Монголын малчдын нэгдсэн холбооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус холбооны зүгээс малчдын зээлийг тэглэх эсэх асуудалд эрсдэлийн даатгалын сангаас малчдын хохирлыг барагдуулах боломжтой гэх байр суурийг илэрхийллээ. Энэ талаар тус холбооны тэргүүн Э.Пүрэвсүрэн хэлэхдээ "Манай холбоо малчдын зээлийг эрсдэлийн даатгалаар төлүүлэх судалгааны ажлыг эхлүүлээд нэг сар болж байна. Зуданд олон тооны малаа алдсан малчид банкны зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн.
Судалгааны дүнгээр 5-30 сая хүртэл төгрөгийн зээлтэй байгаа юм. Банкны барьцаанд байсан мал үрэгдсэн учраас зээлээ төлөх боломжгүй боллоо. Иймээс эрсдлийн даатгалаар зээлээ төлүүлэх санал гаргаж байна.
Малчид эрсдлийн даатгалаар төлүүлэх өргөдөл өгөх юм. Ерөнхийдөө малчид зээлийн эрсдлийн даатгал, малын индексжүүлсэн даатгал гэсэн хоёр даатгалд хамрагддаг. Зээлийн эрсдлийн даатгалд малын индексжүүлсэн даатгал багтаж байгаа. Тэгвэл индексжүүлсэн даатгал үндэсний давхар даатгалтай хамтардаг юм байна. Тиймээс малчид эрсдлийн давхар даатгалаар зээлээ төлүүлэх боломжтой. Иймд төр болон татвар төлөгчдийн мөнгө хамаарахгүй гэдгийг хэлье" гэсэн юм.