Мөсний загасчлалын 2024 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 09-нөөс 10-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгий нуурт болно. 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үйл ажиллагаанд оролцохоор Олон Улсын цэнгэг усны спорт загасчлалын холбооны ерөнхийлөгч, Итали Улсын иргэн Маттеоли Клаудио Юго болон ерөнхий нарийн бичгийн дарга Дюранте Барбара нар Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Тэд өчигдөр өглөө Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд буусан даруйдаа Өвөрхангай аймгийн Хархорин сумыг зорилоо. Олон Улсад далайн болон цэнгэг усны спорт загасчлал гэсэн хоёр төрөл хөгжжээ. Монгол Улсад болох энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мөсний загасчлал буюу цэнгэг усны загасчлалын төрлөөр зохиогдох юм. Тэмцээнд 10 улсын 111 тамирчин өрсөлдөнө.