Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдсэн. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудлын талаар Сэтгэл зүйч С.Отгонжаргалтай ярилцлаа.
-Сэтгэл зүйч хүний хувьд өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудалд ямар байр суурьтай ханддаг вэ. Эцэг, эхчүүд хүүхдээ гаднаас нь хараад, сэтгэл зүй нь өөрчлөгдөж буйг хэрхэн мэдэх вэ?
-Өсвөр нас гэдэг бол маш эмзэг, анхаарал хандуулах шаардлагатай нас. Хүмүүс өсвөр насны талаар ярихдаа маш өнгөцхөн ханддаг. Хэн нэгэн хүүхэд хүмүүжилгүй болоод, гэнэт л ийм болчихсон юм шиг яриад байна. Гэтэл өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн суурь хэрэгцээ бүрэн хангагдаж байгаа эсэхэд эцэг эх болон багш нар анхаарал хандуулах хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн суурь хэрэгцээ нь юу байх вэ гэхээр аюулгүй байдал, хүлээн зөвшөөрөгдөх, сонсож ойлгогдох, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ юм. Эдгээр хэрэгцээг хангасан тохиолдолд хүүхдийн тань сэтгэл зүй болон бие махбодын хувьд эрүүл байх нь. Мөн эрүүл хүн болж, өснө гэсэн үг.
Хүчирхийлэл үйлдэж байгаа хүүхдийг буруутгахаас илүүтэйгээр эрүүл аюулгүй орчинд амьдарч байна уу гэдэгт анхаарах хэрэгтэй
-Хүүхдийнхээ сэтгэл зүйд өөрчлөлт орж, ууртай, гунигтай байгааг хэрхэн зөв мэдэх вэ?
-Мэдээж, хамгийн түрүүнд бусадтай буюу эцэг, эхтэйгээ ярилцахыг хүсэхгүй болно. Өрөөндөө ороод, ганцаараа байхыг хүснэ. Эцэг эхчүүд “Манай хүүхэд өрөөндөө ороод л ганцаараа суучихдаг” боллоо гэж ярьдаг. Энэ нь сэтгэл зүйн суурь хэрэгцээ бүрэн хангагдаагүй учраас эцэг эхтэйгээ ярилцаж, өөрийгөө ойлгуулж чадахгүй, хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа ч юм уу өөрийгөө илэрхийлж чадахгүй байхыг хэлж байгаа юм.
Ээж, аав нар хүүхэдтэйгээ ердөө нэг л удаа ярилцаж үзээд л “Ерөөсөө болохгүй байгаа юм байна. Гэнэт ийм болчихлоо” гээд сандралдаж эхэлдэг. Гэтэл сэтгэл зүйн суурь хэрэгцээ нь аль бага наснаас л хангагдаж байх ёстой. Түүнчлэн, өсвөр насны хүүхдүүд ганцаардалд их орж байна. Дээр дурдсан сэтгэл зүйн суурь хэрэгцээтэй буюу эрүүл аюулгүй орчинд амьдарч чадаж байна уу гэдэгтэй л холбоотой.
Ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байгаа, хүчирхийлэл үйлдэж байгаа хүүхдийг буруутгахаас илүүтэйгээр эрүүл аюулгүй орчинд амьдарч байна уу гэдэгт анхаарах хэрэгтэй. Магадгүй тэр гэр бүлд нь хүчирхийлэл байж болно. Хүүхэд нь хүчирхийллийг харж, тэвчиж өссөн байх магадлалтай.
Тиймээс хүүхдийнхээ сэтгэл зүйн суурь хэрэгцээ хангагдаж байгаа эсэхэд анхаарал тавих шаардлагатай байна.
-Та яриандаа хүүхдийн сэтгэл зүйн асуудал гэнэт үүсдэггүй бөгөөд аажмаар үүсдэгийг дурдлаа. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд хэрхэн анхаарах вэ?
-Өсвөр насанд гэхээс илүүтэйгээр үүнээс өмнөх буюу бага насанд хүүхэдтэйгээ ярилцаж, ойлголцож сурах нь чухал байдаг. Гэвч ихэнхдээ ярилцаж, ойлголцож сураагүй байдаг. Энэ хооронд ажлын ачааллаас болоод, эцэг эх “үл хайхрах” хүчирхийлэл үйлддэг. Энийгээ ч мэддэггүй. Юу дуртай материаллаг зүйлийг нь авч өгөөд л байдаг.
