Улс төрд хүчний тэнцвэр хэрэгтэй. Ядаж л одоогийн байгаа МАН-ын лидерүүдтэй өрсөлдөх хэмжээний лидер сөрөг хүчнүүдээс “төрөх” хэрэгтэй байна. Холимог тогтолцоо, тэр дундаа мажоритар тойрог нь том байхаар яригдаж буй энэ нөхцөлд намын даргын ноён нуруу намаа бараг бүхэлд нь чирч гарна. Өөрөөр хэлбэл тойрогт нэр дэвшигчдийн хувь ранкаас илүүтэй нэг баг, нэг нам гэдэг агуулгаараа намын нэр хүнд, намын лидерийн нэр хүнд хамгийн чухал юм. Гэвч эрх баригчидтай харилцан өрсөлдөөнд орох АН-ынхан өнөөдрийг хүртэл нэг л болж өгөхгүй өнхөрч явна. Лу.Гантөмөрийн улс төрийг хүлээсээр намын гишүүд төдийгүй, нийт монголчууд орох байх газраа олж ядаж байна. Бүлэг нь болсон болоогүй мэдэгдэл хийж, ирээдүйд сандал ширээ горьдсон хэдэн болсон болоогүй залуучууд нь саарал ордноор холхиж явна. Намынхаа генсекийг ч тавьж чадахгүй өнөөдрийг хүрч буй түүний хувьд олны өмнө гарч ирэхгүй сар гаруйн хугацааг өнгөрөөв.
Тэгвэл сурвалжийн мэдээлж буйгаар нам доторх томилгооноос гадна ирэх жилийн сонгуультай холбоотой асуудлаар мань хүн ацан шалаанд орсон сурагтай. Анх намын дарга болохдоо л Х.Баттулга, С.Эрдэнэ тэргүүтэй намынхаа фракц болгонтой тохирч “за” гэж хэлээд гараад ирсэн тэр одоо хүнд байдалд орсон аж. Тиймээс л Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэх хоёрхон том хүчний шахалтад орохоос зугтаж 15 дэд дарга, 15 шахалт үүсгэж С.Баярцогтыг урдуураа оруулж ирсэн хэрэг.
Гэвч асуудал сайнаар шийдэгдсэнгүй. Эх сурвалжуудын хамгийн сүүлд өгч буй мэдээллээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүгээс сонгуулийн нэр дэвшүүлэлтийн багадаа 50 хувийг авна гэж тулгаж буй сурагтай. Лу.Гантөмөрийн хувьд нэг хүнд нь ийм эрх өгчихвөл бусад нь түүнийг жинхэнэ “тастаж иднэ”. Тиймээс энэ тулгалтыг зөвшөөрөөгүй нөхцөлд Х.Баттулга тэргүүтэй нөхдүүд МоАХ-ыг нам болгох ажлыг тун ойрын хугацаанд эхлүүлж магадгүй байгаа аж. Өнгөрсөн 8-9 дүгээр сард “Хөх Монголын хөх туг” гэх хөдөлгөөний үүсгэж Х.Баттулга 21 аймгаар тойрсон нь цаана ийм учиртай. Энэ тойрон “аялал” Лу.Гантөмөрийн хэлсэн шиг хэзээ ч Ардчилсан намын төлөө байгаагүй. Очсон газар бүртээ "Нам хамаагүй хүмүүсийн нэгдлийг уриалж, нам дамнасан бүлэглэл"-ийн тухай ярьж явсан Х.Баттулгын цаад зорилго 2024 оны сонгууль юм. Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөр түүнд боломж олговол АН-ын ихэнх хувьд хяналтаа тогтооно. Үгүй бол МоАХ-гоо салгаж гарна. Хэрвээ Х.Баттулгын талд олонхын боломж олговол сонгуулийн дараа намаа даргаа баталгаатай "тонгорно".
MEC судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар энэ оны 5 дугаар сард л рейтинг нь нэг хувиар доошилж байсан Х.Баттулгын рейтинг 7, 8, 9 дүгээр саруудад тасралтгүй нэмэгдэж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын араас гуравт бичигдэв. Сонгууль гэхэд урд нь ч гараад ирэх "аюултай" улстөрч. Ялангуяа сүүлийн хоёр сард Х.Баттулгын дэмжигчид хурдацтай сэргэж буй нь 21 аймгаар тойрсонтой нь шууд холбоотой юм. Гэтэл АН-ын лидер Лу.Гантөмөрийн рейтинг таалагддаг улстөрчдийн жагсаалтад орох нь байтугай 8 сараас хойш тасралтгүй буурч байгаа нь эрсдэл дагуулахаар харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, байдал ийм хүнд байхад Х.Баттулга АН-ын яг идэвхтэй гишүүд дэмжигчдийн цөм болсон МоАХ-ыг салгаад дараагийн сонгуульд орчихвол Лу.Гантөмөр маш их хохиролтой. Ингэхгүйн тулд нэр дэвшилтийн тулгалтыг хүлээн зөвшөөрөх нь утгагүй. Хүлээн зөвшөөрлөө ч бусдынхаа дэмжлэгийг алдана. Ялангуяа залуучууд нь үүнийг хүсэхгүй.
Х.Баттулгын хувьд улс төрийн салхи хуучин шиг биш болсныг хамгийн сайн мэдэрч байгаа. МАН-ын толгойд байгаа зарим нэг төлөөллүүд нь нүүр буруулах цаг хором хормоор ойртож буй. Хэчнээн сайн ах дүүгийн харилцаа байлаа ч нам бол нам. Тиймээс олон ноцтой хэргүүд нь яригдаж буй энэ цаг үед төрийн хамгаалалт буюу гишүүний дархан эрхтэй болох нь нэн чухал. Хэрвээ ингэж чадахгүй бол дөрвөн жилийн хугацаанд энгийн ард Х.Баттулга асуудлаас, хууль хяналтын байгууллагаас дураараа зугтаж чадахгүй. Дээр нь Лу.Гантөмөр асуудалд нэр холбогдсон хүмүүсийг намын жагсаалтад оруулахгүй, дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ найман сард зарлачихсан. Энэ үгийг араас хамгийн их асуудалд нэр холбогдсон Х.Баттулгыгаа АН-ынхан нэр дэвшүүлэх нь утгагүй хэрэг. Тиймээс Х.Баттулга яалтчгүй ойрын хугацаанд МоАХ-гоо нам болгох үйл явцыг эхлүүлэх нь гарцаагүй юм.
Мэдээж МАН-ынхны хувьд Ардчилсан намын гишүүдийг, улстөрчдийг нь таллан хувааж, хүчийг нь сарниулж л байвал сайн. Тиймээс Х.Баттулгын намыг дуун дээр нь бүртгэж авах ажлыг өргөн фронтоор өрнүүлнэ. АН ингэж хоёр салбал 2012 оны МАН, МАХН-ын дэмжигчид хоёр талд гарч сонгуулийн дүнд нөлөөлсөн шиг нөхцөл байдлыг үүсэх юм. Үйл явц сонгуулийн дүнд ч хангалттай нөлөөлнө гэж харж байна.
Тиймээс одоо бүх үйл явцын учиг, зангилаа АН-ын Лу.Гантөмөрийн гарт байна. Түүний улс төр бүхнийг шийднэ.
Г.Лхагвадорж