ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн их эмч, Элэг шилжүүлэн суулгах албаны дарга Р.Мөнхбаттай ярилцлаа.
-Элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс заслыг амжилттай хийж чадлаа-
-Монголчуудын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн эхэнд элэг, ходоодны хорт хавдар бүртгэгдэж байна. Ялангуяа элэгний хорт хавдрын эсрэг эмчилгээ дэлхийн стандартад хүрч, олон улсын чанарын шаардлагыг хангаж хийгдэж чадаж байгаа юу гэдгээс яриагаа эхэлье?
- Хүн амын дунд мөөгөн хүрээ шиг тархсан өвчлөл бол элэгний хорт хавдар. Үүнийг зарим нь "тахал" ч гэж нэрлэж ирсэн. Үнэхээр тахал шиг л тарчихсан байсан хүнд цаг үе 1990 оноос өмнөх үеийнхэнд тулгарсан нь үнэн. Яагаад 1990 оноос өмнөх үеийнхэн гэж хэлэх болов гэхээр түүнээс өмнө вакцин гэж байгаагүй. Эмнэлгийн оношилгоо, шинжилгээний лаборатори, багаж, хэрэгсэл ч хөгжөөгүй байсан цаг үе л дээ. Ийм л бүрхэг нийгэмд төрсөн хүмүүс ахимаг насан дээрээ элэгний хорт хавдраар шил даран өвчилж, нас барж байсан тохиолдлууд саяхныг хүртэл байв. Харин одоо тэс өөр орчин нөхцөл угтаж байна.
Одоогоос 15 жилийн өмнө элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын тасгийг УИХ-ын гишүүн, АУ-ны доктор Ж.Чинбүрэнгийн санаачилгаар бид бүхэн байгуулж байсан. Өнөөдөр энэхүү тасгийн үр нөлөөгөөр дээрх гурван төрлийн хорт хавдрын эмчилгээг бид амжилттай сайн гүйцэтгэх болсон. Нөгөө талаас эмчилгээний түвшин хаа хүрч явааг илтгэх нэг хэлбэр нь ЭШС мэс заслыг хийж байгаа төв гэдэг утгаар хөгжлийн нэг шат харагдаж байгаа бол түүний цаана мэс заслын эмч нарын ур чадвар, дүрс оношилгооны чанар хүртээмж нь нэг шалгуур үзүүлэлт болж байгааг хэлмээр байна.
Дэлхийн ихэнх эмнэлгүүдэд жилдээ 2-3 удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж, нэр хүндээ нийгэмд өсгөж байдаг бол Монгол эмч нар долоо хоногт нэг хагалгаа хийж байна. Бид хоёр хоногийн өмнө элэг шилжүүлэн суулгах 100 дахь хагалгаагаа хийсэн, өвчтөний биеийн байдал одоогоор тогтвортой байна. Энэ нь манай эмчилгээний цар хүрээг харуулж байгаа нэг зүйл юм.
-Хавдрын мэс заслыг хийхдээ нээлттэй, болон дурангийн гэсэн хоёр аргаар хийж байгаа шүү дээ. Олон улсад дурангийн хагалгааг илүү чухалчилж үздэг болсон байна. Манайд энэ төрлийн мэс заслын арга хэр хөгжиж байгаа вэ?
- Мэс заслын дараах хүндрэл бага, өвчтөний биеийн байдал хурдан хугацаанд сайжрах боломжтойгоос гадна эмнэлэгт хэвтэх хугацаа багасаж, эдгэрэлт хурдан байх талаасаа дэлхийн улс орнууд дурангийн аргыг түлхүү хөгжүүлж, ашиглах болсон байна. Энэ бол мэс заслын шалгарсан эмчилгээний арга л даа. Өндөр хөгжилтэй орнуудад хийгдэж байгаанийт мэс заслын 95 орчим хувь нь дурангийн аргыг ашиглаж хийж байна. Хэдийгээр манай ХСҮТ энэ хэмжээнд хүрч чадахгүй байгаа ч гэсэн элэг, цөс, нойр булчирхайн бүх байрлалын хагалгааг дурангийн аргаар саадгүй хийж байгаа нь манай эрүүл мэндийн салбар дэлхийн түвшин рүү нэлээн дөхөж байгааг харуулж байгаа хэрэг.
