"Шинэхэн нэрсэн шимийн сархад сэтгэлд өнгийнө
Тооноор тольдох дугуй саран бодолд хөвөрнө" хэмээн шүлэглэн бичсэн "Сархад" дууны эзэн дуучин "The Baatar"-ийг танихгүй хүн цөөн биз. Уран бүтээлийн өвөрмөц өнгө төрх, өөрийн гэсэн донж маягаараа бусдаас ялгарч "Монгол Кантри" хэмээх шинэ урсгалыг олон олон хүмүүст таниулахаар зүтгэж буй түүнийг UbnStory булангийнхаа энэ удаагийн дугаарт урин оролцууллаа.
-Уран бүтээлийн олз омог арвин байна уу. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Сүүлийн үед цоо шинэхэн видеон дээрээ ажиллаж байна. Эхний тизер видеогоо саяхан цацсан. Удахгүй бүрэн хэмжээний клип маань бэлэн болно. Түүнээс гадна өнгөрсөн 2022 оны гуравдугаар сард хэвлэгдэж байсан "Сэтгэл нэрнэ" цомог маань худалдаанд гараад дуусчихсан байсан. Тиймээс дахин хэвлэлтэд явуулаад одоо худалдаанд гарчихсан байж байна.
-Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтэд таны хувьд өөрийн уран бүтээл болох "Хатираач" дуугаараа оролцсон шүү дээ. Өмнө нь баяр наадмын нээлтэд оролцож байв уу. Өөрийнхөө уран бүтээлийг баяр наадмын тайзнаас үзэгч түмэнд хүргэх ямар байв?
-Би Үндэсний урлагийн их театрт найм дахь жилдээ ажиллаж байна. Тэр ч утгаараа төрийн наадамд жил бүр оролцдог. Ерөнхийдөө олны хэсэгт хамт олонтойгоо оролцдог байсан гэсэн үг л дээ. Энэ жилийн хувьд төрийн наадмынхаа нээлтэд өөрийнхөө дуугаар оролцох маш бахархалтай, сайхан үйл явдал байлаа. Залуу хүний хувьд урам зориг, эрч хүч авахаар тийм сайхан үйл явдал болсон.
-Түүнээс гадна Архангай нутгийнхаа 100 жилийн ойд очих шиг боллоо. Аль сумын уугуул юм бэ?
-Архангай аймгийн Тариат суманд төрж өссөн. Энэ жил манай Архангай аймгийн 100 жил мөн Тариат сумын маань 100 жилийн ой тохиолоо. Нутагтаа очиж дуу хуураа өргөсөн байгаа.
-Таны ижий аав их сайхан дуулдаг хүмүүс байдаг уу. Ер нь дуулах их авьяасыг хэнээс өвлөж авав?
-Манай гэр бүлд урлагийн хүн бараг байхгүй ээ. Ээж, аав маань гэхээсээ илүүтэй эмээ маань их сайхан дуулдаг хөгшин байсан гэлцдэг юм. Би хүүхэд байхдаа Архангай аймгийн 80 жилийн ойгоор хамгийн анх дуу дуулж байлаа. Түүнээс хойш л дуучин болохоор шийдэж, дуулах дуртай болсон.
-Та "Уртын дуучин" мэргэжлээр төгссөн юм билээ. Ер нь төгсөөд л шууд "Монгол Кантри" урсгалаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн үү эсхүл уртын дуугаар анхны уран бүтээлээ цацаж байв уу?
-Төгсөөд Үндэсний урлагийн их театрт орсон. Одоо найм дахт жилдээ ажиллаж байна. Харин "Монгол Кантри" урсгалаар уран бүтээл туурвиад хоёр жил болж байна. Гэхдээ "Хөсөгтөн" хамлагийн В.Батзориг ахтайгаа хамт ардын дуу дуулж байсан. Түүнээс биш яг хэн нэгний зохиосон уран бүтээлийг дуулж байгаагүй. Харин Үндэсний урлагийн их театртаа монгол ардын дуу, уртын дуугаа дуулж байсан.
-"Монгол Кантри" гэдэг урсгал сүүлийн жил хагасын хугацаанд маш олон хүн мэддэг бас сонсдог болсон байна. Хамгийн анх цагаан сарын шоу тоглолтоор уран бүтээлүүдээ үзэгч түмэнд түгээж байсан санагдана?
-Тийм шүү. Централ ТВ-тэй хамтраад өнгөрсөн жилийн цагаан сараар орон даяар цацсан юм. Цацахдаа ямар нэг тоглолтын нэр өгч, шинэ урсгал гарч ирж байгаа гэж хэлэхгүйгээр шууд л цацчихсан. Гэтэл тэндээс хүмүүс ямар дуу вэ, хэн гэдэг дуучин гараад ирэв ээ гээд л маш олон асуулт гарч ирсэн.
Шинэ урсгалыг ямар ч мэдээлэлгүй цацах нь бидний төлөвлөгөө байсан гэхэд буруудахгүй байх. Тийм ч учраас хүмүүст их амархан хүрсэн байх.
-Энэ урсгалын хамгийн гол онцлог нь юу вэ?
