УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдалтай ярилцлаа
-Өчигдөр шүүх дээр "Эрдэнэт, Хөтөл, Дархан төмөрлөг"-тэй холбоотой асуудлууд яригдаж, 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хойшиллоо. Таны хувьд хоёр хоногийн өмнө Эрдэнэтийн 49 хувь болон кластер байж болохуйц төрийн өмчит үйлдвэрүүдийн газруудтай холбоотой асуудлаар тодорхой баримтуудыг ярьсан байсан. Эндээс яриагаа эхэлье?
-2019 онд Эрдэнэтийн 49 хувийн санхүүгийн схемийг олон нийтэд ил болгож байсан. Түүнээс хойш нэлээн үйл явдал өрнөж өнөөдөр л шүүх дээр очиж байна л даа. Тэгэхээр энэ процесс өрнөхөд нэлээн их хугацаа шаардагдсан. Зарим халаасны хулгайн хэрэг 2 долоо хоногийн дотор шийдэгддэг байтал хэдэн их наядаар яригдаж байгаа санхүүгийн схемтэй луйврын хэргүүд шүүх дээр очоод гацдаг, удааширдаг байдал ажиглагдаж байна. Зөвхөн Эрдэнэт гэлтгүй сүүлийн хоёр жилийн турш Засгийн газраас томоохон төрийн өмчит компаниудтай холбоотой дуулиант хулгай, луйврыг бүгдийг л илчиллээ шүү дээ. Олон нийт болон миний зүгээс ч тэр энэ хэрэг хэзээ шийдэгдэж, хэзээ мухарлагдах вэ гэдэгт хүлээлт байдаг.
-Нэг талдаа төрийн мөнгийг авчихлаа гэдэг өнцөг яваад байгаа. Нөгөө талдаа Оростой хэлэлцээр хийгээд авч ирсэн өмч рүүгээ төр эрх мэдлээ ашиглаад асуудал үүсгээд байна гэдэг зүйл яригддаг. Таны дурдсанчлан 2019 оноос хойш л энэ хэрэг шүүх дээр гацлаа. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал өмнө нь шүүх дээр очсон ч өмнө хойшилсон, одоо ч хойшиллоо. Шүүх дээр энэ асуудал яагаад удаашраад байдаг юм бэ?
-Бусад том хэргүүдтэй ялгаагүй шалтгаантай байх гэж бодож байна. Улс төрөөс шалтгаалж цаг хожих л бодлууд яваад байх шиг байна. Шүүх засаглал ардчилсан, хараат бус, бие даасан байх ёстой. Гэтэл томоохон хэргүүд шүүх дээр очоод яагаад гацдаг вэ гэдэг асуулт зөвхөн надад төдийгүй олон нийтэд байна. Яалт ч үгүй хардлага төрж байгаа юм. Энэ олон хулгайг дэлгэж буй санаа нь ч тэр шүү дээ. Ард олноороо эдгээр хэргүүдийн ард ямар процесс өрнөсөн бэ гэдэг мэдээлэлтэй больё л гэх агуулга. Ойлгож аваад тэндээс тодорхой хэмжээний хүлээлт үүсэх ёстой шүү дээ. Гүйцэтгэх засаглал ч ялгаагүй. Хулгай гарч ирж л байгаа бол түүний цаана юу болсон бэ, хэн холбогдов, тэдэнд ямар хариуцлага хүлээлгэх вэ зэрэгт хүлээлт үүсч байна шүү дээ.
-Үзэгчдэд ойгомжтой байлгах үүднээс яг ямар санхүүгийн схем, процесс өрнөсөн бэ гэдэгт тайлбар өгье?
-Цемент шохой, Дарханы төмөрлөг, Эрдэнэт үйлдвэр гэх байгууллагууд хоорондоо холбоотой. Үйлдвэрлэлийн хувьд ч анхнаасаа холбоотой байж ирсэн. Бид аль нэгийг нь л онцолж яриад байдаг болохоос Цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр хоёр бол Эрдэнэт үйлдвэрийн түүхий эдийг хангах зорилгоор байгуулагдсан үйлдвэрүүд шүү дээ. Тэгэхээр стратегийн хувьд Эрдэнэт үйлдвэрийг тогтвортой үйл ажиллагаа явуулахад ган бөмбөлөг нөлөөлдөг. Шохойг нь нийлүүлдэг чухал ач холбогдолтой гэсэн үг. Энэ Цемент шохой, Дарханы төмөрлөгийг авах процесс Эрдэнэтийг авахаас өмнө эхэлсэн. 2011 онд Хөрөнгө оруулалтын гэрээ нь хийгдсэн байдаг. Тухайн жилдээ Кью Эс Си ХХК-аар дамжуулан Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байдаг. Яваандаа Цемент шохойг өмчилсөн. Нэг ёсондоо энэ бүх процесс тавхан жилийн дотор эцэслэгдсэн. Цемент шохойг 2015 онд УИХ-аас гаргасан өмч хувьчлалын жагсаалтад оруулж, анх хөрөнгө оруулсан компанид нь шууд өмчлүүлэх шийдвэр гаргасан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тухайд тэр үед УИХ-аас Концессын тухай хууль гарч байсныг чи санаж байгаа байх. Концессын жагсаалтад оруулаад хөрөнгө оруулалт хийж, түүнийг буцаагаад төсвөөс Концессын нөхцлийг өөрчлөх замаар гаргуулан авч авсан. Ийм зүйлийг 2012-2016 оны хооронд буюу дөрвөн жилийн дотор хийж 2016 оны сонгуулиас өмнө эцсийн цэг Эрдэнэтийн 49 хувийг авах процесс өрнөсөн байгаа юм л даа. Та бүхэн санаж байгаа бол Эрдэнэтийг 400 сая ам.доллараар Оросын талын эзэмшигч хувийг зургаадугаар сарын 29 буюу сонгуулийн өмнөх өдөр эцэслэгдэж, тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд зарлаж байсан. 2016 оны сонгуулиас өмнө яаралтай явуулах чиглэлтэй дөрвөн жилийн дотор машиндсан байгаа юм л даа.
