Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Жижжалам: Сэтгэлээс гарч буй мэдрэмж нүдээр илэрч байгаа учраас Хоролгаравын дүр хүмүүст сайхнаар хүрсэн байх

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
24 минут 21 секунд

Монгол хүн бүрийн сэтгэлийн утсыг хөндөж, Монгол хүний уужуу тайван зан чанарыг эргэн нэг сануулж, дэлгэцийн урлагт гэгээ татуулж буй "Шар гэгээ" МУСК-ны Хоролгаравын дүр болох жүжигчин Л.Жижжаламтай ярилцлаа. Соёл урлагийн тэр дундаа дэлгэцийн уран бүтээлд 15 жилийн дараа эргэн ирж буй нь энэ аж.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Лхагвабаярын Жижжалам гэдэг. Би Архангай аймагт төрж өссөн. КУДС-ийг Тайз, дэлгэцийн жүжигчин мэргэжлээр МУАЖ Г.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа багш нарынхаа удирдлага дор төгссөн. Сургуулиа төгсөөд л аймгийнхаа театрт хэсэг хугацаанд ажилласан. Тэгээд л эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг шиг нөхрийгөө дагаад хотод ирсэн дээ. Энэ хугацаанд мэдээж ажил маань завсарласан. Ар гэрээ бодъё, амьдралаа бодъё гээд хүүддүүдээ гаргаж, өсгөөд одоо л нэг хүүхдүүд гараас гарч, ээж гэрээс гарна гэдэг шиг энэ жилээс эхлэн уран бүтээлүүддээ төлхүү ороод явж байна.

-Таны нэр их өвөрмөц юм. Магадгүй ямар нэг утга учиртай байх?

-Миний нэрийг мундаг номтой лам багш хайрласан юм билээ. Учир нь миний дээр хүүхэд тогтохгүй байсан тул ээж, аав хоёр маань лам дээр очиж энэ нэрийг аваад би тогтсон юм гэдэг. Би доороо хоёр дүүтэй, дээрээ нэг эгчтэй айлын дундах охин. Мөн нэрний маань утга учир гэвэл дөрвөн улирлыг бэлгэдсэн ЖАЛАМ байдаг юм байна. Жижжалам, Магсаржалам, Донжжалам гэх зэрэг. Миний нэр хаврын улирлыг бэлгэдсэн нэг жалам нь.

-Ярилцлагаа үргэлжлүүлэн Монгол хүн бүрийн сэтгэлийн утсыг хөндсөн бас одоо ч хөндөж буй "Шар гэгээ" МУСК-ны талаар ярих нь зүйтэй байх. Уг кинонд дүр бүтээх боломж хэрхэн олдов?

-Найруулагч зохиолчоос жүжгийн зохиолыг кино зохиол болгох эрхийг авсан тэр мөчөөс эхлээд л Хоролгаравын дүрд намайг тоглуулахаар товлосон. Кино зохиол болох явц жил гаран хугацаанд үргэлжлээд сая үзэгчдэд хүрлээ. Маш сайхан эерэг үзүүлэлттэй байна. Яг "Шар гэгээ" киноны өмнөхөн би "Бүүвэй" кинонд ажилласан. "Бүүвэй" киноны маань баг хамт олон "Шар гэгээ" дээр ажилласан учраас Хоролгаравын дүрд тоглох боломж олдсон гэж хэлж болох юм.

Хоролгаравын дүрд намайг тоглоно гэхэд продюсерын баг хамт олноос олны танил биш жүжигчин учраас хүмүүст хэрхэн хүрэх бол гэх зэрэг асуудал яригдсан юм шиг байна лээ. Гэхдээ найруулагч маань дүрээ харж жүжигчдээ сонгодог болохоор тэр дүрд би л харагдаад байсан юм билээ. Э.Батнямбуу буюу Батнаа ахын дүрийг ч мөн продюсерууд "Энэ хүн эсрэг дүр. Энэ хүнийг авахгүй" гэхэд найруулагч маань "Үгүй ээ заавал энэ хүнийг тоглуулна" гээд авсан. Яг түүн шиг Хоролгаравын дүрд намайг чадна гэж л сонгосон юм билээ.

