Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хаврын чуулганаар газрын асуудлаар шүгэл үлээж, “НОГООН АВТОБУС“-ны хэргийг дэлгэх үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 1 секунд

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “отгон” чуулганаа нээж хэлсэн үгийн онцлог юу байв? Тэрбээр,

“Чадлаа” гэх үгийг зоригтой хэлж, бас тэр үгээ тайлбарлан бүрэн эрхийнхээ хугацаанд хийсэн ажлаа ёстой л цөөн үгээр ийн дүгнэв.

“Энэ удаагийн парламент ачааны хүндийг үүрч, улс төрийн ширүүнийг туулж, их шинэчлэлийн цөмийг өрж, элдэв гажуудлын мууг нь халшралгүй шингээн давж, парламентын засаглалын суурийг ганхуулалгүй, нийгмийн суурь шинэчлэлийн бат бэх суурийг тавьж чадсан гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Олон жил гацсан нийгмийн суурь гажуудлыг үүсгэгч тогтолцоо, засаглалын хямралт байдлыг бид зөвлөлдөн зөвшилцөх замаар засаж залруулж чадлаа. “Чадлаа” гэх энэ үгэн дотор Монгол Улсын олон суурь асуудлууд гацаанаас гарсныг хожим түүх үнэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

УИХ-ын дарга цэгцрэх хөдөлгөөний онолыг дэвшүүлэн улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж буй. Мөн чуулганы нээлтийн үгэндээ, "Цэгцрэн тэгшрэх, сэргэн мандах эргэлтийн цаг үеийн босгон дээр 8 дахь удаагийн парламент үйл ажиллагаагаа явуулж байна" хэмээн итгэл төгс хэлсний дараа “Бид “Шинэчлэлийн парламент" байхыг зорилгоо болгож, сэрж сэхээрсэн ард олны Цэгцрэх хөдөлгөөн, Шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлсэн Засгийн газартайгаа нэг зүгт харж, нэгдмэл эрмэлзэлтэй байж чадаж байгаа нь энэ парламентыг илэрхийлэх нэг онцлог юм” гэв.

Улс төр судлаач, эрдэмтэн Жеймс Вильсон, Жорж Келлинг нарын дэвшүүлсэн “хагархай цонхны онол”-д нийгэмд болсон буруу хазгайг засахгүй бол тогтолцооны гажуудал байсаар байхыг сануулсан байдаг. УИХ-ын дарга өнгөрсөн 30 жилийн алдаа оноог засаж залруулахгүй бол бүх зүйл урьдын адил үргэлжилсээр байхыг ямагт сануулж байгаа билээ.

“Цонх хагарвал тэр дор нь шиллэж байх ёстой. Хэрвээ ингэхгүй бол дараа дараагийн цонх хагарсаар бүтэн цонх нэг ч үгүй болно” гэсэн утгын талаар тайлбарлаад “Өнгөрсөн 30 жилд манайд цонх хагарсаар байсан ч бүтэн болгоход төдийлэн анхаарсангүй. Оролдлогууд мэдээж байсан ч тэр бүр бүтэлтэй болсонгүй. “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг”-тай адил “Хагархай цонх”-оор жавар салхи, тоос буртаг орж ирсээр, улам зузааран хуримтлагдсаар өнөөг хүргэжээ. Тиймээс Улсын Их Хурал, Засгийн газар энэ хуримтлагдсан гажуудлыг засах эрх зүйн шинэчлэл хийхийг эрхэм зорилгоо болгож ажиллаж байна” гэсэн нь энгийн сайхан ишлэл байлаа. Тэрбээр үргэлжлүүлэн,

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь улс төр, засаглал, эдийн засаг, нийгмийн тогтолцооны эрх зүйн реформуудыг хийсэн талаараа, 2021 оны хаврын чуулганаа “Хүний эрхийг дээдлэх” чуулган болгон зарлаж, Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ази тивдээ анх удаа баталсан тухай, 2023 оны хаврын чуулганыг “Авлигын эсрэг” чуулган болгон зарлаж, авлигаас ангид нийгэм, авлигаас татгалздаг, ёс зүйтэй төрийн албатай болох, ард түмний нэр барьсан популизм, ёс зүйгүй байдлыг таслан зогсоох талаар онцлов.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын өөрийн санаачлагаар чуулган бүр зорилготой байж, олны анхаарлыг төвлөрүүлэхэд чиглүүлж чадсан юм. Энэ бол УИХ-ын даргын өөрийн ажлын арга барилын онцлог гэдэг нь харагдаж байсан. Харин 2023 оны чуулганы хамгийн том өөрчлөлт бол тогтолцооны шинэчлэл байв. Тэрбээр энэ талаараа,

