Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Шулуухан л хэлье. ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 25-аас дээш хувьд хүрнэ гэдэгт би итгэхгүй байна

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
20 минут 53 секунд

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Ногоон автобус”-ны худалдан авалтыг хянан шалгах түр хороо шинжээчдээ томилохоор хаалттай хуралдлаа. Хэчнээн хянан шалгагч, шинжээч томилсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Цавчаа ногоон” гэж ярьдаг “Ногоон автобус”-ны хянан шалгах түр хороо байгуулагдаад, нэлээн эрчимтэй ажиллаж байна. Бид дөрөвдүгээр сард багтааж, нээлттэй сонсголыг нотлох баримтын хүрээнд хийе гээд ярьж байгаа. Энэ хүрээнд чиглэл бүрийн таван хянан шалгагч, шинжээчийг томиллоо. Ихэвчлэн худалдан авалт, санхүүгийн чиглэлийн хүмүүс байгаа. Мөн мэргэжлийн техникийн инженер шинжээчдийг томилох асуудлыг ярилцлаа.

-Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ч “Нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сард хийнэ” гэж ярьсан. Энэ хугацаандаа амжихаар байна уу. Өмнөх сонсголууд дандаа товлосон хугацаанаасаа багагүй хоцорч хийж байсан шүү дээ?

-Өмнөх бүх нээлттэй сонсгол, түр хорооны ажилд бүгдэд нь оролцож байсан гишүүний хувьд хэлэхэд, ялгаатай зүйлүүд бий. Юугаараа ялгаатай вэ гэхээр Хөгжлийн банкны асуудал л гэхэд олон зээлдэгч, олон ААН-тэй олон жил үргэлжилсэн асуудал учраас хугацаа орох нь аргагүй. Нүүрсний сонсголд холбогдогч гээд 3000-4000 хүн, хувь хүн, улстөрчид явсан шүү дээ.

Харин “Цавчаа ногоон” буюу нийтийн тээврийн автобустай холбоотой асуудал бол ерөөсөө л нэг худалдан авалт, нэг шийдвэр. Бас гүйцэтгэгч нь нэг компани. Тэгэхээр энд цаг хугацаа алдаад байх шаардлага байхгүй. Тодорхой асуудал нь нэгдүгээрт, ямар байдлаар шийдвэр гарав. Хоёрдугаарт, бүгд мэдэж байгаа шүү дээ. Хуучин автобус оруулж ирээд будсан. Гуравдугаарт, мөнгө нь хааччихав, хариуцлага хэрхэн тооцох, шийдвэр нь хэний нөлөөгөөр гарсан бэ гэх тодорхой гурван асуудлыг ил болгочихвол бусад нь маш хурдан явагдана. Тэгэхээр дөрөвдүгээр сард сонсголыг зохион байгуулах бүрэн боломжтой.

