Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Одонбаатар: Ирэх сарын 20-ноос хойш Хүннү Эйр компани Улаанбаатар Дубай хооронд шууд нислэг үйлдэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 28 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй. Энэ үеэр хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын дагуу зарим салбарууддаа хамтын ажиллагааг эхлүүлэхээр болсон юм. Энэ талаар Монгол Улсаас АНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатараас тодрууллаа.

-Өнгөрсөн хугацаанд хоёр орны хамтын ажиллагаа аль салбарт түлхүү хөгжиж ирсэн бэ. Цаашид богино болон дунд хугацаандаа аль салбарт харилцаагаа хөгжүүлье гэж төлөвлөж байгаа вэ?

-Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират улстай 1996 онд дипломат харилцаа тогтоогоод эдүгээ 26 дахь жилдээ үргэлжилж байна. Бидний хувьд Арабын болон булангийн улс орнууд гадаад харилцааны бодлогод багтаж, харилцан хамтын ажиллагаа үргэлжилдэг бүс нутаг боловч тодорхой хэмжээнд ийшээгээ анхаарлаа хандуулж амжихгүй явсаар өдийг хүрсэн байна. Сүүлийн үед булангийн орнууд дэлхий нийтийн анхаарлын төвд орж байгаа. Улс орнуудын хөгжлийн бодлого, хөгжиж байгаа үйл явц бол бусад бүс нутаг, улс орнуудад үлгэр жишээ болохуйц байгаа. Тэгэхээр барууны ертөнц, Ази, Латин Америк, Африкын улс орнууд булангийн улс орнуудтай ихээхэн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой болж байгаа. Монгол Улс ч энэ үйл явцаас дутахгүй булангийн орнуудтай харилцаагаа идэвхтэй хөгжүүлэх шаардлагатай. Тиймээс 2019 онд УИХ-аас Арабын Нэгдсэн Эмират улсад ЭСЯ байгуулах шийдвэрийг гаргасан байдаг. Тус шийдвэрийг хэрэгжүүлэх явцад цар тахал таарсан тул ЭСЯ-аа нээж чадахгүй байсаар 2021 оны сүүлээр 2022 оны эхээр ЭСЯ-ыг байгуулан ажиллаж байна.

-Хоёр орны улс төрийн харилцаа найрсаг, хөгжиж байгаа. Бидний хувьд харилцаагаа хөгжүүлье гэсэн эрмэлзэл хоёр талдаа байгаа. Нөгөө талаасаа олон улсын хамтын нийгэмлэгт хамтарч ажилладаг олон байгуулагууд дээр бие биеээ дэмжиж ажиллах ёстой. Улс төрийн харилцааны эерэг уур амсьгалыг бусад салбарт шингээх тэр тусмаа эдийн засаг, тогтвортой хөгжил, боловсрол, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, ногоон хөгжил зэрэг чиглэлүүдээр хамтарч ажиллах бодол байгаа. Сүүлийн үед бид хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтарч ажиллаж байна. 2022 онд манай зарим ААН-үүд анх удаа Монгол Улсад бэлдсэн махыг булангийн улс орнуудад ялангуяа Арабын нэгдсэн Эмират улсад экспортлох бүх зөвшөөрлийг авч 2023 оны нэгдүгээр сараас албан ёсоор экспортолж эхэлсэн. Энэ бол тодорхой хэмжээнд хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр ахисан амжилт гэж хэлж болно. Учир нь булангийн улс орнуудын хувьд мах, махан бүтээгдэхүүний зах зээл гэдэг бол бусад улс орнуудын маш их идэвхтэй ажилладаг зах зээл. Энэ зах зээл дээр монгол махыг гаргаж ирж борлуулна гэдэг бол манай хөдөө аж ахуй, малчдад дэм болох ёстой. Энэхүү экспорт энэ жил нэлээн гайгүй явж байгаа. Цаашилбал бид Саудын Араб руу хонины мах гаргах чиглэлээр ажиллаж байна. Учир нь Арабын Нэгдсэн Эмират улсад суугаа ЭСЯ маань Саудын Араб улсад хавсран суудаг. Бид энэ чиглэлээр ажиллаж байгаа. Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсын зах зээл дээр бид монгол махны нийлүүлэлтийг тогтворжуулж чадвал малчдад ихээхэн дэм болох үйл явц гэж үзэж байгаа. Цаашлаад газар тариалангийн чиглэлээр хамтарч ажиллая гэсэн саналууд байгаа. Яагаад гэвэл Арабын улс орнууд гурилын хэрэглээ өндөртэй улсууд. Эмиратын байгууллагууд манай улсад улаан буудай тариалаад түүнийгээ гаргах шийдлээр хамтарч ажиллая гэсэн саналуудыг тавьж байгаа. Бид холбогдох байгууллагууд руугаа явуулаад судалгааны хэмжээнд ажиллаж байна.

