Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” арга хэмжээг жилд хоёр удаа улс орон даяар тогтмол зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Соёлын сайдын баталсан удирдамжийн дагуу орон нутаг даяар аймаг, нийслэлийн соёл, урлагийн газар, нийтийн номын сангууд нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх олон талт арга хэмжээг жил бүрийн энэ өдрүүдэд тогтмол зохион байгуулж байна.
Монгол Улс анх 1950 оноос “Хуучин номын худалдаа”, 1955 оноос “Хүүхдийн номын зах”, 1990 оноос ”Номын баяр”, “Номын үзэсгэлэн’, 1999 оноос “Номын яармаг”, 2000 оноос “Бичиг соёлын хишиг өдөр”, 2012 оноос “Номын баярын өдөр”, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2021 онд нэмэлт өөрчлөлт орсноор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” хэмээн жилээс жилд өргөжин хүрээгээ тэлж, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болсон.
Өнгөрсөн оны байдлаар Соёлын яам болон харьяа байгууллага, орон нутгийн Соёл, урлагийн газрууд 21 аймагт 139 төрлийн арга хэмжээ зохион байгуулан 860 гаруй соёлын арга хэмжээнд 220 мянга гаруй иргэн хамрагдан, уншигч, оролцогчдын идэвх санаачилга өргөжин байгаа нь жил бүр зохион байгуулсан арга хэмжээний төрөл, оролцогчдын тооноос харж болно. Монгол туургатны мянганаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнайд ном эрдмийг хүндэтгэн дээдэлж есөн эрдэнээр чимэглэн, шастир их цадиг, суу сэтгэлгээний охь болсон бүтээлүүдээ нандигнан хайрлаж, ном дор мөргөхийг сүслэн, эрхэмлэн уншдаг ариун ёс, уламжлалтай.