-Авлигын асуудлаа шийдэхгүй бол энэ улс цааш хөгжихгүй-

-Хамгийн анх Хөгжлийн банкны гэх хэрэг нийгэмд шуугиан дэгдээж, та ч энэ асуудалд байр сууриа багагүй илэрхийлж "шүгэл" үлээж байсан. Гэвч 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн Баасан гарагт болж, 27 шүүгдэгчийг цагаатгасан. Уг асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Түүхээ сөхвөл, хоёр жилийн өмнө шүү дээ. Энэ асуудлыг ил болгоё гээд парламентын түвшинд хоёр сар ажилласан. Өөрийнхөө албан бичиг дээр АН-ын гишүүдээр гарын үсэг зуруулаад, 19 хүний гарын үсэг бүрдээгүй. Шахаж шаардсаны үр дүнд хоёр сарын дараа МАН-ын гишүүд орж ирж зураад, түр хороо байгуулагдаж байсан. Би энд зориуд цохон тэмдэглэмээр байна. Түр хороог байгуулахад хоёр сэтгүүлч хувь нэмрээ оруулсан. Эхнийх нь Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг, нөгөөх нь “Улаан бал”-ын сэтгүүлч Ч.Лодойсамбуу. Энэ хоёр олон нийтийн анхааралд маш сайн хүргэж чадсан. Үр дүнд нь түр хороо байгуулагдаад, гурван 7 хоногийн хугацаанд Үндэсний телевизээр бүх мэдээллийг ил тод гаргаж тавьж байсан. Энэ асуудлыг санаачилсан гишүүний хувьд би өөрөө байж, ялангуяа санхүү, эдийн засгийн чиглэлээр ажилласан л даа. Монголын түүхэнд 80 холбогдогчтой ийм хэрэг гарч ирсэн нь нотлох баримтын хүрээнд тогтоогдсон. Хууль хяналтын байгууллагад өгсөн. Үүний дараа Анхан шатны шүүх нь нийт гурван сарын хугацаанд олон нийтэд нээлттэй байдлаар асуудлыг хэлэлцсэн.

Харамсалтай нь, наадмын өмнө алх цохиод, дийлэнхийг нь цагаатгаад, тодорхой хэсэг хүмүүст л ял өгсөн байдаг. Ял өгөхдөө эрүүгийн хариуцлагыг 4-5 хүнд л тооцсон байдаг шүү дээ. Ер нь ямар нэг улстөрч, шийдвэр гаргагчид биш, зөвхөн Хөгжлийн банкны дунд шатны 4-5 захиралд ял өгсөн.

Ингээд Давж заалдах шатны шийдвэр нь өнгөрсөн Баасан гарагт гарлаа. Тэгээд энэ мэт том хэргүүдийн шийдвэрүүд яагаад дандаа наадмын өмнө аль эсвэл тав дахь өдөр гардаг юм. Би бол эргэлзэж байгаа. Мөн л цөөн хүмүүсийн асуудал Давж заалдах шатанд орсон. Тэндээс гарч буй шийдвэрээр дийлэнхийг нь цагаатгаад, цөөн хүмүүсийг буцааж байна.

Дүгнэлт нь юу вэ гэхээр манай хууль, шүүхийн байгууллагад асуудал байна. 80 хүнийг яллаад, асуудалтай байна аа гээд орохоор шүүх нь түүнийг буцаагаад байхаар хариуцлага хэнд байна вэ. Цагдаа, АТГ дээр байна уу аль эсвэл “Энэ хүмүүсийн хэрэг нь нотлогдсон байна аа” гээд өгөхөөр түүнийг нь цагаатгаж цайруулдаг, хэрэгсэхгүй болгодог. Энэ нь шүүхэд байна уу гэх хоёр асуудал байгаа биз.

Гэтэл бид үүнийг маш их цаг гаргаж, бодит 5 сая гүйлгээг шалгаж, эзэн холбогдогчийг нь тогтооход бодитоор ууж идчихсэн, мөнгөө төлдөггүй, зээлийн эх үүсвэрээр нь стадионы зогсоолыг тохижуулсан эсвэл өөрийнхөө тойрогт юм хийчихсэн. Харин мөнгөнийх нь хариуцлага байдаггүй гээд маш их хохирлууд гарч ирээд байгаа шүү дээ. Гэвч энэ асуудлууд нь дарагдаад, эцсийн дүнд хэн ч хариуцлага хүлээдэггүй, авлигын асуудал байдаггүй гэх байдлаар шийдэгдэж байгаа бол энэ улс цаашаа хөгжих юм уу.

