Энэ бүсгүйг Г.Нарангоо гэдэг. 2 хөөрхөн үрийн ачлалт ээж, хайртай ханийнхаа энхрий гэргий. Түүний хувьд багаасаа л гарын ур дүй сайтайн дээр юмхнаар юм хийх сонирхолтой байсан гэнэ. Тиймдээ ч өнөөдөр тэрбээр гэрээ ажлын байр болгон тохижуулж, өөрийн гараар хийх боломжтой бүхий л зүйлсийг хийж, туршиж, оролдож үздэг байна.
Түүний гарын ур дүй, дотоод мэдрэмжийг хамгийн шалгадаг зүйл бол гар хийцийн чимэглэлийн хивс. Тэрбээр энэ жилээс эхлээд хивс хийж эхэлсэн бөгөөд аль 3 жилийн өмнө түүний нөхөр хивс хийх зориулалт бүхий бууг нь бэлэглэсэн гэнэ. Одоо тэрбээр "Lil Frug" хэмээх пэйж хуудсыг ажиллуулан чимэглэлийн хивсээ захиалгаар хийж байгаа ба хажуугаар нь өөр олон авьяас түүнд бий.
Г.Нарангоо бүсгүй "Урлах Эрдэм" их сургуулийг "Интерьер дизайнер" мэргэжлээр сурч төгсжээ. Тиймдээ ч тэрбээр маш гоё зурдаг. Хүн бүхэнд заяагаад байдаггүй уран зураг зурах авьяас түүнд ч бас заяагджээ. Тэрбээр гэрийнхээ ханан дээр томоос том шар шувуу зурсан байлаа. Юу зурахаа мэдэхгүй, сонгоогүй байхдаа нүдийг нь зурчихсан байсан гэдэг. Тиймээс өдөр өдрөөр бага, багаар зурсаар томоос том шар шувууг бүтээсэн аж.
Ингээд ч зогсохгүй тэрбээр урлагт маш их хайртай нэгэн. Бас пянз сонирхогч. Гэртээ ганцаараа ажлаа хийхдээ пянзаа сонсоод л бүтээлээ хийнэ. Тайван бас амар амгалан. Маш энгийн зүйлсээс ч гэсэн ихээхэн баяр баясал, аз жаргал мэдэрдэг нэгэн юм. Түүгээр ч үл барав тэрбээр гэрэл зургийн сонирхолтой. Гэрээ тохижуулан бяцхан үрсийнхээ зургийг авч, ханандаа өлгөсөн байгаагаас нь түүнийг харж болно. Тийм ч учраас маш их мэдрэмж, маш их хичээл зүтгэл түүнээс ажиглагдаж байсныг нуух юун.
Мөн тэрбээр охидын мөрөөдлийн үсийг бий болгогч. Охид бүр барби шиг болохыг хүсдэгтэй адил Г.Нарангоо бүсгүй охидын үсийг туузаар гоёж, барби болох мөрөөдлийг нь биелүүлдэг. 2018 оноос хойш тасралтгүй хийж байгаа бөгөөд байнгын үйлчлүүлдэг хөөрхөн үйлчлүүлэгчидтэй болжээ. Мөн тэрбээр хамгийн сайн ээж, хамгийн мундаг гэргий юм.