Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг өнөөдөр хэлэлцэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгч М.Тулгаттай ярилцлаа.
-Өнөөдөр хэлэлцэх гэж буй төсвийн тодотгол дээр төлөөлөгчийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ. Жишээлбэл, хамгийн чухал асуудал гэгдээд байгаа метроны бүтээн байгуулалтад 333 тэрбум, зөвлөх үйлчилгээний зардалд 54.6 тэрбум төгрөгийг зарцуулна гэж мэдэгдээд байна?
-Төсвийн тодотголын анхны хэлэлцүүлэг явагдах учраас энэ асуудлаар төлөөлөгчид асуулт асууж, тодруулга авна. Таны дурдсан дээрх хоёр мөнгөн дүнг яг юунд хэрхэн зарцуулах гэж байгааг асууна гэсэн үг. Метро нь дунд болон урт хугацаанд хэрэгтэй. Хүн бүхэн санал нэгдэнэ. Гол нь тухайн ажлыг ямар үе шаттайгаар явуулах нь чухал. Нэг л их уриа, лоозонгийн шинж чанартай, сүр бадруулсан “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг үлгэр болох вий.
Эргэн санахад, 2012-2016 онд буюу Э.Бат-Үүл даргатай нийслэлийн удирдлагын багийн үед “Жайка”-тай хамтарч метро барих урьдчилсан судалгаануудыг хийсэн. Ингээд Улаанбаатар хотод метро барьж байгуулах боломжтой юм байна гээд энэ ажлыг эхлүүлэх гэж байсан. Харамсалтай нь, 2016 онд Засаг солигдонгуут ажлыг зогсоож цаг хугацаа алдчхаад, одоо найман жилийн дараа эхлүүлэх гэж байгаа юм.
Эхлүүлэхдээ ямар зарчмаар яаж ажиллах гэж байна вэ гэдэгт санаа зовж байгаа. Хийх ёстой юу гэвэл ёстой. Өнөөдрийн түгжрэлийг шийдэх гол гарц гаргалгаа гэх утгаар яриад буй. Гэхдээ манай хот бол тийм том хот биш. 1.5 сая гаруй хүн амтай. Дэлхий дээр үүнээс том 350-аад хот бий. Харин 1-3 сая буюу манайх шиг хүн амтай хотуудын 15 хувь нь л метротой байдаг юм билээ. Тэгэхээр бүгд тийм биш байгаа биз.
Уг нь эхний ээлжид өөрт байгаа эдийн засаг, нөөц боломждоо тааруулаад, түгжрэлийг шийдэх бүрэн боломжтой. Энэ бүх боломж Хотын дарга Х.Нямбаатарт байна. Нийтийн тээврийн шинэчлэл, маршрут гээд оролдлогууд хийж байна шүү дээ. Зарчмын хувьд зөв. Хийх менежмент, дараалал болон мэдээлэл өгөх, бэлтгэл ажил хангах тал дээр дутагдалтай харагдаад байгаа. Бид метро гэхээс илүүтэйгээр нийтийн тээврийн хөгжилд илүү анхаарч, менежмент хийж ажилласнаар түгжрэлийн асуудлаа шийднэ. Харин метрогоо арай аажуу, шат дараалалтай, судалгаа төлөвлөгөөтэй хийх нь зүйтэй гэсэн ерөнхий байр суурьтай байгаа.
-Хоёрдугаарт, Хотын удирдлагууд иргэдийг аль болох хувийн унаанаас татгалзаж, нийтийн тээврээр зорчихыг уриалаад буй. Иргэд нийтийн тээврээс гадна явганаар зорчих сонирхолтой байдаг. Гэвч нийслэлийн явган хүний замд багагүй саад бэрхшээл тулгардаг шүү дээ. Үүнийг шинэчлэхийн тулд 45.6 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаад буй юм билээ?