Авлигын асуудлаа шийдэхгүй бол энэ улс цааш хөгжихгүй шүү дээ. Тийм биз дээ. ХҮН намын зүгээс парламентын шатанд бүгд дээр нь “шүгэл” үлээгээд л шахаж явсан. Ганц суудалтай ч гэсэн шахсаар байгаад, дараагийн ажлыг нь “Л.Оюун-Эрдэнэ ээ, энийг аваад цааш нь явбал яваарай” гээд өгсөн. Парламентын болон Засгийн газрын түвшинд ч хичээж байх шиг байна. Гэтэл шүүхийн процесст очоод, хад мөргөөд байвал шүүхийн байгууллагаа цэвэрлэхээс өөр аргагүй. Тийм биз.

Тэгвэл одоо сонгууль ойртож байна. Сонголтоо хийцгээе. Олон жил засаглаад, өөрсдийнхөө нөлөө бүхий хүмүүсийг хууль, шүүхийн байгууллагад томилоод, түүгээрээ дамжуулан хариуцлага хүлээдэггүй байдал байсаар байвал иргэд шударга шүүхийг нэхэмжилсэн хэвээрээ байх болно. Мэдээж, итгэл алдарна шүү дээ.

Хүмүүс “Т.Доржхандаа, парламентад таны “шүгэл” үлээгээд, босгож ирсэн юмнуудын чинь үр дүн хаана байгаа юм бэ” гэж асуудаг. Мөн “Л.Оюун-Эрдэнэ ээ, Засгийн газар чинь авлигатай тэмцээд байна гэсэн. Үр дүн хаана байна вэ” гэж асуусаар байна.

Монгол Улсын ардчилалд, авлигатай тэмцэх тэмцэлд иргэд итгэл алдарна. Тэгэхээр үүний гарц нь хууль, шүүхийн бие даасан, шударга шүүдэг тогтолцоог яаралтай бүрдүүлэх юм байна. Ингэхийн тулд ирж буй сонгууль маш чухал. Өмнө нь худлаа ярьж, хулгай хийж байгаагүй, хатуу тэмцэж чадах зоригтой, мэргэжлийн улстөрчид орж ирж байж, энийг цэвэрлэнэ. Шинэ улстөр хийх цаг нь болжээ.

Ингэхийн тулд би хоёр жилийн хугацаанд өчнөөн олон дайсантай боллоо. Зөндөө олон асуудлыг гаргаж ирлээ. Цаашаа гацааж болохгүй, дуусгах ёстой. Дуусгахдаа бид сонгуулиар асуудлаа тавьж байгаад иргэдтэйгээ ойлголцож, хамтдаа тогтолцоогоо өөрчлөхгүй бол авлигачдыг дийлэхгүй юм байна. Гэхдээ авлигачид баярлах болоогүй.

Бид хөгжил ярихаасаа өмнө эхний ээлжинд хулгайгаа зогсоохгүй бол орж ирсэн мөнгөө “Ёроол нь задгай сав” мэт хулгайд алдаад байна шүү дээ. Тиймээс хууль, шүүхийн байгууллагаа бэхжүүлж, тогтолцоог нь зөв болгон, хүмүүсийг нь сургах хэрэгтэй юм байна.

Би УИХ-д суудалтай нам, гишүүнийхээ хувиар асуудалд хандахаар “Т.Доржханд гишүүн ээ, та улстөрч хүн учраас хууль, шүүхийн байгууллагад оролцож болохгүй” гээд хаачхаад байгаа юм. Тэгвэл миний оролцоо юу вэ.

Би үүнийг өөрчлөхийн тулд тогтолцоог нь өөрчлөх буюу хуулийг засах хэрэгтэй болж байна. Гэтэл Т.Доржхандад ганцхан “кноп” байгаа. Тэгвэл энэ “кноп”-оо олон болгож байгаад засах асуудал руу орж байна. МАН-ынхан чадахгүй бол бид олуулаа болоод чадъя. АН-ынхан олон болж чадахгүй бол бид олуулаа болъё. Өмнө нь “хулгай, зэлгий”-д холбогдсон ах нар чинь дээд талдаа барьсан бол залуучуудаараа нийлж, задалъя гэдэг ийм л гарц байгаа. Үүний төлөө би ХҮН намын даргын хувьд тууштай явна. Зогсохгүй, өөрчилнө. Авлига, хулгайг дарж авсныхаа дараа хөгжлөө ярья гэж байгаа юм.

