч эрчим хүчний тарифыг боомилсоор байгаад давжааруулаад өсөлтийг нь зогсоочихсон. Тэгэхээр энэ салбар руу хэн ч орж ирэхгүй. Би сая Эрчим хүчний сайдтай уулзалт хийсэн. “Бид хотын эрчим хүчинд өөрчлөлт гаргая аа. Дулааны II цахилгаан станцаа манай өмчид шилжүүлээд өгчих. Наадах чинь бүр онигоо шүү дээ. 22-хон МВт-ын эрчим хүч үйлдвэрлэдэг. Үүнийг 300 МВт-аар өргөтгөе, ТЭЗҮ-тэйгээ өгчих. Бид өөрсдөө дотоод зах зээл дээр мөнгө босгоод, өмчлөөд эрчим хүчний салбарт сэргэлт хийе” гэж хэлсэн. Харин Эрчим хүчний сайд “Татгалзах зүйлгүй гэдэг бичгээ өгье” гэсэн. Засгийн газар хэрхэн яаж шийдэхийг би хэлж мэдэхгүй байна. Үүнийг шийдчихвэл гурав дахь эрчим хүчнийхээ төсөл рүү орно.

-Таны хэлж байгаагаас харахад нэлээд бухимдалтай байгаа юмаа даа?

-Би урт ярьвал олон албан тушаалтанд бухимдсан сэтгэгдлээ илэрхийлэх байх. Улаанбаатар хотын бүх бүтээн байгуулалт эрчим хүчнээс болж саатах гээд байна. Тиймээс арга буюу хот өөрөө эрчим хүчний төсөл рүү оръё гэж байгаа юм. Метро, орон сууцжуулах төслөөс эхлээд бүх бүтээн байгуулалт эрчим хүчээс шалтгаална. Одоо хотод хоёр том “шүдний өвчин” байна. Нэг нь эрчим хүч нөгөөх нь хөрсний усны асуудал. Хөрсний усыг зайлуулахад мөн л эрчим хүч хэрэгтэй. Бүх зүйлийн анхдагч суурь нь эрчим хүч. Мөн 1984 оноос хойш нэг ч дулааны цахилгаан станц бариагүй. Байгаа станцуудынх нь насжилт хүндэрсэн л гээд байгаа. Бурхны аварлаар шинэ төслүүд ортол энэ станцууд маань амь барчихгүйхэн шиг л байгаасай гэж залбирч байна. Үнэхээр гомдмоор шүү.

-Хаврын чуулганаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулиас гадна эрчим хүчний салбарын тодорхой хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах хуулийн төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн баг боловсруулаад холбогдох яамдуудад санал авахаар хүргүүлсэн гэсэн. Энэ ажлынхаа талаар тодорхой ярихгүй юу?

-Эрчим хүчний хуулиудыг либералчлах төслүүд манай дээр бичигдэж байна. Энэ салбарыг бага багаар либералчилж байж хөрөнгө оруулагчид шохоорхдог болно. Бид ирэх тавдугаар сардаа багтаагаад Батарей станц дээрээ гэрээ хэлэлцээр хийж, тендер зарлах байх. Засгийн газар шийдвэр гаргаад өгчихвөл хуучин орон нутгийн бондынхоо хугацааг нь сунгаж, хэмжээгээ нэмэгдүүлье гэсэн төлөвлөгөөтэй байна. Ингэж байж Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээр эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалт хийнэ. Тавдугаар сарын сүүлээр та эргээд уулзаарай. Тэр үед төлөвлөсөн ажлынхаа хэрэгжилтийг ярья.

-Эрчим хүчнээс гадна дулаан хангамжийн асуудал хүндэрсэн. Дулааны асуудал дээр ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Улаанбаатарт дулааны тархмал эх үүсвэртэй 23 станц барих шаардлага өнөөдөр байна. Таван станцын газрын асуудлыг Засгийн газар руу оруулсан. Мөн л гацчихаад байж байна. Уг нь сайд нар нь ажлынхаа чиг үүргийн хүрээнд Засгийн газрын хуралдаанд оруулаад шийдээд явах ёстой шүү дээ. Таван станц ирэх жилийг түр л аргална. Цаашаа бид 18 дулааны станц барьж байж дулааны асуудлыг шийднэ. Арав дээр нь зураг төсөл нь хийгдээд бэлэн болчихсон байгаа. Үүний тавыг нь энэ жил эхэлье гэж байгаа юм. Уг нь эхэлчихвэл маш хурдан барьж болох станцууд юм. Мөн л Эдийн засаг, хөгжлийн сайд дулааны станц барих газар олголтын ерөнхий төлөвлөгөөг баталж өгөөгүй, зогссон. Надад хэлэх үг олдохгүй байна. Газар олголтын Засгийн газрын шийдвэрийг Ч.Хүрэлбаатар сайд зогсоочихсон шүү дээ. Залгаад утсаа ч авахгүй, тэгээд юу ч хийгдэхгүй. Би үүнийг Засгийн газрын хурал дээр орж хэлнэ. Тэгээд асуудал шийдэж өгөхгүй бол асуудал шийдэж өгдөггүй хуралд суумааргүй байна гэдгээ хэлээд гарна.

Эх сурвалж: MongolianEconomy.mn, "Energy mongolia" сэтгүүл

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд Сэлэнгэ аймагт ажиллахаар болжээ
ЦЕГ-ын дарга Т.Сүхболд Сэлэнгэ аймагт ажиллахаар болжээ
 
Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.