Есдүгээр сарын 1.. Хүүхэд бүрийн хоног тоолон хүлээдэг баярын өдөр. Шинэхэн эвхсэн дүрэмтээ өвөртөлж унтаад догдлон хичээлдээ явдаг гэгээлэг дурсамжтай өдрүүдийн нэг. Ерөнхий боловсролын сургуулийг дүрэмт хувцасгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Манай Улсын хувьд 2013 оноос эхлэн бүхий л сургуулийг нэгэн жигд дүрэмт хувцастай байхаар шийдвэр гарсан. Сурагчдыг дүрэмт хувцсаар жигдрүүлснээр бие биеэ ялгаварлан гадуурхахгүй байх нөхцлөөс урьдчилан сэргийлэх зорилготой.
Гэвч 2013 онд батлагдсан одоогийн дүрэмт хувцасны загвар хийц, материал нь хүүхдийн биеийн хөдөлгөөнд саад учруулдаг, хөлс чийг нэвтрүүлдэггүй өнгө, үзэмж муу олон улсын стандартад нийцээгүй гэх олон нийтийн шүүмжлэлийг аваад буй.
Тэгвэл бид сурагчийн дүрэмт хувцасны чанар стандартын талаар эцэг, эхчүүд болон сурагчдын байр суурийг тодрууллаа.
-Олон давхар юм өмсөж байснаас ПОЛО цамц их дажгүй санагдсан-
Эцэг,эхийн төлөөлөл "Бага ангийн эмэгтэй сурагчийн дүрэмт хувцас бол стандарт шаардлагад нийцдэггүй юм шиг санагддаг. Их олон давхар юм өмсүүлээд хүүхдийн биед тухгүй байдал үүсгэдэг. Анги танхим халуун бүгчим үед эрэгтэй хүүхдүүд пиджакаа өмсөх дургүй тайлчихдаг. Сүүлийн өдрүүдэд дүрэмт хувцасны оронд поло цамц өмсүүлье гэсэн санал гаргасан байсан. Энэ санал их дажгүй санагдсан" гэв.
Эцэг,эхийн төлөөлөл "Манай хүүхдүүд бүгд хувийн сургуульд явдаг. Тиймээс нэгдсэн дүрэмт хувцас өмсөх шаардлага байхгүй. Зөвхөн ханцуйтай, ханцуйгүй поло цамц өмсдөг. Гадна талаараа нөмрөгтэй. Миний бодлоор ЕБС-ийн бага ангийн сурагчийн дүрэмт хувцас их хөөрхөн санагддаг. Харин ахлах, дунд ангийн дүрэмт хувцас агаар нэвтрүүлдэггүй, даргар материалтай загваргүй байдаг. Тиймээс дүрэмт хувцсыг шинэчилж стандартын дагуу өөр загвартай болговол дэмжинэ" хэмээлээ.
Эцэг,эхийн төлөөлөл "Манай хүүхэд энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. Одоо л яг дүрэмт хувцас өмсөж үзэх гэж байгаа тул нарийн юм мэдэхгүй байна. Гэхдээ өөр загвар, материалтай болгоно гэвэл эсэргүүцэх зүйл байхгүй" гэлээ.
Сурагчдын төлөөлөл "Би энэ жил тавдугаар ангид элсэн оролцож байна. Манай ангийнхан дүрэмт хувцсандаа их дургүй. Зарим хүүхдүүд бүр пиджакаа ч өмсдөггүй. Харин багш, сургалтын менежер дүрэмт хувцсаа заавал өмсөхийг шаарддаг" гэв.
Дүрэмт хувцасны ОЛОН УЛСЫН стандарт
Олон улсад дүрэмт хувцасны шийдлийг тухайн дүүрэг харьяа сургуулийн удирдлагууд, багш нар, хүүхэд, эцэг эхийн саналыг харгалзан үзэж шийдвэрлэдэг байна. Судалгаагаар эрэгтэй сурагчдын биеийн өндрөөс хамаарч 15 ангилал, эмэгтэй сурагчдын 12 ангиллаар биеийн дундаж хэлбэрийг тогтоодог аж. Мөн олон улсад 5-10 жил тутамд хүн амын хэмжил зүйн судалгаа явуулж биеийн хэмжээний ангилал судалгааг шинэчилж сурагчдын дүрэмт хувцасны стандартыг тогтоодог байна.
Жишээ нь, Англи, Финланд, Америк, Япон зэрэг улс зөвхөн поло цамц худалдаанд гарган өнгөний сонголтыг эцэг, эх, хүүхдүүд өөрийн сонирхлоороо худалдан авдаг байна. Түүнээс гадна хүүхдийн биеийн онцлогт таарсан биед эвтэйхэн, эрүүл аюулгүй, хөдөлгөөнт саад учруулахгүй, эдийн засгийн хэмнэлттэй дүрэмт хувцасны шийдлийг бий болгодог аж.
Ийнхүү эцэг, эхчүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Нөгөө талаараа сурагчид дүрэмт хувцсаар жигдрэхгүй байснаараа нэгнийгээ ялгаварлан гадуурхах нөхцөл үүсдэг.
Энэ талаар бид Боловсролын мэргэжилтэн Ц.Алтансороос тодруулахад:
"Мэдээж дүрэмт хувцас огт өмсөхгүй байвал ялгаварлан гадуурхалт үүснэ. Гэхдээ сурагчдыг жигдрүүлэхэд заавал даргар, хүнд материалтай дүрэмт хувцас өмсүүлэх албагүй. Үүний оронд биед хөнгөн чөлөөт хувцсаар жигдрүүлэх сонголтыг сургуулийн захиргаа болон эцэг, эхчүүдэд сонголтыг нь өгөх хэрэгтэй. Жишээ нь өнгө зааж өгөөд хямд төсөр өртөг бүхий зардлаар хүүхдүүдээ жигдрүүлэх боломж бий" гэв.
Хувийн сургуулийн дүрэмт хувцас
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Цаашид дэлхий нийтэд гарч ирэх сайн жишгийг дагаж сурагчийн дүрэмт хувцсанд өөрчлөлт, сайжруулалт хийх боломжтой" хэмээн ярьж байсан удаатай.
Хүүхдийн дүрэмт хувцас нь хүүхдийн эрүүл ахуй, биеийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх, хөлс чийг нэвтрүүлэх, эргономик хийцтэй байх, гэрийн нөхцөлд, угааж цэвэрлэх боломжтой, хэрэглэгчийн амжиргааны түвшин, худалдан авах чадварт тохирсон байх зэрэг олон үндсэн шаардлагууд бий. Гэвч одоогийн дүрэмт хувцас дээрх шаардлагад нийцэж байна уу гэдгийг эцэг, эхчүүд нухацтай бодох цаг иржээ.