-Асуудал нь хууль, шүүхийн байгууллагад байна-

-Хөгжлийн банкны гэх хэргийн тухайд, таны болон ард түмний хүсэн хүлээсэн шийдвэр гарч чадсангүй шүү дээ. Та энэ талаар улстөрийн хүрээнд болон хууль, шүүхийн байгууллагад шаардлага хүргүүлэх үү?

-Манай намынхан “Хууль хяналтын байгууллагад хандаж, эсэргүүцлээ илэрхийлье, энэ арай хэтэрлээ. Энэ янзаар явбал Монголд шударга ёс тогтохгүй нь” гэдэг асуудлыг ярьж байна. Гэхдээ бид үндсэн зарчмыг баримтлах ёстой байх. Эрх мэдлийн хяналт, тэнцэл гэх зүйл нэг талдаа байна. Хууль тогтоох шүүх засаглал нь бие биенээ хянах ёстой. Гэтэл өнөөдөр парламент нь “шүгэл” үлээгээд, гүйцэтгэх засаглал нь "Авлигатай тэмцье" гээд Ерөнхий сайд нь ажил хийгээд байх шиг. Асуудал хаана байна вэ гэхээр хууль, шүүхийн байгууллагад байна. Тэгэхээр тогтолцооных нь асуудлыг хуулийн аргаар шийдэхгүй бол сонгууль ойртсон үед улстөрийн “халуурал”-ыг үүсгэх нь эрсдэлтэй гэж харж байгаа. Үүнийг иргэдэдээ ойлгуулж, нэг талд гарч ажиллах хүлээлттэй байна.

Надад “Т.Доржханд гишүүн ээ, та гэм хийгээгүй олон хүнийг хэлмэгдүүлэх ажил хийгээд байна аа” гэх гомдол ирдэг. Тэгэхээр ялгаж салгах хэрэгтэй.

Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэгт 80 хүн байна. Зарим нь татагдаад орчихсон. Шийдвэр гаргаагүй, нөлөөлөөгүй мөртлөө хараат бус ТУЗ-ийн гишүүдээс эхлээд, хамааралгүй хүмүүс байна лээ л дээ. Энэ хүмүүсийг хэлмэгдүүлэх гэж байгаа зүйл биш. Тодорхой улстөрийн шийдвэр гаргаад, улсад ноцтой хохирол учруулсан, авлигын хэрэг нь нотлогдоод, УИХ-д ч нотолсон асуудлууд хэрэг биш болоод байгаа нь УИХ-ын гишүүний хувьд маш их эргэлзээ төрүүлээд байгаа юм. Төрийн эрх барих дээд байгууллага нь нотлох баримтын хүрээнд холбогдох хууль хүчний байгууллагуудыг суулгаж байгаад бүтэн сарын хугацаанд мэдээллээ хийж, ил тод явсан шүү дээ. Гэтэл тэр нь замхарч байгаад би итгэхгүй байна.

УИХ-ын гишүүд хүн хэлмэгдүүлээд байгаа юм уу эсвэл АТГ, Прокурор, цагдаагийн байгууллага нь хүн хэлмэгдүүлээд байгаа юм уу. Үгүй бол анхан, дунд шатны шүүгчид нь хаацайлаад, нөлөөнд автаад байгаа юм уу гэдгийг тодорхой болгоё л доо.

