Хүний эрхийг хуулийн хүрээнд хэрхэн хангах талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ярилцлаа.
-Хүний эрхийн асуудлыг хуулийн хүрээнд бүрэн хангаж чадсан уу гэдэгт олон нийт өөрсдийн санал дүгнэлтээ өгч ирсэн. Таны хувьд өнгөрсөн хугацаанд манай улс хууль тогтоомжийн хүрээнд хүний эрхийг хэр хангаж чадсан гэж харж байна вэ?
-Би хүний эрхийн асуудалтай олон жил холбогдож яваа хүн л дээ. Ерөнхий сайд байхдаа буюу тухайн үед МАХН-ын дарга байхдаа хүний эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой юм байна гэж хараад 2001 онд Хүний эрхийн хороо байгуулах шийдвэрийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулаад байгуулж байсан. Үүнийг аль ч талаас нь харсан маш том дэвшил байсан. Хүний эрхийн Үндэсний хороо сайн аль эсвэл муу ажилласан уу гэдэгт асуудал байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор хууль тогтоомжийн хүрээнд хүний эрхийг хангаж чадсан уу гэдэг асуудал ч хөндөгдөж байна. Үүний цаад шалтгааныг гүнзгийрүүлээд харвал Үндсэн хуулиас урган гарч байна. Үндсэн хууль бол гол хууль. Түүнээс урган гарсан органик хууль гэдэг. Монголд дутагдаж байгаа зүйл бол хариуцлага. Хаана хариуцлага байхгүй байна тэнд хүний эрх зөрчигдөнө гэсэн үг. Хуулиас давсан, хуулиас дээгүүр эрхтэй журмуудыг өнгөрсөн хугацаанд гаргаж ирсэн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр яриандаа дурдаж байна. Өнөөдрийн Үндсэн хуульд хуулиараа асуудлыг шийднэ гэдэг зарчмыг тодорхой тусгаж өгөөгүйгээс хот, аймаг, сум бүхэн өөртөө тохируулан нөгөө талдаа албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулан ашиглах бололцоог олгосон журмуудыг гаргаж ирсэн байна. Тиймээс үүнийг таслан зогсоох ёстой. Зөвхөн хуулиар бүх зүйлийг зохицуулдаг байх хэрэгтэй. Үндсэн хуульд төр засгийн бүх шатанд, аливаа байгууллага албан тушаалтан зөвхөн хуулиар зөвшөөрснийг хийнэ гэж бичих ёстой. Журам гэдэг нь хуулиар зөвшөөрөөгүй байхад нь тодорхой үйлдлийг нь хийх боломжийг олгоод байгаа юм. Харин иргэн хуулиар хориогүй юуг ч хийж болно гэх зарчмыг оруулах ёстой. Энэ хоёр зарчим Үндсэн хуульд байхгүй. Байхгүй учраас хуулиас гадуур журам гаргаад зөвшөөрөөгүй үйлдлийг хийгээд байгаа юм. Тэгэхээр Үндсэн хуульд энэ хоёр зарчмыг суулгаагүй цагт ямар ч сайхан хууль гаргаад төр засгийн ямар ч албан тушаалтан хүний эрхийг зөрчих үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр л байна. Тиймээс яаралтай Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй.
Ардчилсан нийгэмд хүний эрхийг хамгаалахтай холбоотой маш чухал зарчмыг Үндсэн хуульдаа суулгах хэрэгтэй. Ингэж системийн өөрчлөлт хийж байж л хүний эрхийг хамгаалсан шиг хамгаална. Би Хүний эрхийн үндэсний комиссийг байгуулж байх үедээ маш их баярлаж байсан. Гэтэл системийн дутагдлыг зарим талаар олж харж байсан боловч цогцоор нь олж харж чадаагүй. Одоогийн төрд ажиллаж байгаа залуус системийн дутагдлыг тэр бүр олж харж чадахгүй байх шиг байна. Мөн эрх мэдлээсээ салахыг хүсэхгүй байх шиг байна. Эрх мэдлээсээ салчихана гэж болгоомжилж байж магадгүй. Төрийн ажил бол түр зуур л олддог ажил шүү дээ. Тиймээс өөрсдийн эрх ашгийг хойш тавьж ухамсрын өндөр түвшинд ажиллах ёстой шүү. Ард түмэнд хэрэгтэй зүйлийг хийх хэрэгтэй.
-Үндсэн хуульдаа ойр ойрхон гар хүрэх нь хэр зохимжтой вэ?
-Хүн зовж байвал тэр Үндсэн хуулийг байлгаад байх юм бэ. Монгол хүний эрх ашиг хамгаалагдахгүй байгаа цагт Үндсэн хууль гэж байгаад яах юм. Америкийн Үндсэн хууль 200 жилийн настай гэдэг. Үгүй шүү дээ. Батлагдсан цагаасаа маш олон өөрчлөлт орсон. Дэлхийд олон улсын судалгаанаас аваад үзэхэд Үндсэн хуулийн нас 18-25 жил байдаг юм билээ. Манай Үндсэн хуулийг гаргасан хүмүүс тухайн үедээ сайхан зүйл хийхийг оролдож. Нөгөө талдаа буруу байсан зүйлс нь цаг хугацаа явах тусам илэрч гарч ирсэн байна. Ухаантай Монголчууд байгаа юм бол үүнийгээ засаад л яв л даа. Алдаатай байхад нь байлгаад байвал Монгол хүн л хохирно шүү дээ.