-Эрдэнэт үйлдвэрийг авах нь эцсийн цэг байсан гэж байна шүү дээ. Түүхий эдийг ханган нийлүүлэх хоёр үйлдвэрийг аваад тэндээсээ хэрхэн, яаж Эрдэнэт үлйдвэрийг авах санхүүгийн схем явагдсан хэрэг вэ. 400 сая ам.доллараар Эрдэнэт үйлдвэрийг Монгол тал авсан шүү дээ. Тэнд төрийн мөнгийг ашиглаад авсан байна гэдэг асуудал яригддаг. Нөгөө талдаа аж ахуйн нэгж өөрөө эрсдлээ үүрээд монголын талд авч ирсэн гэдэг зүйлийг ярьдаг. Тухайн хоёр үйлдвэрийг аваад санхүүгийн хувьд ямар зорилгоор ашигласан юм бэ?
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авах ажлыг нэгхэн жилийн дотор хийчих зүйл биш. Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмшлийн хувийг худалдаж авах процесс энэ гэрээ хэлэлцээр 2016 оноос өмнө хийгдсэн процесс гэж хардаж байгаа. Тийм амархан явах процесс биш. Учир нь ОХУ-ын тал буюу төрийн өмчит бүх үйлдвэрүүдийг нэгтгэсэн, баялгийн сан зарчмаар явдаг Ростехийн нэг охин компанийг худалдаж авах процесс. Энэ бол Монгол Оросын 40 жилийн бэлгэдэл болсон том үйлдвэр байлаа шүү дээ. Геополитикийн хувьд ач холбогдолтой гэдэг утгаараа Ерөнхийлөгчийн хэмжээнд яригдах ёстой зүйл гэж харж байгаа.
-Тухайн үеийн Ерөнхийлөгч нь Ц.Элбэгдорж?
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Монголын талаас оролцсон байх магадлалтай. Гэхдээ маш нууцын зэрэглэлтэйгээр УИХ нь мэдээгүй байж байгаад Засгийн газрын хурлаар яаралтай сонгуулийн өмнө шийдэж гаргаж байсан шүү дээ. Тэгэхээр маш их нууцлал дунд 400 сая ам.доллароо босгох хэлцлийг эцэслэх процесс явсан байгаа юм.
-400 сая ам.долларыг Эрдэнэтийн хоёр үйлдвэрээс босгосон тэр байтугай Монголбанкнаас тодорхой хувийг нь гэдэг ?
-400 сая ам.доллар гэдэг чинь маш их мөнгө шүү дээ. Тэгэхээр 400 сая ам.долларыг босгох үйл процесст УИХ, ЗГ-аасаа авхуулаад бүгд оролцож хамтарч ажиласан гэсэн үг болж таарч байна. Төрийн бүх аппаратыг ашигласан байгаа юм. Сангийн яамнаас вексель буюу өрийн бичиг гаргуулж авсан. Монголбанкнаас хүртэл 200 сая ам.долларын өрийн бичгийг Кью Эс Си ХХК-аар дамжуулан гаргуулж авч байсан байгаа юм. Хөгжлийн банкнаас Кью Эс Си болон Цемент Шохой хоёул маш том зээлүүдийг гаргуулж авсан. Аж үйлдвэрийн яам Концессыг Кью Эс Си ХХК-тай байгуулж байсан. Монголбанкнаас зузаатгалаар 160 тэрбум авсан. Төрийн байж болох бүх л сувгуудаас нь 400 сая ам.долларыг угсарсан байгаа юм л даа. Энэ хэмжээний мөнгийг тийм амархан босгохгүй шүү дээ. 400 орчим сая ам.доллар болно гэдэг нь ойлгомжтой. Түүнийг хаанаас босгох вэ гэдэг процесс л хоёр жилийн хугацаанд өрнөсөн байгаа юм.