-"Бүүвэй" МУСК нь Монголын анхны нэг хүний бүрэн хэмжээний кино гэдэг шүү дээ. Үүгээрээ ч сонирхол татаж байна. Яах аргагүй ярих ёстой кино мөн байх?

-Тийм шүү. "Бүүвэй" кинонд маш санаандгүй байдлаар тоглосон. Гэнэт л кино багаас "Бид энэ кинонд тоглох дүрээрээ таныг сонголоо" гээд над руу ярьсан. Тэгээд л би "Яагаад би тоглож болохгүй гэж. Би чадна шүү дээ" гээд л маш их итгэл төрөөд их сайхан хүлээж авсан. Гэтэл дараа нь "Би юу хийчихэв ээ. Яадаг билээ" гээд л айдас төрсөн. Гэхдээ тэр айдсаа даван туулах хэрэгтэй шүү дээ. Ийм сайхан боломж олдож байна гэж бодоод л ёстой алтан боломж гэж "Бүүвэй"-г атгаж авсан. Энэ кинонд ч тоглосноороо маш том үүд хаалга нээгдсэн. Миний хувьд бараг л тус киногоор дахин нэг түвшин ахиж, магистр хамгаалах шиг болсон.

-"Бүүвэй" МУСК олон улсын фестиваль руу явсан шүү дээ. Анхнаасаа фестивальд зориулсан юм уу?

-Үгүй ээ. Анх мэргэжлийн хүмүүс үзээд фестиваль руу явах нь зөв гэж үзээд фестиваль руу явуулсан. Уг нь одоо гарч байх ёстой. Сая Улаанбаатар фестивальд маш амжилттай оролцсон. Хэн ч мэдээгүй байж байтал "Бүүвэй"-ийн постер "Тэнгис" кино театрын пэйж дээр гараад ирсэн. Би бүр маш их гайхаад "Юу вэ энэ чинь" гээд л алмайрч байтал "Шар гэгээ"-ийн постер бас гараад ирдэг юм. Тэгээд л маш их гайхсан, алмайрсан, баярласан өдөр байсан. Хоёр кино маань хоёулаа Улаанбаатар фестивальд шалгараад, үзлэгийн киногоор шалгарсан. Ер нь энэ жил маш сайхан өгөөжтэй жил байна.

-Таны хамгийн анхны тоглосон кино бол яах аргагүй 650 кино. Түүнээс хойш дэлгэцийн уран бүтээлд харагдаагүй удсан шүү дээ. Анхны кино болон сүүлийн кинонуудын хооронд ямар зөрүү гарч байна?

-Тийм шүү. Хүмүүс ч тэр киногоор маань сайн мэддэг юм. 650 кинонд тоглож байхдаа би оюутан байсан. Тухайн үед гол дүрд нь ажиллах гэж байсан жүжигчид татгалзаад тэгээд л дотроосоо намайг сонгоод тоглуулж байсан юм. Учир нь би тэр кинонд бас нэг өөр дүр дээр ажиллах гэж байсан юм. Гэтэл гэнэт тийм шийдвэр гаргаад л үс зүүлгээд л дүр хувиргалт хийгээд л проб аваад намайг тоглочих гэж байлаа.

Тэгээд би ээжээсээ асууна гээд "Ээж ээ нөгөө киноныхоо гол дүр дээр ажиллахаар болчихлоо. Жаахан нүцгэлэх юм байна" гээд хэлтэл ээж маань намайг их зоригжуулж байсан юм. Ээж маань надад "Чи жүжигчин хүн. Тиймээс чи ямар ч дүрд тоглоход бэлэн байх хэрэгтэй. Юунаас ч битгий ай. Чи чадна. Энэ бол чиний сонгосон мэргэжил" гэж хэлж билээ. Тэгээд би нээрээ ч тиймдээ "Ээж тэг гэнэ ээ. Одоо тоглохоос" гээд л ажиллаж байлаа.

Түүнээс хойш 15 жил дэлгэцийн урлагаас хол байсан. Тухайн үед яаж тэр кинонд ажилласан гэдгээ ч мэддэггүй шүү дээ. Хаанаас ямар камераар ямар план аваад байгааг ч мэдэхгүй тоглочихсон. Гэтэл сая "Бүүвэй" дээр бүх зүйл цоо шинэ байсан. Эхэндээ планаа мэдэхгүй, камераа мэдэхгүй, өнцгөө мэдрэхгүй их будилсан. Бараг л шантрах дөхсөн.