-Элэгний амьгүй нэг донор 5-6 хүнд амьдрал бэлэглэдэг-
-ЭШС мэс заслын хувьд түгээмэл тохиолддог бэрхшээл нь донор олох, тааруулах явдал гэж ярьдаг. Донорын асуудал хэр тулгамдаж байна вэ?
-Элэг шилжүүлэн суулгах (ЭШС) мэс заслын хамгийн их хүндрэлтэй буюу чухал хэсэг нь донор олох, тааруулах асуудал. Манай улсад амьд болон тархины үхэлтэй гэгддэг амьгүй донороос элэг шилжүүлэн суулгах гэсэн хоёр төрлийн мэс засал зэрэгцэн хөгжиж байгаа. Хууль эрх зүйн орчин ч энэ сайжирсан гэж хэлж болно. Харамсалтай нь тархины үхэлтэй донор бий болох явдал төдийлөн сайн биш буюу жилд ердөө 2-3 тохиолдол л үүсэж байна. Нэг тохиолдол үүсэхэд цаанаа 5-6 хүнд амьдрал бэлэглэдэг чухал зүйл юм.
Нөгөө талаараа амьд донорын хувьд тухайн өвчтөний гэр бүлийн гишүүн. 21 наснаас дээш эрүүл элэгтэй хүмүүс хамаарч байгаа. Гэхдээ дийлэнх тохиолдолд амьд донор болох хүн маань тухайн өвчтэй байгаа гэр бүлийн гишүүндээ таарах боломж нь харьцангуй бага байдаг учраас ийм хүндрэлээс болж олон хүмүүс хорвоогийн мөнх бусыг хавдрын улмаас үзүүлж байна.
90 жилийн өмнөх орны хүчин чадлаар ажиллаж, хүлээгдлийн хугацаанд хүмүүс нас барсаар...
-Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасгийн орны хүрэлцээ хангалтгүй байдаг талаар бид өмнө нь хөндөн сурвалжилж байсан юм. Одоо ч энэ байдал хэвээр байгаа юу?
-Тухайлбал бид 7 хоногт нэг удаа элэг шилжүүлэн суулгалаа гэхэд жилдээ 40-48 элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх боломж байгаа. Долоо хоногт нэг удаа энэ төрлийн мэс заслыг хийж байна гэдэг нь бид дээд хурдаараа л явж байгаа боломж нь энэ. Гэтэл энэ байдал ХСҮТ-д асар их ачаалал өгч байгаа.
Одоо манайд байгаа 200 гаран орон дээр жилдээ 1500 орчим мэс заслын эмчилгээ орж байгаа энэ тохиолдолд дэндүү ихэдсэн ачаалал болж байгаа. Үндсэндээ бид 80, 90 жилийн өмнө байгуулагдсан эмнэлгийн хүчин чадлаар одоогийн нөхцөлд ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр орны хүлээгдэл, хүрэлцээний асуудал бодит асуудал болж байгаа нь гарцаагүй үнэн.
Хэрвээ бид орны хүрэлцээгээ нэмэгдүүлэх замаар тоног төхөөрөмжийн хүрэлцээ, эмч, сувилагчдын тоогоо нэмэгдүүлж чадвал жилд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 200 орчим хүнийг бүрэн эмчлэх боломжтой болох юм.
-Элэгний вирусийн халдварын тархалтаар Монгол Улс дэлхийн дунджаас 10 дахин өндөр үзүүлэлттэй-
-Нийгмийн амьдрал өөрчлөгдөхийн хэрээр халдварт өвчний дамжих зам, тархах эрсдэл олон хувилбарт болж нэмэгдэж байна. Тухайлбал, нэг хэсэг бие дээрээ шивээс хийлгэх үзэгдэл түгээмэл болсноор бохирлогдсон зүү, багажаас B, C вирусийн халдвар тархах эрсдэл илүү их нэмэгдэж байгааг анхааруулдаг. Олон хүчин зүйл бий. Таны хувьд иргэдэд хандан юу гэж зөвлөх вэ?