-Энд мөнгө босгох процесс болж байсан байна. Харин тэнд хэлцэл хийж байсан байна?
-Тийм ээ. Эцсийн эцэст тэр хэлцлийг амжилттай болгохын тулд Орос руу мөнгө өгөх нь ойлгомжтой. Мөнгө босгох бүх процессийг аваад үзэхэд, Дарханы төмөрлөг болон Хөтөл хоёрын мөнгөний урсгалыг ховх сорсон юм билээ. Хөтөлийн тухайд ч тэр ажилчдынх нь нийгмийн даатгалыг төлөлгүйгээр өр үүсгэж, тухайн мөнгийг татсан байгаа юм.
-Аж ахуйн нэгж рүү татагдсан гэсэн үг?
-Тийм шүү дээ. Нэг ёсондоо энэ мөнгийг босгохын тулд бүх сувгаас мөнгө босгож татсан гэсэн үг.
-Эрдэнэт дээр шаардлагагүй байхад нь зээл аваад тэр мөнгийг зээлээс буцаад ороод ирэхэд нь ХХБ-наас зээл авч, Кью Эс Си ХХК руу гарч Эрдэнэт үйлдвэртээ ашиглагдаагүй гэж байна. Мөнгөний процессууд үйл баримтаараа нотлогдож байгаа юу?
-Бүгд л баримттай шүү дээ. Санаанаасаа зохиох боломжгүй шүү дээ. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн санхүү хариуцсан захиралтай очиж уулзахад 70 тэрбум зээл авсан боловч тухайн зээл нь ямар ч шаардлагагүй гэдэг. Төрд буцаан авсаны дараагаар хийсэн хамгийн эхний зүйл бол тухайн зээлийг хаасан байдаг. Хөтөл цемент, Дарханы төмөрлөг зэрэг ААН-үүдийн бүхий л хөрөнгө барьцаанд очдог, өндөр хүүтэй зээл төлдөг, төлсөн зээл нь буцаад ХХБ руу аль эсвэл Улаанбаатар банк руу гарчихдаг, зээл нь хэзээ ч ААН-үүддээ хөрөнгө оуулалт болж очдоггүй байсан байгаа байхгүй юу.
-Зээлийн эргэн төлөгдөх ёстой мөнгө, үүссэн хүүгийн төлбөр зэрэг нь 51, 49 хувиар орж ирэхээр төр цаашлаад иргэд бид өрөнд ороод байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Ачаалал нь давхар тухайн компанидаа очиж байна гэсэн үг. Авсан зээлээ төлөх нь хувь эзэмшигч нь хэн байхаас үл шалтгаалж тухайн компанийн хүлээх үүрэг шүү дээ. Тиймээс энэ схем 3-4 жилийн турш явж байж 400 сая ам.долларыг босгосон байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн үеийн тооцооллоор 70-80 хувийг нь төрийн байгууллагаас өр хэлбэрээр босгож, гаргасан. Эрдэнэтийг авангуутаа хоёрхон сарын дотор Эрдэнэтийн дансанд байсан 58.3 сая ам.долларыг буцааж татсан байгаа юм. Тэр нь Оросын талдаа төлөгдөх гээд хүлээгдээд явж байсан үеийн хуримтлагдсан ногдол ашиг байсан юм байна л даа. 58.3 сая ам.долларыг шууд буцааж татсан гэсэн үг.
-49 талын ААН рүү орсон гэсэн үг үү?
-Яг зөв.
-Санхүүгийн хувьд ийм схем явжээ. Улс төрийн хувьд ямар оролцоо байсан бэ. Тухайлбал, хамгийн наад захын жишээ бол УИХ-аар орох ёстой байсан. УИХ-аар орж тогтоол гаргаад хэрэв 49 хувийг Монголын төр авах уу үгүй юу гэдгийг давуу эрхийнхээ хүрээнд шийднэ. Хэрэв авна гэвэл төр өөртөө авчихна. Үүнд төрөөс гаргах мөнгө байхгүй, эрсдэлтэй цаашилбал дотоодын ААН-үүдэд нээлттэй байдлаар асуудлыг шийдье гэх процесс өрнөх байтал шууд Засгийн газрын түвшинд шийдвэр гаргасан байдаг?