Тэгээд л "Бүүвэй"-ийн ард гарчихаад одоо цаашдаа ингэх юм байна, тэгэх юм байна гээд учраа олж эхэлсэн. "Шар гэгээ"-д ортол бас л өөр байсан. Учир нь "Бүүвэй" дээр ганцаараа ажиллаж байсан бол "Шар гэгээ"-д олон жүжигчинтэй хамт ажилласан. Гэтэл энэ ч бас нэг шинэ зүйл болсон. Гэхдээ хамтран тоглосон жүжигчид маань харьцангуй удаан хугацаанд ажилласан, ур чадвартай, супер жүжигчид байсан учраас маш их түшигтэй байсан л даа. Мөн найруулагч маань маш мундаг байсан. Миний чиг үүргийг, миний дүрийн шугамыг маш сайхнаар гаргаж өгсөн. Тэгээд л "Шар гэгээ"-ийн Хоролгаравын дүрыг амжилттай гаргалаа гэж бодож байгаа.

-Үзэгчид ч маш сайхан сэтгэгдэлтэй байна лээ. Кино урлагт шар гэгээ авч ирлээ гээд л эерэг сэтгэгдлүүд хөвөрч байсан. Бас тус киног үзсэн хүмүүс таныг ямар уран бүтээлээс харснаа эрж хайсан гэдэгт итгэлтэй байна?

-Ер нь киноны сэтгэгдэл дор 650 киноны гол дүр байна гэдэг сэтгэгдэл их үлдээсэн байсан. Энэ нь ч надад маш сайхан санагдсан.

-"Шар гэгээ" киног Хоролгаравын дүргүйгээр төсөөлөхөд бэрх. Хүнд хүнээ өгөх эх хүний агуу сэтгэл бас гуниг харуусал магадгүй багахан хэмжээний жаргалыг ч та мэдэрсэн байх?

-Киноныхоо зохиолыг уншихад шууд л хүнд мэдрэмж төрсөн. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд их амттай санагдсан. Аливаа уран бүтээлд оролцож буй жүжигчин хүн найруулагчийн харчихсан байгаа тэр дүрийг гаргана гэдэг л маш хэцүү. Тийм ч учраас "Би чадах болов уу, чадчих юмсан" гээд л асаж бүр шатаж орсон. Зарим үед хэт яарах гээд байвал найруулагч маань "Тоглолтоо барь, битгий яар" гээд л маш сайн ажилласан. Тиймдээ ч сэтгэлээс яг тэр мэдрэмжүүд урган гарч, харцаараа тоглож эхэлсэн. Магадгүй үгээ хэлэх гээд яараад байвал тэр гоё мэдрэмж үзэгчдэд хүрэхгүй байсан байх. Тэгэхээр юу нь тийм сайхан мэдрэмжийг төрүүлээд байгаа вэ гэхээр найруулагчийн маань дүрээ зөв онож харсан байдал бас жүжигчидтэйгээ тулж ажилласан ажиллагаа л маш их нөлөөлсөн байх гэж бодож байгаа.

-Та 650 кинонд тоглосныхоо дараа нэг ярилцлага өгсөн байсан. Тус ярилцлагадаа "650 киноны дүр надаас тэс өөр" гэж хариулсан байсан л даа. Тэгвэл Хоролгаравын дүр тантай ижил төстэй юу. Гаднаа хатуу ширүүн мэт боловч их зөөлхөн дүр санагдсан?

-Яг анзаарахаар Хоролгаравын дүр ширүүн ч юм шиг хэрнэ уг хүн нь их зөөлөн байхгүй юу. Дүр болгон өөр өөрийн характертэй. Тиймдээ ч жүжигчин бүр өөрсдийнхөө дүрийг өмөөрч, хамгийн чухал гэж үздэг шүү дээ. Яг түүнтэй адил миний дүр ч мөн чухал дүр. "Хоролгаравын дүр энэ дундаа хамгийн супер дүр юм байна" гэж би анх зохиол уншиж байхдаа харж байсан юм.

