Монгол түмний уламжлалт баяр Сар шинийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Эдгээр өдрүүдэд цагаан сарын ширээний чимэг, монголчуудын хүндэтгэлийн зоог болох ууц, өвчүүний эрэлт нэмэгддэг. Тиймээс бид ууц, өвчүүний үнэ болон чанаж, утах үнэлгээг судалж, дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
Эхлээд бид ууц, өвчүүний үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар нийслэлийн томоохон худалдааны төвийн нэг болох “Хүчит шонхор” захыг зорилоо. Гаднах төмөр хаалганаас эхлээд л "Ууц хаагуур зарж байгаа бол" гэх танил үгс хөврөв. 50 орчим насны ах "Чигээрээ яваад байгаа. Даварсан малчид амандаа орсон үнээ хэлээд зогсож байна" хэмээн бухимдангуй хэлээд гарч одов.
Бид ахын заасны дагуу чигээрээ явсаар ууц, өвчүү эгнүүлэн өрсөн жижигхэн талбайд очлоо. Сар шинийн баярт зориулсан ууц, өвчүүг том, жижиг, тарган, туранхайгаар нь бүхээгтэй машинд эгнүүлэн өржээ. Тэдгээрийн хажууд чихтэй малгай, үстэй дээл, нохой гутал өмссөн малчид “Ууцаа аваарай” хэмээн шаагилдана. Хүмүүс ууцны үнэ асуухад “Хэдэд авмаар байна. Хямдруулаад аваарай. Үзэж, хараад, шилж, сонгоод ав” гэх мэтээр ам уралдаж байлаа.
УУЦНЫ ҮНЭ 800 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЧ, ИРГЭД БУХИМДАЛТАЙ БАЙНА
Үнэ ханшийг нь сонирхвол, жингээсээ шалтгаалаад 250-800 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин өвчүүний тухайд кг нь 15 мянган төгрөгийн үнэтэй. Хамгийн том буюу ойролцоогоор 40 орчим кг-тай өвчүү 600 мянган төгрөг. Жижиг буюу 12-13 кг-тай өвчүү 200 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв.
Сүхбаатар аймгийн Түвшинширээт сумаас ирсэн залуу малчин А.Саруул анх удаагаа “Хүчит шонхор” зах дээр хонины ууцны мах зарж байгаа аж. Түүнтэй цөөн хором ярилцахад, "Энэ жил 100 гаруй ууцны мах авчирсан. Одоогоор 40 орчмыг нь борлуулаад байна. Том жижгээсээ хамаараад 350-450 төгрөгийн үнэтэй ууцнууд үлдлээ. Бага жинтэй хямдхан ууцнууд нь түрүүлээд дуусчихлаа. Хамгийн хямдхан нь 22кг-тай ууцыг өглөө 200 мянган төгрөгт өгөөд дууссан" хэмээв.
Түүнээс ууц худалдаж авахаар зогсож буй 40 орчим насны эрэгтэйгээс зарим зүйлийг тодруулахад "Ууц үнэтэй байна. 300 мянгад ууц авахаар гарч ирсэн боловч хэтэрхий жижигхэн байгаа учраас арга буюу 400 мянгад ууц авах гээд зогсож байна. Уг нь малчид нь өөрсдөө зарж байгаа юм шиг байна. Яагаад ийм үнэтэй байгааг нь сайн мэдэхгүй байна" гэлээ.
Харин Өвөрхангай аймгаас ирсэн малчин Б.Буянбат “Ууцны үнэ том жижгээсээ шалтгаалаад өөр өөр байх шиг байна. Надад 300-400 мянган төгрөгийн үнэтэй ууцнууд байна. Одоогоор бол үнэ хямд байна. Баяр дөхөх тусам ууцны махны үнэ нэмэгддэг. Хүмүүс ихэвчлэн 30кг-аас дээш ууцнууд сонирхож байна. Таны асуусан ууц 37 кг-тай надад байгаа хамгийн том ууц 400 мянган төгрөгт өгнө ” гэлээ.
Иргэдийн хувьд бараг бүгд л ууцны үнэ өндөр байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан бол ахмадууд "Тэтгэврийн мөнгөөрөө ганц ууц авчихаар бусад зүйлээ яаж авах болж байна аа" гэх үгсийг гомдлыг үгс "чулуудаад" зөрж өнгөрнө. Ууц, өвчүүгээ худалдан борлуулахаар зогсож буй малчид иргэдийн ийн бухимдаж, гомдоллохыг сонссоор байгаад дөжирсөн аятай үнэ өнгөрсөн жилийнхээс өсөөгүй. Яг адилхан байгаа гэх хариултыг тоть шиг давтаад зогсож байгаа харагдав.
УУЦ, ӨВЧҮҮГ 50-70 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЧАНАЖ БАЙНА
Ууц, өвчүүгээ авсан иргэдэд тулгамддаг дараагийн асуудал бол яаж чанах вэ гэх асуудал. Гэр хороололд амьдардаг ахимаг насны иргэд бүрхээр тогоотой айлууд гэртээ чаначихдаг бол байранд амьдардаг айлууд ууц, өвчүү чанаж, утна гэсэн зарын дагуу холбогдож, чануулахаас өөр сонголтгүй. Тиймээс бид ууц, өвчүү чанаж утах өртгийг судалж, сурвалжиллаа.
