2023 оны шилдгийн шилдэг тамирчин “Бөртэ Чоно” шилжин явах цомын эзэн ОУХМ Баатархуягийн Отгонболдтой ярилцлаа. Тэрбээр өнгөрөгч аравдугаар сард болсон тивийн олимп гэгддэг “Ханжоу 2022” Азын наадмын байт харвааны төрлийн аваргын алтан медалийн эзэн болсон юм. Б.Отгонболдын хувьд үүнээс өмнө Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж, 2015 онд дэлхийн цэргийн Их наадмаас холимог багийн төрөлд алтан медаль, 2018 онд Азын цомын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль, Азын наадмын сорилго тэмцээнээс хүрэл медаль хүртсэн олон түмэнд хүндлэгдээд буй шилдэг харваач билээ.
-Юун түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу. Хэзээнээс эхэлж байт харваагаар хичээллэсэн бэ?
-Намайг Баатархуягийн Отгонболд гэдэг. Байт харвааны олон улсын хэмжээний мастер цолтой. Анх 2009 оны хоёрдугаар сарын 01-ээс хичээллэж эхэлсэн. Түүнээс хойш 14 жил тасралтгүй хичээллэж байна.
-Хамгийн анх ямар амжилт гаргаж байв?
-Анх 2010 оны хоёрдугаар сард Алдар спорт хорооны тэмцээнд орж байлаа. Анхны тэмцээн байсан болохоор маш их сандарч байсан. Хөл дээрээ ч тогтож чадахгүй, сөхрөөд уначихмаар их хүнд нөхцөл байдалтай орж байлаа. Улмаар их олон сум харвасан. Юу болоод байгааг ч анзаараагүй нэг л мэдэхэд хоёрдугаар байранд орчихсон. Өөртөө ч итгээгүй. Энэ үеэс төд удалгүй медальт тэмцээнүүд олон болсон. Тэр бүгдээс байр эзэлж маш их урам зориг авч, өөртөө итгэх итгэлээр дүүрсэн дээ.
Аав минь намайг дэмжсээр байгаад байт харвааны Улсын шүүгч болсон
-Гэр бүлийнх нь хүмүүс хэр дэмжиж байна. Танай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Манай гэр бүл бол намайг тултал дэмждэг. Аав минь намайг дэмжиж, дагаж явсаар байт харвааны улсын шүүгч болсон. Ээж маань миний арын албыг ямар ч асуудалгүй хариуцаж байдаг. Хоёр ах маань ч мөн адил ялгаагүй. Их дэмждэг. Ах нар маань надад гурван нум авч өгсөн. Тэр бүгдээр олон удаа өндөр амжилт гаргаж байлаа. Тийм ч учраас гэр бүлдээ үнэхээр их талархаж явдаг.
Түүнээс гадна ээжийн маань аав үндэсний сур харвааны спортын мастер цолтой хүн. Мөн аавын маань аав хоёр удаагийн чөлөөлөх дайнд оролцож байсан мэргэн бууч байсан. Магадгүй хоёр өвөөгөөс минь дамжиж ирсэн авьяас надад өвлөгдсөн байх гэж боддог.
-Нум болон бэлтгэлийнхээ талаар дэлгэрэнгүй яривал. Таныг сум тавихыг харахад энгийн хүмүүс тийм ч амар чадахааргүй харагдаж байна?
-Нум ойролцоогоор 3 кг орчим жинтэй. Гэхдээ татаад үзвэл 20 кг-аас илүү жинтэй болно. Би өдөрт дунджаар 300 сум харвалаа гэхэд 6 тонн ачааг өөр дээрээ авч байдаг. Гадаа 70 метрээс харвах бэлтгэл хийвэл нэг сум тавиад ардаас нь явахад 140 метр болно. Өдөрт дунджаар бодоход хамгийн багадаа 5 км алхдаг гэсэн үг.
Энэ спортоор хичээллэдэг хүмүүсийн хувьд байнгын бэлтгэлтэй байхгүй бол болохгүй. Булчингийн санах ой гэж байдаг. Ер нь бэлтгэл тасалж болохгүй. Ихдээ 3 хоног бэлтгэл хийхгүй байхад л төсөөрч нумаа даахгүй чичгэнэж, салганаж эхэлдэг.
Гэхдээ өвлийн улирал болж байгаа учир суурь бэлтгэл буюу дотор заалны хүчний бэлтгэлүүд хийгдэж байна. Өглөөнөөс орой хүртэл бэлтгэл хийхээр их ядарна. Орой гэртээ хариад хоолоо идээд л шууд унтаад өгнө. Харин анх суралцаж буй хүмүүсийн хувьд зөөлөн нумаас эхэлнэ. Анхлан суралцагчдын нум гэж тусдаа бий.
-Байт харвааг хөндлөнгөөс ажиглахад маш их төвлөрөл, анхаарал, сэтгэл зүй шаарддаг спорт юм шиг санагддаг. Таны хувьд энэ чанаруудыг хэрхэн өөртөө суулгадаг вэ?
-Тэгэлгүй яах вэ. Асар их төвлөрөл, зориг тэвчээр, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд л амжилтад хүрнэ. Ийм үг байдаг "Бусдын чадаагүйг чи чад" гэж. Би Азын олимпоос Монгол Улсдаа байт харваагаар анхлан алтан медаль авчирсандаа маш их баярладаг.
-Хэтийн зорилгоо төлөвлөсөн байгаа юу. Нууц биш бол манай уншигчидтай хуваалцаач?
