Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Номуун: Анх удаа тэргэнцэртэй хүн харсан юм шиг хүн болгон эргэж хардаг нь бусдаас өөр гэсэн мэдрэмжийг төрүүлдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 30 секунд

“ХАНЖОУ-2022” Азийн зуны паралимпийн наадамд усанд сэлэлтийн төрлөөр оролцсон Монгол Улсын анхны эмэгтэй тамирчин Х.Номуунтай ярилцлаа. Тэрбээр, 16 настай, монголын багийн хамгийн залуу тамирчин бөгөөд найман настайгаа эхлэн усанд сэлэлтийн спортоор хичээллэж эхэлжээ.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-UBN.MN сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Хүрэлийн Номуун гэдэг. Орчлон сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, 16 настай.

-Х.Номууныг “ХАНЖОУ-2022” Азийн зуны паралимпийн наадамд усанд сэлэлтийн төрлөөр оролцсон Монгол Улсын анхны эмэгтэй тамирчин гэдгээр хүмүүс сайн мэддэг болсон. Анх усанд сэлэлтийн спортоор хичээллэж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?

-Би 2015 оноос эхлэн усанд сэлэлтийн спортоор хичээллэж эхэлсэн. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан усан бассейн гэж байдааггүй учраас энгийн хүүхдүүдтэй хамт нэг бассейнд явдаг байсан. Дотоодын тэмцээн уралдаануудад энгийн хүүхдүүдтэй өрсөлдөж, өөрийнхөө хувийн цагийг ахиулаад явдаг байлаа. Энгийн хүүхдүүдтэй өрсөлдөөд амжилт гаргаж, медаль авах боломж байхгүй. Ардаа ганц хүүхэд үлдээгээд л барианд орж ирвэл хамгийн их баярлаж, уйлсан ч үе бий.

-Пара тамирчин болох гараагаа хэзээ яаж эхлүүлж байв?

-11 настай байхаас эхлээд л хүмүүс парад ороорой. Ирээдүй байна гэдэг байсан. Гэхдээ хэтэрхий жоохон байна гээд гологддог байсан. Хоёр жилийн өмнөөс Г.Мөнхбаяр дасгалжуулагчийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа эхлүүлж, гадны том тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Тогтмол бэлтгэл сургуулилттай болсныхоо дараа өөрсдөө хөөцөлдөж, зардал мөнгөө гаргаад Сингапурт болсон тэмцээнд оролцож, тамирчны дугаар авч, ангилалаа тогтоосон. Ингэснээр, ДАШТ болон Азийн наадамд оролцох боломжтой болсон.

-Хувийнхаа зардлаар явсан гэсэн үг үү. Ер нь тэмцээн уралдаанд ороход санхүүгийн асуудлаа яаж шийддэг вэ?

-Сингапурт болсон тэмцээн болон ДАШТ-д хувийнхаа зардлаар явсан. Байгууллагууд бас намайг дэмжиж, тусалсан. Харин ХАНЖОУ-д улсаас зардлыг маань даасан. Гадны тэмцээнд явахад ээж маань байнга хамт явдаг. Эрэгтэй багштай болохоор эмэгтэй хүний тусламж зайлшгүй хэрэгтэй болдог гэсэн үг. Тиймээс бүх тэмцээнд ээж хамт явах ёстой болдог. Санхүүгийн хувьд амар биш ч ээж, аав минь намайг маш ихээр дэмждэг учраас арга, учир нь олдоод яваад л байдаг юм.

-Өмнө нь энгийн хүүхдүүдтэй өрсөлддөг байсан. Өөр улс орны, өөртэйгээ адилхан бэрхшээлтэй тамирчидтай өрсөлдөх ямар санагдсан бол?

