Боловсролын салбарт хийгдэж буй томоохон шинэчлэлийн нэг нь санхүүжилтийн тогтолцоо юм. 2022 онд боловсролын салбарын хувьсах зардлын хэмжээг шинэчлэн тогтоон, хэрэгжүүлэх журмыг батлуулж төсвийн шинэчлэлийг улс орон даяар түгээн дэлгэрүүлж эхэлсэн. Төсвийн шинэчлэлийн үр дүн, туршлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Боловсролын салбарын үр дүнд суурилсан төсвийн бодлого, төлөвлөлт” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч болон боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болоод хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцсон юм.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Манай улс PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд анх удаа хамрагдан үр дүнгээ хүлээж авсан. Дэлхийн улс орнуудын нэг сурагчид зарцуулж байгаа зардал 6-15 насанд өсөн нэмэгдэх дүнгээр дунджаар 91 мянган ам.доллар байхад Монгол Улс 12,576 ам.доллар байна. Хэдийгээр сурагчдад зарцуулж байгаа зардал маш бага боловч сурагчдын амжилт дундаж түвшинд байгаа нь сайшаалтай. Бид хувьсах зардлынхаа аргачлалыг шинэчилж, өртгийг нэмэгдүүлснээр сурлагын амжилтаа ахиулах суурь нөхцөл бүрдэж байна. Хувьсах зардлын тогтолцоонд шилжсэнээр байгууллага өөрийн хагас бие даасан санхүүжилтийн удирдлагыг хэрэгжүүлэх эдийн засгийн 20 гаруй зардлын ангилалаар бус хүүхдээ дагасан боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай багшийн цалин, сургалтын хэрэглэгдэхүүн, цахим хэрэглээ, багшийн тасралтгүй хөгжил, нөхөн хангалт, хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн дэмжих үйлчилгээ гэсэн 6-7 зориулалтаар бүрэн өртгөөр санхүүжүүлэх боломж бүрдсэн" гэлээ.
Үүний үр дүнд хүүхдээ дагасан, судлагдахууны өртөгт суурилан багшийн цалинг тогтвортой нэмэгдүүлэх, гүйцэтгэл үр дүнгээр урамшуулах, багшийн тасралтгүй хөгжлийг дэмжсэн, суралцагчийн суралцах орчинг сайжруулах, хот хөдөөгийн боловсролын ялгааг арилгах, тэгш хамрах, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрджээ.
Тухайлбал, багшийн цалингийн сан 2021 онд 915.9 тэрбум төгрөг байсан бол 2024 оны төсөвт 2.3 их наяд төгрөг болж 2.5 дахин, сургалтын хэрэглэгдэхүүнд зориулах төсөв 1,5 дахин, цахим хэрэглээ, олон улсын нэмэлт хөтөлбөрт зориулан 3,0 дахин, багшийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд 13.1 тэрбум төгрөгийг, тоног төхөөрөмжийн нөхөн хангалтад 43.6 тэрбум төгрөгийг, эрүүл мэндийг дэмжихэд 5.6 тэрбум төгрөгийг, Боловсролын хуулийн шинэчлэлийн хүрээнд сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр анх удаа хувьсах зардлаар санхүүжүүлэхээр шинэчлэн баталсан тухай салбарын сайд танилцуулсан юм.