-Би НИТХ-ын хуралдаан дээр энэ асуудлыг хөнддөг. Хүмүүс алхахад төвөгтэй байвал нийтийн тээвэр биш хувийн автомашинаа сонгоно. Энийг шийдээч ээ гэх саналыг байнга дэвшүүлдэг. Мэдээж, төсөв тавигдаж буй нь сайн хэрэг. Гэхдээ энэ төсвийг харахаар Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай гээд дахиад л хотын төв тойрсон хэсэг харагдаад байна лээ. Тэгэхээр бид алийн болгон талбай тойрсон хэсэгтээ бүтээн байгуулалт хийгээд, саяхан хийсэн ажлаа хуулдаг байдал хэдий хүртэл үргэлжлэх юм бэ. Энэ хот чинь өргөжөөд байхад тэр Баянзүрх дүүрэг нь яах юм, Чингэлтэй нь яах юм, Сонгинохайрхан нь ч юм. Төсөв тавигдсаныг буруутгаагүй. Харин нийслэлийн явган хүний замуудад мониторинг, судалгаа хийж, хаана, аль замуудад засвар хийх шаардлагатай вэ гэдэг байдлаар асуудалд хандаасай гэж хүсэж байгаа. Тэгэхгүйгээр, хотын нэгдүгээр бүсийн гол өргөн чөлөөнүүдэд боломжийн байгаа зүйлийг хуулж аваад, дахиад тавина гэдэг бол дэмий шийдэл гэсэн байр суурьтай байгаа.
“НОГООН АВТОБУС”-ны хэрэгт хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь мултрах вий, сарниад алга болох вий гэдэгт АН-ын зүгээс хяналт тавьж байгаа
-Ярилцлагын эхэнд метроны асуудал хөндөхөд, нийтийн тээврийн бусад асуудлууд давхар яригдсан. Парк шинэчлэлийн хүрээнд ирсэн “НОГООН АВТОБУС”-нууд асуудал дагуулж, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй. Сөрөг хүчний төлөөлөгчийн хувьд энэ асуудалд хэр анхаарал хандуулж байгаа вэ?
-Ардчилсан намын гишүүн “ЭЛИЙРЭГЧ” гэж алдаршсан Ц.Уянга, Д.Монголхүү болон Нийслэлийн АН-д байгаа удирдлагын баг анхаарал тавин ажиллаж буй. Би төлөөлөгчийн хувьд яг энэ асуудал үүсэхэд тухайн үеийн Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулж, шалгах шаардлагыг тавьж, суулт хийж байсан. Өнөөдөр хууль, шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа. Тухайн байгууллагууд ажлаа хийгээд явах ёстой асуудал гэж харж байна. Хамгийн гол нь дараагийн удаа ийм асуудал үүсэхгүй байх тал дээр Хотын удирдлагууд ямар зохицуулалт хийж байгаад хяналт тавих нь зүйтэй. “НОГООН АВТОБУС”-ны хэрэгт хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь мултрах вий, сарниад алга болох вий гэдэг дээр АН-ын зүгээс хяналт тавьж байгаа.
-Түгжрэлийг бууруулах үүднээс баталсан нэг журам бол автомашины улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар тогтоосон явдал. Хотын удирдлагууд “Огт дугаар олгохгүй асуудал биш. Ашиглалтаас гарсан автомашины дугаарыг эрх шилжүүлэх байдлаар олгоно” гэж мэдэгдсэн. Үүнд ямар байдлаар хандаж байна?
-Түгжрэлийг бууруулахаар хийж буй хамгийн бүтэхгүй, тэнэг шийдэл нь энэ. Ямар ч хэрэггүй, үр дүнгүй, сөрөг үр дагавар ихтэй.
-Тухайлбал?
-Сөрөг гэдэг нь асуудлыг огт шийдэхгүй. Харин дугаарын бизнес цэцэглэнэ гэсэн үг. Бизнес гэдэг чинь эрэлт хэрэгцээ, үнэ цэнийг бий болгох хэрэгтэй биз дээ. Гэтэл ямар ч үнэ цэн олгохгүй бизнес. Энэ нь шинээр машин авах гэж буй иргэн, бизнесийн байгууллагад зардлын дарамт үүсэж байгаа. Жишээлбэл, залуу гэр бүл машин авах гэтэл дугаарын зардал хэрэгтэй болно. Тэрийгээ хайгаад гүйнэ. Магадгүй нэг даргыг царайчлах нь байна шүү дээ. Энэ бол нийгэмд үүсэх сөрөг үр дагавар. Тэгсэн мөртлөө түгжрэлээ шийдэж чадахгүй. Өнөөдөр угаасаа 600 мянга гаруй автомашин бүртгэлтэй. Түгжрэлтэй л байна. Тиймээс асуудлыг үндсээр нь шийдэхгүй. Би бол үнэхээр шүүмжлэлтэй хандаж байгаа.