-Яг зөв. Хууль эрх зүйн талаасаа хамгийн том асуудал дагуулсан зүйл болж байгаа юм л даа. Тэр үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байсан. 2016 оны зургаадугаар сарын 13-нд Засгийн газрын хурлаараа шийдвэр гаргасан. Зургаадугаар сарын 13 гэдэг бол сонгуулийн ид үе биз дээ. Тухайн өдөр Засгийн газрын хуралдаан зарлаад 330 дугаар тогтоолыг баталсан байдаг. Төр 49 хувийг авах эрхээсээ түдгэлзэж байна гэсэн шийдвэрийг Засгийн газрын тогтоолоороо гаргасан. Гэтэл тэр түдгэлзэж байна гэдэг шийдвэрийг хувьцаа эзэмшигч гаргах ёстой. Хувьцаа эзэмшигч бол өөрөө том зургаараа УИХ байхгүй юу. Оюутолгойн хувьд ч Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хийсэн алдаа нь тэр шүү дээ. Оюутолгойн Дубайн гэрээг байгуулахад УИХ-аар оруулж зөвшөөрөл авах байсан. Гэтэл Засгийн газрын хуралдаанаараа ч оруулалгүй гарын үсэг зурчихсан. Тэгэхээр УИХ-ын эрх үүргийг умартсан. Стратегийн ач холбогдолтой орд бол өөрөө хувьцаа эзэмшигч нь УИХ шүү дээ. Зөв зарчмаараа явсан бол Ч.Сайханбилэг Ерөнхий сайд УИХ-аар оруулж шийдвэр гаргах ёстой байсан. Тэр үед УИХ 49 хувиа төр хэрхэх вэ гэдэгт тодорхой шийдвэр гаргах байсан. Үүний дараагаар УИХ, ЗГ-аас гаргасан шийдвэрийн дагуу энэ процессийг явуулах байсан. Гэтэл Оюутолгойн асуудал дээр УИХ-аас зөвшөөрөл аваагүйтэй адил УИХ-д ч мэдэгдэлгүйгээр Засгийн газрын хуралдаанаараа яаралтай оруулж шийдвэрүүдийг гаргасан байгаа юм. Тухайн хууль эрхзүйн орчин талаасаа Оюутолгой дээр ч үүнийг давтсан алдаа.
-Та бүхний ярьж буй зүйлээс өнгөрсөн хугацаанд санхүүгийн хувьд схем гаргаж мөнгөө босгосонтой адилаар улс төр дээр ч схем гаргасан юм шиг байна. Жишээлбэл, хэлцэл 2-3 жилийн турш үргэлжилсэн. Хэлцэл үргэлжлэхээс өмнө шаардлагатай хоёр үйлдвэрээ нэгийг нь Концессоор, нэгийг нь хувьчлалаар авч байсан. Хоёрдугаарт, Ташкентад болсон асуудлаар Ц.Нямдорж сайд тухайн үед хэлж байсан. Ташкентад болсон гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтаар энэ асуудлыг эцэслэж шийдвэрлэе гэдэг зүйлийг ярилцсан гэж ярьсан. УИХ дээр өмч хувьчлалтай холбоотой тогтоол гаргаж байсан. Улс төрийн хувьд үүнийг хэрхэн зураглаж байсан юм бэ?
-Үүнийг УИХ, ЗГ-аас гарсан шийдвэр тогтоолууд, хөрөнгө оруулалтын гэрээ зэргээс харж болохоор байгаа юм. Бүх баримт дээр гарын үсэг зурсан шийдвэр гаргагчдыг зураглал дээр гаргахад л харагдана. Цемент шохой ХХК-ийг Х.Баттулга Барилга, хот байгуулалтын сайд байхдаа өөрөө ажлын хэсэг байгуулаад хөрөнгө оруулагч сонгон шалгаруулья гэдэг байдлаар зарлаад маргааш нь Бейзмент гэх шинэ компанийг шалгаруулсан байдаг.
-Бейзмент ХХК нь ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгтэй холбоотой гэдэг шүү дээ?
-Тийм ээ. УИХ-д Засгийн газраас хувьчлах шийдвэрийг З.Энхболд сонгууль болохоос нэг жилийн өмнө буюу хаврын чуулганы хамгийн сүүлийн өдөр өмч хувьчлалын үндсэн чиглэлийг өөрчлөх тогтоолыг гаргаж, Цемент шохой ХХК-ийг анхны хөрөнгө оруулагчид шууд хувьчлах чиглэлийг оруулж өгсөн байдаг. Дөрвөн жилийн дотор бүх үйл процесс болсон. Шаардлагатай гарах шийдвэрийг УИХ, ЗГ аль алинаас нь гаргаж ирсэн. Тухайн үед Эдийн засаг, хөгжлийн сайд байсан Б.Батбаяр Концессын гэрээнд гарын үсэг зурсан хүн шүү дээ. Концессын гэрээний дагуу үүргээ биелүүлж хөрөнгө оруулалтуудыг хийсэн гээд ярьж байна лээ. Гэтэл Концессын гэрээгээр барьж дуусангуутаа жилийн дотор буцаад улсын төсвөөс 240 тэрбумаа гаргуулаад авчихсан байгаа юм. Тэгэхээр энэ нь анхнаасаа Концесс байгаагүй шахам зураглал байгаа юм. Энэ ч нөгөө 400 сая ам.доллартай холбогдоно. Боломжит хувилбарынх нь нэг. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Оросын талаас 49 хувийг худалдаж авч ирж байна гэдэг нь зөв. Гэхдээ энд хамгийн том асуудал нь хуулиа зөрчиж, төрөөс мөнгө босгосонд л асуудал байгаа юм.
