Бидний нийгмийн төлөөлөл болж буй өсвөр үеийнхэн буюу "Gen- Z" үеийн залуус тэр аяараа сэтгэл зүйн асуудалтай бүлэг гарж ирж байгаа гэж хэлэхэд хэлсдэхгүй. Залуу үеийнхний үзэл бодол, нийгмийн өөр байдал, аливаа зүйлд хандаж байгаа хандлага өмнөх үеийнхнээс тэс өөр байгааг уншигч та ч бас анзаарсан гэдэгт итгэлтэй байна. Хүн бүр сэтгэл зүйн асуудал, өвчлөлөө ил гаргаж яриад байдаггүй шүү дээ. Тэгвэл бид энэ удаагийн ярилцлагын булангаараа сэтгэл гутрал, OCD гэх оноштой эмчилгээ хийлгэж байгаа талаараа өөрийн "Youtube" сувгаараа дамжуулан хүргэдэг Б.Очирдарьтай ярилцлаа.
-Сайн байна уу. Урилга хүлээж авсанд баярлалаа. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
-Сайн байна уу намайг Б.Очирдарь гэдэг. Би 21 настай. Одоохондоо сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байгаа учир сургууль ажлаасаа түр чөлөө авсан байгаа.
-Өөрийнхөө Youtube сувгийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Ихэнх сэтгэл гутралтай хүмүүс энэ талаараа олон нийтийн сүлжээнд нээлттэй ярилцаад байдаггүй шүү дээ. Яагаад эдгэрэлтийн үйл явцаа влог болгон оруулъя гэж бодсон бэ?
-Яг үнэндээ Youtube эхлүүлье гэж бодож байгаагүй. Нэг өдөр л яагаад ер нь эдгэрэлтийн үеэ бичиж, олон хүмүүст хуваалцаж болдоггүй юм гэж бодож анх эхэлж байсан.
-Хамгийн анх өөрийгөө яаж сэтгэл гутралд өртөөд байгаагаа мэдсэн бэ?
-Ковидын үед хөл хорионд ороод маш их ганцаардсан. Тухайн үед би дасгал хөдөлгөөн, бэлтгэл их хийдэг байсан. Оюун ухаан ядарсан үед хүн ганцаардахаар хүн их бодолд автана. Нойрны буруу хэмнэлд орно. Оюуны ачаалал их байгаа үе дээрээ би 7 өдрийн долоо хоног дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай байсан. Ингэснээрээ миний бие, физилоги маш их ядаргаанд орсныг би мэдээгүй удаан явсан. Ингэснээрээ нойргүйдэлтэй болоод, хоол шингээж чадахаа болиод, үс хүртэл халзарч эхэлсэн. Ийм байдалтай жил гаруй явсан. Нэг өдөр мэргэжлийн хүнтэй нь уулзая гэж шийдсэн. Тухайн үед эмч намайг архаг ядаргаанд ороод сэтгэл гутралтай, мөн багаасаа улигт бодлын шинж буюу OCD-тэй гэх онош тавьж эмчилгээгээ эхэлсэн. Эмчилгээ хийлгээд 1 жил 1 сар болж байна. Өмнөхөөсөө хавьгүй дээрдсэн. Бүрэн эдгэх арай болоогүй санагдаж байгаа.
-Багаасаа OCD -тэй байх магадлалтай байсан гэж байна шүү дээ. Өмнө нь мэдээгүй гэсэн үг үү?
-Би багадаа маш их зүйлд санаа зовдог байсан. Хүмүүсийн үйл хөдлөлд их анхаарлаа хандуулдаг хүүхэд байсан. Ямар ч шашин шүтлэгийн талаарх ойлголтгүй байж бурханд залбирдаг. Одоо энэ үйлдлүүдээ бодоход OCD гэх эмгэгийн энгийн нэг шинж тэмдэг байсан юм шиг байгаа юм. Аливаа нэг шалгалт шүүлэг өгөхдөө их сандардаг бүх зүйлээ цэгцэлж тавьдаг хүүхэд байсан. Тэгсэн хэрнээ найзуудтайгаа зуны амралтаараа зуслан явах, цагийг хөгжилтэй өнгөрөөх гэх мэт үеүдэд ямар ч санаа зовинолгүй үед зүв зүгээр л байдаг байсан. Ингээд бодохоор хүний сэтгэл зүйн асуудал стресс, санаа зовнил, ядралын үед сэдэрдэг юм шиг санагддаг.
- Эмчилгээ хийлгэснээс хойшхи өөрчлөлтөө хуваалцаач?
-Өмнө нь ходоод хоол шингээхгүй маш их турж эцсэн. Мөн нүд гархилж, үс халцарсан. Гадаад төрхөөсөө болоод бусад хүмүүстэй харилцах чадваргүй болж өөрийгөө тусгаарлаж гэртээ л өдрийг өнгөрүүлдэг байсан. Энэ бол маш гунигтай байсан. Харин эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш хамаагүй эерэг үр дүн үзүүлж байгаа.
"Анх гэр бүлийнхэн маань Чиний үеийн хүүхдэд стресс, сэтгэл зүйн асуудал гэж юу байдаг юм гэж хүлээж авсан ч одоо эцэг эх маань хамгийн их туслалцаа үзүүлдэг болсон"
-Зарим өсвөр насны залуучуудын сэтгэл зүйн асуудлыг гэр бүлийнхэн нь төдийлөн ойлгодоггүй шүү дээ. Гэр бүлийнхэн нь ер нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Мэдээж хамгийн анх хэлэхэд "Чиний үеийн хүүхдэд сэтгэл гутрал гэж юу байдаг юм. Амьдрал мэдэх болоогүй байна" гэж хүлээж авсан ч эмчтэй уулзаад гэр бүлийнхэн маань "Энэ бол энгийн зүйл биш юм байна" гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Одоо бол хамгийн их туслалцаа үзүүлдэг хүмүүс бол эцэг, эх маань. Бидний аав, ээжийн үед сэтгэл зүйн асуудал бага байсан нь тухайн үед сошиал медиа хөгжөөгүй, өөрийгөө бусадтай харьцуулж байгаагүйтэй холбоотой гэж боддог. Харин манай үеийнхэн бусадтай өөрийгөө харьцуулах, өөртөө итгэх итгэлгүй байх, өөрийгөө хайрлахгүй байгаагаас үүдэн хамгийн энгийн сэтгэл гутралд өртөөд байгаа юм шиг санагддаг.
-Бас адилхан сэтгэл зүйн асуудалтай гэдгээ мэдээд байгаа хэрнээ бусдаас санаа зовоод хаана хандахаа мэдэхгүй байгаа хүмүүст зөвөлөгөө өгөөч?
-Хүмүүс ихэвчлэн фэйсбүүкээр хайж үзээд бусдын ямар ч шүүлтүүргүй бичсэн мэргэжлийн бус зүйлд анхаарлаа их хандуулж зөвлөгөө аваад байдаг. Энэ нь маш буруу. Хүн хүний мэдрэмж ялгаатай. Сүүлийн үед сэтгэл заслын маш олон хувийн эмнэлэг бий болсон. Мөн СЭМҮТ-д очоод мэргэжлийн эмчтэй уулзаад өөрийн мэдрэмжээ хуваалцаад эмчилгээ хийлгэх нь чухал гэж бодож байна.
- Ярилцсанд баярлалаа