-"Өнгөрсөн 30 жилд" гэж бид тодотгож яриад байна. Гэтэл энэ хугацаанд АН, МАН, МАХН ч энэ тэнцүүхэн засаглаж ирсэн. Хүний эрхийг хангах асуудалд төр өөрөө хэр чих зөөлөнтэй явж ирсэн хэрэг вэ?
-Улс төрийн намууд үүнд ямар ч буруугүй. Улс төрийн намууд өнөөдөр хэнээс санхүүжиж байгаа вэ. Ний нуугүй хэлэхэд баячуудын мөнгөөр л сонгуульд оролцож байгаа шүү дээ. Хэн хөгжмийг захиалж байна, тэр бүжгийг дэглэнэ гэдэг үг байдаг. Сонгуулийг хувь хүний мөнгөөр хийж байгаа. Ард түмэн ч гэсэн гэнэн байж болохгүй шүү дээ. Баяр ёслолоор ард иргэдэд бэлэг сэлт тараана. Түүнийх нь хариуд саналаа өгнө гэж боддог байж болохгүй. Бэлэг тарааж байгаа нөхдүүд төрд гарахдаа тухайн гаргасан зардлаа нөхнө л гэсэн бодолтой өгч байгаа хэрэг шүү дээ. 30 жил бид үүнийг ойлгоогүй явж байгаа бол тэнэг л байна. Одоо намуудыг буруутгахаас илүүтэй намуудыг санхүүжилтын механизмыг өөрчлөх хэрэгтэй. Ард түмнийг авлигадахыг нь зогсоох хэрэгтэй. Нам нь төсвөөс санхүүжих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ард түмний мөнгөөр санхүүжиж ард түмнийхээ төлөө тангарагаа өргөөд явбал намууд сайн ажиллана.
Санхүүжилтийн механизмаа Үндсэн хуульдаа буруу тусгасан. АНУ-ын мужуудад сонгуульд нэр дэвшиж буй хүнээ тухайн мужаасаа санхүүжүүлдэг. Хэн нэгэнд нь илүү мөнгө өгөхгүй. Яг л энэ тэнцүү мөнгө өгнө. Өнөөдрийнх шигээ байвал нэг баян нөхөр хүрч ирээд л "Би таныг ажилд орууллаа, таныг бэлэг өглөө шүү. Та надад өгөөрэй" гэчихэж байна. Нөгөө хүн нь хөөрхий санал өгнө гээд хоцордог. Ийм гэнэн байж болохгүй. Авлигадаж гарч ирсэн хүн миний төлөө ажиллана гэж бодож болохгүй. Иймээс Үндсэн хуулийн өөрчлөлт хийж байж сонгууль шударга болно, намууд сайн ажиллана. Ард түмэн ч сонголтондоо хариуцлагатай хандана.
-Энэ цаг үед УИХ-аар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэж байгаа. Тус хуулийн төслийг өргөн барьсан цагаас хойш Үндсэн хуулиар олгогдсон хүний жам ёсны эрхийг зөрчиж буй хуулийн өөрчлөлтийг оруулж ирлээ хэмээн шүүмжлэлтэй хандах хүмүүс ч цөөнгүй байгаа. Таны хувьд энэ чиглэлд ямар байр суурьтай байгаа вэ?
-Эрүүгийн хуулийг өөрчлөлтийг нарийвчлан сайн харж амжаагүй байна. Гэхдээ одоогийн Үндсэн хуультайгаа Эрүүгийн хуулийг холбож ярьвал манай одоогийн Эрүүгийн хууль бол хүний эрхийг дээд зэргээр зөрчсөн хууль. Нэмэлт өөрчлөлт оруулаад нэмэргүй. Хууль санаачилж буй хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Мэдээж хэрэг сайн зүйл хийх гээд л зүтгэж байгаа байх. Үндсэн хуульд хүний эрхийн тухай ойлголтуудаа, гол механизмуудаа тусгаж чадаагүй учраас бүх зүйл шалтгаалж байна. Тогтолцоо нь зөв улсуудад ямар ч сайд дарга нар даварч чаддаггүй. Тэнд хүний эрх хангагдаад байна шүү дээ. Монголоос яагаад залуус нь зугтаагаад байна. Яагаад гэвэл эрх мэдлийг хянах тогтолцоо байхгүй учраас эрх мэдэл өөрөө хортой адилхан. Хэрэв эрх мэдлийг хянах тогтолцоо сайн байвал эмтэй адил хүнд үйлчилж нүднийх нь хараа, оюуных нь мэлмий нээгдэж их зүйлийг хийх юм.
Ярилцсанд баярлалаа.