-УИХ-ын дарга асан З.Энхболд сонгуулийн дараа мэдэгдэл хийхдээ Эрдэнэтийг асуудалд оруулсан хүн бол Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг: Тэдэнд хариуцлага тооцох ёстой гэж хэлж байсан. Гэтэл өөрийнх нь тогтоол хүртэл энэ схемд ороод явж байна гэж хардахад хүргэх юм байна. 2016 оны дотор хувьчил гэдэг он цаг заачихсан тогтоолыг УИХ гаргасан?
-2015 онд гарсан тогтоол шүү дээ. 2015-2016 оны хооронд гэж заасан байдаг. Тэгэхээр 2016 оны сонгуулиас өмнө бүх хувьчлалыг хийе гэсэн л агуулга дотор уншигдаад байгаа биз дээ.
-Гэхдээ энэ бол таамаг, хардлага?
-Тийм ээ.
-Мөнгөө босгохдоо тодорхой схем зохиогоод төрөөс авчихсан юм байна. Концессынхоо гэрээг хүртэл өөрчлөөд төрөөс мөнгөө гаргаж авсан байна. Улс төрийн оролцоо байж. Асуудалтай гэж харья. Гэхдээ энэ бол шүүхээр тогтоогдох асуудал. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Эрдэнэтийг, Хөтөлийг авахад шүүх шийдвэрээ гаргахаас өмнө яагаад төр хүчээр аваад байгаа юм бэ гэдэг асуудал хөндөгддөг?
-Тухайн үед гаргаж байсан шийдвэрүүд дандаа Засгийн газраас гарч байсан шийдвэрүүд. Засгийн газар нэг ёсондоо тухайн үед гаргаж байсан шийдвэрүүдээ хүчингүй болгоод авч байна л гэсэн санаа шүү дээ. Тухайлбал, Дарханы төмөрлөг дээр 2018 онд хууль бус шийдвэрийг цуцлаад Концессын гэрээг байгуулчихсан байна. Цуцлах бүрэн эрх нь Засгийн газарт байгаа шүү дээ. Энэ тохиолдолд сүүлийн дөрвөн жил Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгож байна л гэсэн үг.
-Энд хуулийн зөрчил байхгүй юу. Төр өөрт байгаа эрх мэдлээ ашиглаж хувийн ААН рүү дайрч хүнд байдалд оруулсан гэдэг асуудал яригдахгүй юу?
-Үүнээс илүүгээр өмнөх Засгийн газрын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, цуцалж байна л гэсэн үг.
-Оростой холбоотой яригдах ёстой агуулгууд байна. Орос яагаад тухайн үед Эрдэнэт үйлдвэрийг Монголтой хамтарч эзэмшээд дэмий, айл авах бол өгье гэдэг шийдэлд яаж хүрсэн юм бол?
-Судлаад үзэхэд, ОХУ-ын Ростих тухайн үед Путины зарлигаар төрийн өмчийн бүх компаниудыг нэгтгэсэн. Баялгийн сангийн зарчмаар нэгтгэх зарчмаар ажилуулах шийдвэрийг гаргаж байсан юм билээ. Вебсайтаас нь мэдээлэл авах боломжтой. 2012 онд дахин төлөвлөлтийг хийсэн. Ингэхдээ бүхий л хөрөнгө оруулалт, өмч хувьчлалаа ашигт ажиллагаанаас нь эхлээд авч хэлэлцэж, цаашдын стратегийг нь ярилцсан байгаа юм. Миний нүдэнд буугаад л байна л даа. Оросод байгаа бусад хөрөнгийг бодоход Эрдэнэт том үйлдвэр биш. Түүхэнд төлж байсан ногдол ашгуудыг нь аваад үзэхэд бага шүү дээ. Ногдол ашиг тийм ч өндөр байгаагүй.
-Энэ хэлцэлд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг холбож, улс төрийн дэмжлэг үзүүлсэн гэдэг агуулга яригддаг шүү дээ. Чуулган дээр 2016 онд орж ирээд Эрдэнэттэй холбоотой байр суурь ч илэрхийлж байсан?
-Эрдэнэт үйлдвэр Монгол Улсыг тэжээж ирсэн хамгийн том үйлдвэр мөн үү гэвэл мөн. Гэхдээ Эрдэнэт үйлдвэр дахиад цаашаа 70 жил ажиллах нөөцтэй. Юун эмчилгээнд орох саалийн үнээ байх вэ дээ. Оюутолгойг бид цаашид 60+ жил ашиглах боломжтой. Эрдэнэт ч ялгаагүй. 70 жилийн нөөцтэй үйлдвэр байхгүй юу.
-Тэгвэл яагаад ийм мэдэгдлийг хийж байсан хэрэг вэ?
