Бүх хүн гэрээсээ гарч, хотын хөдөлгөөнд зэрэг шахам оролцдог “ерөөсөө бидний баяр” есдүгээр сарын 1 боллоо. Энэ өдөр Улаанбаатар хотод 500 гаруй мянган хүүхэд сургууль цэцэрлэгийнхээ нээлтэд очихоор эцэг эхтэйгээ гарна, үүн дээр их, дээд, техник мэргэжлийн сургуулийн оюутнууд 100 мянгуул нэмэгдэнэ, мөн ажилтай хүмүүс явдаг замаараа явна. Ингээд есдүгээр сарын 1 Улаанбаатарын 1.6 сая иргэн зуны амралтын их завсарлагын дараа бараг бүгд нэгэн зэрэг замын хөдөлгөөнд оролцдог онцгой өдөр юм.
Европоос буух Ромын пап дэлхийн нүд хужирлаж, чихийг дэлдийлгэн хуягт буухиа дагуулан айлчилна. Зам дээр түгжрэл байтугай юм болж таарна. Энэ хэдэн өдөр автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор ялгасны хүчинд түгжрэл саарч буй нь есдүгээр сарын 1-ний хэт бөөгнөрлийг бяцхан хумьж дийлэх ч гэлээ түр зуурын арга хэмжээ юм.
Энэ долоо хоногийн эхэнд түгжрэлийн эсрэг хэрэгжүүлж байгаа бодлогод жин дарах гол томоохон ажлуудаа УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар Төрийн ордонд сэтгүүлчдэд танилцуулахдаа ердөө дөрвөн сарын дараа улиран өнгөрөх гэж буй 2023 онд нийтийн тээврийн паркийг бүрэн шинэчилж дуусгахаа амалсан. Энэ амлалт есдүгээр сарын 1-нээс ажил хэрэг болж, эхний ээлжийн цахилгаан автобусуудыг үйлчилгээнд явуулахад бэлэн болжээ. Шинэ автобусны эхний үйлчлүүлэгчид сурагчид, аав ээжүүд болох нь. Ашиглалтын хугацаа нь дууссан ч зүтгэсээр байгаа 60 автобус үйлчилгээнээс мөн халагдах юм байна. Ингээд оны төгсгөлд Улаанбаатарын нийтийн тээвэрт нийт 272 тэрбум төгрөгөөр худалдан авсан 810 шинэ автобус үйлчлэхэд бэлэн ирчихсэн, автобусны өнгө үзэмж, ариун цэвэр, хүйтэн хөлдүүг ярих шаардлагагүй болох биз ээ.
300 мянган хүн амтай байх үеийн төлөвлөлтийн дагуу баригдсан автозамууд дээр 30 жил бугшсан авлига, хээл хахууль, эмх замбараагүй явдал түгжирч байгаагийн бодит гэрч нь өнөөгийн улаанбаатарчууд та бид болсон учраас замаа хэрхэх тухайд ам уралдуулах нь иргэдийн буруу биш юм. Бид хувьдаа тэрэгтэй болж, бидний хэрэглээнд зөвхөн Улаанбаатар хотод 570 мянган автомашин эргэлдэж байгаа учраас нэгдүгээр эгнээг чөлөөлөх шийдэлд тийм ч таатай ханддаггүй. Автобус гурван өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр зорчдог болбол иргэд хувийн автомашинаасаа бууж, автобусанд суухаа урьтал болгох юм. Нийтийн тээврээр үйлчлүүлэх таатай боломжгүй, иргэд нь тал хээрээр аялж байгаа мэт бүгд машинаараа зорчдог том хот гэж хаа ч байхгүй. Одоогоор Энхтайваны өргөн чөлөөгөөр автобус чөлөөтэй явж буй. Үүн дээр нэмээд Нисэхээс Энхтайваны гүүр хүртэл, Саппорогийн тойргоос хойгуураа хороолол, Баянбүрд, Шархад хүртэл, мөн 7 буудлаас урагш Дөрвөн зам хүртэлх замыг чөлөөлөх, өргөтгөх ажил төлөвлөгджээ. Энэ ажлыг эрчимжүүлбэл есдүгээр сарын дунд үеэс эхлэн нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр түгжрэхгүй хурдална.
Засгийн газар нэг жилийн өмнөөс анх удаа танхимдаа зөвхөн түгжрэл хариуцсан сайдтай болсноос харахад түгжрэл бол Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бие даасан онцгой зовлон болжээ. Түгжрэлийн тухай ярихад шийдэлгүйгээр ужгирсан олон бэрхшээл тал тал тийш салбарлачихсан, том жижиг гэлтгүй нэг төлөвлөгөөн дор тууштай зангидаж байж үр дүн гарах олон ажлын нийлбэр болох нь хэн хүнд ойлгомжтой харагдах болсон. Бэрхшээлийн шийдлийг олох, ажил хариуцсан салбаруудыг хооронд нь уялдуулан зохицуулах хэн нэгэн заавал тэхий голд нь ажиллах ёстой. Энэ нь яамгүй, тусгай сайдын онцгой чиг үүрэг юм. Удирдлагын ийм уялдаагүйгээр замын түгжрэл дээр төрийн түгжрэл ч бас нэмэгдсээр ирсэн хэрэг.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар албаа авснаас хойш нийтийн тээврийн паркийг 14 жилийн дараа 100 хувь шинэчилж байна. Одоо тэрээр нийслэлийн замуудыг өргөтгөх, шинээр трасс үүсгэх, сайжруулах, холбох ажилд төвлөрч байгаа бөгөөд тойрог болон холбоос замуудаа бүтээн байгуулчихвал энэ нь нийслэлд сүүлийн 100 жилд хийгдээгүй томоохон ажил болох юм. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын хувиар түүний гаргасан бодлогод ойрын хоёр жилийн хугацаанд дөрвөн чиглэлийн босоо зам, дагасан холбоос замууд болон томоохон тойргууд нэн тэргүүнд барьж байгуулагдахаар туссаныг Засгийн газар, УИХ дэмжээд буй. Хотын хойд хэсэгт 42.7 км, урд хэсэгт 33 км, босоо чиглэлд 17.3 км тойрог замыг үүсгэснээр хотын гол замуудын ачааллыг 20-30 хувь бууруулахаар тооцжээ. Урьдчилсан тооцооллоор Сэлбэ, Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, 4 гүүрэн байгууламж, 9 нүхэн гарц, 43.2 км явган болон унадаг дугуйн зам, 68 ширхэг нийтийн тээврийн зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэлийг үүснэ. Үүний дүнд авто замын идэвхгүй бүс болох 63 уулзвар, гарцын хөдөлгөөн эрчимжиж гол замын ачааллыг хуваалцахаар байгаа юм.