Нийслэлийн онцгой комисс хуралдаж, өчигдөр орсон борооны дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид хийх ажлын талаар хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Тоног төхөөрөмж, хүн хүч горимын дагуу ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай. Өчигдөр 203 мянган шоо метр ус ирсэн. Иргэд, аж ахуйн нэгжүүд шороотой усаа шууд бохирын шугам руу хийж байгаа нь хүндрэл учруулж байна” гэлээ.
Хотын дарга ажлаа шуурхай зохион байгуулж, бэлэн байдалд бэлтгэл ажлыг хангаж, мөн зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэхээр газар ухсан зөрчлийг арилгах зэрэг үүрэг, чиглэл өгсөн юм.