Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Гарцгүй газраар тааваараа “бэлчигчид“ жолооч нарын “толгойны өвчин“ болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 15 секунд

Эмх замбараагүй хотын хэнэггүй нь дэндсэн явган зорчигч та замын хөдөлгөөний дүрэм ганцхан жолоочид биш танд ч гэсэн хамааралтай гэдгийг ойлгож, ухаарч хайрла.

Замын түгжрэлд бухимдаж, олон цагийг зам дээр өнгөрүүлдэг жолооч нарыг нэмж бухимдуулдаг нэг зүйл нь хэнэггүй, хариуцлагагүй явган зорчигчид. Ялангуяа цас орж, зам мөстдөг өвлийн улиралд, харанхуй нөмөрч, гэрэл гялбасан шөнийн цагаар ямар ч гарц, гарамгүй газар хаа нэгтэйгээс гэнэтхэн гүйгээд гараад ирдэг явган зорчигчид жолооч нарын толгойны өвчин болчхоод байна.

Хажууханд нь явган хүний гарц байхад тав алхахаасаа залхуурдаг уу, угийн хэнэггүй зан нь хатгадаг уу дуртай газраараа зам хөндлөн гарч, замын түгжрэлд орсон машинуудын дундуур сүлжилдэн гүйнэ. Өвөл болж халтиргаа гулгаа үүссэн энэ цаг мөчид энэ мэт үйлдэл олон эрсдэлийг дагуулж, зам тээврийн осол нэмэгдэх шалтгаан нөхцөл болчхоод байна.

Дүрэм, журмаа даган мөрдөх, хуулиа хууль шиг биелүүлэх ухамсар бидэнд үгүйлэгдсээр...

Товчхондоо бол хормын төдий тэвчээр алдаж, аюулын ам руу өөрсдөө гүйгээд орох нь элбэг болж. Ногоон гэрэл хүлээхийн оронд тэсвэр алдаж замын голд бөглөөс болж түгжрэл дээр түгжрэл, бухимдал дургүйцлийг бий болгох жишээтэй. Түүгээр ч барахгүй зам хөндлөн гарахдаа хэд гурваараа сажлан явж ядна. Гарцгүй газраар зам хөндлөн гарч буй хэнэггүй зорчигч танд соёлтой жолооч зам тавьж өгч, аюул эрсдэлээс авран хамгаалсан бол гай бололгүйхэн зам чөлөөлөхөө бодохын оронд замын голд амьдрал хүүрнэлдэн, загварын тайзан дээр алхаж буй аятай нааш цааш сажлан алхахаа болино уу.

Та замын хөдөлгөөнд оролцож байхдаа харцаа тогтоогоод нэг ажаарай. Явган зорчигчид гарцгүй газраар зам хөндлөн гарах, улаан гэрлээр гүйх бол жирийн үзэгдэл болсон. Харин ч бүр машин тэдэнд зам тавьж өгөх ёстой юм шиг зан гаргадаг. Энэ байдал нийслэлчүүдийн нийтлэг төрх болсныг та төвөггүй анзаарах болно.

Хотын захын хорооллуудад гарц, гарам дутмаг учраас арга буюу гарцгүй газраар гарахаас өөр сонголтгүй болдгийг үгүйсгэх аргагүй үнэн. Гэхдээ танд запаас амь байхгүй гэдгийг ямагт санаж, аз сорьсон үйлдэл хийхгүй байхад анхааръя. Тавхан хором хүлээгээд таван машин гаргахад таны өмнөх зам аюул эрсдэлгүй болчихоор байхад тэсгэл алдаж гүйх нь таны болон бусдын амь насыг эрсдэлд оруулж байгааг саная.

Хог шатаж, утаажсан бүсээс 18 хүнийг эсэн мэнд гаргажээ
Хог шатаж, утаажсан бүсээс 18 хүнийг эсэн мэнд гаргажээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.