Би яг амьдрал дээрх Л.Жижжалам шиг Хоролгаравын дүрд ажиллана гэж байхгүй шүү дээ. Яахав надтай ижил төстэй зүйл байгаа, надаас тэс өөр ч зүйл байгаа.

Яах аргагүй 650 киноны дүр бол надаас тэс өөр, маш хол. Би хүүхэд байхдаа юугаа ч мэдэхгүй байхдаа л нэг амьдрал үзчихсэн, хүүхэдтэй болохыг хүссэн, амьдралаа авч үлдэх гээд л хичээгээд байгаа айлын эхнэрийн дүрд ажилласан шүү дээ. Гэтэл Хоролгаравын дүр надтай ижил төстэй зүйл их байсан. Учир нь би өөрөө эх хүн. Үрийн харам ямар байдаг вэ гэдгийг мэдэрч чадаж байгаа юм. Бүр өөр дээрээ жишээ татаад л хүүхдээ бодоход л мэдрэмж нь ороод ирж байгаа юм. Тэр талаараа ч ажиллахад дөхөм байсан. Бас Хоролгаравын сайхан сэтгэл Жижжаламд ч гэсэн бий. Би чинь их сайхан сэтгэлтэй хүн шүү дээ.

Яг хүний сайхан сэтгэлийг энгийн бөгөөд маш сайхнаар илэрхийлсэн Хоролгарав, Дашжил хоёрын дүр бол үнэхээр сайхан дүрүүд. Хүмүүсийн хайрыг татсан.

-Киноны сүүлийн сценийг дурдахгүй өнгөрч болохгүй санагдаж байна. Зохиолоо унших явцдаа тэр хэсэг дээр ямар мэдрэмж мэдэрч байсан бэ?

-Зохиол уншихад яг хүмүүсийн харснаар л хүлээж авч байсан. Гэтэл үзсэн хүмүүс сайн мэдэж байгаа даа. Яг тийм зүйл болсон. Киноны сүүлийн сцень явахын өмнөхөн найруулагч бид хэд "Энэ хэсгийг яг тэгээд л явах уу. Ерөөсөө авъя гээд л орох уу" гэтэл Н.Ялалт ах "Одоо тэгнэ шүү дээ. Авъя гээд л орно" гээд явсан. Гэхдээ тэр хэсэг дээр үзэгчдэд шууд яарч хүргэхээсээ илүү тайван, дөлгөөхөн, энгийн байхыг хүссэн. Нөгөө хоёрыгоо ч мөн тайшруулна даа гээд л орсон доо. Ер нь киноныхоо хэсгийг ингээд нууц хэвээр нь үлдээе.

-Таныг жүжигчин мэргэжил сонгохоосоо өмнө өөр мэргэжил сонгочихсон байсан гэж сонссон. Энэ үнэн үү?

-Намайг хүүхэд байхад хүн болгон жүжигчин болоорой гээд л ярьдаг байсан юм. Бас гэр бүл маань маш их дэмжинэ. Би ч их хөдөлгөөнтэй, дуулж, бүжиглэдэг хүүхэд байлаа. Тэгээд би конкурс өгөөд мэргэжил сонгохдоо СУИС-ийн менежментийн ангийг сонгочихсон юм. Гэтэл урлагийн үзлэг болтол би ангийнхнаа удирдаад, жүжиг тоглоод бэлдсэн юм. Гэтэл манай ангийнхан тэр цагаас эхлээд намайг хөөгөөд, "Чи тэр жүжигчнийхээ анги руу яв" гээд тэгээд л "За за ер нь жүжигчин болъё" гээд КУДС-руу орсон байдаг юм.

Нөгөө болох ёстой юм болдгоороо болдог гэдэг шиг жүжигчин болох ёстой л байсан юм шиг байна лээ. Ангиа сольж жүжигчний ангид орсон маань бас л том шийдвэрүүдийн нэг.

-Архангай аймгийн Хөгжимт драмын театрт хэр удаан хугацаанд ажилласан юм бэ. Төгсөөд л нутагтаа очсон гэсэн шүү дээ?

-Бараг 5, 6 жил ажилласан. Ажлаасаа гараад Улаанбаатар хотод ирээд удаж байна. Мэргэжлээрээ ажиллахгүйгээр 7, 8 жил болчихсон байна. Энэ хооронд эхнэрийнхээ ажлыг хийгээд, ээжийнхээ ажлыг хийгээд л таарсан даа.