Яг ярилцаад үзэхээр “Ээж, аав ажилдаа явчихдаг. Би хэнтэй ч ярилцдаггүй. Ярилцаж сураагүй” гэдэг. Тэгэхээр ярилцаж сурах нь чухал. Эцэг эхчүүд амьдралынхаа төлөө ажил хийлгүй л яах вэ. Гэхдээ долоо хоног ядаж 2-3 удаа чанартай цаг гаргаж, хүүхдүүдтэйгээ ярилцах шаардлагатай.
Сайн ярилцаж сурсан хүүхэд өсвөр насны сэтгэл зүйн асуудлаа даваад гарах чадвартай байдаг. Бид нэг зүйлийг анхаарахгүй орхидог. Юу вэ гэхээр хүүхэд голдуу 7-9 настай үедээ аливаа зүйлийг “Яагаад, яагаад” гээд сонирхдог шүү дээ. Жишээлбэл,
“Энэ өмнө нь яагаад ийм байсан юм”, “Яагаад ингэж өөрчлөгдсөн юм” гэх мэтээр шулганаад ярьдаг. Гэвч бид “Аав нь завгүй байна, ээж нь завгүй байна” гэх мэт 2-3 үгээр хариулсан болоод л өнгөрдөг. Улмаар өсвөр насны хямралынхаа үед ирэхээр “Манай ээж аав ойлгодог биш. Угаасаа ярьдаггүй” гээд ярилцах, ойлгогдох хэрэгцээ нь бүрэн хангагдаагүй явж байдаг л гэсэн үг.
Хохирогч хүүхдийг өмөөрөөд эсвэл хүчирхийлэгч хүүхдийг хэтэрхий сэвэх нь өрөөсгөл
-Цагдаагийн байгууллагаас өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох явдал гаарч байгааг анхааруулж буй. Хамгийн сүүлийн жишээ бол охид нэгнээ ёс бус үгээр хэлж, биед нь халдаж буй бичлэг цахим орчинд гарсан. Таны хувьд гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн сэтгэл зүй дээр ажилласан кэйсүүдээс хуваалцвал?
-Миний хувьд өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулдаг. Ихэвчлэн хөгжүүлэх сургалт. Яагаад хөгжүүлэх сургалт байдаг вэ гэхээр ямар асуудал тулгараад байгааг сонсож, ярилцах юм. Жишээлбэл,
Сургууль хооронд шилжихтэй холбоотойгоор эцэг эхчүүд өөртэй нь ярьсан, яриагүй гэртэйгээ ойрхон эсвэл төлбөртэй сургуульд орууллаа гээд орхичихдог. Үүнээс болж маш олон хүндрэлүүд тулгарч байдаг. Тухайлбал, шинэ анги хамт холондоо өөрийгөө ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлэх шаардлага үүснэ. Хүүхэд олон янзын зан авиртай учраас хүн бүрт өөрийгөө ойлгуулаад, бүлэг дотор орж чадахгүй. Үүн дээр эцэг эхчүүд, багш нар, сургуулийн сэтгэл зүйчид анхаарах шаардлагатай. Хүүхдүүд өөрийгөө ойлгуулж чадахгүйгээс болж, ганцаарддаг. Улмаар аливаа зүйлд донтож эсвэл өөрийг нь хүлээн зөвшөөрөх нэг бүлэгт ордог.
Сүүлийн үед цахим орчинд олон асуудал гарч ирж байна. “Одооны хүүхдүүд болохгүй байна” л гэдэг. Бодит байдал дээр хүчирхийлэлд өртөж байгаагаас илүүтэй хүчирхийлэл үйлдэж буй хүүхэд ч нэг талаараа хохирогч мөн. Яагаад гэвэл өнөөх л сэтгэл зүйн суурь хэрэгцээ хангагдаж чадахгүй байна гэсэн үг.
Магадгүй ар гэрт нь хүчирхийлэл үйлдэгддэг, түүнийг хараад өссөн байх магадлалтай шүү дээ. Тиймээс бид ийм зүйл болохоос урьдчилан сэргийлж, эцэг эх, багш, сургуулийн сэтгэл зүйчид хамтарч анхаарал хандуулж ажиллах шаардлагатай болжээ гэдгийг л харуулаад байгаа юм. Түүнээс биш хохирогч хүүхдийг өмөөрөөд эсвэл хүчирхийлэгч хүүхдийг хэтэрхий сэвэх нь өрөөсгөл. Хамгийн сүүлийн жишээ буюу охидын бичлэгийг үзсэн. Хүүхдүүдийн нүүр царай ил гаргаж буй нь эргээд тэдэнд сэтгэл зүйн гэмтэл, шарх үүсгэх өндөр эрсдэлтэй. Гэм бурууг нь хуулийн байгууллага тогтооно. Гэхдээ сэтгэл зүйн талаас нь маш их анхаарч, мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь зүйтэй гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.