Ерөнхий сайдын хүлээлт үүсгээд байсан ярилцлагын эхний цацалт өчигдөр хоёр ч телевизээр гарлаа. Одоо цаана нь 12 цацалт үлдэв. Мэдээж хүлээлт ёсоор Ерөнхий сайд, МАН-ын даргын улс төрийн мэдэгдэл, өрсөлдөгчдийнхөө талаар хэлсэн улс төрийн агуулгатай мессежүүд ойрын хэдэн өдрүүдэд улс төрийн хүрээний гол ярианы сэдэв байх нь гарцаагүй. Яг сонгуулийн өмнө бэлтгэн хүргэж буй эрх баригч намын даргын хэлсэн үг бүр ардаа улс төр, үйл явцын учиг зангилааг тээж байна. Тэгвэл гурван цаг гаруй хугацаанд үргэлжилсэн Ерөнхий сайдын ярилцлагын улс төрийн гол ньюанс, хэлэхийг хүссэн агуулгууд дээр хамтдаа товч анализ хийж үзэцгээе.
НЭГ: Ц.Элбэгдорж руу С.Зоригийн хэргийг чиглүүлэв
Өчигдрийг ярилцлагын гол дүр нь зохиол ёсоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байв. Энэ хаврын, ялангуяа сонгуулийн өмнө улс төрд энэ хоёр хүний тэмцэл багагүй дуулиан тарих талаар өнгөрсөн гуравдугаар сарын эхээр бид мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, С.Зоригийн хэргийн асуудлаар энэ хоёр хүний хоорондох зөрчил шинэ түвшинд өрнөх юм. Өчигдрийн ярилцлагыг бүхэлдээ Ц.Элбэгдорж гэдэг хүн рүү буюу түүний эргэн тойрныхон руу чиглэсэн хандлагатай хийжээ. Тухайн үеийн Ерөнхий сайдын томилгоо, Эрдэнэтийн асуудал, гэмт хэргийн шалгалтын явц, хэд хэдэн хүнийг хэлмэгдүүлсэн гэх шүүх процесс зэрэг олон агуулгаар С.Зориг агсны хэргийг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу ил цагаан чиглүүлж орхив.
Үүнээс гадна хамгийн ноцтой нь “С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй. Бусад ямар ч хэргийг сөхсөн надад хамаагүй” гэх агуулгыг тухай үед тамга солилцож байхдаа Ц.Элбэгдорж шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгаас гуйсан гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын энэ ярилцлагын дараагаас С.Зориг агсны хэргийн бүх үзүүр Ц.Элбэгдорж гэдэг хүн рүү чиглэх нь ойлгомжтой болж ирлээ. Энэ завсартаа Э.Бат-Үүлийг ардчиллын гол төлөөлөгч гэдгийг онцолсон нь Ц.Элбэгдоржийн ардчиллын алтан хараацай гэх зэрэг тодотголуудыг үнэгүйдүүлэх зорилготой байсан гэж таамаглахад хүргэж буй юм. Харин Ц.Элбэгдорж захиалагч, оролцогч, хамжигч, санаачлагч гээд аль түвшинд очиж яригдах нь ирэх өдрүүдэд улам бүр тодорхой болох буй за.