-Та дэлгэцийн уран бүтээлч гэхээсээ илүү тайзны уран бүтээлч юм байна шүү дээ?

-Яг тийм шүү. Би чинь тайзны хүн байхгүй юу. Яагаад гэвэл би оюутан байхдаа л тайзаар явчихсан. Дэлгэц надаас үнэхээр хол байсан. Сая дэлгэцийн уран бүтээлд ороход маш хол байна лээ. Бид нар чинь тайзан дээр гарахдаа хамгийн арын суудлын үзэгчид хүртэл үгээ хэлнэ гээд маш томоор чөлөөтэй тоглодог бол дэлгэцэн дээр тэгж болдоггүй юм билээ шүү дээ.

"Зүгээр л ярь. Нүдээрээ ярь. Үг хэлэх гэж битгий яар. Яг одоо наад нүдээрээ яриадах даа" гээд л манай найруулагч хэлдэг юм. Тэгээд л нүдээрээ үг хэлэхийн тулд энэ сэтгэл дотор байгаа бүх мэдрэмж ажиллаж байж нүдээр илэрч байгаа юм. Ер нь дэлгэц маш нарийн юм билээ. Зөв явахгүй бол буруу бичигдчихвэл дараа нь засахад хэцүү юм билээ. Харин тайз бол өнөөдөр тааруу байсан ч маргааш нь засаад явчихаж болдог. Кино бол яг тухайн үеийн мэдрэмж л гардаг юм билээ.

Би бол яах аргагүй тайзны хүн. Одоо тайзаа маш их санаж байна.

-Тун удахгүй танд тайзан дээрээ гарах боломж олдох байх?

-Тийм ээ. Би тайзан дээрээ гармаар байна. Надад нэг байнга дурсаж явдаг бас тайзан дээр гялалзаж явах үедээ тоглож байсан нэг сайхан дүр байдаг юм. Тэр нь Южин Онилын "Тамын дурлал" гэдэг эмгэнэлт драмын жүжгийн ганц гол дүр байдаг. Тэр дүрээр маань ч жүжиг үзсэн хүмүүс сайн мэддэг юм. Дахиад л тийм гоё дүрд тогломоор л байна. Боломж олдох байх өө.

-Таны хувьд жүжигчний уран чадварын талаар ямар бодолтой байдаг вэ?

-Яг ур чадвар гэхээсээ илүү хөдөлмөр, хичээл зүтгэл бас мэдрэмж их чухал юм шиг санагддаг. Уран чадвар гэдэг зүйлийг хүн ажиллаж байж, оролдож байж олж авна. Анхнаасаа тийм чадвартай, мундаг байна гэж байхгүй шүү дээ. Аль болох хийж байж, оролдож байж ур дүй сууна.

Гэхдээ жүжигчний мэргэжлийг сонгох гэж байгаа эсхүл сонгочихсон дүү нар маань байвал янз бүрийн зүйл хийж үзэх хэрэгтэй. Би хэдий өөрөө хүмүүст зөвлөгөө өгөх хэмжээнд биш ч гэсэн аль болох өөрийнхөөрөө яваарай, аливааг хийж үзээрэй гэж хэлмээр байна. Мянга чаддаг байлаа ч гэсэн хийж, хичээхгүй бол царцана, зэвэрнэ гэж бодож байна.

Би ч бас одоо л дөнгөж дэлгэцийн уран бүтээлд хэрхэн ажиллахаа ойлгоод, мэдрэмжээ сэргээж байна.

-Л.Жижжалам гэдэг хүнд бодож, баримталж явдаг зүйл их үү?

-Миний хувьд энгийн л нэг сайхан ээж, эхнэр хүн шүү дээ. Сонгосон мэргэжил маань жүжигчин. Бусдаас ялгарах гоц гойд зүйл байхгүй. Ялангуяа тийм ч их зарчимтай хүн биш. Зүгээр л хүнд гай болохгүй л амьдарч өөрийнхөө хийх ёстой зүйлээ л хийдэг хүн. Бас уулзсан хүмүүстээ их таатай, тухтай мэдрэмжийг өгдөг, эерэг хүн байхыг хичээдэг. Би чинь нэг л сайхан налайсан, налгар хүн шүү дээ.