Хэрвээ бидний буруу бол бид “Уучлаарай, хүн хэлмэгдүүлсэн байна” гээд хариуцлагаа хүлээе. Эсвэл АТГ, Прокурор, цагдаагийн байгууллага нь хариуцлагаа хүлээ л дээ. Албан тушаалтнууд нь ажлаа өг. Үгүй бол шүүхийн байгууллага руу орохоос өөр аргагүй биз дээ. Жишээлбэл,

“Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэг найман жилийн хугацаанд шүүх хурал нь ч болдоггүй, үүнийг шийдэж ч чадахгүй байна. Уг нь тов тодорхой авлигын хэрэг. Араас нь Хөгжлийн банк, нүүрсний хэргийг явуулсан.

“40 их наяд”-ыг би хангалттай нотолсон. Шинжээчдийн нотолгоо ч гарч ирсэн. Эрх баригчид “Т.Доржханд гишүүн “40 их наяд” гэж худлаа ярьсан” гээд байгаа.

Өнөөдрийн “Ногоон автобус”-ны хэрэгт хэн ч буруугүй байсан юм билээ гээд хэн ч хариуцлага хүлээхгүй явчихвал яах билээ. Хэрвээ ингэвэл уучлаарай. Энэ улсад чинь хөгжил байхгүй гэсэн үг. Нийлж хулгайлчихаад, хариуцлага хүлээх болохоор хэн ч байдаггүй бол тэднийг цэвэрлэх хэрэгтэй. 30 жил засаглаад, хулгай үүсгэсэн хүмүүсийг бүгдийг нь цэвэрлэх ёстой. Би үүнд хатуу байр суурьтай байгаа.

-ҮХНӨ, авлига, хулгай гээд бүх асуудлаар иргэдтэй уулзсан цорын ганц нам бол ХҮН нам шүү-

-ҮАГ-т улстөрийн 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. ХҮН намын мөрийн хөтөлбөрт онцлох зүйл заалтууд юу байна. 2024 оны парламентад юуг чухалчилж байгаа вэ?

-ХҮН намын онцлог нь бид сонгууль болох гэж байна гээд идэвхждэг нам биш. Бид парламентын шийдвэр гаргадаг нам. Сүүлийн дөрвөн жилд УИХ-д юу болж байгаа болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, авлига, хулгай гээд бүх асуудлаар иргэдтэй уулзсан цорын ганц нам шүү.

УИХ-ын гишүүний хувиар бүх аймгаар гурван жилийн хугацаанд явсан. Одоо гадаадад байгаа монголчуудтайгаа уулзаж, мэдээлэл өгч байна. Энэ хугацаандаа цаашид Монгол Улсад юу хэрэгтэй байна вэ, бидний мөрийн хөтөлбөрт тусгах санал байна уу гэж явсан. 2023 оны дөрөвдүгээр сараас буюу яг нэг жилийн өмнөөс бүх мэргэжлийн холбоод, хувь хүмүүсээс санал авснаар онцлог. Хоёрдугаарт, ямар нэг попролт байхгүй, бодит эдийн засгийн төслүүдийг явуулж байгаа. Гуравдугаарт, боловсролд онцгой анхаарна. Үүнээс чухал асуудал буюу авлига, хулгайн асуудалд хамгийн их “шүгэл” үлээж, хатуу байр суурьтай байдаг. Тогтолцооны өөрчлөлтийг хийх чиглэлээр тодорхой төслүүдийг мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа.

Өөрөөр хэлбэл, авлига, хулгайн асуудлыг шийддэг болох уу, үгүй юу. Ялын бодлогыг хүндрүүлэх юм уу, үгүй юу. Албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашигласан тохиолдолд та Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд гээд бүгдэд нь хариуцлага тооцдог байх ёстой биз дээ.

“Өө, хөөрхий. Энэ хүн Ерөнхийлөгч байсан юм, Ерөнхий сайд байсан юм” гэх байдлаар явмааргүй байна. Энэ асуудалд ХҮН нам маш тодорхой, хатуу заалтуудыг оруулж өгсөн байгаа.