-Тэгж хэлэх шалтгаан байна. Тэр хэлсэн үгнийх нь дараа энэ хувьчлал явагдсан шүү дээ. УИХ руу орж ирж ярина гэдэг бол тодорхой мессеж агуулсан л гэсэн үг шүү дээ. Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэр бол Монгол Оросын найрамдлыг илэрхийлж байсан хамгийн том хөрөнгө оруулалтын нэг мөн. Тухайн үедээ Азийн хамгийн том зэсийн үйлдвэр байлаа шүү дээ. Өнөөдөр ч Азидаа томоохон баяжуулах үйлдвэрийн нэгд тооцогддог. Геополитик талаасаа ч ач холбогдолтой үйлдвэр. Оросын эзэмшиж байсан 49 хувь зарагдахдаа хүрвэл Ерөнхийлөгчийн хэмжээнд очиж зөвшөөрөл авах ёстой болов уу гэсэн бодолтой байна.
-Эрдэнэтийн асуудал Ташкентын уулзалт дээр яригдсан гэдэг дээр?
-Сайд асан Ц.Нямдорж энэ талаар ярьсан байдаг шүү дээ. Түүнийг үгүйсгэхгүй. Ийм яриа хэлэлцээр хийгдэж байж, Оросын талаас 49 хувь нь ногоон гэрлээр хувийн хувьцаа эзэмшигчдэд очих боломж нээгдэх болов уу гэж харж байна. Зүгээр ч нэг жижиг компани биш шүү дээ.
-Зохион байгуулалттай л гэж дүгнэх гээд байна шүү дээ. Тэгвэл нэг асуулт байна. Банк нь дээрээ байдаг юм уу. Улстөрчид нь дээрээ байгаад байдаг юм уу. Авах сонирхол яг хэнд нь байсан юм. Хэн нь гүйцэтгэгч, хэн нь санаачлагч юм?
-Схемийг том зургаар харвал улстөрчид гүйцэтгэгчид. Улстөрчид шаардлагатай шийдвэрийг нь хийж өгдөг. Улстөрчид бол гүйцэтгэх тоглолтыг нь хийж байгаа юм шиг л харагдаад байгаа. Тэгэхээр толгой дээр нь мөнгө л суугаад байна л даа. Улс төр нь мөнгөө удирдаж байгаа биш. Мөнгө нь улс төрөө удирдаад байна гэсэн үг. Бид эсрэгээрээ ойлгоод байдаг шүү дээ. Улстөрчид аль эсвэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ард нь байдаг гээд. Гэтэл улстөрчид нүүр царай нь болж ард түмэнд харагдаад байдаг учраас ингэж ойлгоод байдаг. Гэтэл бодит амьдрал дээр чиглэлийн дагуу үүрэг гүйцэтгэж байгаа, шаардлагатай шийдвэрүүдийг нь гаргаж байгаа болж харагдаад байгаа юм.
-Хэрвээ Ц.Элбэгдорж нөлөөлсөн бол, Ерөнхий сайд хууль зөрчөөд УИХ-аар орох ёстой асуудлыг танхимаараа шийдсэн бол гүйцэтгэл хийж байгаа л гэсэн үг үү?
-Тийм.
-Шүүх дээр ямар нэг байдлаар шийдвэр гарлаа гэж үзье. Тэгэхэд хувьчлал өөрөө асуудалтай гэж шүүх үзвэл энэ хувь Орос руу буцах уу гэдэг асуудал яригдана. Ярих ч ёстой өнцөг мөн үү гэвэл мөн ?
-Би тэгж бодохгүй байна. Энэ бол Монгол Улс дотооддоо мөнгө нь хаанаас гарсан бэ гэдэг маргаан л явж байгаа болов уу. Оросын тал аль эрт шийдвэрээ гаргачихсан. Өөрсдөд ашигтай байдлаар энэ асуудлыг хэрхэн үгүйсгэх вэ гэдэг л агуулга байж болох юм.
-Шүүх хурал болохгүй нь ээ. Яагаад удаашралтай байна вэ гэдэг дээр асуудал яригдаж байна. Буруутай бол буруутай гэдгийг тогтоогоод нөгөө талдаа буруугүй бол тухайн ААН-ыг хохироогоод баймааргүй байна?
-30 жилийн хугацаанд Монголын ард түмэнд мөнгөгүй юм байна гэдэг ойлголтыг хүргэж ирсэн. Гэтэл ард түмэн түүнд нь эргэлзээд л яваад байсан. Байгалийн баялгаа гаргаад л байдаг. Гэтэл олон нийтэд мэдээлэл нь ил болсноор байгалийн баялгаас маш их мөнгө орж ирсэн боловч баялгийн тэгш бус хуваарилалт явагдсан юм байна, хэдхэн гэр бүл рүү урсчихсан юм байна гэх дүгнэлтэд хүрч байна. Тэгэхээр энэ баялгийн тэгш бус хуваарилалтыг засахын тулд болсон процессийг 3.5 саяулаа ойлгох ёстой. Ойлгоод түүний шийдлийг гаргаж ирэх ёстой. Үүнийг хийсэн хүмүүст нь хариуцлага хүлээлгэж, асуудал мухарлагдах ёстой. Одоо л бүгдээрээ хэргээ ойлголоо. Одоо сонсголоосоо эхлээд явж байна. Цемент шохой, Эрдэнэт үйлдвэр зэрэг нь нүүрсний хэрэгтэй харьцуулахад 2019 оноос эхлэлтэй шүү дээ. Гэтэл хэрэг нь хойшлогдон байж шүүх дээр одоо л урьдчилсан хэлэлцүүлэг нь болж байна. Энэ хэрэг нэгхэн удаагийн шүүх хурлаар шийдэгдэхгүй.