-Таны ээж, аав хоёр яг тийм налайгаад л байж байдаг хүмүүс үү?

-Манайхан ер нь л их наргианч хүмүүс. Шооч, шогч талдаа. Тэр ч утгаараа хүмүүс намайг чи жүжигчин болоорой гээд байдаг байсан байх. Ер нь л нэг юм ярихаараа түүнийгээ шог болгочихдог. Хүмүүс ч энэ зан чанарт минь дуртай юм шиг. Тэр нь их гоё цайлган, цагаахан. Ер нь л манай хамаатнууд ихэнх нь тийм хүмүүс дээ.

-Жүжигчин хүн болгонд л нэг мөрөөдлийн дүр байдаг юм шиг байна лээ. Танд тийм нэг дүр байдаг уу?

-Бадаг. Гэхдээ яг одоо хэлэхгүй ээ. Магадгүй хэзээ нэг өдөр тэр дүрдээ ажиллачихаад "Тэр дүр чинь энэ байсан юм аа" гээд би хэлнэ. Яахав ганц, хоёр хүнд тэр дүрээ хэлж үзсэн. Нэг нь дэмийдээ гэсэн бол нөгөөх нь яаха в болно шүү дээ гэсэн. Тиймээс би тэр дүр дээрээ ажиллах боломжтой гэж боддог. Нэг л өдөр тоглох байх.

Бас хүмүүс намайг 650 киноны "Дандаа даадаг аниа"-ийн дүрээр их хараад байдаг юм. Бас тиймэрхүү дүрд ажиллах санал ч хааяа ирдэг. Гэхдээ би нэгэнт энэ мэргэжлийг сонгосноос хойш яг л адилхан "Дандаа даадаг аниа" байгаад баймааргүй байна шүү дээ. Өөр гоё дүрүүдэд ажиллаж үзмээр байна шүү дээ.

-Ер нь уран бүтээлчид их шуналтай байдаг юм шиг. Дараагийн уран бүтээлд шунана, өөр дүрд шунана?

-Мэргэжлийн онцлог гэх үү дээ. Дээр манай гэр бүлийнхэн "Чингисийн музей" үзсэн юм. Гэтэл тэр хатдуудынх нь баримал надтай их төстэй санагдсан. Магадгүй боломж олдвол хатны дүрд ч гэсэн ажиллаж үзэхийг хүсэж байна. Ер нь царай төрх их төстэй санагдсан шүү.

-Яг гадаад төрх гэсэн чинь та их буянтай чихтэй юм аа. Хүмүүс нөгөө бурхны чих гэж яриад байдаг шүү дээ?

-Хүүхэд байхдаа энэ чих, шанаа хоёроосоо их л ичдэг байдаа. Бараг үсээрээ нүүрээ нуугаад л явдаг байсан. Сая бас кинонд тоглоод өөрийгөө хартал их сонин харагдсан. Хүн ч тэгээд өөрийгөө харахдаа өөлж л хардаг юм билээ. Бас танай сайтад ярилцлага өгөхөөр ирэхдээ чихээ нуугаад үсээ оруулчихдаг юм билүү гэж бодсоноо "За түмний мэддэг чихийг хааш нь ч нуух билээ дээ" гээд л хүрээд ирлээ. Ёстой л нөгөө чих байна, шанаа байна, юм юм байна гэдэг шиг л.

-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн мөчийг танд үлдээе?

-"Шар гэгээ" МУСК маань маш амжилттай үзэгчдэд хүрч байна. Би ч маш их баяртай байна. Мөн кино багийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өөрсдийн сэтгэгдлээ харамгүй илгээж байгаа, эерэг сайхнаар хүлээн авч байгаа үзэгчдэдээ баярлалаа. Бас намайг энэ дүрд тоглох боломжийг олгосон найруулаг, зураглаач, продюсерууддаа маш их баярлалаа. Бүгдэд нь хайртай шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Монгол, Оросын хил орчмоос 2477 тооны алтайн аргаль хонины тоо толгойг тогтоолоо
Монгол, Оросын хил орчмоос 2477 тооны алтайн аргаль хонины тоо толгойг тогтоолоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.