-“ХАНЖОУ-2022” Азийн наадмаас өмнө ДАШТ-д орсон. Тухайн үед өөрийгөө жоохон голж, хойно байгаа юм шиг мэдрэмжийг авч байсан. Харин Ханжоуд өөр мэдрэмж төрсөн. Яг л тэдний нэг юм шиг. Өөртөө итгэлтэй гоё байсан. Хойно орхигдсон мэдрэмж төрөөгүй.

-Бэлтгэл сургуулилтаа хийхэд хүндрэл бэрхшээлтэй зүйл тулгардаг уу?

-Нэгдүгээрт манайд ямар нэгэн босго шатгүй бассейн ховор байдаг. Хэнд ч хэрэггүй босгыг хаа сайгүй хийчихсэн байдаг нь заавал хүнээс тусламж авахад хүргэдэг. Миний бэлтгэл хийдэг Уран ганы бассейн бол тийм биш. Нэг ширхэг ч босго шат байхгүй болохоор амар байдаг. Бас би өмнө нь энгийн хүүхдүүдтэй хамт бэлтгэл хийгээд хөгжилтэй гоё байдаг байсан. Тамирчин болсноосоо хойш ганцаараа бэлтгэл хийдэг болсон учраас маш их ганцаарддаг. Яг өнөөдрийн байдлаар надаас өөр пара усанд сэлэгч монголд байхгүй учраас хүссэн хүсээгүй ганцаараа бэлтгэл хийдэг.

-Шантрах үе байв уу?

-Найман настайгаасаа эхэлж хичээллэсэн. Тамирчин болоод хоёр жил болж байна. Хүүхэд болохоор ч тэр юм уу. Шантрах үе олон байдаг ч миний хамгийн сайн хийж чадах ганцхан зүйл энэ шүү дээ гэж л боддог. Ээж, аав минь надад маш их урам зориг өгч, чухал тэмцээнүүдэд алгасалгүй оруулахийг хичээдэг. Шантраад эхлэхээр миний охин чадна гэж намайг зоригжуулдаг. Бас нэг урам хугарч шантардаг шалтгаан нь Парагийн тамирчдыг анзаарч, амжилтыг нь алга ташин хуваалцдаг хүн цөөн болохоор урам хугардаг.

Гэхдээ би усан дотор байх дуртай гадна орчинд ганцхан ширхэг жижигхэн босго миний явах чиглэлийг өөрчилдөг бол усан дотор юу ч надад саад болдоггүй. Хүссэн зүг рүүгээ эрх чөлөөтэй сэлж чаддаг.

-Х.Номууны хэтийн зорилго мөрөөдөл нь юу бол?

-Миний мөрөөдөл Пара олимп гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл би ЕБС-ын сурагч болохоор хүссэн ирээдүйгээ бүтээхийн тулд спортоор хичээллэдэг. Тэргэнцэртэй хүн нийтэд хүлээн зөвшөөрөгдөхөд хэцүү. Тийм учраас спорт хүссэн их сургуульдаа орж, хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин болоход жим болох гүүр минь болж чадах болов уу гэж бодож байгаа юм.

-Одоо оролцохоор төлөвлөж байгаа тэмцээнүүд бий юу?

-Он гараад нийт зургаан тэмцээн байсан. Би хичээлийнхээ хажуугаар гуравт нь л орж амжихаар байна лээ. 2, 4, 6 сард АНУ, Австрали, Германд болох тэмцээнүүдэд орохоор төлөвлөөд бэлтгэлээ хийж байгаа.

-Тэмцээнд оролцох зардлаа хувиасаа гаргана гэсэн үг үү?

-Хувийнхаа зардлаар явна. Яаж гэдгээ сайн мэдэхгүй байна. Ээж, аав ивээн тэтгэх боломжтой хувь хүн, байгууллага хайна гэсэн.

-Ивээн тэтгэж оролцооч гэсэн санал тавихаар хүмүүс хэрхэн, яаж хүлээж авдаг бол?

