Багш та хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм
Багш та хүсэл долгиолсон ирээдүйн замын эх юм гэх “багш” мэргэжлийн алдрыг магтсан энэхүү шүлгээр өнөөдрийн ярилцлагаа эхлүүлж байна. Хүн бүр амьдралдаа багш хэмээх эрхэм хүнтэй учирч “А-Я” үсгээ анхлан заалгаж, орчлонг таних их замд хөл тавьж байсан биз ээ. Тэгвэл Ubn.mn сайт хичээлийн шинэ жилийг угтан тун удахгүй багш мэргэжлийг эзэмшихээр бэлтгэгдэж буй МУБИС-ийн нийгмийн ухааны багшийн гуравдугаар түвшний оюутан С.Маргадтай цөөн хором ярилцлаа.
-Юуны түрүүнд багш мэргэжлийг яагаад сонгосон талаар нь ярилцлагаа эхлүүлье гэж бодож байна?
-Хүүхдүүд ахлах ангиасаа эхлээд мэргэжлийнхээ талаар бодож эхлэдэг шүү дээ. Яг тэр үед багш хичээл зааж байхад би энэ хичээлийг яаж ойлгох вэ биш үүнийг яаж заавал ангийнхан маань илүү ойлгох бол гэдэг тухай илүүтэй бодож, бараг л ухаанаа алдаж байгаагаа анзаарсан. Тэр үеэс эхлээд бага багаар найзууддаа мэддэг, чаддаг зүйлээ хуваалцаж, зааж өгдөг байсан. Цаг хугацаа ч өнгөрч байгааг анзаарахгүй тийм л их сонирхолтой байдаг байсан. Тиймээс л өөрийгөө багш болох нь зүйтэй юм байна. Энэ мэргэжилд л үнэнч байх хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон доо.
-Багшийн мэргэжил хэдий сайхан ч нийгэмд үнэлэмж муутай мэт санагддаг. Магадгүй өөрийн тань хувьд багш мэргэжлийн талаарх үнэлэмж, дүгнэлт ямар байгаа мэт санагддаг вэ?
-Угтаа бол багш мэргэжил нийгэмд хамгийн их хүндлэл хүлээх ёстой. Гэхдээ 1990-ээд он буюу зах зээлийн шилжилтийн үеэр багш мэргэжлээр элсэж байгаа оюутнууд сургуульгүй үлдсэн ч юм уу тэр үеийн элсэлтийн шалгалтын оноо нь хангалтгүй оюутнууд байснаас үүдэн ийм хандлага тогтчихсон гэдэг юм билээ. Түүнээс гадна яг одоогоор миний ажигласан зүйл бол Монгол Улсын боловсролын их сургуульд ЭЕШ-ийн оноо нь хүрээгүй хүүхдүүд ч орж, багш болдог гэсэн буруу ойлголт нийгэмд газар авсан юм шиг санагддаг. Мөн яах аргагүй дурдах шаардлагатай зүйл бол эцэг эхчүүд бүх бурууг багшид тохдог хандлага. Угтаа бол аль аль талаасаа л хариуцлагатай байх хэрэгтэй.
-Одоогоор гуравдугаар курсийн оюутан. Ирэх жил төгсөнө шүү дээ. Тиймээс төгсөөд шууд мэргэжлээрээ ажиллах уу?
-Тиймээ. Энэ мэргэжлээрээ 40 жил ажиллана гэсэн зорилготойгоор суралцаж байна. Гэхдээ амьдралд ам гарч болдоггүй гэдэг. Бас ирээдүйд илүү сайнаар үнэлэгдэнэ гэж итгэдэг. Мөн Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг болохоор төгсөөд заавал 5 жил мэргэжлээрээ ажиллах гэрээтэй байдаг юм билээ. Мэдээж усыг нь уусан тул ёсыг нь дагах нь зүйн хэрэг байх.
-Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш мэргэжлээр суралцах хүүхдүүдийн төлбөрийг төрөөс хариуцна гэж мэдээлсэн шүү дээ. Үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-МУБИС-д ЭЕШ-д өндөр оноо авсан оюутнууд тэтгэлэгтэй суралцдаг. Бүр 70-100 хувийн тэтгэлэгтэй байдаг. Гэтэл өмнө нь хэрэгжиж байсан зүйлийг дахин шинээр гаргаж ирж буй мэт байгааг нь тийм ч сайн ойлгоогүй. Жишээлбэл, Ямар ангид орохоос хамаарч ЭЕШ-ийн оноо 650-аас дээш бол 70 хувь 750-аас дээш бол 100 хувийн тэтгэлэг олгодог. Би л гэхэд 100 хувийн тэтгэлэгтэй суралцдаг.
Мөн дээр нь багшаар суралцах оюутнуудыг үнэгүй сургана гэсэн шийдвэртээ эрсдэлийн үнэлгээ хийгээгүй гэж бодож байгаа. Ядаж оюутны байрыг хүн бүрт тэгш хүртээмжтэй болгох хэрэгтэй шүү дээ. Бас зарим хүүхдүүд түрээсийн байрны мөнгөгүйн улмаас сургуулиасаа жилийн чөлөө аваад нутаг буцаж байгаа талаар ч сонссон. Угтаа бол босго шалгуураа өндөр болговол мэргэжлээрээ бахархаж илүү нүүр бардам байна шүү дээ.
-Түүнээс гадна өөртэй нь хамт нийт хичнээн оюутан суралцдаг вэ. Бүгд мэргэжилдээ дуртай юу?
-Манай анги харьцангуй цөөхөн хүүхэдтэй. Ойролцоогоор 70 оюутан суралцдаг. Манай өмнөх элсэлт эсвэл доод элсэлтийнхэн 120-оос дээш оюутантай л даа. Тиймээс манай анги яах аргагүй цөөхүүлээ болж таарч байгаа юм. Мөн манай ангийнхан бүгд мэргэжилдээ дуртай “Болж өгвөл төгсөөд мэргжлээрээ ажиллна” гэж ярьдаг.
-Шантарах тохиолдол гарж байсан уу?
-Нэгдүгээр курсийн хавар шантарч байсан. Намар нь юу болоод байгааг ч анзаараагүй. Хавраас хичээлийн ачааллаа дийлэхгүй ядаргаанд орж сэтгэлээр унасан. Би яг багшаар ажиллаж чадах юм уу гэж бодож, гутралд орсон.
Энэ гэхдээ дан ганц надад биш бүх хүнд тохиолддог байх. Зун нь манай аймагт “Ид шидийн орон – Хөвсгөл” төсөл хэрэгжиж эхэлсэн. Хүүхдийн хөгжих орчин бага, хичээл хийх газар ч байдаггүй байсан болохоор дэмжиж байсан. Зуны амралтаараа чадах зүйлээрээ туслая гэж шийдээд өөрийн чадах зүйлээрээ гитарын сургалт явуулсан юм. Би нэг сарын хугацаанд тэнд багшилсан. Манай шавь нарын хамгийн бага нь 7 настай хамгийн том нь 17 настай байсан.
Тэр нэг сар амьдралын минь хамгийн жаргалтай үе гэж хэлж болно. Өөр чиглэлээр ч гэсэн багшийн ажлаа хийхэд хүүхдээс ирэх эерэг хандлага, урмаар босож ирсэн. Миний мэргэжил энэ мөн юм байна гэсэн итгэлээ олж авсан даа. Намар нь 7 настай шавийн маань аав “Баярлалаа багшаа” гээд хүүгийнхээ хөгжим тоглож байгаа бичлэг явуулсан тэр үед далавч байдаг бол нисчихмээр л байсан.
-Багшаар суралцах мөрөөдөлтэй хүүхдүүддээ хандаж үг хэлэхгүй юу?
-Шантралт хүн бүрт байдаг. Энэ мэдрэмж түр зуурынх болохоор заавал тэсээд гараарай. Нийгэмд бидний мэргэжил одоохондоо доогуур үнэлэмжтэй байгаа ч ирээдүйд сайжруулахын төлөө хамтдаа хичээцгээе гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Хонгорзул