Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батзаяа: Улстөрд “Улаан шугам“ татчихаад “Чи болоогүй байна“ гэж байгаа нь залуучууд өөрсдийгөө голох шалтгаан болж байна

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
8 минут 50 секунд

Ардчилсан намын Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Батзаяатай ярилцлаа

-Уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу. Залуу үеийн төлөөллүүд АН-ын нарийн бичгийн дарга болсон асуудал олны анхааралд байна шүү дээ?

-Намайг Булганбаатарын Батзаяа гэдэг. Ховд аймагт төрсөн. Сэтгүүлзүйн чиглэлээр төгсөж, боловсролын удирдлагын чиглэлээр магистрын боловсрол эзэмшээд, Тайваньд бизнесийн удирдлагын чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан. Хамгийн сүүлд “Номин холдинг” ХХК-д сургалт хөгжил хариуцан ажиллаж байгаад, UBCAB компанид Маркетингийн захирлаар ажилласан. Мөн технологийн салбарт өөрийн гарааны бизнесээ эрхлээд, ажиллаж байна.

-Ер нь улстөрд ороод ирлээ. Улстөрийг өмнө нь юу гэж харж байв. Одоо харах өнцөг ямар байна вэ?

-Гэнэтхэн улстөрд орж ирсэн зүйл биш. Оюутан байхаасаа л нийгмийн асуудалд оролцдог, идэвхитэй байлаа. Хүмүүс улстөрч гээд тусад нь нэг хүн тавьчихаад байгаа юм. Миний хувьд идэвхитэй иргэнийг улстөрч гээд байгаа юм. Би бол идэвхитэй иргэн байсан. Энэ үйл ажиллагаа маань үргэлжилж байгаа юм болов уу гэж харж байна.

-Улстөрд орох шийдвэрээ хэр удаан бодож гаргасан бэ?

-Ер нь эртнээс л нийгмийн асуудалд оролцоод шийдвэрээ гаргасан байсан. Ардчилсан, эрх чөлөөтэй нийгэмд иргэний оролцоо нь өөрөө хамгийн гол суурь нь байдаг учраас Нарийн бичгийн даргын сунгаанд оролцоно гэдгээ шийдсэн байсан.

Хүмүүс надад хэлдэг. Заяа чи яагаад ингээд улстөр гэдэг зүйлтэй хутгалдаад байгаа юм бэ гэж асуудаг. Уг нь чи их аятайхан явж байсан шүү гэдэг хандлага гараад байгаа. Ингээд харахаар улстөрч гэдэг хүнийг нэг талд нь тавьчхаад байдаг. Өөрөөр хэлбэл, хоёр туйлд хуваачхаад байгаа юм. Гэтэл бид мянга хуваагдсан ч улстөрчдийн гаргаж буй шийдвэр бидний нуруун дээр ирэх учраас бодит нөхцөл байдалтай нүүр тулах ёстой юм шиг санагддаг. Тэгэхээр улстөр, нийгмийн асуудалд оролцоно гэдэг нь буруу зүйл биш гэж хувьдаа бодоод байгаа.

-Залуучууд улстөрийг заавал ахмадууд сонирхдог гэх байдлаар ханддаг шүү дээ. Энэ асуудалд ямар байр сууринаас ханддаг вэ?

-Муу нэртэй, зарим үйлдлүүд нь буруу байсан, нийгэмд шахагдаж байгаа хүмүүс улстөрд байгаа юу гэвэл үнэн. Гэхдээ улстөрийн орон зайг 40 хүнтэй автобустай адилхан гэж үздэг. Үүний 30 нь аягүй муу нэртэй, хийж буй үйлдлүүд нь болохгүй хүмүүс байгаа. Тэгвэл тэр автобусыг арай аятайхан болгох вэ гэвэл суудал бүрийг эзлэх ёстой гэж бодоод байгаа. Яагаад гэвэл энэ бол институт. Дотор нь хүмүүс байгаа. Магадгүй би хойшоо суугаад л “Улстөр, нам муухай байна аа" гэсэн мөртлөө нийгмийг гоё болгоно гээд байгаа бол арга замаа тодорхой хэмжээнд олж чадахгүй байна аа л гэсэн үг.

Би үнэхээр өөрчилмөөр байгаа бол оролцох хэрэгтэй. Тэгэхээр зугтахгүйгээр өөрийнхөө ижил сүргийг олоод, хамтдаа үзэл санааныхаа төлөө хөдөлмөрлөх ёстой гэж харж байна.

"Ардчилсан нам өөрөө бүхий л насны институттай. Намын дарга 70-аад оных, улстөрийн зөвлөл нь дээд үеийнх, дэд дарга нар 80-аад оных"

-Улстөрийн намуудаас яагаад Ардчилсан намыг сонгож элссэн бэ?

