Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Том оврын автомашины жолооч нар орон нутгийн хоёр эгнээтэй замд хоёрдугаар эгнээгээр зорчих ёсгүй гэдгээ мэддэг ч хэрэгжүүлдэггүй байна

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 55 секунд

Орон нутгийн хоёр эгнээ бүхий автозамд том оврын тээврийн хэрэгсэл зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчих ёстой. Гэвч том оврын автомашины жолооч нар энэ дүрмийг мэддэг ч тэр бүр амьдрал дээр хэрэгжүүлээд байдаггүй байна. Магадгүй та ч бас орон нугийн хоёр эгнээтэй замд том оврын тээврийн хэрэгслийг хоёрдугаар эгнээгээр зорчиж байхыг харсан байж болох юм.

Гэтэл ЗХД-д зааснаар том оврын тээврийн хэрэгсэл хоёрдугаар эгнээгээр зорчих нь дүрэм зөрчиж буй үйлдэл болдог байна. Тэгвэл Ubn.mn сайтын сурвалжлах баг орон нутгийн хоёр эгнээтэй замд том оврын тээврийн хэрэгслийн жолооч нар хэрхэн дүрмээ баримталдаг мөн дээрх дүрмийг хэр мэддэг талаар сурвалжиллаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам

Том оврын автомашины жолооч нар ЗХД-ийн дагуу эгнээ байраа зөв эзлэн хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Угтаа орон нутгийн хоёр эгнээтэй замд том оврын тээврийн хэрэгсэл буцаж эргэх, саадыг тойрох үйлдлээс бусад тохиолдолд нэгдүгээр эгнээгээр зорчих ёстой байдаг.

Бидний очиж сурвалжилсан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд том оврын тээврийн хэрэгслүүд олноор зорчдог ч зарим жолооч нар дүрэм зөрчин хоёрдугаар эгнээгээр зорчиж байсан юм.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, 11.6 дугаар зүйл: Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5, тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдполд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно" хэмээн заажээ.

Тов оврын автомашины жолооч,

Орон нутгийн хоёр эгнээтэй замд том оврын автомашин зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчино гэсэн дүрмийг мэдэхгүй

"Орон нутгийн хоёр эгнээтэй замд том оврын автомашин зөвхөн нэгдүгээр эгнээнд зорчно гэсэн дүрмийн талаар мэдэхгүй. Сонсож байгаагүй. Дээр нь торгуулийн арга хэмжээ авдаг гэдгийг ч мэдэхгүй юм байна.

Миний бодлоор хоёрдугаар эгнээгээр зорчихыг эрсдэл багатай гэж боддог. Яагаад гэвэл нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа суудлын автомашинууд гэнэт зогсоно, хүмүүсээ буулгана. Гэтэл том оврын автомашинууд тэдгээр машинуудын араас зогсоход маш хэцүү. Тиймээс хоёрдугаар эгнээгээр зорчихыг илүүд үздэг" гэв .

Харин өөр нэгэн жолооч,

Буцаж эргэх болон саадыг тойроход л хоёрдугаар эгнээгээр зорчих ёстой

"ЗХД-ийн талаар сайн мэднэ. Ялангуяа том оврын автомашинууд орон нутгийн замд ямар дүрмээр явах ёстой яг тэр дүрмээрээ хөдөлгөөнд оролцдог. Зарим тохиолдолд жолооч нар маань хоёрдугаар эгнээгээр зорчоод байдаг. Угтаа бол буцаж эргэх болон саадыг тойроход л хоёрдугаар эгнээгээр зорчихыг зөвшөөрдөг.

Тиймээс жолооч нар маань замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, дохиогоо өгч оролцох хэрэгтэй" гэлээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, 11.8 дугаар зүйл: Тээврийн хэрэгсэл байрлан явах "Бүх жин 3,5 тонноос их ачааны автомашин зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно" гэж заажээ.

Харин механизмын жолооч энэхүү дүрмийн талаар дараах зүйлийг ярилаа. Тэрбээр,

Экскаватор болон бусад механизмуудыг заавал нэгдүгээр эгнээгээр зорчих дүрэмтэй байдаг

"Миний жолоодож буй механизм орон нутгийн замд нэгдүгээр эгнээгээр зорчдог. Тэр ч утгаараа цагдаа нар нэгдүгээр эгнээгээр зорчуулдаг. Ерөнхийдөө заавал нэгдүгээр эгнээгээр зорчих ёстой гэсэн дүрэмтэй байдаг" хэмээв.

Замын хөдөлгөөний дүрмээ баримтлах ёстой ч заримдаа өөрийн ая тухтай замаар явахыг чухалчилдаг

"ЗХД-д тэгж заасан талаар сайн мэдэхгүй байна. Энэ замын хуввьд нэгдүгээр эгнээгээр зорчихоор донсолгоотой байдаг. Тийм болохоор чөлөөтэй хэсгийг нь харж сүлжээд зорчдог. Гэхдээ ЗХД-ээ баримтлах ёстой ч аль болох өөрийнхөө ая тухыг харах хэрэгтэй шүү дээ" гэсэн юм.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3 дугаар зүйлд, "Тээврийн хэрэгсэл байрлан яявах журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" хэмээн заажээ.

Мөн замын хөдөлгөөний дүрэмд буруу талаар буюу баруун гар талаар гүйцэж түрүүлэхийг хориглодог. Гэтэл энэ мэт том оврын автомашины жолооч нар эгнээ байраа буруу эзэлж байгаа нь цаашлаад осол аваар гаргах бас нэгэн шалтгаан болдог байна. Тиймээс том оврын жолооч нар маань замын хөдөлгөөний дүрмээ баримтлан эгнээ байраа зөв эзэлж, хөдөлгөөнд оролцох нь бусдын болон өөрийнхөө амь насыг мөн эд хөрөнгөө хамгаалахыг энэхүү сурвалжилгаараа дамжуулан хүргэхийг зорилоо.

Хэт халалтын үед хоол хүнсийг хэрхэн СОНГОХ вэ
Хэт халалтын үед хоол хүнсийг хэрхэн СОНГОХ вэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.