Зарим асуудлыг би уг нь дэмжиж байгаа. Тэр автобусны маршрут шинэчилж, шаардлагатай газруудыг нь өөрчилдөг, үйлчилгээний чанараа сайжруулж, төлбөрөө нэмэх нь байж болох зүйл гэж бодож байгаа. Нийтийн тээврийн машинт цагийн тарифыг нэмж байна. Хувийн хэвшлийг зах зээлд нь даатгах ёстой юм л даа. Цалинг нь учиргүй гурван сая болгоно гэдэг нь хөдөлмөрийн зах зээлд их сонин мессеж очиж байгаа юм.
Санаа нь зөв боловч хийж буй арга барил дээр нь алдаа байгаа байх. Огт утга учиргүй асуудал бол улсын дугаарыг 730 мянгаар хязгаарлаж буй явдал. Тиймээс би эсрэг байр суурьтай байгаа.
Зүгээр л улстөрийн өрсөлдөгчдөө намнах зэвсэг болгох вий
-УИХ-ын дарга Г.Занданшатар газар олголттой холбоотой авлига, хээл хахуулын асуудлаар нээлттэй сонсгол хийх чиглэл өгөөд байгаа. Нийслэлд гарсан үер ус, гал болон сүүлд болсон газын дэлбэрэлтийг үүнтэй холбож тайлбарласан шүү дээ?
-Сонсохоор санаа нь их зөв л дөө. Улаанбаатарт үүссэн энэ олон асуудлын хамгийн гол шалтгаан нь газраа жижиглээд, наймаалцсантай холбоотой. Цэцэрлэг, сургууль, зогсоол барих газар байхгүй гэдэг. Ер нь ямар арга замаар яваад том том газар авчихсан юм, үүн дээр нь хэн хариуцлага хүлээх юм. Энийг сөхөж тавих нь зөв. Дахиж ийм асуудал үүсэхгүй байх нөхцлийг нь бүрдүүлэх ёстой. Санаа зовж буй нэг зүйл бол энийг зүгээр л улстөрийн өрсөлдөгчдөө намнах зэвсэг болгох вий. Түүврийн аргаар тэр тэрийг намная, гоё харагдъя, оноо авъя гэдэг байдлаар яг үндсээр нь асуудлыг шийдэх, зохих хүмүүст хариуцлага тооцохгүйгээр өнгөрөх вий гэдэг зэвсэг нь болчих вий гэж санаа зовж байгаа.
-Зарим төлөөлөгчдийн зүгээс нийслэлд болж буй асуудлаар НИТХ өөрөө сонсгол хийх боломжтой гэх байр суурийг илэрхийлсэн. Тийм үндэслэл бий юу?
-Хяналтын сонсгол хийх боломж байдаг. Миний хувьд одоо төлөвлөгдсөн сонсголыг харъя гэдэг бодолтой байгаа. Дээр хэлсэнчлэн улстөрийн “ШОУ” болоод, цөөн тооны өрсөлдөгчөө намнаад дуусах вий гэдэг дээр хяналт тавья. Хоёрдугаарт, дутуу дулимаг зүйл байвал бид нөхөөд хийж болно шүү дээ.
-Хотын дарга Х.Нямбаатараар ахлуулсан шинэ удирдлагын баг ажлаа аваад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрлөө. Цаашид энэ баг ямар менежмент, бодлогоор явбал зүйтэй гэж харж байгаа вэ?
-Хуульч, хуулийн туршлагатай хүмүүсээр бүрдсэн баг. Мэдээж, эрхзүйт нийгэмд аливаа зүйлийг хууль, эрхзүйн байдлаар шийднэ. Энэ талаараа давуу талтай боловч нөгөө талаар 24 цагийн тасралтгүй амьдрал бол менежментээр шийдэх зүйл байгаа. Тиймээс аливаа асуудалд менежментийн ухаанаар хандах байдлаа алдах вий. Менежментийн сайн баг байх хэрэгтэй байна. Мөн эдийн засгийн бодлогоо барих боловсон хүчин байгаа юм. Хотын хөгжлийн асуудал гэдэг бол эдийн засгийн л асуудал. Тиймээс сайн хуульч бас сайн эдийн засагч байх хэрэгтэй. Хотын дарга өөрөө сайн менежер байх ёстой. Жишээлбэл,
Автобусны маршрутын шинэчлэл нь зөв зүйл боловч хэтэрхий яаруу сандруу, иргэдэд мэдээллээ сайн өгөлгүй эхлүүлсэн нь менежментийн алдаа байна аа гэсэн үг. Үүн дээрээ анхаараад, алдаагаа засаад яваасай гэж бодож байна. Гарч байгаа алдаагаа засах байлгүй дээ.
-Ярилцсанд баярлалаа.