Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Цэцэрлэгтээ хурдан дасч, багш нартаа ХАЙР зарласан ХОЁР НАСТНУУД

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 48 секунд

Хорь гаруйхан хоногийн өмнө цэцэрлэгийн босго алхаж, шинэ орчинд дасаж ядан уйлалдаж байсан хоёр настнуудын цэцэрлэгийн амьдрал ямар байгааг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн 275 дугаар цэцэрлэгийг зорилоо. Цэцэрлэгийн эрхлэгчээс зөвшөөрөл авч, бага А бүлэгт зочлов.

08.30 ЦАГ

Бид цэцэрлэг багачуудаа хүлээж авдаг цаг буюу өглөөний 08.30 цагт ангид ороход 10 гаруй хүүхэд ирчихсэн. Тоосон шинжгүй тоглож байв. Энд тэндгүй уйлсан хүүхэд, ээж, аавыгаа эрж хайсан өрөвдөлтэй харц угтах болов уу гэсэн миний төсөөлөл бодит байдал дээр эсрэгээрээ байв. Ээж, аавыгаа баяртай гэж гараараа даллачхаад хоёр багш руугаа гүйж, тэврүүлэн эрхэлж байгаа нь хоёр настнууд цэцэрлэгтээ дасаж, хоёр багшдаа хайр зарласныг төвөггүйхэн илтгэж байв. Арга ч үгүй юм. Ганц нэг хүүхэд ээж, аавыгаа дагаад уйлж байгаа харагдсан ч хоёр багш нь ээлжлэн тэвэрч, эрхлүүлсээр хоромхон зуурт тайвшруулж байв.

09.00 ЦАГ

Бүлгийн ирц бүрджээ. Уйлсан, урвайсан, уйтгарласан хүүхэд нэг ч байсангүй. Бүгд тайвширч, хоёр багшдаа эрхлэн, ангийнхантайгаа тоглож, тойрон гүйлдэж байв. Тун удалгүй туслах багшийн “За хүүхдүүдээ өглөөний дасгалаа хийцгээе” гэх дуугаар хүүхдүүд бүгд зурагтын өмнө цугларч, ая явж эхлэхтэй зэрэгцэн доороо эргэж, тойрон бүжиглэж эхлэв. Хоёр, гуравхан долоо хоногийн дотор ээж, аавынхаа энгэрээс холдож үзээгүй хоёр настнуудыг өөрсдөдөө дасгаж, хөөр баяр дүүрэн, халуун дулаан орчныг бүрдүүлж чадна гэдэг амар ажил биш.

Бүлгийн багш С.Бадамцэцэгээс ангийнхаа хүүхдүүдийг ийм хурдан хугацаанд яаж цэцэрлэгт дасгаж чадсан талаар тодруулахад, “Өглөөд уйлаад анги руугаа ордог болохоор эцэг эхчүүд хүүхдээ өдөржин уйлдаг, зарим тохиолдолд багш нь загнаж чимээгүй болгодог гэсэн нийтлэг ойлголттой байдаг. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ байдаг. Цэцэрлэгт анх ирж байгаа хүүхдийг багш нар нь тайвширтал нь хажууд нь байж, аргадаж, тэвэрч, хамт тоглодог. Хүүхдийг цэцэрлэгт дасахад хамгийн гол нь багш нь хайр мэдрүүлж, ээж шиг нь хандах ёстой гэж боддог болохоор ангийн хүүхдүүддээ гэр бүл шиг нь дотно хандахыг хичээж ажиллаж байна. Анх манай хүүхдүүд цэцэрлэгийн хаалгаар орж ирээд л уйлдаг байсан бол өнөөдөр манай ангийн ганц, хоёрхон хүүхэд уйлаад бусад нь зүгээр л гүйгээд ороод ирж байгааг та нар харсан байх. Ангид нь аав, ээжийн хайраас дутаахгүй хайрлаж, аргадаж эвлээд, эрхлүүлээд байвал хүүхдүүд цэцэрлэгтээ хурдан дасаж, бүр дуртай болчихдог” гэлээ.

Харин туслах Б.Билгүүний тухайд, шинэ төгсөгч. Анхны жилээ хоёр настнуудтай ажиллаж байгаа. Хүүхдэд хайртай болохоор цэцэрлэгийн туслах багш болохоор шийджээ. Түүнээс хоёр настнуудтай ажиллахад ямар байгаа талаар асуухад, “Үнэнийг хэлэхэд эхний өдөр бараг бүх хүүхэд уйлаад сүүлдээ толгой өвдөөд би юу хийчхэв ээ” гэх бодол хальт төрсөн. Гэхдээ энэ бодол хоёр дах өдрөөсөө л байхгүй болчихсон. Аргадаад, эвлээд, хайрлаад байх тусмаа хариу хайрлаж, багшаа баба гэдэг байсан хүүхдүүд багшаа хайртай гээд тэврүүлэхээр сарвайхыг нь харах үгээр хэлэхийн аргагүй тийм гоё мэдрэмж байсан. Одоо бол би 25 хүүхэдтэй болчихсон юм шиг л байдаг. Уйлдаг хүүхэд ч бараг байхгүй” гэв.

Хоёр багшийн ярианаас хүүхдүүдээ гэх чин сэтгэл. Хамгийн гол нь хайр мэдрэгдэж байсан нь хоёр настнуудын цэцэрлэгтээ хурдан дассан шалтгаан аж. Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногийг булан, тохой бараадан, хаалга ширтэж, доголон нулимстай өнгөрүүлсэн бага А бүлгийнхэн өнөөдөр цэцэрлэгтээ дасаж, багш нартаа хайр зарлан аав, ээжийгээ ирснийг ч анзаарах сөхөөгүй тоглож байна.

В.В.Володин: Түлш шатахууны түр хязгаарлалтад Монгол Улс хамаарахгүй
В.В.Володин: Түлш шатахууны түр хязгаарлалтад Монгол Улс хамаарахгүй
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.