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоотой болох өөрчлөлтийг 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан. Үүнтэй уялдуулан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Эдгээр нь гишүүдийнхээ тоог олшруулсан төдий өөрчлөлт биш, парламентат ёсоо улам бэхжүүлэх, ард түмний хүсэл эрмэлзэл, засаглах эрх, нийгмийн бүлэг, кластерийн төлөөлөл парламентад илүү сайн хангагдаж байх төлөөллийн ардчиллыг төгөлдөржүүлэх, “мөнгөний сонгууль”-иас татгалзахад чиглэсэн юм гэв.

Хамгийн чухал нь энэ удаагийн парламент олон жил яригдаж, эв зүйдээ орж чадахгүй байсан хэд хэдэн чухал хуулийг баталж чадсан.

Тэдгээр хуулиудын эрэмбээр жагсаавал нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан нь намууд бодлогын институц болж төлөвших, санхүүжилт нь ил тод байх зарчмыг тусгасан нь зарчмын шинэчлэл болж чадсан талаараа УИХ-ын дарга үгэндээ дурдаад, Улсын Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулга, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудыг онцлож байсан.

УИХ-ын дарга гишүүддээ хандаж эрхэм зорилт хэмээн тодотгон үг хэллээ. Нэгдүгээрт, энэ хаврын чуулганаар эрх зүй, эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийн реформуудаа эцэслэн дуусгах нь Та бидний эрхэм чухал зорилт байх болно гэсэн бол Хоёрдугаарт, Монгол Улс хөгжлийн эрэмбээр дэлхийтэй хөл нийлэхийн тулд эрх зүйн шинэчлэлээр дэмжиж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа нэн тэргүүнд батлах шаардлагатай байна гээд хаврын чуулганаар хэлэлцэн батлах хуулиудаа нэг бүрчлэн танилцууллаа. Хаврын чуулганаар "Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудын хэлэлцэх батална" хэмээн онцлов.

Өнөөх “Ногоон автобус”-ны хэргийг талаар “нүүрсний” болон Хөгжлийн банкны хэргүүд шиг нээлттэй сонсгол хийнэ гэдгээ чуулганы индрээс зарлалаа. Сонгуулийн өмнөх “гал” гарсан тулаанд УИХ-ын дарга “ханцуй шамлан” орохоор шийджээ. Энэ хэрэгтэй хамтатган улстөрчдийн авлигын уурхай болсон ашигт малтмалын лиценз, газар олголтын луйврыг бас илчилнэ гэнэ. Энэ хаврын улс төрийн дуулиант үйл явдлыг парламент өөр дээрээ дуудах нь тодорхой болсныг УИХ-ын даргын үгнээс дүгнэж болохоор байна.

Дуулиант үйл явдлын дараа Улсын Их Хурлын ээлжит сонгууль болно. Энэ сонгуулийг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ ийн тодорхойллоо. Тодруулбал,

“Бүсчилсэн том тойргуудад өрсөлдөөн өрнөнө. Энэ бол 126 гишүүн сонгох тоон хэмжүүрийн асуудал биш, ирээдүйгээ томоор харж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулах томоохон реформын эхлэл юм” гэж хэллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна
 
Ж.Чинбүрэн: УТААНЫ сонсголыг хоёрдугаар сарын эхээр хийнэ. Сонсголоор шахмал түлшний найрлага, технологи хэвийн эсэх, утааг бууруулахаар юу хийж байв зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ
Ж.Чинбүрэн: УТААНЫ сонсголыг хоёрдугаар сарын эхээр хийнэ. Сонсголоор шахмал түлшний найрлага, технологи хэвийн эсэх, утааг бууруулахаар юу хийж байв зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.