-Пара усанд сэлэлтийн ганцхан тамирчин байдаг болохоор бүх зардлыг даагаад ивээн тэтгэх хэцүү юм шиг байна лээ. Тэр хүмүүс жаахан алдагдалтай байдаг байх. Гэхдээ манай аав, ээж шантрахгүйгээр хайдаг. Ямар нэг аргаар болгоно гээд л зүтгэдэг.

-ХАНЖОУ-2022"-ын үеэр олон нийт бүх төрлийг нь шууд дамжуулсангүй олимпийг шууд дамжуулдаг шигээ дамжуулах ёстой гээд шүүмжлэлтэй хандаж байгаа харагдсан. Үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Бид нар яагаад парагийн тэмцээнүүдийг шууд дамжуулдаггүй юм бэ гээд асууж үзсэн. БТСУХ-ны нэг хүн /нэрийг нь хэлэхгүй/ "Бид нарын хөгжлийн бэрхшээл бид нарт эмзэг тусдаг учраас тэрийг шууд дамжуулах боломжгүй" гэх хариултыг өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүн Монголд амьдрах олон талаараа хэцүү. Тэрийг даван туулж, хөгжлийн бэрхшээлээсээ ичих бус хүлээн зөвшөөрч, бахархалаа болгодог ганц зүйл пара спорт. Бид нар энгийн тамирчидтай адилхан л тамирчин, тэднээс ч илүү их хичээл зүтгэл гаргаж, амжилтууд гаргаж байгаа учраас тэр бүхнийг шууд дамжуулж, хүмүүст хүргээсэй гэж хүсдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хийж чаддаг зүйл байдаг. Амжилт гаргаж чаддаг юм шүү гэдгийг хүн болгонд ойлгуулахыг хүсдэг.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн Монголд амьдрах олон талаараа хэцүү байдаг гэлээ. Тухайлбал чамд тулгамддаг хамгийн том асуудал юу вэ?

-Нэгдүгээрт, хүмүүсийн харц. Тэргэнцэртэй хүн анх харж байгаа юм шиг зөрсөн хүн болгон эргэж хардаг нь бусдаас өөр юм шиг мэдрэмжийг төрүүлж, хамгийн ихээр эмзэглүүлдэг. Гадны улсуудад тэмцээнээр очихоор би тийм зүйлийг мэдэрдэггүй. Хэн ч надруу эвэртэй туулай харчихсан юм шиг гайхаж хардаггүй. Энгийн хүмүүстэй адил түвшинд харьцдаг учраас гоё байдаг. Манайхан ч гэсэн тийм болох хэрэгтэй. Хоёрдугаарт, Замын асуудал. Тэргэнцэртэй хүн ганцаараа явахад хэцүү. Явган хүний зам нь бидэнд зориулагдаагүй. Алхам тутамд саад байдаг. Аль нэг байгууллага руу орох гэхээр хэнд ч хэрэггүй олон босго хийчихсэн байдаг. Үүдэндээ хийсэн налуу зам нь хүртэл хэт өгсүүр учраас шаардлага хангадаггүй гээд олон асуудал бий.

Н.Батсүмбэрэл: Би Засаг даргын орлогч байхдаа Урт цагааны урд зам гаргах ажлыг хийсэн. Тухайн үед хувьд очсон байсан, ард нь хотын удирдлага байсан хүмүүс холбоотой
Н.Батсүмбэрэл: Би Засаг даргын орлогч байхдаа Урт цагааны урд зам гаргах ажлыг хийсэн. Тухайн үед хувьд очсон байсан, ард нь хотын удирдлага байсан хүмүүс холбоотой
 
ЦЕГ: Нэг айлын бага насны 3 охиныг цагдаагийн алба хаагч хүчирхийлсэн гэх мэдээлэл худлаа мэдээлэл болох нь тогтоогдсон
ЦЕГ: Нэг айлын бага насны 3 охиныг цагдаагийн алба хаагч хүчирхийлсэн гэх мэдээлэл худлаа мэдээлэл болох нь тогтоогдсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.