Дахин хэлье. Бид урт хугацааны хөгжлийн бодлоготой. Ирэх дөрвөн жилд шийдвэрлэх гол асуудал нь авлига хулгай, эдийн засгийн хөгжил, боловсрол байна гэж мөрийн хөтөлбөрөө хийсэн. Мэдээж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ажил сонгуулийн үеэр байдаг. Одоо дотроос нь онцлоод яривал хууль зөрчинө. Гэхдээ ХҮН намын мөрийн хөтөлбөр маш бодитой, прогматик мөрийн хөтөлбөр байгаа.

-Аливаа ажлын санаа мөнгөгүй бол цаас л болдог-

-Эрх баригч намын одоогийн мөрийн хөтөлбөрийн гүйцэтгэлийг 73 хувь гэж Аудитын байгууллага дүгнэсэн. Энэ үзүүлэлтийг та болон ХҮН намын зүгээс хэр бодит үзүүлэлт гэж харж байгаа вэ?

-Олон улсад голлох үзүүлэлт нь юугаар гардаг вэ гэвэл ажлын байр шүү дээ. Хоёрдугаарт, ядуурлыг яаж бууруулав. Гуравдугаарт, иргэдийн орлогыг хэрхэн өсгөв. Эдгээр үзүүлэлт нь бүгд уначихсан байгаа биз дээ. Онцгойлбол, “Зээлийн хүү нэг хувь байна” гэсэн. Ямар юмных нь нэг хувь байх вэ дээ, одоо 20-30 хувьтай байна. Бодлогын хүү 12-13 хувьтай, зээлийн хүү 20 хувь. 20 хувь гэдэг чинь сарын 1.8 хувь гэсэн үг. Тэгэхээр мөрийн хөтөлбөр 50-60 хувийн л биелэлттэй байгаа хэрэг. Үүнийг иргэд маш сайн ойлгож байгаа байлгүй дээ.

Эдийн засгийн тусгаар байдлыг хангана, нефтийн үйлдвэр барина л гэсэн. Дарханы замыг гэхэд л хэчнээн жил барив. Мөн метро барина гээд л шинээр алга ташуулсан юм яриад байх шиг байна. Гэхдээ уучлаарай. Эрчим хүчнийхээ бодит эх үүсвэрийг хар л даа.

Сүүлийн 80 жилд шинээр нэг ч шинэ эх үүсвэр бариагүй байж, юун бүтээн байгуулалт вэ. Хэцүү шүү дээ. Иргэдээр алга ташуулаад, гоё цаас хийлгэж болж байгаа юм. Гэхдээ шулуухан хэлье.

Мөнгөгүй бол ямар ч ажил хийгддэггүй юм аа. Би Сангийн яаманд санхүүгийн чиглэлээр 25 жил ажилласан хүн. Аливаа ажлын санаа мөнгөгүй бол цаас л болдог. Гэтэл манай Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт 50 орчим их наяд төгрөг хөрөнгө оруулна гэсэн заалт орж ирсэн байхгүй юу. Гэвч төсвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд нийт 12 их наяд төгрөгийн л хөрөнгө оруулалт хийх боломжтой. Тэгэхээр дөрөв дахин их “хөөсөрсөн” мөрөөдлийн жагсаалт орж ирж байгаа биз.

Гадаадын хөрөнгө оруулалт байхгүй. Дотоодын хөрөнгө оруулалт байхгүй. Төр, хувийн хэвшил хамтарч хийсэн амжилттай бизнес байна уу гэвэл байхгүй. Бүх хөрөнгө оруулалт төсөв шүү. Төсвийн чинь хязгаар мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудын чинь ердөө 25 хувь.

Шулуухан л хэлье. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 25-аас дээш хувьд хүрнэ гэдэгт би итгэхгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Өмнө нь 8 удаа зөрчил гаргаж байсан 54 настай эрэгтэй үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлжээ
Өмнө нь 8 удаа зөрчил гаргаж байсан 54 настай эрэгтэй үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлжээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.