-АН-ыг сонгох хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, баруун төвийн үзэл баримтлалтай нам. Хүний эрх чөлөө, хувийн өмч буюу бидний үнэт зүйлтэй хамгийн ойр нам гэж хардаг. Хоёрдугаарт, бодит нөхцөл байдлыг харахаар айдастай байдаг.

Юу вэ гэхээр Монгол Улс ардчилсан эрх чөлөөтэй биш болчих вий гэх айдас бий. Өнөөдрийн байдлаар нэг нам найман жилийн турш засагласныг зүйрлэж яривал уулын замаар явж буй машин хазайгаад, тэнцвэрээ алдаж байгаа мэт мэдрэмж төрдөг.

Монгол Улс парламентын засаглалтай орон учраас баланстай байх ёстой. Найман жилийн хугацаанд нэг нам засаглахаар баланс алдагдаж, нэг тал руугаа хазайж буй мэт санагддаг. Тиймээс энэ үед залуучуудаар Монголын ардчилал, парламент дутах юм шиг санагдаад, зөв цагт нь өөрийнхөө хүчийг өргөж, оролцох ёстой гэж хараад байгаа юм.

Ардчилсан нам өөрөө бүхий л насны институттай. Жишээлбэл, намын дарга 70-аад оных, улстөрийн зөвлөл нь дээд үеийнх, дэд дарга нар 80-аад он, нарийн бичгийн дарга нар 90-ээд оных буюу бүхий л оны төлөөллүүд байна. Гол нь ойлголцож ажиллах нь чухал.

"Намын дотоод сонгууль гэдэг бол амаргүй сонгууль байдаг юм байна гэж ойлгосон"

-Таны хувьд Ардчилсан Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон. Намын дотоод сонгуульд оролцох ямар байдаг юм байна. Сонгуульд оролцоод, ялагдах мэдрэмж ямар байв?

-Би тухайн сонгуулийн дараа “Надад өгсөн саналууд итгэл, санал байлаа” гэж хэлж байсан. Дотоод сонгууль гэдэг бол амаргүй сонгууль. Хоёрдугаарт, тодорхой хэмжээнд хэн нэгнийг дэмжээд байна вэ гэхээр өөрийнхөө үзэл санаа, бодлоо тайлбарлаж, ойлгуулах боломж олгосон хүнийг сонгох процесс явагддаг юм билээ. Мэдээж, сөрөг болон эерэг зүйлс олон байгаа. Эерэг нь юу вэ гэхээр Ардчилсан намд ийм гоё залуус байдаг юм байна гэдгийг олж харсан. Өөрөөр хэлбэл, нам доторх залуучуудыг арай өөр нүдээр харах боломж юм л даа.

-Түүнчлэн улстөрд шинээр гарч ирж буй залуучуудыг тэдний хүн, эдний хүн гэх мэтээр цоллодог. Үүн дээр ямар байр суурьтай ханддаг вэ?

-Яг ингэж ойлгож болохгүй юм байна гэдгийг АЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулиар ойлгосон. Хувь хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байгаа. Таны асуусанчлан хүнийг тэдний, эдний хүн гэж цоллох тусам хүн өөрөө гарах гарцгүй болдог. Тиймээс улстөрд байгаа хүмүүсийг, ялангуяа залуучуудыг хочлоод, хэн нэгэнтэй нь холбоод баймааргүй байна. Яагаад гэвэл тэдэнд орон зайг нь олгох нь зүйтэй.

Нуух зүйл байхгүй. Нам дотор тодорхой хэмжээнд өөрсдийн эрх ашиг, үзэл бодлоороо эвлэлдэн нэгддэг "фракц" байдаг. Учир нь хүмүүсийн л бүтээн байгуулж буй хэсэг. Тэнд тал талаас нь дэмжлэг үзүүлэх тохиолдол байгаа.

Миний бодож явдаг өөр нэг зүйл бол хүмүүс улстөрийг холын юм болгочихож. Улстөрч гэхээр л дандаа зөв ярьдаг, хэлсэн үг нь оновчтой байх ёстой. Онол хольж ярьдаг хүнийг мундаг гэж үзээд байна. Харин зүгээр үзэл бодлоо илэрхийлж байгаа хүнийг үл ойшоох маягаар хардаг. Ер нь яагаад нэг залуу улстөрд орж ирээд, алдаж болдоггүй юм бэ. Зүйрлэж яривал, "улаан шугам" татчихаад, шугамнаас дээшээ гарсан нь улстөрч, доошоо байвал "Чи болоогүй байна" гэж үздэг нь залуучууд өөрийгөө голох шалтгаан болж байна.

Тэгэхээр улстөрийг холын асуудал биш, бидний өдөр тутмын амьдралын асуудал гэж ойлгох нь оролцоонд чухал үр нөлөөтэй байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа

Зориулалтын бусаар хлормин цацсан гэрээт ААН-д сануулга өгчээ
Зориулалтын бусаар хлормин цацсан гэрээт ААН-д сануулга өгчээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.