-Ирэх тавдугаар сард Парисын олимпын багийн эрх олгох сүүлийн тэмцээн болно. Үүнд л маш сайн бэлдэж, багаараа олимпод оролцохыг хүсэж байна. Баг хамт олонтойгоо ойлголцоод, бие биеэ мэдэрч, хамт бэлтгэлээ хийж амжилтад хүрэх асар их эрмэлзэлтэй байна. Бидэнд боломж их бий гэж бодож байгаа.
-Байт харваа гэдэг спортыг манай улсын иргэдийн хувьд төдийлөн сайн мэддэггүй байсан. Та харин үүнд мэдэгдэл хийж Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд мөн залуучуудад маш том үлгэр дуурайллыг үзүүлсэн шүү дээ. Үүнээс улбаалж байт харваагаар хичээллэх хүсэлтэй залуус тантай холбогдсон уу?
-Азын наадам дуусгаад маш олон хүн холбогдсон. Энэ спортоор хичээллэх гэсэн юм яаж бүртгүүлэх вэ гэсэн залуус олон байсан. Тухай бүрд би өөрөө тамирчин хүн учир багшийнхаа дугаарыг өгөөд л өнгөрдөг. Түүнээс хойш манай хороон дээр нэлээдгүй хүмүүс ирж бэлтгэл хийж байна.
-Азын наадмын үеэр шагнал гардуулах ёслол дээр та нулимс унагаж байгаа харагдсан. Бөртэ Чоно цомын эзэн болоход мөн адил таны сэтгэл их хөдөлсөн байсан. Та өөрийгөө хэр уян зөөлөн хүн гэж боддог вэ?
-Би аавыгаа их дуурайсан хүн л дээ. Сэтгэлийн үг хэлэх ч юм уу бахархах зүйл хийсэн үед сэтгэл их хөдөлдөг. Цаанаасаа л огшоод явчихдаг. Ер нь нулимс их ойрхон. Эх орныхоо далбаан дор аавынхаа нэрний ард цоллуулж, олон улсын тавцанд мандах нь огшихгүй байхын аргагүй. Гэхдээ тэмцээний үеэр өөрийнхөө сэтгэл зүйг бүрэн хянаж чаддаг.
-Оны тэргүүн тамирчин хэмээн цоллуулахад ямар санагдаж байсан бэ?
-Би оны тэргүүн тамирчинд нэр дэвшиж байгаа минь л бахархалтай гэж бодож байсан. Улмаар уригдаж очиход их горьдлоготой байсан. Гэтэл эхлээд ОУХМ С.Жамбалжамцыг зарлаад дараа нь МУГТ Ё.Басхүүг дуудахад за энэ удаад шилдэг тамирчин болж чадахгүй юм шиг байна. Гэхдээ зүгээр дээ уригдаж ирсэн минь л хангалттай нэр төрийн хэрэг гэж бодон суутал "Шилдгийн шилдэг"-ээр Баатархуягийн Отгонболд гэхэд нүдэндээ ч итгээгүй. Хажууд сууж байсан хүмүүсээс намайг дуудсан уу хэмээн асуутал, бүх хүн хурдан гараарай зарлаад байна гэж хэлэхэд маш их цочирдсон. Үнэхээр гэнэтийн байсан. Тайзан дээр гарсны дараа хэлэх ч үг олдоогүй. Сэтгэл их хөдөлсөн.
-Одоо энэ спортоор хичээллэх залуусын тоо эрс нэмэгдэж байна. Тэдгээр хүмүүст хандаж зөвлөгөө өгвөл?
-Хөдөлмөрлөсөн хүнд л аз ирдэг шүү дээ. Байт харваа бол тэсвэр хатуужил, өндөр мэдрэмж шаарддаг спорт. Гадаа 70 метрээс сум тавихад салхинд ганхах нь мэдээж хэрэг. Гадаа их салхитай 3-9 цаг руу байлаа гэж бодъё. Ийм үед 3 цагийн шар дээр барих ч юмуу аль эсхүл нэлээн их салхитай байвал цэнхэр захлуулж барьдаг. Давхар тэнд математикийн ухаан явагдана. Нэг ёсондоо мэдрэмжээрээ тоо бодно гэсэн үг.
Тиймээс шинээр орж ирж байгаа залуустаа хэлэхэд та бүгдэд мэдээж маш их боломж бий. Гагцхүү уйгагүй хөдөлмөрийн үр дүнд л амжилт аз хоёр зэрэг ирдэг шүү л гэж хэлье.
Бусдын чадаагүйг чи чад. Энэ бол миний хамгийн хэлэх дуртай үг.
-"Бөртэ Чоно"-ын тайзан дээр таны сэтгэл их хөдөлсөн байсан. Тухай үеийн сэтгэлийн үгээ одоо энд дахин нэг удаа хэлээч?
-Миний хамгийн анхны дасгалжуулагч болох Б.Ганзориг, н.Цэрэнмядаг, шигшээ багийн дасгалжуулагч хийж байсан н.Нарантуяа, эмэгтэй багийн дасгалжуулагч болох н.Мөнхцэцэг багшдаа мөн Алдар спорт хороо, Биеийн тамир спортын улсын хороо, Үндэсний олимпын хороо, Монголын байт харвааны холбоо, байтын хамт олон болон найз нөхөд, гэр бүлдээ, намайг дэмждэг бүх хүмүүстээ бүгдэд нь маш их баярлалаа, итгэлийг нь алдахгүй ээ.
-Ярилцсанд баярлалаа.