- Би эхлээд ганцхан статистик тоо хэлье. Монгол Улсын 100 мянган хүн ам тутамд тохиолдож байгаа элэгний хорт хавдрын тоог дэлхийн улс орнуудынхтай харьцуулахад 10 дахин өндөр үзүүлэлттэй явж байгаа. Товчхондоо элэгний хорт хавдрын тархалт дэлхийн дунджаас өндөр хувьтай бүртгэгдсэн гэсэн үг. Тиймээс бид энэ их хүндрэл шаардлагыг хангахын тулд зогсолтгүй хөгжих хариуцлагатай өдөр бүхэн нүүр тулж байна. Эрүүл мэндийн салбар нийгмийн нэхэлт шаардлагаар илүү хурдацтай хөгжиж ч байгаа.
Элэгний хорт хавдрыг үүсгэж байгаа нийт шалтгааны 90-95 хувь нь зөвхөн элэгний B, C, D вирусийн шалтгаант халдварууд байгаа. Үүний нэг шалтгаан нь 1990 оноос өмнөх үед нэг удаагийн тариур байгаагүй, эрт илрүүлэг оношилгоо хараахан хөгжөөгүй, B вирусийн эсрэг вакцин хийгдэж байгаагүй үеийн хүмүүс энэ төрлийн халдварыг маш их авсан. Тухайн үед авсан халдварууд өнөөг хэр нь бусдад дамжин үргэлжилсээр л байна. Харин 1990 оноос хойшхи үеийн хүмүүст элэгний хорт хавдраас сэргийлэх маш олон аргууд гарч ирсэн. Тэр ч бүү хэл хорт хавдраар өвдсөн ч мэс заслын аргаар эмчлэгдэх боломж илүү өндөр хувьтай болсон нь сайшаалтай.
Нэг зүйлийг хүмүүс анхаарах хэрэгтэй. Ерөөс цусаар дамжин халдварлах боломжтой эрсдэлт хүчин зүйлүүдээс зайлсхийх нь чухал. Хамгийн их эрсдэл учруулж байгаа нь хууль бусар буюу нууцаар, далд хэлбэрээр жижиг болон том хэмжээний мэс ажилбар хийж байгаа зарим хувийн эмнэлгүүд, ариутгал, халдваргүйжүүлэлтийн шаардлага хангахгүй шүдний эмнэлгүүд, эмэгтэйчүүдийн зарим төрлийн мэс ажилбар хийдэг эмнэлгүүд, мөн гоо сайхны мэс заслын эмнэлгүүд зэргээс вирусийн халдвар дамжиж тархах эрсдэл илүү өндөр байгааг анхаарах хэрэгтэй.
-Вирусийн эсрэг нэг удаа хийлгэсэн вакцин насан туршийн дархлаа тогтоодоггүй-
-1990 оноос хойш төрсөн хүн бүр элэгний B вирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан гэж үздэг. Амьдралынхаа туршид нэг л удаа хийлгэсэн вакцин насан туршийн дархлаа тогтоочихсон учраас элэгний вирусийн халдварыг авахгүй гэж ихэнх хүмүүс ойлгодог. Нэг удаа хийлгэсэн вакцин хэр удаан хугацаанд үйлчлэлээ хадгалддаг вэ? дархлаа үнэхээр тогтоох уу, эсвэл давтан тунд хамрагдах шаардлагатай юу?
- Элэгний B вирусийн вакцин нэг удаа хийлгэсэн л бол тэр вирусийн халдварыг огт авахгүй гэдэг нийгмийн ойлголт маш том эндүүрэл. Хийлгэсэн вакцин тухайн хүнд вирус эсэргүүцэх дархлааг хэрхэн тогтоож байгаагаас хамаарч халдар авах эсрдэлийг магадална. Тиймээс хэмжүүлж байх нь чухал. Вакцин бүр насан туршийнх биш тодорхой хугацаатай байдаг. Хамгийн гол нь дархлаа хэр тогтсоныг шалгах хэмжилтийн үзүүлэлтүүд байдаг учраас лабораторид түүнийгээ заавал үзүүлж байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
Ярилцсанд баярлалаа