ХОЁР: Ц.Элбэгдорж, "Сахал" Д.Эрдэнэбилэгийн талыг сонгуульд оруулахгүй, унагах зорилго
Парламентын ээлжит сонгууль болох гэж буй. Шинэ дүрмийн дагуу зохион байгуулагдах энэ удаагийн сонгууль Л.Оюун-Эрдэнийн хувьд хамгийн чухал сонгууль байх болно. Өөрөөр хэлбэл, нам доторх эрх мэдэл болон хэрэгжүүлж буй бодлогоо үргэлжлүүлэхийн тулд тэр заавал ялах даалгавар өөртөө өгөөд буй. Мөн өнгөрсөн хугацаанд өрнүүлсэн авлигын эсрэг тэмцэл гэх нэршил бүхий улс төрийн “тулаан”-уудаа дуусгахын тулд Л.Оюун-Эрдэнэ сонгуулиар "амьд" үлдэх шаардлагатай. Эсрэгээрээ түүнийг унагах нь бүх дайснуудынх нь чинхүү эрмэлзэл байх нь гарцаагүй. Тиймээс намын гаднах Ц.Элбэгдорж, Б.Хурц, Д.Дорлигжав тэргүүтэй бүлэглэлийг системийн авлигачид, гол автор, С.Зоригийн хэрэгт онцгой сэдлээр ханддаг, Эрдэнэтийн хувьчлал, Оюутолгойн асуудлыг бүлэглэлийн эрх ашигт нийцүүлдэг гэх агуулгаар ч ярьсан нь цаанаа учиртай. Б.Хурцаас эхлээд олон хүнийг энэ удаагийн сонгуульд Ц.Элбэгдорж, “Сахал” Д.Эрдэнэбилэгийн талынхан бэлдэж, санхүүжилтийг нь босгож өгч буй гэх яриа улс төрийн хүрээнд яригдах болсон. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуулиар энэ бүлэглэлийн төлөөллийг АН-аас оруулж, ялалтад хүргэхийг онцгой эсэргүүцэж буй нь энэ аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар үүнтэй холбоотойгоор сонгуулийн мөнгийг оруулж ирэх асуудлаар банк оролцож, төв банкныхан хүртэл шалгагдсан гэх мэдээлэл саарал ордонд хөвж явна.
ГУРАВ: Хотын фракцыг хөдөлбөл газрын асуудлаар "гэзэг орооно"
Ц.Элбэгдоржоос гадна М.Энхболд, Т.Бадамжунай нарыг Ерөнхий сайд онцолж ярив. Түүний ярилцлагыг анзаарахад М.Энхболдын талынхан бүгд энэ хавар хотын газар олголт, газрын наймаанаас болж асуудалд орох нь гарцаагүй болов. Сүүлийн 30 жилд С.Амарсайхан хүртэлх бараг бүх хотын дарга нар М.Энхболдын “хотын фракц”-аас төрж гарсныг онцолсон бөгөөд газрын асуудлаар сонсгол зохион байгуулна гэдгээ баталгаажуулж хэлсэн нь энэ хаврын бас нэгэн онцлог улс төрийн акц болох бололтой.
Мэдээж М.Энхболд, Т.Бадамжунай тэргүүтэй нөхдүүд бол Ц.Элбэгдоржийн байгуулсан “МАНАН” гэх бүлэглэлийн МАН талын төлөөллүүд учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хавар эдгээр хүмүүст онцгойлон анхаарч хандах нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын удирдах энэ удаагийн сонгуульд МАН-ыг хөмрүүлэхийг хамгийн ихээр оролдох АН, МАН-ын сонирхлуудад сонгуулиас өмнө сануулга өгч буй нь энэ.
ДӨРӨВ: Авлигын тэмцлийг ШҮҮХ нурааж байна
Нүүрсний хэрэг, Хөгжлийн банк зэрэг авлигын хэргүүдийг эцсийн шийдэл олон нийтэд таалагдахгүй байгаа. Тэгвэл энэ асуудлын бурууг шууд шүүх рүү чиглүүлэв. Засгийн газар авлигын томоохон хэргүүдийг нийтэд мэдээлэх, хууль хяналтын байгууллага нь шалгаж тогтоох асуудлыг хийсэн. Өөрөөр хэлбэл, үүргээ гүйцэтгэсэн. Гэвч шүүх дээр байгаа томилгоонуудаараа дамжуулан өнөөх Ц.Элбэгдорж тэргүүтэй бүлэглэлүүдийн гар хөл бослон шүүгчид бүгдийг нь замруулж байна гэдгийг онцлов.
ТАВ: Х.Баттулгын холбогдсон хулгайнуудыг МАРТАВ
Системийн авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар Ерөнхий сайд ярьсан. Гэвч төмөр зам, нүүрс, Хөгжлийн банк гээд олон нийтийг бухимдуулсан томоохон хэрэгт нэр нь хавчуулагдаж яваа экс Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар үг унагасангүй. Бараг хоёрхон удаа шахуу Х.Баттулга гэдэг нэр гарсан ч аль ч тохиолдолд нь түүнийг шалгах, нэр нь холбогдсон томоохон хэргүүд дээр Л.Оюун-Эрдэнэ, Ардын нам, Засгийн газар ямар байр суурьтай байгаа талаар дуугарсангүй.
