Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэрэг гараад байна.
Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг үүрэг болгосноор ЦЕГ-ын дарга, хурандаа Т.Сүхболд цагдаагийн албан хаагчийн нэр төрийг гутаасан жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хэргийн нөхцөл байдалтай танилцахаар Сэлэнгэ аймаг руу явахаар болжээ.
Сануулахад, Уг асуудлаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийсэн. Тодруулбал, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Цагдаагийн нэр бүхий 4 албан хаагчийг албанаас нь чөлөөлж шалгаж байна. Орон нутаг, овог нэр, холбогдсон албан хаагчийн нэрсийг хэлэх боломжгүй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль бий. Уг хуулиар дээрх мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд ордог. Тухайн хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болохгүй. Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд мэдээллийг нь задруулж болохгүй гэдэг ХЭҮК-ын зөвлөмж бас бий. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокуророос зөвшөөрсөн хэмжээнд мэдээлж болно гэж үзсэн учраас өнөөдөр ийнхүү мэдээлэл хийлээ. Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн байгууллага өмгөөлж хамгаалахгүй" гэсэн байдаг.