“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ны өвөрт зохион байгуулах гэж байна.
Тус фестиваль засгийн газрын 2022 оны “2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарлах тухай” 264 дүгээр тогтоолын хүрээнд Соёлын яамнаас санаачилсан зохион байгуулах аж. Мөн салбар дундын уялдааг ханган Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “Монгол үндэсний нэрийн брэнд” олон улсын наадмыг бий болгох зорилтын дагуу хэрэгжих юм байна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Монголын уламжлалт спорт, наадам, наадгайг хөгжүүлэх, үндэсний баг, тамирчдаа дэмжих, гадаад, дотоодын баг, тамирчдыг урьж оролцуулах тогтолцоог хөгжүүлж, спортын зарим төрлийг олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор салбар дундын уялдааг ханган ажиллаж байна.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн ач холбогдол,
- Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах түүнийг өвлөн уламжлуулагч, өв тээгчийг алдаршуулах, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх,
- Аймаг, орон нутаг, ястан, угсаатны онцлогтой уялдан өвлөгдөн уламжилж ирсэн үндэсний уламжлалт спортын төрөл, тоглоом наадгайг гадаад дотоодын аялал жуулчдад сурталчлах,
- Шинээр сэргэн таниулж буй үндэсний уламжлалт өв төрлүүдийг олон нийтэд таниулахад оршино.
Тус арга хэмжээний үеэр,
- Улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан,
- “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан,
- Үндэсний сурын харваа,
- Буриад сурын харваа,
- Урианхай сурын харваа,
- Шагайн харваа,
- Ширээний шагай,
- Үндэсний морьт сурын харваа,
- Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулах,
- Морин дээрх барилдаан,
- Тулам булаалдах зэрэг уламжлалт спортын төрлүүдээр үзүүлэх тоглолт Спортын хүрээ отогт болно.