Өөрөөр хэлбэл, улс төрийн хүрээнд яригддаг шиг Л.Оюун-Эрдэнэ болон Х.Баттулга нар ойрхон байгаа нь эндээс ажиглагдаж байгаа юм. Ц.Элбэгдорж магадгүй системийн авлигын гол автор юм бол Х.Баттулга Ерөнхийлөгчийг гол тоглогч нь мөн үү гэдгийг шалгаж тогтоох нэн шаардлагатай. Гэвч тэр үг унагасангүй.
ЗУРГАА: Л.Оюун-Эрдэнэ улс төрд цаашдаа баавгайн анд хэнтэй хамт явахаа зарлав
Ардын нам дотор шинэ үе гарч ирсэн. Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оролцоотойгоор Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын зам хөшигний ард нэгэнт салсан гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор 1980-аад оны төлөөлөл болсон залуучууд хэнийг нь дагаж, хүчний харьцаа хаана явахаас шалтгаалж ирэх жилүүдийн Ардын намын улс төр тодорхойлогдоно. Тиймээс Ерөнхий сайдын хувьд өчигдрийн ярилцлагынхаа үеэр баавгайн анд найзтайгаа явах уу, ураг төрлийн хүнтэйгээ явах уу гэдгээ зарласан юм. Баавгайн анд явна гэдэг эрсдэлтэй. Алдаж буудвал бариулах магадлал хамгийн өндөр. Тиймээс анчид баавгайн анд хамгийн ойрын, хамгийн итгэлтэй хүнээ авч явдаг гэлцдэг.
Х.Нямбаатар хотын даргаар томилогдсон даруйдаа нэгдүгээр эмнэлгийн хашаанд баригдаж байгаа С.Амарсайханы хамааралтай гэх барилгыг явуулахгүй гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, яг одоо нийслэлд хүчтэй байгаа фракц болох Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан нарын фракц руу давшиж үзүүлсэн хэрэг. Магадгүй ирэх өдрүүдэд дээрхтэй агаар нэг агуулга улс төрд өрнөхийг ч үгүйсгэхгүй. Тиймээс хотыг ирээдүйд Х.Нямбаатараар дамжуулж Ерөнхий сайд өөрөө удирдана гэдгээ өчигдөр зарлалаа гэж хэлэхэд болох юм.
ДОЛОО: ҮХНӨ хийхэд саад учруулаагүй У.Хүрэлсүхийн "гавьяаг" мартав
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тогтолцоог өөрчилсөн талаараа ярихдаа санаатай юу, санамсаргүй юу Ерөнхийлөгчийн институтийн дэмжлэгийг орхигдуулж ярив. Дээр дурдсанчлан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын институт хоорондын үл ойлголцол үргэлжилж буйг эндээс харж болох юм. Өөрөөр хэлбэл, ҮХНӨ зэрэг томоохон зөвшилцлийн хүрээнд явдаг улс төрийн шийдэлд хамгийн гол үүрэг рольтой оролцдог хүн бол Ерөнхийлөгч. Ерөнхийлөгчийн институт үгүй гэвэл ҮХНӨ явдаггүй жамтай. Тийм ч учраас Ардын нам 2019 онд ҮХНӨ-ийг хийхдээ тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгаар зөвшилцлийн ажлын хэсгийг даргалуулж байлаа.
Ялангуяа сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмэх онцгой чухал өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн зөвшөөрөл, дэмжлэггүйгээр хийнэ гэдэг үлгэрийн далай. Мөн ҮХНӨ-ийг Ерөнхийлөгч ямар нэгэн хориг саад тавихгүйгээр шуудхан батламжилж, ёсчилсон билээ. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ энэ талаар огт дурдсангүй. “Аль институт танд илүү тусалсан бэ” гэх асуултад ХҮН намын дарга Т.Доржханд, АН-ын дарга Лу.Гантөмөр тэргүүтэй парламентын институтдээ талархаад өнгөрөв.
НАЙМ: Жагсаалтад дарга нарыг багтаахгүй гэх бодлогоо зарласан Ерөнхий сайдын цаад зорилго...