Орцны хаалга, хашааны булан гээд хаа сайгүй харагдах "Ууц, өвчүү чанана" гэх зарууд руу залгаж үнэ, ханшийг нь сонирхоход, дунджаар 50-70 мянган төгрөгийн ханштай байлаа. Гэрээсээ авахуулаад буцаад гэртээ хүргүүлнэ гэвэл 10-20 мянган төгрөг нэмэгдэнэ, дагавар махаа тусад нь чануулна гэвэл бас л тусдаа өртөгтэй. Үнэ нь их багаасаа шалтгаалаад 20-30 мянган төгрөг. Хэрэв эвдээгүй бол эвдэх үнэ нь мөн адилхан тусдаа ханштай гээд багагүй зардал гарах нь.
"УУЦ, ӨВЧҮҮ ЧАНУУЛАХАД СҮҮЛ ХУЙХЛАХ, МАХ ЭВДЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮНЭГҮЙ.
ГЭРЭЭС НЬ ОЧИЖ АВЧ, ХҮРГЭЖ ӨГӨХӨД 10 МЯНГА"
Гарах зардлаас гадна хэр цэвэрхэн орчинд хэрхэн яаж, чанах бол гэдэг нь толгойны өвчин болдог асуудлуудын нэг. Тиймээс бид "Ууц, өвчүү 50 мянган төгрөгөөр чанана. Хаягаар авч хүргэх үйлчилгээ үзүүлнэ" гэх зарын дагуу утсаар холбогдож, чанах процессыг сурвалжлах хүсэлт тавьсан юм. "Манайх том цех биш. Гэртээ бүрхээр зүүж, гэрийн аргаар чанадаг. Болно гэвэл хүрээд ир ээ" хэмээн уриалгахан зөвшөөрөв.
Биднийг товлосон цагтаа зорин очиход 30 гаруй насны залуу хос угтав. Амьдарч байсан гэрээ засварлаад бууз, баншны жижигхэн цех болгосон нь энэ аж. Цагаан сар болох гэж байгаа учраас жижиг өрөөндөө ууц чанах үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ.
Ц.БАТМӨНХ: ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ ЗАЛУУ АЙЛУУД НЭГ БҮРХЭЭР ХУДАЛДАЖ АВААД ГАЛ ДЭЭРЭЭ ӨӨРСДӨӨ ЧАНАЖ СУРЧИХВАЛ ЖИЛ БҮР ӨНДӨР ҮНЭЭР ЧАНУУЛАХ ШААРДЛАГА ГАРАХГҮЙ
Бид гэрийн эзэн Ц.Батмөнхөөс ууц чанах процессын талаар тодруулахад, "Гэртээ чанадаг байсан уламжлалт аргаараа чанаж байна. Бүрхээрт зүүж чанахаар хатаж, хорчийж хэлбэрээ алдахгүй. Гоё шүүслэг болдог гээд олон давуу талтай учраас энэ аргыг ашигладаг. Хүмүүс ч ам сайтай байдаг. Анх ах дүү хамаатан садныхаа ууц, өвчүүг чанаж эхэлсэн ч ам дамжиж явсаар цагаан сар хүртэлх захиалга бараг дүүрчихсэн байна. Цэвэрхэн орчинд гоё чанаж өгөхийг хичээдэг. Ууц өвчүү солигдохоос сэргийлж шошго тавьж, хүнсний скочоор ороогоод шууд хөлдөөж хадгалахад бэлэн болгоод эзэнд нь хүлээлгэж өгдөг. Том, жижиг, ууц, өвчүү хамаарахгүй 50 мянган төгрөгөөр чанаж байна. Дагавар мах чанах нь тусдаа 20 мянган төгрөг. Хаягаар очиж аваад буцааж өгвөл 10 мянга. Сүүл хуйхлах болон мах эвдэх үйлчилгээ үнэ төлбөргүй" гэлээ.
Мөн тэрбээр, гэр хороололд амьдардаг залуу айлууд нэг бүрхээр худалдаж аваад гал дээрээ өөрсдөө чанаж сурчихвал жил бүр өндөр үнээр чануулах шаардлага гарахгүй амар байдаг хэмээн онцлоод чанасан ууц, өвчүүг бүрэн хөрсний дараа гялгар уутаар битүү ороож, тагт болон амбаартаа хадгалах хэрэгтэй. Харин хөргөлгүйгээр гялгар уутаар ороосон тохиолдолд үнэр орох, муудах эрсдэлтэй" хэмээн зөвлөв.
Дундаж ууцыг 300 мянган төгрөгөөр худалдаж аваад чануулаад гэртээ хүргүүлээд авахад хамгийн багадаа 400 мянган төгрөг зарцуулахаар харагдаж байна. Энэ бол хамгийн боломжит доод үнэ. Үнэ ихтэй том ууц авбал зарцуулах төсөв нь нэмэгдэнэ. Үүнээс гадна тавгийн идээ, чихэр, жимс, гарын бэлэг, дээл хувцас гээд сайхан шинэлэх төсөв бидний халааснаас хол давах нь.