УИХ 2023 оны төсөвт тодотгол хийхээр болж, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэмжийг тодорхой хувиар нэмэгдүүлсэн билээ. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалинг хамгийн багадаа 20 хувиар нэмэгдүүлэхээр болсон байдаг. Энэ шийдвэрийн хүрээнд боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үндсэн цалингийн доод хэмжээ нэг сая төгрөг болж байна.
Соёлын салбарынхны цалин дунджаар бусад салбартай харьцуулахад хамгийн өндөр буюу 61 хувиар нэмэгджээ. Ингэснээр тус салбарын цалингийн доод хэмжээ 590.0 мянган төгрөгөөс 69 хувиар нэмэгдэж 1.0 сая төгрөг болсон байна. Үүнээс гадна соёлын салбарынханд ажилласан жил, үр дүн, гүйцэтгэл, орон нутагт ажилласны зэрэг нэмэгдэл нь тооцох эрх зүйн орчин бүрдсэн талаар салбарын мэргэжилтнүүд онцолж буй юм. Тодруулбал, үр дүнд суурилсан цалингийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, мэргэшлийн нэмэгдэл болон орон нутагт ажилласны тэтгэмж авах боломжтой болсон аж.
Дашрамд сануулахад, Соёл урлагийн салбарынхан өнгөрсөн 5-р сард цалин нэмэх шаардлагыг тавьж, жагсаал зохион байгуулсан байдаг.