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ярилцлагаараа дамжуулан өгсөн өөр нэгэн сонирхолтой улс төрийн мессеж бол сонгуулийн нэр дэвшүүлэлт болон намын жагсаалттай холбоотой байв. Ялангуяа намын жагсаалт тод сонин өнцөг нь байлаа.
Тэрбээр, “Даргаасаа авхуулаад эрэмбээрээ бүгд жагсаалтад ороод ирвэл тэр намыг сонгохгүй байх ёстой” гэв. Өөрөөр хэлбэл, Ардын намын дарга нарыг бүгдийг нь чирээд тойрогт явна гэдэг бодлогоо Ерөнхий сайд өчигдөр зарлачих шиг боллоо. Дарга нараас бүрдсэн жагсаалтыг Ардын нам хийхгүй гэхээр Л.Оюун-Эрдэнэ Хэнтий багтсан бүс рүүгээ явах нь ойлгомжтой боллоо. Харин энэ улс төрийн үлгэр дуурайлалдаа Д.Амарбаясгалан, Г.Занданшатар, сайд дарга нар, УИХ-ын гишүүдээ хамт чирэх нь гарцаагүй. Намын дарга нь “Дарга нараас бүрдсэн жагсаалт хийхгүй” гэж зарлаад өөрөө тойрогт явах гээд байхад дараагийн дарга нар нь жагсаалтад орно гээд чичрэх нь утгагүй. Ингэснээр Л.Оюун-Эрдэнэ жагсаалтдаа шинэ хүмүүсийг оруулж жинхэнэ утгаараа өөрийн багийг парламентад бүрдүүлнэ.
Нөгөө талд нь нэр хүнд муутай, эсвэл ирээдүйд таарч тохирохгүй байх магадлалтай улс төрийн лидерүүд нь тойрогт очоод унах магадлал өндөр. Хэрвээ Ерөнхий сайдын хэлж буйгаар дарга нар жагсаалтад орохгүйгээр генсек нь Говь-Алтай, Завхан, Увсын том тойрогт явчихвал сонгуулийг хэн удирдах вэ. Тойрогт нэр дэвшиж буй хүн намын сонгуулиа удирдах боломжгүй. Магадгүй ямар ч сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарласан Х.Нямбаатараараа удирдуулах уу гэх зэрэг асуулт Ерөнхий сайдын өчигдрийн ярилцлагын дараагаар урган гарч байна.
Ямартаа ч Ерөнхий сайд жагсаалт дээр өөрийн нүүдлээ түрүүлээд хийчихлээ.
ЕС: Ардчилсан намыг Ардчилсан намынхнаар нь "бариулав"...
Өчигдрийн нэвтрүүлгийн өөр нэг сонин шийдэл нь Ардчилсан намын лидерийг Ардчилсан намын лидерүүдээр нь үгүйсгүүлсэн явдал байв. Ц.Элбэгдоржийн талаар, Ч.Сайханбилэгийн талаарх үгүйсгэлийг З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга тэргүүтэй лидерүүдээр нь хийлгэв. Улс төрийн пиар талаасаа энэ бол ихээхэн бодлоготой шийдэл байв.
Ирэх сонгууль дөхөх тусам энэ ярилцлагын үнэ цэнэ, нөлөө өснө. Ардын намынхан ч агуулга тус бүрээр нь реалити шоу маягийн улс төрийн зохиолыг нийтэд цацна. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуулийн гол өрсөлдөөн МАН болон АН-ын хооронд өрнөнө. Яг энэ үед арай гэж эвлэлдэн нэгдсэн намынхаа өнгөрсөн хугацаанд хийсэн бодлого, шийдвэр, үйлдлүүдийг өөр нэг лидер нь үгүйсгэнэ гэсэн үг. Хэдийгээр нэр хүнд нь өмнөх шиг ээ биш байгаа ч гэсэн З.Энхболдыг сонсдог АН-ын байтугай МАН-ын дэмжигчид бий. Ялангуяа Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын рейтинг намаасаа өндөр шахуу байгаа.
Гэтэл эвлэх гэж ядаж буй намынхаа өнгөрсөн хугацааны хамаг л муу муухайг Ардын намын даргын нэвтрүүлэгт ярьж тусалсан нь АН доторх бас нэгэн зөрчил л байх нь гарцаагүй.
Г.Лхагвадорж