-Боловсролын салбарт хамтын ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх вэ?

Ер нь боловсролын салбарын хамтын ажилланаа нэлээн идэвхтэй явж байсан. Одоогоор манай оюутан залуус тодорхой сургуулиудад суралцаж байна. Сүүлийн үед сургалтын зардал нэмэгдэж буй учраас суралцах хүмүүсийн тоо багасаж байгаа. Үүнийг хоёр талын боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд хөгжүүлэхээр ажиллаад явж байна. Өнөөдөр үзэглэсэн баримт бичгүүд дунд дижитал их сургуулийн хамтын ажиллагаа гэж бий. Энэ нь алсын зайн сургалтуудыг явуулах чиглэлээр Эмиратын багш нар мэргэшсэн байдаг учраас тус сургалтыг манайд хамтарч хэрэгжүүлье гэж байгаа юм. Өргөн уудам газар нутагтай улс оронд алсын зайн сургалтууд хэрэг болдог. Ялангуяа Англи хэлний сургалтаар хөдөө орон нутгийн залуу багш нарыг бэлтгэх чиглэлээр ажиллахаар зорьж байгаа.

-Ерөнхийлөгчийн зүгээс анхаарал хандуулж буй чухал асуудлууд байгаа шүү дээ. Тухайлбал, Тэрбум үндэсний хөдөлгөөнд тус улсын зүгээс хэрхэн хамтарч ажиллахаар байна вэ?

Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Арабын Нэгдсэн Эмират болон Саудын Арабын байгууллагууд хамтарч ажиллаж буй. Тэгэхээр энэ бүс нутагт байгаа улс орнууд усны хомсдолтой, цөлжилттэй. Цөлжилтийг багасгах, түүнтэй тэмцэхэд мод ургуулах чиглэлээр хамтарч ажиллая гэсэн саналтай явж байгаа. Манайх хүнсний аюулгүй байдал чиглэлээр хамтарч ажиллах бодолтой байна. Яагаад гэвэл Арабын Нэгдсэн Эмират улс бол том экспортын хаалга. Дэлхийн өнцөг булан бүрээс бараа бүтээгдэхүүн авч ирж эндээ чөлөөт эдийн засгийн чөлөөт бүсдээ боловсруулаад гаргадаг. Энэ нь өндөр стандарттай, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн байдаг. Иймд энэ чиглэлээр хүнсний аюулгүй байдлаа хангах чиглэлд хамтран ажиллах боломжтой гэж харсан.

-Харилцан визгүй зорчих асуудлыг шийдвэрлэлээ. Энэ чиглэлд та мэдээлэл өгөхгүй юу?

-Бид ЭСЯ ажиллаж эхэлснээс хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Арабын нэгдсэн Эмират улстай визгүй зорчих хэлэлцээр байгуулахаар ажилласан. Жил гаруй хугацаанд ажилласны эцэст өнөөдөр дипломат албан болон энгийн пасспорттой бүх иргэд хоёр талдаа визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улсын иргэд визгүй зорчих боломжтой болж байгаа. Энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоёр орны харилцааг нэмэгдүүлэх, эдийн засаг худалдааны харилцааг нэмэгдүүлэх, иргэдийн солилцоо нэмэгдүүлэх асуудлуудыг дэмжинэ.

Үүнтэй холбогдуулаад Ерөнхийлөгчийн айлчлалаар Улаанбаатар Дубай хооронд шууд нислэгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ. 12 дугаар сарын 20-ноос хойш Хүннү Эйр компани шууд нислэг үйлдэхээр болж байгаа. Бүх зөвшөөрлийг хоёр талдаа тохирсон. Уулзалтаар баталгаажууллаа. Энэ шийдвэр хоёр улсын харилцаанд эерэг үр нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Э.Одбаяр: Ирэх сарын 20-ноос Монгол Улс, АНЭУ хооронд шууд нислэг үйлдэхээр тохиролцсон
Э.Одбаяр: Ирэх сарын 20-ноос Монгол Улс, АНЭУ хооронд шууд нислэг үйлдэхээр тохиролцсон
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.