-Зарим хүмүүсийг хэргээс нь тусгаарлачихсан, зарим нь бүр хилээр гараад явчихлаа. Д.Эрдэнэбилэгийн тухайд хоригдож байснаа эрүүл мэндийн шалтгаанаар хил гараад эргэж ирээгүй байна?
-Тийм ээ. Шийдвэр гаргасан, хэрэг хийсэн хүмүүс нь тэд нар мөн юм бол яагаад одоо тэр хүмүүс нь байхгүй байгаа юм бэ.
-Одоо л буруутай үгүйг нь тогтоох ёстой биз дээ?
-Тийм шүү дээ. Шүүхээр эцэслэгдэж, мухарлагдах ёстой. Шүүхийн процесс дээр очоод гацдаг болохыг одоо л бид ойлгож байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бидний явж шийдэх ёстой хөгжлийн нэг хэсэг болов уу л гэж харж байна. Цаашид цогцоороо шийдэгдэж байж шударга бус хуваарилалт, томоохон хэргүүд эцэслэгдэнэ. Ингэж байж хөгжлийнхөө дараагийн шат руугаа орно.
-Энэ хэрэг араасаа муу зүйлсийг дагуулж байна л даа. Шүүх дээр асуудал гацаж буйтай холбоотойгоор шүүх гэдэг нэг байгууллагын үнэлэмж улам л буураад байна л даа. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэг нэр бүхий шүүгч дээр явж байсан хэрнээ хэлэлцэгдээд шүүхийн шийдвэр гарах болоод ирэхэд “Би ХХБ-тай хамааралтай” гээд татгалзсан байх жишээтэй?
-Сая л гэхэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийгээд 126 гишүүнтэй байхаар тогтлоо шүү дээ. Гүйцэтгэх шийдвэр гаргах түвшний реформууд хийгдээд байгаа байхгүй юу. Том зургаараа өмнө гарсан алдаануудыг засах чиглэлд шийдвэр гаргаж байна. Ард түмний өнцгөөс харахад ч, гүйцэтгэх засаглал нь реформ хийгээд яваад байдаг. Тэгэхээр шүүх засаглалд ч реформ хийж байж цогцоороо зөв ажиллах юм байна гэдэг өнцөг байна. Ард түмний зүгээс ч үүнийг хэлж байгаа. Шүүхийн реформ хийх хүлээлт үүсчихсэн юм билээ. Энэ бол миний үг биш. Би хэд хэдэн аймгаар явж, баг сумдаар ч ажиллалаа. Ард түмнээс гарч байгаа үг. Том хүлээлт. Ард түмэн ташраараа ойлгож эхэлж байна. Ойлгоод эхэлнэ гэдэг нь асуудлын шийдлийг нэхэх хүлээлт үүсч байна гэсэн үг. Эргээд шийдлээ гаргаж ирдэг байх нь ардчиллын амин сүнс. Ард түмний бухимдлыг төрүүлэх ч хамаагүй бодит мэдээллийг ширээн дээр гаргаад нээлттэй ярих л ёстой.
-Хамгийн сүүлийн хоёр жишээ. О.Батнайрамдал гэдэг хүн БЗС-тай холбогдуулан өнгөрөгч хавар мэдээлэл хийж байсан. Одоо Эрдэнэттэй холбоотой асуудлыг яриад ороод ирлээ. Хувь хүнийхээ хувьд, улс төрч хүний хувьд ч энэ зүйлс рүү яагаад орж ирээд байна?
-БЗС ч гэсэн болж бүтэхгүй байна, түүнийг өөрчлөе гэж бодож байгаа бол гаргаж ярихаас өөр гарцгүй л байгаа юм л даа.
-Улс төрд ПР-ын хувьд ч хамгийн эрх мэдэлтэй хүнтэй аль эсвэл олон нийтийн хамгийн анхаарал татах “галтай” асуудлаар ярь гэдэг агуулга байхгүй гэж үү?