-Бидний яс, мах, цусанд байдаг үндэсний урлаг, монгол ардын дуу, уртын дуу зэргийн хөг хөглөгөө, эгшиглэгээний онцлог гэж байгаа. Үүн дээр гаднын хөгжмийн элемэнт, дуугаралтыг ашиглаад шинэ урсгал бий болж байгаа юм. Ингэхдээ монгол ардын дууны, уртын дууны философи, сэтгэлгээ, шүлгийн санааг шигтгэж, шинэ уран бүтээл төрж байгаа учраас ардын урлагийн шинэчилсэн орчин үеийн хувилбар гэж хэлж болно.
Залуучуудад ч мөн ардын дуу, уртын дуу ийм байвал ямар вэ, үүнийг сонсвол ямар вэ гэх хувилбарыг гаргаж ирсэн гэхэд буруудахгүй байх.
-Хүмүүс таны "Сархад" уран бүтээлийг хамгийн сайн мэдэх байх. Гэхдээ утга агуулгын хувьд төдийлөн сайн мэддэггүй ч юм шиг?
-Хүмүүс "Сархад" дууг маань шууд архины тухай дуу гэж боддог юм шиг байна лээ. "Хундага өргөхдөө дуулъя" гээд л наргиж байдаг юм.
Угтаа бол энэ дууны маань утга учир нь бүсгүй хүнд зориулсан, бүсгүй хүнийг магтаж байгаа дуу юм. Ялангуяа манай хангай зүгт тогоо нэрэх соёл бий. Ихэвчлэн бүсгүй хүн тогоо нэрдэг. Яг дууны маань утга нь тогоо нэрж байгаа залуухан бүсгүйг хараад ямар сайхан харагдаж байгаа, ажлаа хийж байгаа үйл явцыг нь харж сууж буй залуугийн сэтгэлийг л илэрхийлж байгаа юм.
Түүнээс биш яг архины тухай дуулаад л архи сайхан, архи уу гээд байгаа биш юм.
-Ер нь таны дуулах арга барил их өвөрмөц санагддаг. Нэг тийм нандин гэх юм уу?
-Би өөрийгөө тийм ч өвөрмөц, содон дуулдаг гэж бодохгүй байна. Маш сайхан дуулдаг өөр олон хүн бий. Гэхдээ миний дууны утга санаа, хэлэмж нь хүнд их зөөлөн мэдрэмж, тайвшрал өгдөг юм шиг санагддаг.
Тиймээс хүн "Уурыг биш ухааныг, Харыг биш хайрыг оргилуулаарай" гэдэг зүйлийг хэлмээр санагддаг.
-Мөн таны "Нандин төрх" гэдэг дуу "Монгол" УСК-д их зохицсон юм шиг санагдсан. Клипжүүлээгүй, хүмүүст ч сонсгоогүй байсан уран бүтээлээ тус киноны гол дүрүүдээр чимсэн байсан шүү дээ. Түүнийхээ түүхээс хуваалцаач?
-"Нандин төрх" дуугаа дуулчихаад нэг сайхан клип хийнэ дээ гэж бодоод л яваад байсан. Мэдээж клип хийхэд төсөв мөнгөний асуудал их гардаг учраас санаснаар болохгүй байсан юм. Гэтэл Б.Амарсайхан /Холливуд Амараа/ ах маань миний дуунуудыг сонсох дуртай, манай киноны нээлтэд ирээрэй гээд урьсан юм.
Ер нь уран бүтээлч хүн гэдэг бол байнгын эрэл хайгуул хийж байдаг шүү дээ. Гэтэл киног нь үзэж байтал Сэрчмаа, Монгол хоёрын хайрын хэсэг дээр хөгжим яваад байсан юм. Тэгээд л "Яг энэ хэсэгт "Нандин төрх" дууны маань утга их гоё наалдах юм байна даа" гээд тухайн үед бодож байлаа. Тэгээд түүнийгээ дараа нь Б.Амараа ахад хэлтэл нээрээ их гоё наалдах юм байна. Албан ёсны биш ч гэсэн ингээд клипжүүлчихье гээд дуун дээрээ зургуудыг нь эвлүүлсэн юм.
-"Монгол Кантри" урсгалыг хөгжүүлэхээр олон хүнд түгээхээр өдрөөс өдөрт хичээж байгаа байх. Тэгэхээр хамгийн том зорилго нь юу вэ?
-Мэдээж дэлхийн олон улсад дуугаа хүргэхийг зорьж байна. Бид одоо дөнгөж гурван сая хүнд л уран бүтээлээ цацаж байгаа шүү дээ. Өвөрмонгол ахан дүүс маань сонсож байгаа, тэдэнд хүрсэн гэх сайхан мэдээг сонсож байгаа. Гэхдээ бусад улс оронд ийм урсгал байна, шинэ уран бүтээл хийж байгаа шүү гэдгээ таниулахыг хүсэж байна.
-Өөрийн тань уран бүтээлүүдийг сонсох дуртай хүмүүстээ хандаж үг хэлэхгүй юу?
-Энэ бол дан ганц миний хүч хөдөлмөр биш. Дуучин бол зөвхөн гүйцэтгэгч байдаг. Дууг бүтээдэг олон хүн бий. Хөгжмийн зохиол, найруулга, шүлэг гээд л маш олон хүний уран бүтээл байдаг. Тиймээс бидний бүтээлүүдийг хүлээн авч, сонсож, сэтгэлийн үгээ хэлдэг, илэрхийлдэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Бид дараа дараагийн удаа улам илүү сайхан уран бүтээл туурвих болно.
-Ярилцсанд баярлалаа.