Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо иргэдээс нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээсэн талаар бид мэдээлсэн. Ингэснээр нэр бүхий арилжааны есөн банк ипотекийн зээл олгохдоо иргэдээс авсан нэг хувийн шимтгэлээ 30 хоногийн дотор буцаан олгох нөхцөл байдал үүссэн гэдгийг нэр бүхий хуульчид онцолж буй юм.
-БАНКУУД 30 ХОНОГИЙН ДОТОР ИРГЭДИЙН МӨНГИЙГ БУЦААН ШИЛЖҮҮЛЭХГҮЙ БОЛ ШШГЕГ-Т ХАНДАЖ, АЛБАДАН ГҮЙЦЭТГҮҮЛНЭ-
Тухайлбал, Хуульч О.Батхүү Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэрээ, "Монгол Улсад ипотекийн зээлтэй 115 мянган иргэн бий. Энэ хүмүүст банкууд зээл олгохдоо нэг хувийн шимтгэлийг үндэслэлгүйгээр авсан болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоосон. Эл шийдвэрийг арилжааны банкууд үл зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасан боловч шүүх хүлээж авахаас татгалзсан. Энэ нь банкууд хууль зөрчсөн гэдэг нь эцсийн байдлаар тогтоогдсон гэсэн үг.
ШӨХТГ-аас хийсэн шалгалт нь 2021 оны долдугаар сарын 1-нээс хойших хугацаанд шимтгэл авч болно, үндэслэл бүхий байна гэдэг заалтаар хийгдсэн. Энэ хугацаанд ипотекийн зээл авсан иргэдээс нэг хувийн шимтгэл авсан нь хууль бус юм байна гэдгийг шүүх тогтоочихсон учраас эдгээр иргэд нэг хувийн шимтгэлээ буцаж орж ирэхийг хүлээх л үлдсэн. Хэрэв 30 хоногийн дотор иргэдийн мөнгийг буцаан шилжүүлэхгүй бол бид ШШГЕГ-т хандаж, албадан гүйцэтгүүлнэ” хэмээн онцолсон юм.
Харин Хуульч С.Ялалт, “Шүүхийн шийдвэр иргэдийн талд гарсан учраас арилжааны банкууд хуулийн хугацаанд буюу 14 хоногийн дотор буцаан олголт хийх ёстой. Хэрэв хуулийн хугацаанд багтаагүй тохиолдолд ШӨХТГ-аас албан бичиг хүргүүлж албадан иргэдийн хохирлыг барагдуулна. Гэхдээ зарим иргэдийн дунд нэг хувийн шимтгэлээ бүгдийг нь буцаан авна гэсэн өрөөсгөл ойлголт байна. Банк тухайн зээлдэгчийн зээлийн мэдээллийг нь хараад, хэдэн хувийн шимтгэл төлөх ёстойг нь тооцно. Тэгээд нэг хувиас бага байвал тухайн зөрүүг нь бэлнээр олгох эсвэл зээлдэгчтэй тохиролцож, нийт зээлийн дүнгээс хасах юм. Ингэхдээ 2021-2023 оны хоорондох зээлийн зөрүүг буцаан олгоно” хэмээн онцлов.
-ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ "БАНКУУД ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ШИМТГЭЛИЙГ АВАХ ЭРХГҮЙ, БУЦААЖ ТӨЛӨХ, ШИЛЖҮҮЛЭХ” ГЭСЭН АГУУЛГА БАЙХГҮЙ-
Хуульчдын энэхүү тайлбартай холбоотойгоор, иргэдийн дунд ипотекийн зээлтэй иргэд нэг хувийн шимтгэлээ буцаан авах юм байна гэсэн ойлголт бий болж, хүлээлт үүссэн. Гэтэл өчигдөр буюу энэ сарын 12-ны орой Монголын банкны холбооноос албан ёсоор мэдэгдэл гаргаж, нэг хувийн шимтгэлийг иргэдэд буцаан олгох шүүхийн шийдвэр гараагүй хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, албан ёсны цахим хуудсаараа дамжуулан, “Орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээлийн нэг хувийн шимтгэлтэй холбоотой шүүхийн шийдвэрийн талаар ташаа мэдээлэл гарч байна. Тодруулж хэлбэл, Шүүхийн шийдвэрт банкууд ипотекийн зээлийн шимтгэлийг авах эрхгүй, буцааж төлөх, шилжүүлэх” гэсэн агуулга байхгүй. Арилжааны есөн банк 20 сая төгрөгийн торгууль төлөх, банкнаас орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан тогтоох арга хэмжээг авахаар болж байгаа юм” хэмээн мэдэгдэв.
Ийнхүү хуульчид болон арилжааны банкуудын зүгээс илэрхийлж буй зөрүүтэй байр сууриуд нь иргэдийг төөрөгдүүлж байгаа учраас бид шүүхийн албан ёсны сайтад байршуулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна. ЭНД дарж уншина уу.
-БАНКУУД НЭГ ХУВИЙН ШИМТГЭЛИЙГ БУЦААН ОЛГОЖ ЭХЛЭЭГҮЙ, ШИНЭ ЗЭЭЛДЭГЧДЭЭС ШИМТГЭЛ АВАХ АЖИЛ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-
Хэрэв хуульчдын тайлбарлаж байгаачлан банкууд нэг хувийн иргэдийн дансанд шилжүүлэх ёстой болсон бол шүүхийн шийдвэр уншиж танилцуулснаас хойш хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх учиртай. Тиймээс бид иргэдэд ипотекийн зээл олгосон нэр бүхий есөн банкны мэдээллийн ажилтантай утсаар холбогдож, нэг хувийн шимтгэлийг иргэдэд буцаан олгох ажил эхэлсэн эсэхийг тодруулсан боловч “Одоогоор удирдлагуудаас ирсэн тодорхой үүрэг чиглэл байхгүй учраас буцаан олгох эсэх нь тодорхойгүй байна. Шинээр ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдээс нэг хувийн шимтгэл авах ажил хуучин хэвээрээ хэвийн үргэлжилж байгаа” гэх яг адилхан хариултыг өглөө.
Бид энэ удаад хуульчдын болон банкны холбооны зөв бурууг дүгнэж, шүүхийг зорьсонгүй. Тэр ч утгаараа энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, ач холбогдол өгч байгаа хуульчдын байр суурь, банкуудыг төлөөлж буй банкны холбооны мэдэгдэл, давж заалдах шатны шүүхийн шийдвэр гэх мэт олон талын мэдээлэл, байр суурийг ямар ч нэмэлт хачиргүйгээр нэгтгэн хүргэлээ.