-Олон нийтээс оноо цуглуулна гэдэг 87 дахь асуудал шүү дээ. Би оноо цуглуулах гэж улс төр рүү ороогүй. Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулья, зөв хөгжил рүү оруулья л гэж байгаа юм. Тэгэхийн тулд энэ асуудлуудыг шийдэхээс өөр аргагүй. БЗС бол зүгээр ч нэг тусгай сан биш. Монгол Улсын залуучуудад хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалтыг хийж байгаа сан. Тиймээс Монгол Улсын хөгжлийг ярихын тулд боловсролыг ярихаас өөр гарцгүй. Гэтэл хамгийн потенциалтай хүмүүстээ хөрөнгө оруулалт хийж байгаа татвар төлөгчдийн мөнгө зөв хүндээ очиж байна уу гэдэг асуудал 30 жил үгүй гэдэг хариулттай явж ирсэн байгаа юм. Тэгэхээр үүнийг хийхээс өөр гарцгүй. Оноо цуглуулах ч юм уу, улс төрийн эрсдэл ч юм уу гэдэг өнцгөөс харвал би яах гэж үүнд цагаа үрж байгаа юм. Үүнтэй адилаар энэ том хулгайг банкир хүний хувьд ойлгож харсан байх л даа. Хэн нэгнээс нууц мэдээлэл авах шаардлагагүй. Бодит байдал дээр нээлттэй байгаа л мэдээлэл. Олон жил ярьчихсан. Энэ бол цоо шинэ сэдэв биш. Мэдээллийг нь нэгтгээд ойлгох л асуудал байхгүй юу. Тэгж байж юу болсон процессыг зөв ойлгож, шийдэл нэхнэ. Энэ хулгайнууд шийдэгдэхгүйгээр баялгийн шударга хуваарилалтын талаар яриад дэмий. Боловсролын тэгш боломж байхгүй. Тэрийг бүгдээрээ мэдэж байгаа. Түүнийг ганцхан Засгийн газар, ганцхан Ерөнхий сайд бүх асуудлыг шийдэх боломжгүй. 3.5 саяулаа ойлгож байгаад тэндээсээ шийдлийн хүлээлт үүсгэж байгаад шийдэхээс өөр гарцгүй. Том хулгайнуудыг шийдэх том боломж. Энэ бол бидний ганц аврал.
-Эрдэнэт үйлдвэр болон төрийн өмчит ААН-үүдийг цаашид яах ёстой вэ. Төрд аваад л болчих юм уу?
-Энэ бол дараагийн асуултын тэмдэг мөн. Төр "Эрдэнэс тавантолгой, Эрдэнэт үйлдвэр гээд том хөрөнгүүдээ өөр дээрээ төвлөрүүлчихлээ. Одоо цаашдаа яах юм. Хувьчлах юм уу, олон нийтийн болгох уу гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр том зургаараа бол бид Үндсэн хуулиа л хэрэгжүүлэх ёстой. Үндсэн хуульд, газрын баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үедээ тэгш хүртээмжтэй байхаар /Ард түмэнд дийлэнх нь ногдохоор/ хуваарилна гэж заасан байдаг. Үүний агуулга нь төр ард түмнийг төлөөлж, газрын баялгийг эзэмшиж байгаа бол Үндэсний баялгийн сангийн зарчмаар явуулах ёстой гэсэн үг. Тэгэхээр нэг улс төрч гарч ирээд Эрдэнэт үйлдвэрээ IPO хийчихье. Эрдэнэс таван толгойгоо хувьчилчихъя гэж болохгүй. Энэ улс төрчийн шийдвэр байх ёсгүй. Баялгийн сангийн зарчим руу оруулах нь зөв. Яагаад Үндсэн хуульд Баялгийн сангийн зарчмыг Үндсэн хуульд тусгасан юм бэ гэхээр байгалийн баялаг арвинтай орнууд Баялгийн санг гаргаж, зөв ашигласан сайн жишиг олон бий. Буруу ашиглаад буруу жишиг рүү явсан орнууд ч байгаа. Учир нь гэнэтийн орлого халтай. Тэрийг нь төр бүгдийг нь барьчихсан бол бүр халтай. Тийм учраас Баялгийн сангийн нээлттэй зарчим руу оруулаад Баялгийн сангаараа дамжуулж нээлттэй компани болгоод менежментийн асуудлаараа шийдэгдэх ёстой. Үндэсний баялгийн сангийн тухай хууль энэ хөрөнгүүдийг цаашдаа яах вэ гэдгийн гол гаргалгаа. Үүнийг хийж байж баялгийн хуваарилалтын асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой болно.
-Үндэсний баялгийн сангийн тухай хууль яагаад өнөөдрийг хүртэл УИХ дээр орж ирэхгүй, удаашраад байгаа юм бол?
-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг би өөрөө ахалж боловсруулсан. Гурван жил барьж гүйсэн. Хамгийн сүүлд Ерөнхий сайд УИХ-д өргөн барь гэж алх цохисон ч өргөн баригдаж амжилгүй буцаж татагдсан. Энэ хууль батлагдвал Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой, Оюутолгой гээд олон компанийн асуудал хөндөгдөнө. Улс төрийн нөлөө багасаж, илүү мэргэжлийн менежмент рүү орно. Ингэснээр эдгээр компаниуд руу ордог улс төрчдийн савар хумигдах учраас удааширч байгаа гэж ойлгож байгаа. Одоогоор Үндэсний баялгийн сангийн тухай хууль Эрдэнэс монгол дээр очоод концевц нь өөрчлөгдчихсөн явж байх шиг байна.